Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00681

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00681

О аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ч

Хариуцагч: Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6 078 886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг нийт 8 078 886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц, гэрч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Са нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд О аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Уг шийдвэрийн дагуу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан ажил болох Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Иймд миний 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 6 078 886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг нийт 8 078 886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд далгаж өгнө үү. Уг асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч маргаан таслах комиссийн шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтын дагуу эрхээ зөрчигдснийг мэдснээс хойш хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй. Энэхүү асуудлаар З.Ч нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй учраас уг асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. З.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/2017/00679 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ажилдаа тогтоогдсон. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хэрэгжүүлээгүй гэх өргөдөл. Цалин хөлс, цаг бүртгэлийн журамд заасан удаан жилийн нэмэгдэл олгох хувь 4-7 жил ажилласан хэвийн нөхцөлд 20 хувь олгоно гэж заасан үүнийг олгохгүй байна. ЗХНХ-н даргад хууль ёсны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавьсан хүсэлтийг шийдвэрлээгүй. 2017 оны 10 дугаар сарын үр дүнгийн цалин болох 370 000 төгрөгийг сургалтын инженер дур мэдэн хассан үүнийг гаргуулж авах тухай өргөдөл гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст шийдвэрлэж, дээрх 4 асуудлыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу байгууллага өргөдлийг шийдвэрлэсэн. З.Ч нь дээрх 4 асуудлаас өөр асуудлаар ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон бусад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад хандаж байгаагүй болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6 078 886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговорт 2 000 000 төгрөг, нийт 8 078 886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг эс зөвшөөрч, 2017 оны ээлжийн амралтын олговорыг хуульд заасан хэмжээгээр буюу ажилласан хоногоор олгоход татгалзах зүйлгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

З.Ч нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрхи тушаалыг З.Ч эс зөвшөөрч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсаны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч О аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай магадлалаар З.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 623 080 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00676 дугаартай тогтоолоор 53 дугаартай магадлалыг хэвээр үлдээжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/№ дугаартай тушаалаар З.Ч  ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд дээрхи үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан бөгөөд байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нөхөн олговорын талаар амаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарладаг.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нөхөн олговорын талаар амаар болон бичгээр хандаж байгаагүй, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан асуудал нь цалингийн нөхөн олговорын талаар дурдаагүй, харин ээлжийн амралтын тооцоог хуульд нийцүүлэн гаргах боломжтой гэж мэтгэлцэж байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг хуульчлан тогтоосон байна. Харин энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч З.Ч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6 078 886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг, нийт 8 078 886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргажээ.

З.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс урьд эрхэлж байсан ажилдаа орж, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Хэдийгээр маргаан таслах комисст хандсан, эрх бүхий албан тушаалтанд амаар энэ талаар хэлж байсан гэх боловч энэ нь гэрч Г.У ...ажилгүй байсан хугацааны цалингийн талаар хандаж байсан боловч албан ёсоор бичиг цаасаар хандаагүй, би үүнийг шийдэх эрх бүхий албан тушаалтан биш гэсэн мэдүүлэг, гэрч С.С  ... З.Ч ажилгүй байсан хугацааны цалингийн талаар холбогдох хүмүүстэй удаа дараа ярьж байсан, маргаан таслах хурал дээр энэ асуудал яригдсан, албан ёсоор бичгээр гаргасан өргөдөл, гомдол байхгүй гэх мэдүүлэг, үйлдвэрчний эвлэлийн хороонд ажилтнуудын хандаж гаргасан гомдолтой холбоотой бүртгэл хөтөлдөг эсэхэд үзлэг хийхэд үйлдвэрчний эвлэлийн хороон даргаас энэ талаар бүртгэл байхгүй гэсэн тайлбараар түүнийг ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлаар байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, өргөдөл гомдол гаргах журмаар гаргаагүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажлын дэвтрийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан таслах хурлын тэмдэглэлд ... хуулийн зөвлөх З.Ч талаар хуралдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр олгох мөнгийг барагдуулсан боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байгаа, энэ хангагдах боломжтой, удаан жилийн нэмэгдэл хангагдах боломжтой, ээлжийн амралтыг эдлүүлээгүй тохиолдолд мөнгө олгох болон үр дүнгийн шагналт цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалингийн асуудал яригдаагүй, ээлжийн амралтын талаар яригдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтанд жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ..., мөн хуулийн 79.2-т ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч З.Ч  2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус байгууллагад хуулийн зөвлөхөөр ажилд орсон талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч байх тул түүний ээлжийн амралт эдлэх хугацаа ажлын 15 өдөр байна.

2017 онд эдэлбэл зохих ээлжийн амралтыг хуульд зааснаар эдлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, маргаан таслах комиссын хурлаар ээлжийн амралтын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт, гэрч Ч.О ы ...ээлжийн амралтыг олгох боломжтой гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч З.Ч 2017 оны ээлжийн амралтын олговорыг олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж зааснаар 2017 оны ээлжийн амралтын олговорт 973 962.9 төгрөгийг / 15 өдөр-1.25; 1 142 783 + 935 004.9+ 259 723/3 =779 170.3х1.25/ хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч З.Ч олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, 7 104 923.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 27 925 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг баримтлан хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас 2017 оны ээлжийн амралтын олговорт 973 962.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ч  олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 104 923.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас 27 925 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.    Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ний Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажлын дэвтэр-ийг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ