Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2018/00337

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 07 өдөр

   Дугаар 156/ШШ2017/00337

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00181/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан, Сариг 5-5 тоотод оршин суух, Боржигон овогт Мэндбаярын Ариунаагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Ц. Гэрэлмаа/-т холбогдох

            “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ариунаа, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ариунаа би 1999 онд Анагаах ухааны их сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмчээр төгсөөд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад 2013 онд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар томилогдон ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй удирдлагаас  өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж хоёргүй сэтгэлээр ард түмний эрүүл мэндийн төлөө 18 жил ажиллаж байна.

Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 17:20 минутад Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Тухайн мэдэгдэл, тушаалтай танилцахад 2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар ирэхийг мэдэгдсэн боловч ажлын байран дээр байхгүй ажил тасалсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Тухайн өдрүүдэд миний бие Улаанбаатараас Сангийн яаман дээр дуудагдан ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар явах асуудлыг газрын дарга Ц.Гэрэлмаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байран дээр нь очиж амаар мэдэгдсэн. Хэн дуудсаныг асууж тэмдэглэж авсан. Гэтэл мэдэгдэлгүй ажил тасалсан мэтээр тайлбарлан сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газарт тухайн асуудлын талаар хариу тайлбар өгсөн бөгөөд давхар байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга өрөөндөө дуудсаны дагуу очиход сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15:30 минутанд Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа эмнэлэг дээр ирж тушаал өгсөн. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал байсан. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. /хх-ийн 1-2х/

 

 Нэхэмжлэгч М.Ариунаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажлаас үндэслэлгүй халагдсан гэж өөрийгөө үзэж байна. Ажил тасалсан гэдэг үндэслэлээр болон дотоод аудитын шалгалт хийлгэж ажилчдадаа хавтгайруулж ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүй өгсөн, Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээний шалгалтанд хангалтгүй байсан гэж үзэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Ажилдаа эргүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.

 2016 оны 09 сард Гэрэлмаа дарга ажлаа авсны дараа 2016 оны 09 сарын 26-нд Бээжин хотноо сургалтанд явуулах албан бичигт цохолт хийсэн байсан. 2 сарын хугацаанд гадаад сургалтаар явах учраас жижүүр эмчийн үүргийг урьдчилаад гарахаар хамт ажилладаг 2 эмчтэйгээ тохироод 10 сард өөрийнхөө болон нөгөө 2 эмчийн жижүүрийг хамт хийсэн. Намайг явснаас хойш нөгөө 2 эмч миний жижүүрийг орлож хийсэн. Сургалтаар явахдаа өөрийн ажлыг 2 ажилчиндаа ажлаа хүлээлгэн өгөөд явсан. 2017.03.15-нд тухайн үед үр дүнгийн гэрээ хийгээгүй шалтгаан нь гэрээ хийхэд оройтсон учраас хийгээгүй би төслөө бэлэн болгосон Нийт арга хэмжээ болон Тусгай арга хэмжээ зэрэг асуудлыг Гэрэлмаа даргатай хамт шийдэх байсан учраас гэрээгээ төсөл хэлбэрээр өгсөн. Гэрэлмаа даргаас гэрээ хийх талаар асуухад “нам чинь таарахгүй байнаа”, гэрээний төлөвлөгөөний төслийг чинь Эрүүл мэндийн газрын бүх хэлтсийн дарга нараар хянуулж байж гэрээг хийнэ гэж хэлээд гэрээний төслийг авч үлдсэн.

Сүүлд Гэрэлмаа даргатай 2017.11.01-нд уулзаж байх үед болон 12 сарын эхээр ажлаас халахаасаа өмнө ч Гэрэлмаа дарга надад хандан намын асуудал хэцүү байна, нам дээрээсээ чамайг хал гэсэн үүрэг өгсөн, надад хэцүү байна гэж хэлж байсан

Үр дүнгийн урамшууллын тайланг цаг хугацаанд нь өгөөгүй гэх зүйлийн талаар бол 2017 оны 03 сарын 15-ны өдөр тайланг авч очиход  Гэрэлмаа дарга гэрээ байгуулаагүй учраас ийм маягтаар авахгүй ээ гэдэг зүйл хэлсэн. Дахин хийж 2017 оны 04 сарын 21-ний өдөр авчирч өгсөн, 1-р улирлын тайланг  2017 оны 04 сарын 21-нд,     2-р улирлынхыг 2017 оны 07 сарын 05-нд, 3-р улирлын тайланг 2017 оны 10 сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргад өгсөн. Иймээс удаа дараа үр дүнгийн тайланг хоцроосон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүний нөөцийн санд бүртгэгдээгүй ажилтанг авч ажиллуулсан гэж буруутгасан энэ нь 2017 оны 11 сарын эхээр манай төвийн хүний нөөцийн менежер 2 сарын сургалтанд явсан учраас түүний оронд түр хугацаагаар бичиг хэрэг, архивын ажилтанг авч ажиллуулсан. Хүний оронд түр хугацаагаар хүн авч ажиллуулсан нь эмч, эрүүл мэндийн ажилтан авч ажиллуулах журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.  Учир нь архив, бичиг хэрэг нь эрүүл мэндийн ажилтан биш учраас.

Сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах гэсэн боловч ЭМГ-т тийм маргаан таслах комисс байхгүй байсан тул Уламжлалт анагаах ухааны төвийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тус албаны дарга О. Алтантуяатай 2017.10.02-нд уулзаж хэлэхэд тэрээр “наад суудлаасаа буу, албан тушаалаа өгөөч, яасан үнэтэй суудал вэ гэж надад хэлж байсан. Урьд нь шалгалтаар илэрсэн зөрчлийн тухай бүгдийг тайлбарлан, төсөв гүйлгэсэн учир шалтгаанаа хэлэхэд та буруугүй юм байна гэж  хэлж байсан мөртлөө надад акт тавьсан байсан.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас миний бие Сангийн яаманд, сайдад гомдол гаргасан.

Миний гомдлын дагуу 2017 оны 11 сарын 06-ний өглөө Сангийн яаманд бэлэн бай гэдэг үүрэг Сангийн яамнаас өгсөн. Бүх санхүүгийн баримтаа аваад нягтлантайгаа хамт ир гэсэн. Энэ тухай 2017 оны 11 сарын 01-ний өдөр Гэрэлмаа даргад танилцуулсан. Тэгэхэд хэн гэдэг байцаагч дуудсан, яагаад надад мэдэгдээгүй юм гэж асууж байсан. Явахаасаа өмнө томилолт авья гэж би Гэрэлмаа даргад хэлсэн Сангийн яаманд дуудсан хүний нэрийг Гэрэлмаа дарга бичиж авсан.

2017 оны 11 сарын 03-ны өдөр ЭМГ луу УБ хот явах томилолтоо авах гэж очиход Ариунаа дарга эзгүй байсан тэгж явж байхдаа Ариунтунгалаг гэж хүнтэй таарсан. Тэр хүн бас Ариунаа даргатай уулзах гэсэн байхгүй байна гээд явж байсан. Хүлээж байгаад  яваад Ариунаа даргыг ирсэн үү гэж ЭМГ луу утсаар залгахад дарга өнөөдөр ажил дээрээ ирэхгүй гэх зүйл нарийн бичгийн дарга, туслах нь хэлсэн. Тэгж хэлсэн учраас цаг хугацааны хувьд оройтох гээд явсан...Томилолтоо Сангийн яамаар бөглүүлж ирсэн.

Сангийн яамны дүгнэлтийг 2017.11.17-нд Гэрэлмаа даргад танилцуулж үзүүлэх гэсэн боловч үзэхгүй, танилцах шаардлагагүй гэсэн.

Уламжлалт анагаах ухааны төвийн ажилчдаас миний ёсзүйтэй холбоотой өргөх бичиг ЭМГ-ын даргад ирсэн гэх тухайд: Ариунааг ажлаас нь халсан. Ариунаа тамгаа өгөхгүй зугтаад байна. Тамга байхгүй болохоор санхүүгийн гүйлгээнүүдээ хийж чадахгүй болж байна. Цалин цавуугаа тавьж чадахгүй боллоо. Цагдаад хандаад ч Ариунаа тамгаа өгөхгүй байна гэсэн яриаг төвийн ажилчдын дунд зориудаар гаргаж Даваа эмч, Уянга эмч 2 ажилчдаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан юм байна лээ.

Иймд намайг үндэслэлгүйгээр халсан тул урьд хийж байсан ажилд минь эргүүлэн тавьж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ....М.Ариунаагийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Ажлаас чөлөөлөх тухай 2017-12-05-ны Б/54 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх заалт, хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дугаар заалт, Байгууллагын дотоод журмын 9.2.3-ынВ” заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

2. 2017 оны 11-р сарын 09-ны өдрийн 15 цагт Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний баг үнэлгээний дүнг танилцуулахаар Уламжлалт анагаах ухааны төвд очиход дарга М.Ариунаа ажлын байран дээрээ байхгүй 2017 оны 11 сарын 06 -ны өдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл ажил тасалсан байсан.

3. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 37/06/46 дугаар танилцуулгаар тогтоогдсон, мөн “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмын дагуу Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжаар Хяналт- шинжилгээ үнэлгээ хийхэд байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, Хяналт- шинжилгээ үнэлгээний дүн хангалтгүй байсан.

         

          Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 11 сарын 07-ний  өдрийн тушаалаар       М. Ариунаад 1 сарын хугацаатай цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ  сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Эрүүл мэндийн сайдын 150 дугаар тушаалаар баталсан эмч ажилчдад улирал тутам олгодог урамшууллын тайланг хугацаанд нь удаа дараа гаргаж өгөөгүй, хоцроосон. Эрүүл мэндийн газрын даргын тушаал шийдвэр, зөвшөөрөлгүйгээр урамшууллын мөнгийг авсан. Хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдээгүй ажилтанг зөвшилцөхгүйгээр авч ажиллуулсан. Эрүүл мэндийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан.

 

Ажлаас халах тушаал гаргах болсон үндэслэл 2017.03.09-нд аймгийн нийт Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нарын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр  2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах чиг үүрэг өгсөн. Гэвч УАУТ-ийн дарга М. Ариунаа нь үр дүнгийн гэрээг хугацаа хэтрүүлэн төсөл хэлбэрээр хянасан болон боловсруулсан хүний гарын үсэггүй, шаардлага хангахгүй гэрээний төслийг бичиг хэрэгт орхиод явсан байсан.

Эрүүл мэндийн сайдын №448 дугаар тушаалын дагуу байгуулагдсан манай ЭМГ-ын Хяналт шинжилгээний баг 2017 оны 11 сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд хяналт шинжилгээ хийсэн ба уг шалгалтаар 2017 оны төлөвлөгөө нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, төлөвлөгөөнд төвийн 25 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний талаар тусгаагүй, чанарын баг томилоогүй, чанарын баг төлөвлөгөөгүй гэх зэрэг зөрчил илэрсэн.

2017.11.08-ны өдөр хяналт, үнэлгээ хийсэн баг хяналт шинжилгээ хийсэн талаар УАУТөвд танилцуулах гэж очих үед дарга М. Ариунаа нь ажлын байрандаа байгаагүй. 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 сарын 09-ний өдөр үдээс хойш хүртэл ажил шалтгаангүй тасалсан. 

Манайхаас Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албанд хүсэлт гаргаж Уламжлалт анагаах ухааны төвийн 2016 он болон 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгуулсан.           

Шалгалтаар М. Ариунаа нь удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр ажилчдадаа болон өөртөө урамшуулал авсан нь тогтоогдсон.

Ариунаа өөрийг нь Бээжин хотод 2016 оны 10 сараас 12 сар хүртэл сурч байх хугацаанд жижүүрт гарснаар бүртгэгдэж жижүүрийн илүү цагийн мөнгийг нэмэлт урамшууллын хамт авч байсан байдал илэрсэн. Өөрийг нь байхгүй байх хугацаанд өөрийнх нь гарын үсэгтэй санхүүгийн  гүйлгээ хийгдэж байсан. Мөн Ариунаа эмчийн талаар эмчийн ёс зүйтэй холбоотой гомдол санал өргөх бичгийг надад ирүүлж байсан. Ариунаа даргад гаргасан зөрчил дутагдлыг нь танилцуулах гэхэд үл хүндэтгэх шалтгаанаар удаа дараа дуудахад ирдэггүй байсан. 

Миний зүгээс Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын хувиар Ариунаа даргад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, тус төвд нь их эмчээр ажиллуулахаар төлөвлөж байсан боловч Уламжлалт анагаах ухааны төвд албан тушаал бууруулах биш ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн гарын үсэг, регистрийн дугаарын хамт бичсэн эмч, ажилчдынх нь хүсэлт, өргөх бичиг ирсэн. Энэхүү хүсэлтийг Ариунаа эмчтэй цуг хамт ажилладаг эмч мэргэжилтнүүд нь авчирч өгсөн.

Ийм учраас М. Ариунаагийн албан тушаалыг бууруулах тушаал гаргахаар төлөвлөж байсан байсан боловч хамт олноос нь Ариунаа даргын ёсзүйтэй холбоотой гомдол, өргөх бичиг ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн.

Энэ өргөх бичигт Ариунаа дарга нь төвийн ажилчидтай үйлчлүүлэгч өвчтөнүүдийн дэргэд хашгичиж загнан маш ёс зүйгүй харьцдаг, бид нар хамт ажиллах хүсэлгүй байна. Мөн Ариунаа даргыг өвчтөн хэвтүүлэх дараалал, дотоод журам зэргийг байнга зөрчдөг, өөрийн үзэмжээр дур мэдэн асуудлыг шийддэг, шуурхай хурал зөвлөгөөнд бусад эмч, ажилчдадаа үг хэлэх, саналаа илэрхийлэх боломж олгохгүй, ёс зүйгүй, дээрэнгүй харьцдаг гэх зэрэг үндэслэлээр Уламжлалт анагаах ухааны төвд цаашид ажиллах ёсзүйгүй хүн гэсэн утга бүхий гомдол, өргөх бичигт УАУТ-ийн эмч, ажилчдын гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч М.Ариунаа нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга                  Ц. Гэрэлмаа/-т холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

Дараах үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч М. Ариунаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Үүнд: Нэхэмжлэгч М. Ариунаа нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013.11.06-ны өдрийн 135 дугаартай тушаал /хх-ийн 158х/-аар Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн дарга /цаашид УАУТ гэж товчилж бичнэ/-аар түр томилогдон ажиллаж эхэлсэн байна.

Түүнтэй Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /цаашид ЭМГ гэж товчилж бичнэ/-ын дарга Г. Ганболд 2014.01.20-ны өдөр УАУТ-ийн даргын албан тушаалд ТҮЭМ-8-3 шатлалаар цалингийн зэрэглэл тогтоосон хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 4-6х/-г хугацаагүйгээр бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч М. Ариунаагийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил, албан тушаалаас ажил олгогчийн буюу Хэнтий аймгийн ЭМГ-ын даргын санаачилгаар ажлаас буруу халсан гэх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдол байх ба уг хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн шүүхийн харъяалалаар шийдвэрлэх нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч М. Ариунаа нь өөрийг нь Хэнтий аймгийн УАУТ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн ЭМГ-ын даргын 2017.12.05-ны өдрийн б/54 дугаартай тушаалыг 2017.12.07-ны өдөр гардан авсан болох нь түний тайлбар болон хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байх б/54 дугаартай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг тушаалыг гардаж аваад 2018.01.05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан: ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэсэн хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэгдүгээрт: Хариуцагч Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Ц. Гэрэлмаагийн                 М. Ариунаад 2017.11.07-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тухайд: А. ЭМГ-ын удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй нь тодорхой бус байх ба хариуцагч нь энэ талаар шүүх хуралдаанд тайлбар хийхдээ “М. Ариунаа нь УАУТ-ийн эмч ажилчдын үр дүнгийн урамшууллын тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, удаа дараа хүгацаа хоцроосон” гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгчийн хувьд 1-р улирлын тайланг 2017 оны 04 сарын 21-нд, 2-р улирлынхыг 2017 оны 07 сарын 05-нд, 3-р улирлын тайланг 2017 оны 10 сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргад өгсөн. Иймээс удаа дараа үр дүнгийн тайланг хоцроосон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, тайланг дараа сарын 05-ны дотор өгсөн байх ёстой энэ хугацаандаа тайлангуудаа өгч байсан гэж маргаж байна.

ЭМГ-ын даргын 2017.11.07-ны өдрийн б/49 тоот тушаалаас үзэхэд нэхэмжлэгч     М. Ариунааг “өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй” гэж сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлээ болгосон боловч М. Ариунаа нь ЭМГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу УАУТ-ийн эмч ажилчдын үр дүнгийн урамшууллын тайланг хугацаанд нь гаргаж өгч байсан гэж үзэхээр байна. Хариуцагч нь М. Ариунааг “тайланг гаргаж өгөөгүй”, тайланг удаа дараа хугацаа хоцроосон” гэх арга хэмжээ авсан үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

Б. Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлээгүй, зөвшилцөөгүй ажилтан томилсон гэх сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлийн хувьд хэн гэдэг хүнийг ямар ажил албан тушаалд хариуцагч М. Ариунаа нь томилж ажиллуулсан болох нь ойлгомжгүй байх ба ЭМГ-аас томилогдсон хяналт үнэлгээний багийн УАУТ-д хийсэн Хяналт-шинжилгээ үнэлгээний тайлан /хх-ийн 62-63/-д ч энэ талаар дурдаагүй байна.

Нэхэмжлэгч нь “хүний нөөцийн менежерийн 2 сарын сургалтанд явсан хойгуур түүний оронд түр хугацаагаар архив, бичиг хэргийн ажилтнаар хүн авч ажиллуулсан нь эмч, эрүүл мэндийн ажилтан авч ажиллуулах журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.  Учир нь архив, бичиг хэрэг нь эрүүл мэндийн ажилтан биш гэсэн тайлбарыг хийж байх ба үүнийг хариуцагч нь үгүйсгэж чадахгүй байна.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн эрхийн ямар акт, контрактаар УАУТ-ийн захирал нь ЭМГ-ын удирдлагаас хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ урьдчилж зөвшөөрөл авч байх, зөвшилцөж байх ёстой болох нь тодорхойгүй байх ба хариуцагч үүнийг мөн нотолсонгүй.

Ийнхүү хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн “өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй”, “Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлээгүй, зөвшилцөөгүй ажилтан томилсон” гэх зөрчлүүд нь бодитой шалгагдаж тогтоогдоогүй байна. Иймд энэ үндэслэлүүдээр сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэл муутай байна.

Хоёрдугаарт: нэхэмжлэгч М. Ариунааг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг нь дууусгавар болгосон ЭМГ-ын даргын 2017.12.05-ны өдрийн б/54 дугаартай тушаалын тухайд: А. ...М. Ариунаа нь Ур чадварын нэмэгдлийг УАУТ-ийн ажилчдад хавтгайруулан олгосон болох нь Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017.09.13-ны өдрийн 37/06/46 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлийн хувьд УАУТ-ийн нэр бүхий 24 хүнд 2016 оны 11 болон 12 дугаар саруудад нийт 1 117 000 /нэг сая нэг зуун арван долоон мянга/ төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосныг хууль бус гэж үзсэн Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагчийн тавьсан актыг МУ-ын сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Ч. Хүрэлбаатар хянаж үзээд Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104 дугаартай тушаалаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэн  1 039 799 /нэг сая гучин есөн мянга долоон зуун ерин ес/ төгрөгийг төлүүлэх актыг хүчингүй болгосон байна.

Б. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ, үнэлгээний журам”-ын дагуу ЭМГ-ын даргын баталсан удирдамжаар Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хийхэд байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй байсан гэх тухайд: хариуцагч ЭМГ-ын дарга Ц. Гэрэлмаа нь УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг надаар батлуулаагүй, гэрээг хугацаа хэтрүүлэн төсөл хэлбэрээр хянасан болон боловсруулсан хүний гарын үсэггүй, шаардлага хангахгүй гэрээний төслийг бичиг хэрэгт орхиод явсан байсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч М. Ариунаагийн хувьд уг төлөвлөгөөг боловсруулаад ЭМГ-ын даргад өгөхөд  “гэрээний төлөвлөгөөний төслийг чинь Эрүүл мэндийн газрын бүх хэлтсийн дарга нараар хянуулж байж гэрээг хийнэ гэж хэлээд гэрээний төслийг авч үлдсэн гэж тус тус маргаж байна.

Ямартай ч УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл хариуцагч ЭМГ-ын дарга  Ц. Гэрэлмаад очсон нь тодорхой байна. Харин хариуцагчийн хувьд уг төлөвлөгөөг хянаж, батлалгүй 2018 он хүргэсэн эс үйлдэл гаргасан байж болох талтай байна.

 Иймд нэхэмжлэгч М. Ариунааг УАУТ-ийн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, нийтээр дагаж мөрдөх тушаал шийдвэрүүд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274, 375 дугаар тушаал, 2013 оны 13, 450 дугаар тушаал, 2017 оны 169 дүгээр тушаалуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэсний тухайд: нэгэнт хариуцагчийн зүгээс эс үйлдлээр УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахгүй байсан учраас үүнээс шалтгаалж УАУТ-ийн үйл ажиллагаа зарим талаар доголдох, ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсэхэд хүрсэн байж болох талтай юм. Энэ байдалд УАУТ-ийн дарга М. Ариунааг шууд буруутгах нь зохисгүй болно.

В. М. Ариунаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017.11.06-наас 10-ны өдрүүдэд 4 хоног ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд. нэхэмжлэгч М. Ариунаа нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт, байцаагчийнх нь тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул  Сангийн сайдад энэ талаар гомдол гаргаж хандсан байх ба маргааны үйл баримтыг тодруулахаар түүнийг Сангийн яамнаас дуудсаны дагуу М. Ариунаа нь 2017.11.06-наас 08-ны өдрүүдэд Сангийн яаманд ажилласан, мөн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд 2017.11.08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд ажиллаж УАУТ-д хэрэглэгдэх эм танг, эмийн баталгаажилтын хамт авч ажилласан болох нь хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд байх албан томилолтын хуулбар, 126 дугаар хуудсанд байх Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Ч. Чимэдрагчаагийн албан тодорхойлолт, 125 дугаар хуудсанд байх М. Ариунаагийн албан томилолтоор ажилласан тухай тайлан зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь албан ажлаар 2017.11.06-наас 09-ний өдрүүдийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотод ажилласан болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон М. Ариунаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан гэх байдал няцаагдаж байна.

Дашрамд зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгч буй тайлбаруудаас ялангуяа нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ажил олгогч буюу ЭМГ-ын дарга                  Ц. Гэрэлмаа нь М. Ариунааг “намын асуудал хэцүү байна, нам дээрээсээ чамайг хал гэсэн үүрэг өгсөн, надад хэцүү байна гэх зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан:...үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосон заалтыг зөрчсөн байж болохоор байна

Түүнчлэн хариуцагчийн хувьд М. Ариунаагийн албан тушаалыг бууруулах тушаал гаргахаар төлөвлөж байсан байсан боловч хамт олноос нь Ариунаа даргын ёсзүйтэй холбоотой гомдол, өргөх бичиг ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбар хийж  байгаа нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал гаргаж, нотлогдож тогтоогдоогүй баримтаар субъектив үнэлэмж хийж, хуульзүйн үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Эцэст нь дүгнэхэд нэхэмжлэгч М. Ариунаад сахилгын шийтгэл ногдуулсан ЭМГ-ын даргын 2017.11.07-ны өдрийн б/49 дугаартай тушаал болон түүнийг ажлаас чөлөөлсөн 2017.12.05-ны өдрийн б/54 дугаартай тушаалууд нь хуульзүйн үндэслэлгүй бөгөөд                         М. Ариунаагийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг ажил олгогч бодитой шалгаж тогтоогоогүй, буруутгасан үндэслэлүүдийн заримыг дээд шатны байгууллага албан тушаалтнаас хүчингүй болгосон, заримд нь хариуцагчийн /ажил олгогчийн/ өөрийнх нь эс үйлдэл нөлөөлсөн байдлууд тогтоогдож байна.

 Эдгээр тушаалууд нь хуульзүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг буюу         М. Ариунааг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хуулийн үйл баримт болж байх ба энэ тушаалууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрхзүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалуудыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

  Иймд нэхэмжлэгч М.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ариунааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож байгаа тул түүний 2017.12.06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, дэвтэрүүдэд нь баталгаажуулалт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Ц.Гэрэлмаа/ болон Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд даалгах нь зүйтэй болно.

  Мөн нэхэмжлэгч М.Ариунаагийн ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн данснаас буцаан гаргуулж өөрт нь олгож, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд  70 200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргуулж улсын орлого болгох шаардлагатай юм.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

 

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ариунааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ариунаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Ц.Гэрэлмаа/ болон Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ариунаагийн ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Ариунаад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд  70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР