Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Татварын өр 34.080.283,6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Билэгбаатар, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Арвин анир билэг ХХК нь *******т 2012 онд 4389441 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3 607 939.8 төгрөг тайлагнан 2 260 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сард төлсөн бөгөөд үлдэгдэл 1 347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 24 339 626.7 төгрөг төлөхөөр тайлагнасан байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Арвин анир билэг ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдон өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Арвин анир билэг ХХК-ийн захирал Г.Бэхбатаас 25 687 566.5 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 204201847 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8 392 717.1 төгрөгийг гаргуулж, нийт 34 080 283.6 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Таварын хэлтэс Арвин анир билэг ХХК-ийн захирал Г.Бэхбатаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1 347 939.8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24 339 626.7 төгрөг, нийт 25 687 566.5 төгрөг гаргуулан авахыг шаарджээ. Татварын ерөнхий хуулийн 33-р зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч улсын байцаагчийн акт зэрэг зүйлүүд тавигдаагүй байгаа, иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар оногдуулсан 8.392.717,1 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч Арвин анир билэг ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.347.939,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24.339.627,7 төгрөг нийт 25.687.566,5 төгрөг гаргуулан Орхон аймгийн *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Орхон аймгийн ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Арвин анир билэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 328.351 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч "АРВИН АНИР БИЛЭГ"ХХК-аас татварын төлбөрт нийт 34.080.283.6 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн актаар тогтоосон 8.392.717.1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тайлангаар тооцсон 25.687.566.5 төгрөгийг 2019 ондоо багтааж төлнө гэсэн боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш "АРВИН АНИР БИЛЭГ" ХХК 10.0 сая төгрөгийг худалдан авалтаар төлж тооцоо хийсэн.Энэ төлбөрөө 2018 оны төлбөртөө тооцож суутгаад үлдэх 15.687.566.5 төгрөгөөс 5.0 сая төгрөгийг нь 2019 онд багтааж төлөх боломжтой байгаа юм. Үлдэх 10.687.566.5 төгрөгийг 2018 ондоо багтааж төлөх учир төлөхийг хүлээн зөвшөөрч тэр хэсэгт гомдол гаргахгүй. Актаар тогтоосон 8.392.717.1 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн учир энэ хэсэгт гомдол гаргахгүй. Тайлангаар төлөх учиртай төлбөрийг 2019 ондоо багтааж төлөх тухай хүсэлтээ хариуцагч ХХК-ийн захирал *******т хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байсан. Шүүх хариуцагчийг Татварын ерөнхий хуулийн 57-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтаа баримтаа ирүүлээгүй гэжээ.Хариуцагчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг шүүх нотлох баримтаар судалсан хэрэгт уг баримт байгаа болно.Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт 2018 оны төлбөрөөс 5.0 сая төгрөгийг 2019 онд төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Арвин анир билэг ХХК-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3.607.939.8 төгрөг тайлагнасан бөгөөд үүнээс 2.260.000 төгрөгийг төлж үлдэгдэл 1.347 939.8 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 24.339.626.7 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 204201847 дугаар шийтгэлийн хуудсаар 8.392 .717.1 төгрөг, нийт 34. 080.283.6 төгрөгийн татварын төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар оногдуулсан 8.392.717,1 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч Арвин анир билэг ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.347.939,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24.339.627,7 төгрөг нийт 25.687.566,5 төгрөг гаргуулан Орхон аймгийн *******т олгож шийдвэрлэжээ.

Арвин анир билэг ХХК нь 2012 онд 4389441 регистрийн дугаартай бүртгэгдэн,гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...татварын улсын байцаагчийн акт гараагүй, татвар төлөгчийн 2018 онд багтааж төлнө гэсэн тайлбарыг харгалзаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд улсын байцаагчийн акт заавал гарсан байхыг шаардахгүй, хэрэв татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгааны талаар холбогдох албан тушаалтанд хандсан бол Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар татвар төлөх хугацааг сунгах боломжтой байжээ. Тодруулбал: ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж заасан байна. Татвар төлөгч 2018 ондоо багтааж татвар төлөх талаар эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар баримт ирүүлээгүй байх тул Арвин анир билэг ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.. гэсэн дүгнэлт хийж 8.392.717.1 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Арвин анир билэг ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.347.939.8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 24.339.627.7 төгрөг нийт 25.687.566.5 төгрөг гаргуулан Орхон аймгийн *******т олгож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР