Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00200

 

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00395 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 753 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.Г-

          Хариуцагч: Монгол Солонгосын политехникийн коллеж Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/ -т холбогдох

          Олговор 10,007,001 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Монгол Солонгосын политехник коллежид 2014 онд хүний нөөц хариуцсан ажилтнаар, 2015-07 сараас тус коллежийн дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 2017-01-18-ны өдрийн Монгол Солонгосын политехник коллежийн захирлын Б/006 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас халсан тушаалд дурдсан үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч 2017-02-14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх болон өмгөөллийн хөлсийг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх 2018-02-09-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 183/ШШ2018/00364 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. С.Г- би 2018-09 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш 2 сарын хугацаа өнгөрсний дараа хариуцагч 2018-11-28-ны өдрийн захирлын Б/135 дугаар тушаал гаргаж, ажилд томилж, цалин хөлсийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон тушаал гаргах хүртэлх  цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр хуулийн хугацааны цалинг шүүхийн шийдвэрт заасан 1 хоногт 48,343 төгрөгөөр тооцож шаардлага гаргаж байна. Иймд 2018-02-09-ний өдрөөс 2018-11-28-ны өдөр хүртэл хугацааны олговорт 10,007,001 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт зохих бичилтийн баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: С.Г-ээс тус шүүхэд Монгол Солонгосын политехникийн коллеж -с нийт 10,007,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 183/ШШ2019/00395 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Монгол Солонгосын политекникийн коллеж УТҮГ-аас 6,341,808 төгрөг гаргуулж,  С.Г-т олгож, нэхэмжлэлээс 3,665,193 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018-02-09-ний өдрөөс 2018-06-08-ны өдөр хүртэл, 2018-09-11-ний өдрөөс 2018-11-28-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Монгол Солонгосын политехникийн коллеж УТУГ-с 116,419 төгрөг гаргуулж С.Г-т олгож шийдвэрлэсэн байна.

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 753 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 73,593 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 116,419 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-02-19-ний өдөр шүүхийн байранд биечлэн очиж шүүх хуралдааны товтой танилцаж, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү мэдсэнээс хойш ажлын байрандаа буцаж ирэхэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шуудан ирсэн. Мэдэгдэлд тэмдэглэсэн 2019-02-20-ны өдрийн 15 цаг 50 минут гэснийг ИХШХШТХ-н 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүрэлцэн ирээгүйгээс үүсэх үр дагаврыг тус хуулийн 77.1-т заасны дагуу заасан тул тус мэдэгдэлд заасан хугацаанд шүүх хуралдаанд оролцоогүй бол эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж ойлгох үндэслэлтэй. Мэдэгдлийн дагуу түүнд заасан хугацаанд шүүх хуралдаанд оролцохоор шүүхийн байранд ирсэн нь ИХШХШТХ-н 100.3-т зааснаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж хариуцагчийн эзгүйд  хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болохгүй. Учир нь шүүх хуралдааны товыг зөрүүтэй мэдэгдсэн нь хариуцагчийг төөрөгдүүлэхүйц бөгөөд энэ тохиолдолд сүүлд ирсэн мэдэгдлийн хугацаагаар шүүх хуралдааны товыг ойлгох үндэслэл бүрдүүлж байна. Дээрх мэдэгдлийн улмаас шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийг татгалзах, үндэслэл, тайлбарыг өгөх боломжгүйд хүрснээр ИХШХШТХ-н 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.Г- 2018-12-26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол-Солонгосын Политехникийн Коллеж Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/-с 2018-02-09-ний өдрөөс 2018-11-28-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан олговор 10,007,001 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт бичилт хийхийг даалгахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... шүүхийн шийдвэр 2018-02-09-ний өдөр гарсан боловч нэхэмжлэгч 2018.11.28-ны өдөр ажилдаа томилогдсон тул олговор шаардах эрхтэй... олговрыг давж заалдах болон хяналтын  гомдол гаргасан хугацааг харгалзан 2018.02.09-ний өдрөөс 2018.06.08-ны өдөр хүртэл, 2018.09.11-ний өдрөөс 2018.11.28-ны өдөр хүртэл нийт 139 өдрөөр тооцож 6,341,808 төгрөг гаргуулна...олговрын хэмжээг шүүхийн шийдвэрт заасан 42,372 төгрөгөөр тооцно... хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ..” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ. 

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, хэвээр үлдээсэн байна. 

       Хариуцагч хяналтын гомдолдоо “..анхан шатны шүүх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй...” гэж маргажээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Г- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-09-ний өдрийн 183/ШШ2018/00364 дүгээр шийдвэрээр Монгол-Солонгосын Политехникийн Коллеж УТҮГ-ын дэд захирлын ажилд эгүүлэн тогтоогдсон, уг шийдвэрийг ажил олгогч 2018-11-28-ны өдөр биелүүлж, Б/135 дугаар   тушаалаар С.Г-ийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилжээ.

      Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. Иймд шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна. 

      Нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ өөрчлөгдсөн тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх ажилгүй байсан хугацааны цалин,хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

      Хариуцагчийн гомдлоор ажил олгогчоос гаргуулах олговрын хэмжээг багасгах, хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

      Шүүх хуралдаанд биечлэн оролцох хариуцагчийн эрхийг шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

      2019-02-20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүх 2019-02-19-ний өдөр мэдэгдсэн /хх24,27/ байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлд заасан ажиллагаа юм. 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн талаар шүүх хэргийн оролцогчид тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан хэзээ хаана болох тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх тул хариуцагчийн гомдолд заасан үндэслэл нь   шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж үзлээ.

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтан шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 753 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 116,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ