Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2018/00732

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2018/00732

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОАТХ

Хариуцагч: ААБ ХХК

Татварын өр 34 080 283.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ААБ ХХК нь татварын хэлтэст 2012 онд № тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3 607 939.8 төгрөг тайлагнан 2 260 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сард төлсөн бөгөөд үлдэгдэл 1 347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 24 339 626.7 төгрөг төлөхөөр тайлагнасан байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч ААБ ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдон өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ААБ ХХК-ийн захирал Г.Бэхбатаас 25 687 566.5 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8 392 717.1 төгрөгийг гаргуулж, нийт 34 080 283.6 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Таварын хэлтэс ААБ ХХК-ийн захирал Г.Б аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1 347 939.8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 626.7 төгрөг, нийт 25 687 566.5 төгрөг гаргуулан авахыг шаарджээ. Татварын ерөнхий хуулийн 33-р зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч улсын байцаагчийн акт зэрэг зүйлүүд тавигдаагүй байгаа, иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч ААБ ХХК-д холбогдуулан татварын өр 25 687 566.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 8 392 717.1 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 34 080 283.6 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 204201847 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 8 392 717.1 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 25 687 566.5 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

№ тоот улсын бүртгэлийн дугаартай, № тоот регистрийн дугаартай, ААБ ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нэг гишүүнтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал Г.Бэхбат мөн болно.

Тус аж ахуйн нэгж нь 2017 оны 4 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3 607 939.8 төгрөг тайлагнасан бөгөөд 2 260 000 төгрөгийг төлж үлдэгдэл 1 347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 24 339 626.7 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № тоот шийтгэлийн хуудсаар 8 392 717.1 төгрөг, нийт 34 080 283.6 төгрөгийн татварын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч ААБ ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлүүлэхээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас, албан шаардлагыг татвар төлөгчид хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг үл маргах журмын дагуу барагдуулах боломжгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...татварын улсын байцаагчийн акт гараагүй, татвар төлөгчийн 2018 онд багтааж төлнө гэсэн тайлбарыг харгалзаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд улсын байцаагчийн акт заавал гарсан байхыг шаардахгүй, хэрэв татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгааны талаар холбогдох албан тушаалтанд хандсан бол Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар татвар төлөх хугацааг сунгах боломжтой байжээ. Тодруулбал: ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж заасан байна. Татвар төлөгч 2018 ондоо багтааж татвар төлөх талаар эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар баримт ирүүлээгүй байх тул ААБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч ААБ ХХК-ний захирал Г.Б нь шүүхэд төлөөлөх эрхийг хуульд заасан хэлбэрээр Ж.Нямаад олгосон бөгөөд хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч төрийн байгууллага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ААБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 328 351 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар оногдуулсан 8 392 717.1 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч ААБ ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1 347 939.8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 627.7 төгрөг нийт 25 687 566.5 төгрөг гаргуулан Орхон аймгийн татварын хэлтэст олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ААБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 328 351 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ