Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00395

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:МСПТК-д холбогдох

            Ажилгүй байсан хугацааны цалин 10 007 001 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Г би МСПТК 2014 онд хүний нөөц хариуцсан ажилтнаар, 2015 оны 07 дугаар сараас тус коллежийн дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн МСПТКийн захирлын Б/006 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас халсан тушаал, тушаалд дурдсан үндэслэлийг миний бие үл хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх болон өмгөөллийн хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 183/ШШ2018/00364 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч өмгөөллийн үйлчилгээнд төлсөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй билээ. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэлийн шаардлагад өмгөөллийн үйлчилгээний хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул миний бие хяналтын шатны журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч, нэхэмжлэгч С.Гби өөрийн хүсэлтээр гомдлоосоо татгалзсан. С.Гби 2018 оны 09 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш 2 сарын хугацаа өнгөрсний дараа хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын Б/135 дугаартай тушаалаар ажилд томилсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд томилсон тушаалын хоорондох цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын Б/135 дугаартай ажилд томилогдсон тушаалаар тогтоогдсон цалингаар тооцон нэхэмжлэл гаргах тухай захирлын санал болгосноор бус анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалингийн хэмжээ болох дундаж цалин хөлс болох 1 хоногт 48 343 төгрөгөөр тооцож нэхэмжлэхээр өмгөөлөгч Б.Ариунзаяагийн зөвлесний дагуу С.Гби харъяалагдах дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00364 тоот шүүхийн шийдвэр гарснаас хойш МСПТКийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/135 дугаартай ажилд томилсон тушаал хоёрын хоорондох ажиллаагүй байсан хугацааны цалин, хөлс болох 10 007 001 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт зохих бичилтийн баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Г-ээс тус шүүхэд МСПТК ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан 50 сарын төлбөрт нийт 10 007 001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 007 001 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгүүлэхээр хариуцагч МСПТК-аас шаардаж байна.   

 Хариуцагч МСПТКУТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00364 дугаар шийдвэрээр С.Г-ийг Хариуцагч МСПТКУТҮГ-ын дэд захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хариуцагч эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1332 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан,  нэхэмжлэгч дээрх магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гомдлоосоо татгалзсаныг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.  

Улмаар, шүүхийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрүүдийг ажил олгогч биелүүлж Монгол-Солонгосын Политекникийн Коллежийн захирлын Б/135 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Г-ийг 2018.11.28-ны өдөр МСПТКУТҮГ-ын дэд захирлын ажилд томилон ажиллуулжээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан ба тухайн хугацаанд ажилтны хөдөлмөрлөх харилцаа үргэлжилж байсан гэж үзэх тул ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.

 

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгч С.Г-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасны улмаас нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан тул энэ хугацааны цалинг, түүнчлэн хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсанаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл буюу 2018.09.11-ний өдрөөс 2018.11.28-ны өдөр хүртэл хугацааны цалинг шаардах эрхтэй.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00364 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг 42 372 төгрөг гэж тооцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн цалин олговорыг уг мөнгөн дүнгээр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг дурдсан хугацаанд тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж, зохих бичилтийг нөхөн бичих хийхийг даалгахыг шаардах эрхийн үндэслэл болно.  

 

Харин 2018.06.08-ны өдрөөс 2018.09.11-ний өдөр хүртэл хугацаанд хяналтын журмаар гомдол гаргасныг шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ нэхэмжлэгч сайн дураар хэрэгжүүлсэн, тухайн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ажил олгогчид хандаж байсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд мөн хугацааны цалинг нөхөн гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзлээ.

                       

              Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хуанлийн дагуу амралтын өдрүүд болон бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасан тооцоход 2018.02.09-ний өдрөөс 2018.06.08-ны өдөр хүртэл ажлын 82 хоног, хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан 2018.09.11-ний өдрөөс ажилд томилох 2018.11.28-ны өдөр хүртэл ажлын 57 хоног, нийт 139 өдрийн цалин олговорт 6 341 808 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, цалин олгосон хугацаатай уялдуулан  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийхийг даалгахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 665 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.    /42 372*139 хоног/

 

            Шүүх, 2018.02.19-ний өдөр хариуцагч байгууллагад шуудангаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан хүсэлт сэлт ирүүлээгүй тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МСПТКУТҮГ / аас 6 341 808 /зургаан сая гурван зуун дөчин нэгэн мянга найман зуун найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  С.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 665 193 /гурван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун ерөн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2018.02.09-ний өдрөөс 2018.06.08-ны өдөр хүртэл, 2018.09.11-ний өдрөөс 2018.11.28-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг  хариуцагч МСПТКУТҮГ-т  даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 175 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МСПТК УТУГ-аас 116 419 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ