Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчМСПТК УТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговорт 10 007 001 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаандаанд гаргасан тайлбартаа: С.Г- нь МСПТК УТҮГ-т  2014 онд хүний нөөц хариуцсан ажилтнаар, 2015 оны 07 дугаар сараас тус коллежийн дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Солонгосын политехник коллежийн захирлын Б/006 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас халсан тушаалд дурдсан үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх болон өмгөөллийн хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 183/ШШ2018/00364 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч өмгөөллийн үйлчилгээнд төлсөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэлийн шаардлагад өмгөөллийн үйлчилгээний хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул миний бие хяналтын шатны журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч, өөрийн хүсэлтээр гомдлоосоо татгалзсан. С.Г- би 2018 оны 09 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш 2 сарын хугацаа өнгөрсний дараа хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын Б/135 дугаартай тушаалаар ажилд томилсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд томилсон тушаалын хоорондох цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын Б/135 дугаартай ажилд томилогдсон тушаалаар тогтоогдсон цалингаар тооцон нэхэмжлэл гаргах тухай захирлын санал болгосноор бус анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалингийн хэмжээ болох дундаж цалин хөлс болох 1 хоногт 48 343 төгрөгөөр тооцож нэхэмжлэхээр өмгөөлөгч Б.А-ийн зөвлөсний дагуу С.Г- би харъяалагдах дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00364 тоот шүүхийн шийдвэр гарснаас хойш Монгол Солонгосын политехник коллежийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/135 дугаартай ажилд томилсон тушаал хоёрын хоорондох ажиллаагүй байсан хугацааны цалин, хөлс болох 10 007 001 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт зохих бичилтийн баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Г-ээс тус шүүхэд Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан 50 сарын төлбөрт нийт 10 007 001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Солонгосын политекникийн коллеж УТҮГ-аас 6 341 808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 665 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг  хариуцагч Монгол Солонгосын политекникийн коллеж УТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 175 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж УТУГ-аас 116 419 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие ажилгүй байсан хугацааныхаа цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч намайг ажилд авах тушаал гаргасан өдөр хүртэлх буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэрт бодогдсоны дагуу тооцоолж нийт 10 007 001 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний хяналтын журмаар гаргасан хугацаа, гомдлоос татгалзаж шийдвэрийг гардаж авах хоногууд болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой бичиг баримт гаргуулах хугацаа зэргийг ажилгүй байсан өдрүүдээс хасч 3 665 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх олговор....олгоно” гэж заасан. Гэтэл шүүх хуулийн дагуу эрхээ эдэлж Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан хугацаа болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор бичиг баримтын бүрдүүлбэр хангах хуульд заасан хугацаануудыг ажилгүй байсан өдрүүдээс шууд хасч тооцсон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргалаа гэж үзэхэд хүрч байна. Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад хүн хуульд заасны дагуу гомдол гаргах/тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тул гомдлоосоо татгалзсан болно/ эрхээ эдэлж дараа нь түүнээс хуульд заасны дагуу татгалзсаны төлөө хуулийг дураараа тайлбарлан хэрэглэж гажуудуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ийнхүү гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 6 341 808 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны тов болон мэтгэлцэх зарчим зөрчигдсөн тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн байранд биечлэн очиж шүүх хуралдааны товтой танилцаж, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү мэдсэнээс хойш ажлын байрандаа буцаж ирэхэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шуудан ирсэн. Мэдэгдэлд тэмдэглэгдсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 50 минут гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүрэлцэн ирээгүйгээс үүсэх үр дагаврыг тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаанд шүүх хуралдаанд оролцоогүй бол хариуцагчийн эзгүйд иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж ойлгох үндэстэй. Мэдэгдлийн дагуу түүнд заасан хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохоор шүүхийн байранд ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болохгүй. Учир нь шүүх хуралдааны товыг зөрүүтэй мэдэгдсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төөрөгдүүлэхүйц бөгөөд энэ тохиолдолд сүүлд ирсэн мэдэгдлийн хугацаагаар шүүх хуралдааны товыг ойлгох үндэслэл бүрдүүлж байна. Мэтгэлцэх зарчим зөрчигдсөн тухайд гэвэл дээрх мэдэгдлийн улмаас шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл, тайлбарыг өгөх боломжгүйд хүрснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч С.Г- 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговорт 10 007 001 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч МСПТК УТҮГ-т холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 25 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00364 дүгээр шийдвэрээр С.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1332 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгч дээрх магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, уг гомдлоосоо татгалзсан болох нь тогтоогдож байна./хэргийн 8-14, 28-29 дүгээр тал/

 

            Улмаар, хариуцагч Монгол Солонгосын политекникийн коллежийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/135 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Г-ийг ажилд нь эгүүлэн томилсон байна./хэргийн 7 дугаар тал/ 

 

            Нэхэмжлэгч С.Г-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасантай холбоотой заалдах шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд болон нэхэмжлэгч 1332 дугаар магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны цалинг шаардах эрхтэй талаар шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна. Учир нь хариуцагч давж заалдах шатны шүүхийн 1332 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй нь, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох бөгөөд харин нэхэмжлэгч уг магадлалд гомдол гаргажээ. Гэвч нэхэмжлэгч гомдлоосоо татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Иймд нэхэмжлэгч гомдол гаргаж, түүнийгээ татан авах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй, улмаар хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ба энэ хугацаанд ажилгүй байсантай холбоотой олговрыг хариуцагч төлөх үүрэггүй.

 

Иймээс С.Г- нь Монгол Солонгосын политекникийн коллеж улсын төсөвт үйлдвэрийн газрын дэд захирлын ажилд өдрийн 42 372 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажлын 82 хоног, хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс ажилд томилох 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажлын 57 хоног, нийт 139 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монгол Солонгосын политекникийн коллеж улсын төсөвт үйлдвэрийн газраас 6 341 808 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 665 193 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч С.Г-ээс ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

 

            Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн гэж үзнэ. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх ба шүүхээс мөн өдөр хариуцагчид хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн байна./хэргийн 24, 27 дугаар тал/

 

            Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрөө шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул шүүх хуралдаан болох цагийг мэдэхгүй байсан, ойлгомжгүй, андуурсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн  оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид гаргуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хуульд заасан хугацааны дотор хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа учир хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах бусад эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймээс зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 73 593 төгрөгийг, хариуцагчийн 116 419 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ   

                   

                                                                                              С.ЭНХТӨР