Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00080

 

 

 

 

 

 

 

 

                               Р.Ачмаа, Л.Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00206 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Ачмаа, Л.Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Тамирт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 6.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Ачмаа, Л.Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Эрдэнээ миний бие 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн засаг дарга Т.Тамирт Хаан банкнаас 6 600 000 төгрөгийг авч өгсөн юм. Анх надаар зээл авахуулахдаа хугацаанд нь төлнө гэсэн боловч 12 дугаар сард хугацааг нь 6 сараар сунгаж төлөлтөө хийнэ гэж гарын үсэг зурсан боловч иргэн Т.Тамир нь уг зээлийг одоог хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсний улмаас Хаан банк бидний малыг хураах шийдвэр гаргасан. Иймд иргэн Т.Тамираар уг зээлийг төлүүлж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийг дэмжиж байна. Тамир бол Р.Ачмаа, Л.Эрдэнэ нараар зээл авахуулчаад 2 удаа л төлөлт хийсэн байдаг. 50 000 төгрөг, 65 000 төгрөг л хийсэн. Нэхэмжлэгч нар нь малаа зарж байж зээлийг төлсөн. Ийм учраас 115.000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг хангаж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Т.Тамир шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх Хаан банкнаас 2014 оны 06-р сард авсан зээлээсээ Р.Ачмаа 2015 онд зээлээ төлөөд 1 400 000 төгрөг дутаж байснаа надаас зээлж төлсөн. Хаан банкнаас Л.Эрдэнэ, Р.Ачмаа нарын өөрсдийн зөвшөөрснөөр өөрсдөө 8 000 000 төгрөг Хаан банкнаас зээлж 2015 оны 12 сард бүх хүүг төлж зээлийг сунгасан. 6 сард төлөх 4.700.000 төгрөгнөөс Л.Эрдэнэ, Р.Ачмаа нарт өөрсдөөр нь мөнгө өгч хийлгэдэг. Зарим тохиолдолд өөрийн нэрээр хийж байсан. 10 сард зээлийн үлдэгдэлийг нь асуухад 900.000 орчим төгрөг байна гэж банкнаас хэлж байсан. Өөрсдөө 2016 оны хавар 600.000 төгрөгийг Л.Эрдэнийн эх орны хишиг суутгаж авлаа гэж байсан. Энэ байдлаар Л.Эрдэнийн мөнгө зээл рүүгээ хийхээс өөрөөр зээл рүүгээ төлөлт хийгээгүй. Өөрсдөө ч зөвхөн төл гэдэг шаардлага тавьж байдаг байсан. Би нэхэмжилсэн 6.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00206 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Т.Тамираас 6 485 000 төгрөг гаргуулан Л.Эрдэнэ, Р.Ачмаа нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 120 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсэг буюу хариуцагч Т.Тамираар төлүүлэхээр шийдвэрлэсэн 6.485.000 төгрөгийн зарим хэсэг буюу 3.585.000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6.600.000 төгрөгнөөс хариуцагч Тамир өөрийн гараар 50.000 төгрөг, эхнэр Сарнайцэцэг 65.000 төгрөг төлсөн, 2016 оны 6 сарын сүүлээр Хангал суман дахь ХААН банкны теллерээр ажиллаж байсан Ч.Одонтуяа 2016 оны 6 сарын сүүлээр Сарнайцэцэгээс 2.000.000 төгрөг аваад зээлд төлөлт хийсэн, мөн 2016 оны эцсээр Баасансүрэнгээр 900.000 төгрөг тушаалгасан.Үүнийг Г.Баттулга шүүх хурал дээр гэрчилсэн.Тийм учраас нийтдээ энэ зээлээс 3 585 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 3.015.000 төгрөг  төлөхийг зөвшөөрч байгаа юм.

Шүүх гэрч Баттулга, Одонтуяа нарын Тамираа нэг хүний зээл төлсөн 2 000 000 төгрөг аваад зээлэнд төлөлт хийсэн “ гэсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт бичсэн мөртлөө үүнийг үгүйсгэсэн ямар ч нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, тайлбар ч өгөөгүй байхад дээрхи гэрчүүдийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа шийдвэртээ дурьдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл “...Нотлох баримтыг заавал үнэлэх...” мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалт “...хэргийг хянан шийдвэрлэхэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”  гэснийг зөрчсөн юм.

Иймд хэргийг хянаж шүүхийн шийдвэрт Т.Тамираас 3.015.000 гаргуулж Л.Эрдэнэ.Р.Ачмаа нарт олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэ, Ачмаа нар хариуцагч Г.Тамираас зээл 6.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн төлбөрийг төлж байсан, шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан “...тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий зээлийн гэрээ, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн тухай нотлох баримт гаргуулах...” тухай хүсэлтийг хангаж улмаар ХААН банкны Булган салбарын Хангал сумын тооцооны төвөөс 2015 оны 6 дугаар сарын 25 -ны өдрийн ЗГ/169, БГ/177 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ,зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн төлбөр төлсөн мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба уг баримтын зарим буюу хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн огноо, шилжүүлсэн мөнгөн дүн, дансын дугаар нь мэдэгдэхгүй баримтыг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, үзлэг явуулах ба шинжлэн судалж болно“ гэж заасныг зөрчжээ.

Түүнчлэн хариуцагч Т.Тамир “...зээлийн төлбөрт 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр хүнээс 2.0 сая төгрөг зээлж нэхэмжлэгч нарын дансанд шилжүүлсэн..”  гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа 2016 оны 7 дугаар сарын эхээр мал махаа зарж зээлийн төлбөрт 2.0 сая төгрөг тушаасан гэж тус тус тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Р.Ачмаагийн 5282061974 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 5091202506 тоот данснаас 1.994.308 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн боловч тухайн дансны /5091202506/ эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан эсэх нь тодорхойгүй /42 дугаар хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт мөн эсэх нь мэдэгдэхгүй / байхад шүүх хариуцагч Т.Тамирыг зээлийн төлбөрөөс 2 удаа буюу 115.000 төгрөгийг төлсөн гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас 6.485.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Р.Ачмаа, Л.Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй Т.Тамирт холбогдох иргэний хэргийг шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Тамирын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.БАТТӨР

 

                                               ШҮҮГЧИД                               М.ХҮРЭЛБААТАР

                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ