Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/00055

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/00055

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.А

Хариуцагч: Т.Т

Зээлийн гэрээний үүрэг 6 794 187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Р.А , Л.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э миний бие 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн засаг дарга Т.Т Хаан банкнаас 6 600 000 төгрөгийг авч өгсөн юм. Анх надаар зээл авахуулахдаа хугацаанд нь төлнө гэсэн боловч 12 дугаар сард хугацааг нь 6 сараар сунгаж төлөлтөө хийнэ гэж гарын үсэг зурсан боловч иргэн Т.Тт нь уг зээлийг одоог хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсний улмаас Хаан банк бидний малыг хураах шийдвэр гаргасан. Иймд иргэн Т.Т  уг зээлийг төлүүлж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.А шүүхэд анх иргэн Т.Тт 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал суман дахь тооцооны төвөөс 8 000 000 төгрөгийг авахуулсан тухайгаа бичээд түүний 2016 оны 1 дүгээр сард 6 600 000 төгрөг төлнө гэж бичиж өгсөн бичвэрийг үндэслэн нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч Т.Т ХААН банкан дахь № дугаартай хувийн дансанд нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны /нэхэмжлэгч бөгөөд талийгч Л.Э /-ээс 8 000 000 төгрөг орсон байна. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Т.Тт бэлнээр 700 000 төгрөг,ХААН банкан дахь - дугаартай дансанд нь мөн өдөр 700 000 төгрөг Т.Т ХААН банкан дахь 5282012609 дугаартай дансанд орсоноор нэхэмжлэгчийн тус банкнаас авсан байсан малчны зээлийн үлдэгдэл 2 172 000 төгрөгний зээлийн үлдэгдэл хаагдаж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээл гарсан байна. Тухайн үед хариуцагч Т.Тт Булган аймгийн Хангал сумын 1-р багийн засаг дарга байсан учир засаг даргынхаа гуйлтаар түүнд итгэж 2015 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 8 000 000 төгрөгийн зээлээ багийн засаг даргадаа бүгдийг нь өгсөн байна. ХААН банкны Булган аймгийн Хангал тооцооны төвөөс авахуулсан зээлээ багийн засаг дарга Т.Тт нь төлөхгүй байсан учир хэдэн малаа барьцаанд тавьсан нэхэмжлэгч Р.А өөрийн боломжоороо нийт 2 876 153 төгрөгийг төлсөн байна. ХААН банк нийт 11 009 187 төгрөг болгон шаардсан./шүүхийн шийдвэр гарахаас өмнө 4 991 153 төгрөг төлөгдсөн, 6 246 934 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулан авах болсон/ ХААН банктай зээлдэгч анх уулзаж зээл авахаар тохиролцоогүй болох нь банк 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээл олгонгуутаа өдөрт нь Т.Т дансанд бүгдийг нь хийснээс харахад 8 000 000 төгрөгийг Т.Тт бүгдийг нь хариуцан төлөх учиртай. Нийт 11 009 187 төгрөгөөс Т.Т төлсөн нийт 3 515 000 төгрөгийг хасаж үлдэх 6 794 187 төгрөгийг гаргуулан авах нь зүйд нийцнэ. /2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Т.Тт 1 400 000 төгрөгөөр зээл хаасан 2 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, өөрөө 50 000 төгрөг, эхнэр нь 65 000 төгрөг нийт 3 515 000 төгрөг болно/. Иймд:Т.Т 6 794 187 төгрөг гаргуулан Р.А д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Тт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Э , Р.А нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Т.Тт миний бие анх Хаан банкнаас 2014 оны 06 дугаар сард авсан зээлээсээ Р.А 2015 онд зээлээ төлөөд 1 400 000 төгрөг дутаж байснаа надаас зээлж төлсөн. Хаан банкнаас Л.Э , Р.А нарын өөрсдийн звшөөрснөөр өөрсдөө 8 000 000 төгрөг Хаан банкнаас зээлж 2015 оны 12 сард бүх хүүг төлж зээлийг сунгасан. 6 сард төлөх 4 700 000 төгрөгнөөс Л.Э , Р.А нарт өөрсдөөр нь мөнгө өгч хийлгэдэг. Зарим тохиолдолд өөрийн нэрээр хийж байсан. 10 сард зээлийн үлдэгдэлийг нь асуухад 900 000 орчим төгрөг байна гэж банкнаас хэлж байсан. Өөрсдөө 2016 оны хавар 600 000 төгрөгийг Л.Эрдэнийн эх орны хишиг суутгаж авлаа гэж байсан. Энэ байдлаар Л.Эрдэнийн мөнгө зээл рүүгээ хийхээс өөрөөр зээл рүүгээ төлөлт хийгээгүй. Өөрсдөө ч зөвхөн төл гэдэг шаардлага тавьж байдаг байсан. Би нэхэмжилсэн 6 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Т.Т 6 794 187 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Р.А , Л.Э нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээ 6 600 000 төгрөгийг төлнө гэсэн. Т.Т гарч бичвэрийг гэж заасан байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн тохиролцоо нь 6 600 000 төгрөгийг төлнө гэсэн асуудал л байсан. Тийм учраас энэ тохиролцоогоо бичгээр илэрхийлсэн байдаг. Т.Т дансанд Л.Э данснаас 8 000 000 төгрөг шилжиж орсон асуудал нь бол Р.А , Л.Э нар өмнөх зээлээ төлөхийн тулд 1 400 000 төгрөг зээлж авсан байснаа Т.Т эргүүлэн төлсөн хэрэг гэдэг дээр талууд маргаагүй. 6 600 000 төгрөгөөс Т.Тт нь Б дамжуулж 1 000 000 төгрөг, Одонтунгалагаар дамжуулж 2 000 000 төгрөг, Сарнайгаар дамжуулж 65 000 төгрөг, өөрөө 50 000 төгрөг бүгд 3 115 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, гэрч Г.Б , Ч.О , Л.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг нь Т.Тт нь Р.А , Л.Э нарт өгсөн бүх мөнгөөр зээлийг хугацаанаас нь өмнө төлөөд дуусчихаар хэмжээний мөнгө өгсөн ч өөрсдөө зарим мөнгийг нь хэрэглэсэн юм байна лээ гэдэг. Иймд 6 600 000 төгрөгөөс төлсөн 3 115 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 3 485 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд 4 485 000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байна.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э , Р.А нар нь хариуцагч Т.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Л.Э нас барсан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон нас барсны бүртгэлийн 014/№ дугаартай лавлагаагаар нотлогдож байна./1 хавтас 207-хх/

Нэхэмжлэгч Р.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Э , Р.А нар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкнаас 8 000 000 төгрөгийн малчны зээл авсан бөгөөд мөн өдөртөө 7 919 000 төгрөгийг өөрийн - дугаарын данснаас Т.Т Хаан банкны - дугаарын дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Л.Э эгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /1хавтас 208-хх/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Р.А зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагч түүний төлөөлөгч 6 600 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас авсан буцааж төлсөн 2 115 000 төгрөгийг хасаад үлдэх 4 485 000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн төлсөн төлбөр болох 2 115 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй боловч 8 000 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч нар хэрэглээгүй, хариуцагч Т.Т шилжүүлсэн тул дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцах ёстой гэж мэтгэлцэж байна. Гэрээний үүрэг Т.Т шилжээгүй бөгөөд талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн Т.Т 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн баримтанд ...Лувсан овогтой Э , Раяа овогтой А нарыг малчны зээл авахад нь 6 600 000 төгрөг зээл дээр нь гуйж зээл авсан болно гэж бичсэн баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын зээлийг хаахад Т.Т 1 400 000 төгрөг өгч өмнөх зээлийг хааж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээл авсан, тэр даруйдаа нэхэмжлэгч Л.Э 7 919 000 төгрөгийг Т.Т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг зээл авахаас өмнө Т.Тт мөнгө шилжүүлсэн нь өмнөх зээлийг хааж дараагийн 8 000 000 төгрөгийн зээлийг авсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. /1 хавтас 5-хх, 200-хх/.

Хэрэв хариуцагч Т.Тт 1 319 000 төгрөгийг /1 400 000 төгрөг/ нэхэмжлэгч нарт зээл авснаас хойш 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө өгсөн гэж тайлбарлаж байгаа бол энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Т.Тт энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд 5 804 000 төгрөгийг хариуцагч Т.Т гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгож, нэхэмэжлэлийн шаардлагаас 990 187 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123 657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т 107 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Т 5 804 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 990 187 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123 657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т 107 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ