Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00214

 

Т-сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дүгээр магадлалтай

Тсийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох

Татварын өр 34 080 283.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь татварын хэлтэст 2012 онд 4389441 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3 607 939.8 төгрөг тайлагнан 2 260 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сард төлсөн бөгөөд үлдэгдэл 1 347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 24 339 626.7 төгрөг төлөхөөр тайлагнасан байна. Татварын Ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч “А” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. Татварын Ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдон өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “А” ХХК-ийн захирал Г.Бэхбатаас 25 687 566.5 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 204201847 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8 392 717,1 төгрөгийг гаргуулж, нийт 34 080 283,6 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тэс “А” ХХК-ийн захирал Г.Бэхбатаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1 347 939,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 626,7 төгрөг, нийт 25 687 566,5 төгрөг гаргуулан авахыг шаарджээ. Татварын Ерөнхий хуулийн 33-р зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч улсын байцаагчийн акт зэрэг зүйлүүд тавигдаагүй байгаа, иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар оногдуулсан 8 392 717,1 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1 347 939,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 627,7 төгрөг, нийт 25 687 566,5 төгрөг гаргуулан Т-эст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Тэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 328 351 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.13-ны өдрийн 111 дугаартай магадлалуудын зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын Ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Тэс "Орхон аймаг дахь “А” ХХК-иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ зэрэг нийт 34 080 283,6 төгрөг гаргуулан авахаар шаардсанаас 8 392 717,1 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийн зарим хэсгийг төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн боловч 2 шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 сая төгрөгийн төлбөрийг хийж хойшлуулахыг хүссэн, 24 339 626,7 төлбөрөөс 10 сая төгрөгийг нь төлөөд 14 339 626,7 төгрөгийн төлбөр үлдсэн. Татвар төлөгч “А” ХХК-ийн захирал Г.Бэхбат төлбөрийн зарим хэсгийг 2019 онд төлөхийг хүссэн байсан учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болох 1 347 939,8 төгрөгийг төлөхийг хойшлуулах боломжтой юм. Татварын Ерөнхий хуулийн 57-р зүйлийн 57.2-т заасны дагуу татвар төлөх хугацааг хойшлуулах боломжтой учир дээрх төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Татвар төлөгч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд ямар нэгэн төлбөр огт төлөөгүй байгаа.

Татварын Ерөнхий хуулийн 57.2 дахь заалт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварыг хугацаанд төлж чадаагүй бол 2 сар хүртэл хугацаагаар сунгаж болох хуулийн заалт. “А” ХХК-д холбогдох өр бол 2014 оноос үүсч эхэлсэн 2017 оны өрүүд байгаа юм. Энэ хугацаанд тайлангаараа ногдол үүсгээд явдаг татвар төлөлт огт байхгүй. Өөрөөр хэлбэл орлого олоод байна гэж тайлагнаж байгаа атлаа хуулиар хүлээсэн албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй явж байгаа юм. Өр төлөх хугацааг хойшлуулах шийдвэр тухайн татварын албаны даргын тушаалаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хариуцагчийн өр төлөх хугацаа хэрэг маргаан шийдвэрлэгдэх үеэр хойшлогдох үндэслэлгүй юм. Татварын хэлтэс хугацаа сунгаж болох хуульд заасан хугацаа нь хэтэрсэн байгаа. 2017 оны байдлаар төлөгдсөн байх ёстой өр юм. Давж заалдах шатны шүүхийн 111 дугаартай магадлал хууль зүйн үндэслэл бүхий гарсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Тэс “А” ХХК-д холбогдуулан татварын өр 34 080 283.6 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 8 392 717.1 төгрөгийн татварыг зөвшөөрч, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэсгийг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 25 687 566.5 төгрөгийн татварын өрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч “А” ХХК нь 2017 оны 04 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн үлдэгдэл 1 347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 626.7 төгрөгийг төлөхөөр тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд татвар төлөх, татварын өр төлбөрөө бүрэн барагдуулах үүргээ биелүүлээгүй байна.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 204201847 тоот Шийтгэлийн хуудсаар  2015, 2016 оны татварын өрөнд нийт 8 392 171.1 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь Шийтгэлийн хуудсаар ногдуулсан татварын өрийг хүлээн зөвшөөрч, тайлангийн үлдэгдэл төлбөрт улсын байцаагчийн акт тавигдаагүй гэх үндэслэлээр үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 43 дугаар зүйлийн 43.1.-д зааснаар ...холбогдох баримт бүртгэлд үндэслэж хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй гэж, мөн татварын улсын байцаагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тодорхой хяналт, шалгалтын үндсэн дээр татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд нь туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгоор акт,  дүгнэлт үйлдэнэ гэж зохицуулжээ.

Нэхэмжлэлд дурдсан татварын өр нь “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлсон татварын өр” байх тул улсын байцаагчийн акттай холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, талуудын хооронд татварын эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 57 дугаар зүйлийн 57.2., 70 дугаар зүйлийн 70.1. дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь дутагдалтай болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлээс 2018 оны 04 дүгээр сарыг 26-ны өдрийн Шийтгэх хуудсаар оногдуулсан 8 392 171.1 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрснийг үндэслэн шүүх тухайн зөвшөөрсөн хэсгийг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

“Арвин анин билэг” ХХК 34 080 283.6 төгрөгийн зарим хэсгийг төлөхийг зөвшөөрсөн байхад  анхан шатны шүүх “хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 106 дугаар зүйлийн 160.5.-н “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...”гэдэгт хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, Тэс татварын өр нийт 34 080 283.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нийт төлөх ёстой татвараас 8 392 171.1 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Татварын Ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2. дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

Татварын Ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6., 54.2., 57.1.-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.” гэж зохицуулжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь татвар төлөх хугацааг хойшлуулах талаар эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвар төлөөгүй баримтаа ирүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш татварын өрийн зарим хэсгийг төлсөн нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан “Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг 18.1.1.-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 34 080 283.6 төгрөгийг гаргуулан Тэст олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 518 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД