Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 0195

 

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч, Ж.Б- нарын бүрэлдэхүүнтэй

 

Улсын яллагч Х.Ёндонсамбуу

Иргэдийн төлөөлөгч С.Э

Хохирогч Ц.С-

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул

Шүүгдэгч Х.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Гэрч Б.Х-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 201414000366 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум ** баг **  тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1.д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ш- овогт Х-ын Б- /регистрийн дугаар ФЖ *********/

 

Шүүгдэгч Х.Б- нь Б.З-гоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

 

Ц.С-ээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж”  20.000.000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр  Б.Б-ын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан,  2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас  200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж  хуурч мэхлэн 60.500.000 төгрөг авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

 

Б.А-гаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Х.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би анх С-тэй 2012 онд танилцсан. Ц.С- нь Худалдаа хөгжлийн банкинд зээл чөлөөлдөг байсан. Би Ц.С-ээс мөнгө зээлдэг байсан нь үнэн, гэхдээ бэлнээр ер авч байгаагүй, дансаар л авдаг байсан. Ц.С- өөрөө  баримттай нь дээр гээд дансаар өгдөг байсан. Харин мөнгөө авсаны дараа зээлийн гэрээ хийдэг байсан. Ц.С- зээлийн гэрээ үйлдээд өөрөө авдаг надад зээлийн гэрээний хувийг өгдөггүй байсан. Яагаад гэвэл өндөр хүүтэй 30 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан учир зээлийн гэрээг өгөхөөс татаглзаж байна гэдэг байсан. 2012 оны 03 дугаар сараас эхлэн Ц.С-тэй зээлийн гэрээ байгуулж мөнгө авч эхэлсэн. 2012 оны 03 дугаар сарын 27-ноос 2012 оны 12 дугаар сарын 12-ныг дуустал нийт 45.955.000 төгрөг зээлж аваад буцаагаад 27 удаагийн үйлдлээр ХААН банкны ************* гэсэн дансанд Х.Б- миний ХААН банкны данс болох ************* гэсэн данснаас мөнгө шилжүүлж буцаагаад төлдөг байсан  баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2012 оны байдлаар 45.955.000 төгрөг аваад 49.165.000 төгрөг төлсөн. Ц.С-ээс ХААН банкны ************* тоот данснаас 2013 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын 28-ныг хүртэл нийт 28.000.000 төгрөг зээлж аваад буцаагаад Х.Б- миний өөрийн данс ************* гэсэн данснаас Ц.С-т 86.863.000 төгрөг төлсөн. 2014 оны тооцон дээр Ц.С-ээс би 01 дүгээр сарын 03-нд 20.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 21-нд 4.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөг авч 38.020.000 төгрөгийг төлсөн. Мөн өөрийн ХААН банкны данснаасаа Ц.С-ийн данс руу шилжүүлсэн. Мөн Ц.С-ийн нөхөр Б-ын дансанд 5.000.000 төгрөг, дахин 2.760.000 төгрөг нийт 7.760.000 төгрөг бэлнээр төлсөн нь Б-ын өөрийнх нь дансны хуулгаар нотлогдоно. Ц.С- бид хоёрын хооронд тооцоогоо байнга дансаар л хийдэг байсан, бэлэн мөнгө авч өгч байгаагүй. Дансаар авч өгч байсан хугацаанд би С-ээс 73.975.000 төгрөг аваад буцаагаад 183.788.000 төгрөг төлсөн. Сүүлд С-ээс 27.000.000 төгрөг зээлж аваад Н-гийн зээлийг хаасан нь үнэн. Би энэ 27.000.000 төгрөгийг аваад буцаагаад төлсөн. Төлөхдөө манайх хариар гэх машинтай байсан энэ машиныг Ц.С- өөрөө зээл чөлөөлдөг И- гэдэг хүнд барьцаанд тавиулж манай нөхрөөр гарын үсэг зуруулаад 14.000.000 төгрөг авсан. Дахиад 2.350.000 төгрөг бэлнээр авсан. Нийт 16.350.000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Манай нөхөр 19.500.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газарт мөн цалингаасаа төлж байгаа. ХААН банкны дансанд 60.500.000 төгрөг байршуулсанаас 50.000.000 төгрөгийг буцаагаад 15.050.000 төгрөгийг өгөөгүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Үүнийг би зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ц.С- өөрөө Даулетбай даргыг таньдаг, ярьсан чи уулз гээд цэцэрлэгт ажилладаг казак хүнийг дагуулаад намайг ХААН банкны үүдэнд буулгаад би тэр банкны захиралтай нь орж уулзаад зээлийг хөөцөлдүүлж мөнгө байршуулахаар болсон. Гэвч энэ зээл бүтээгүй юм. Ц.С- би бүх банкинд танилтай гэдэг байсан. Мөн түүний яриад байгаа Худалдаа хөгжлийн банкинд байршуулах 76.000.000 төгрөгнөөс 46.000.000 төгрөгийг Ц.С-, би 30.000.000 төгрөг байршуулсан. Энэ 30.000.000 төгрөгийг төрийн банкинд бас надаар зээл хөөцөлдүүлсэн Зоригтбаатар гэдэг хүн дээр өөрөө дагуулж очсон. Тэр Зоригтбаатар нь 16.000.000 төгрөг гаргасан. Үлдсэн 14.000.000 төгрөгийг манай нөхөр эмчээсээ 7.000.000 төгрөг аваад, манай дүү 7.000.000 төгрөг өгсөн. Ингээд 76.000.000 төгрөг байршуулаад зээл нь бүтэхгүй болоход 46.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.С-ийн өөрийнх нь данс руу хийсэн. Үлдэгдэл 25.900.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хүрэнбулаг ХААН банкинд 12 цаг 45 минутанд зээл чөлөөлдөг Намнан гэдэг залуутайгаа зогсож байгаад 25.900.000 төгрөгийг авсан. Намнан нь 14.500.000 төгрөг авсан нь үнэн гэж мэдүүлэг өгсөн. 25.900.000 төгрөгөө яасан бэ гэхэд Зоригтбаатарт 11.000.000 төгрөгийг өгөөд 14.900.000 төгрөг яасан гэхэд чи надад машины өр 13.000.000 төгрөг өгөөгүй байгаа гэсэн. Энэ мөнгийг бүгдийг Ц.С- авсан. Өнөөдрийн байдлаар би Ц.С-т 113.995.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа, үүнийгээ буцаан нэхэмжилнэ гэсэн бодолтой байгаа. Мөн хохирогч Б.А-тай 2012 оноос танилцаад нийт 66.100.000 төгрөг аваад буцаагаад дансаар 84.430.000 төгрөг төлсөн. Б.А-д ХААН банкны ******** тоот дансанд нь өөрийн ХААН банкны данснаас мөнгө шилжүүлдэг байсан. 2012 оны 08 дугаар сарын 14-нөөс мөнгө зээлж эхлээд нийт 55.000.000 төгрөг аваад буцаагаад 31.250.000 төгрөгийг төлсөн. 2013 онд 11.100.000 төгрөг аваад 28.580.000 төгрөг төлсөн. Б.А-гаас сарын 10 хувийн хүүтэй, Ц.С-ээс сарын 30 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан. 2013 оны 03 дугаар сарын 18-нд 8.000.000 төгрөг, 05 дугаар сарын 11-нд 2.700.000 төгрөг, 05 дугаар сарын 18-нд 2.400.000 төгрөг бэлнээр төлсөн. Үүнийг Б.А- хүлээн зөвшөөрдөг. Ингээд Б.А-д би нийт 114.330.000 төгрөг төлсөн. Харин 70.000.000 төгрөг аваагүй. Б.А- 70.000.000 төгрөг надад өгсөн болох гэж өмнө төлөөд дууссан зээлийн гэрээгээ зассан. Мөн би ээжтэйгээ 4-14-т хамт байхдаа 70.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн гэдэг, дараа нь би 2 өрөө байр авах гэж хураасан мөнгөө өгсөн гэдэг, эсвэл би Б- гэдэг хүнээс 36.000 доллар аваад үүнийг бэлэн мөнгөнд шилжүүлээд Х.Б-д өгсөн гэж худлаа янз бүрээр мэдүүлээд байдаг юм. Би Б.А-гаас 70.000.000 сая төгрөг аваагүй. Өмнө авсан 66.100.000 төгрөгөө буцаагаад 114.330.000 төгрөг болгон төлсөн. Хохирогч Б.З-гийн хувьд би 30.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр гэрээ үйлдэж авсан. Үүнээсээ Х-ын ХААН банкны дансанд 2013 онд 5.910.000 төгрөг, 2014 онд 8.390.000 төгрөг  гэх мэт төлсөн. Одоо үлдсэн мөнгийг нь хүү, алдангитай нь төлнө гэв.

 

- Хохирогч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Х.Б-г 2012 онд таньдаг болсон. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. Авсан мөнгөө 2-3 хоногийн дараагаар буцаагаад л өгдөг байсан. Анх өөрийгөө алтны компанид тогооч хийдэг гэж байсан. Урд хилээр тоног төхөөрөмж оруулж ирж алтны уурхайд шахдаг, сардаа маш их ашиг олдог гэж өөрийгөө танилцуулж байсан. Үүнээс хойш надтай дотно танилцсан. 2012 он, 2013 онд бол маш их хэмжээний мөнгө авч төлдөг байсан. Ингэхдээ бэлнээр болон зээлийн гэрээ, дансаар авдаг байсан. Зээлийн гэрээ хийгээд бэлнээр мөнгөө аваад явдаг, буцааж төлөхдөө дансаар хийдэг байсан. Ингэж төлж байгаад 2013 оны 12 дугаар сарын 15-нд 30.000.000 төгрөг зээлийн гэрээгээр авсан. Энэ авсан мөнгөө 2014 оны 01 дүгээр сарын 02-нд 25.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 03-нд би явахгүй бол болохгүй нь ирж бараагаа ав гээд хятадууд утасдаад байна. Замын-Үүдэд нэг кантенер, зоорь олон агуулахтай. Тэрэндээ их хэмжээний бараа авч дарах гэсэн юм, цагаан сар болох гээд хотын хиаман цехүүд эрэлт ихтэй байдаг, оргил үе нь цагаан сар, шинэ жил байдаг гэж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 02-нд 25.000.000 төгрөгний зээлээ хийсэн. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг зээлсэн. Намайг мөнгөө нэхэхэд цагаан сарын дараа зээлээр өгсөн барааныхаа мөнгийг цуглуулж өгнө гэж байсан. Тэгээд 03 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд З- Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очсон. Тэр үед нэг хүнтэй утсаар ярьсан. Банкны хүмүүстэй дотор нь архи ууж байна, гарч болохгүй байна, наад хүндээ 27.000.000 төгрөгний хүүг нь өгчих гэж байна гэж надад хэлээд хүү өгсөн. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд маргааш нь хагас сайн байсан бөгөөд Х.Б- нь хагас сайнд мөнгө гаргахгүй, нэг дэх өдөр болно гэж надад ирж хэлчихээд явсан. Тэгээд нэг дэх өдөр чимээгүй болчихоор нь хайж явж байгаад ааваар нь дамжуулж залгахад хамаатны хүн нас барсан ажил гарчихлаа, Бадар-Ундрах эмнэлэг дээр очоод хүнтэй уулзаатах гэхээр нь сураглаж яваад очтол тэр хүн нь надад мөнгө өгөөгүй энэ бичгийг  өг гэсэн гээд хүнд мөнгө шилжүүлсэн баримт өгсөн. Тэр баримт нь надаас авсан мөнгөө өөр хүн рүү шилжүүлсэн баримт байсан. Тэгээд би нөгөө зээл авч байгаа гэх З- гэдэг залууг сураглаад  “Эрдмин” ХХК-д очиж уулзахад З- гэх залуу нь Х.Б- гэдэг хүнийг танихгүй. Манай аавд Б- гэдэг дүү ч байхгүй гэж хэлсэн. Тэгээд Н- гэдэг хүний утсыг өгсөн болохоор тэр хүн рүү залгахад би авах ёстой мөнгөө авсан, наад зальтай хүүхнээ цагдаад өгөхгүй юу гэсэн. Би Х.Б-гаас нэхсээр байгаад 14.000.000 төгрөг авсан.  2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 27.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2.350.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.010.000 төгрөг, нийт 68.360.000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс 1.000.000 болон 14.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 53.360.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2013 оны хавар шиг санагдаж байна. Манай эхнэр Х-тай фитнес клубт хамт явдаг байсан Солонго гэх хүүхэн анх Х.Б- гэдэг хүнийг манай эхнэрт танилцуулсан байсан. 2013 оны хавар Х.Б- нь 3 хувааж буюу 10.000.000 төгрөгийг, дараа нь 5.000.000 төгрөгийг, харин сүүлийнх нь 15.000.000 төгрөгийг нийт 30.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ сүүлийн 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, эхний хоёрт мөнгө өгсөн, авсан гэсэн баримт үйлдсэн. Тухайн үед Х.Б- нь гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно гэх мэтээр хуурч мэхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Х.Б-гийн зүгээс 2.500.0 төгрөг, манай эхнэр Х-ын ********* дугаарын ХААН банкны дансаар шилжүүлж байсан. Гэхдээ энэ 2.500.000 төгрөг нь тухайн үед Х.Б- бид хоёрын хэлж ярьсанаар хүү гэж авсан. Одоо би 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Биднээс мөнгө авахдаа бизнест зарцуулна гэж хэлж байсан хэдий ч бидний мөнгийг бусад өр зээлтэй хүмүүст өгсөн байсан... гэх мэдүүлэг, /3-р хавтас 210-211-р хуудас, 5-р хавтас 130-р хуудас /

 

-Гэрч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2013 оны 01 дүгээр сард Х.Б- гэдэг хүнтэй танилцсан. Анх 2013 оны 01 дүгээр сарын 20-нд 5.000.000 төгрөг зээлж авч хүүтэй нь хамт буцааж төлсөн. 2013 оны 08 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 16-нд 15.000.000 төгрөг нийт 30.000.000. төгрөг зээлж авсан. Б- нь дансаар цувуулаад 12.437.000 төгрөг буцааж өгсөн. Гахайн махны бизнес хийдэг, их ашигтай хоёр дүүдээ туслана гэсэн. Одоо хүү, алданги 30.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

-Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ц.С- бол миний эхнэр байгаа юм, манай эхнэр Ц.С- нь танил хүмүүсээс бага хүүтэй мөнгө аваад тэр мөнгөөр нь 1-2 хоногт хүний зээл чөлөөлж ашгаар нь амьдралаа авч явдаг байсан. Х.Б- гэх хүнийг одоогоос 3-4 жилийн өмнө таньдаг болсон. 2014 оны 01 дүгээр сарын эхээр манай эхнэрээс 20.000.000 төгрөг авсан байсан.  Дараа нь бас Цагаан сарын өмнө гахайн махны наймаа ашигтай байна гээд дахин 30.000.000 төгрөг авсан байсан. Бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас би байгууллагынхаа захирлын эхнэр О-ээс 30.000.000 төгрөг хүүтэй зээлж аваад 20.000 000 төгрөгийг Х.Б-д зээлдүүлсэн. Тэрнээс хойш манай эхнэрээс дахиж мөнгө авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан авсан мөнгөө өгөөгүй байж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Х.Б- зээл хөөцөлдөж байгаа 300.000.000 төгрөгний зээл гарч байгаа, нөхрийн дүү “Эрдмин” ХХК-д ажилдаг инженер хүн байгаа тэр дүү маань 300.000.000 төгрөгний зээл авах гэж байгаа зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа юм, тэрийг нь хаачих юм бол надад зээлсэн мөнгөнөөсөө өгнө гэсэн юм. Тэрнээс мөнгө аваад та хоёрын тооцоог дуусгана гэсэн юм. Би 27.000.000 төгрөг өгснийг сайн мэдэж байна. Тэр мөнгийг нөхрийнхөө дүүгийн зээлийг хаана гэж аваад Н- гэж хүнд өгсөн байсан. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай дарга Хангайгийн эхнэр О-ээс 30.000.000 төгрөгийг аваад 20.000.000 төгрөгийг Х.Б-д өгснийг мэдэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх 196-197,189 ху/,

 

-Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надаас Ц.С- нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Б-оор дамжуулан уулзаж зээлийн гэрээ байгуулан сарын 0.5 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлж байгаа шалтгаанаа мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Мөн найз Х.Б-даа 20.000.000 төгрөгийг зээлнэ гэж байсан. Ингээд мөнгө аваад өгөхгүй нилээд нэхэл дагуул болсон. Би Ц.С-ээс мөнгөө нэхэж байгаад авсан. Нийтдээ би 30.000.000 төгрөг зээлээд 41.360.000 төгрөг буцааж авсан гэсэн мэдүүлэг /1-р хх 199-200, 201 ху/,

 

-Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Ц.С- гэж эгчийг танина, Х.Б- гэж огт танихгүй. 2014 оны хавар 3 билүү 4 сард Ц.С- эгч нэг эмэгтэй хүнтэй хоёулаа хамт явж байсан. Эгчийн маань танидаг хүн Төрийн банкнаас зээл гаргуулах гэж хөөцөлдөж байгаа юм гээд лангууг чинь түрээслэдэг гэж үзүүлнэ, чиний лангууны зургыг чинь авна өөр ямар ч асуудалгүй банкны хүн ирээд асуувал чи өөрөө Б- гэж хүний худалдагч гэж хэлээрэй өөрийнхөө өдрийн орлого олдог дэвтрийг үзүүлээрэй тэгээд болоо гэж хэлсэн, Тэрний дараа удаагүй банкнаас нэг запуу ирээд Х.Б-гийн лангуу мөн үү гэхээр нь ярьсан ёсоороо мөн гэж хэлсэн, Х.Б- нь хамт явж байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх 211-212 ху/,

 

-Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Түрээсийн гэрээ хийгдэх болсон шалтгаан гэвэл 4-20 дугаартай лангуу түрээслэгч А.О- гэж хүүхэн байдаг бөгөөд 2014 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна над дээр ирж уулзаад барааны эргэлтийн мөнгөгүй болчихоод эгчтэйгээ хамтарч зээл авах гэж байгаа юм, түрээсийн гэрээг та манай эгчийн нэр дээр хийгээд өгөөч гэхээр нь би хариуцсан байцаагч болох Мөнхбатад энэ хүний асуудлыг шийдэж өг гээд өөрөө гэрээнүүд дээр гарын үсэг зурж өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх 221-222 ху/,

 

-Гэрч А.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2010 оны сүүлээр Х.Б- 20.000.000 төгрөг аваад тэрийгээ өгөхгүй удааж байгаад 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надад банкаар шилжүүлж өгөөд бид хоёрын тооцоо дууссан гэсэн мэдүүлэг /1-р хх  236-237 ху/,

 

-Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б.А- гэж хүнийг танина, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 50.000.000 төгрөг зээлээч гээд надад монгол төгрөг байхгүй байсан учраас өөрт байсан 30.000 ам долларыг монгол мөнгөөр 50.000.000 төгрөг гэж бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо болтол авч чадахгүй байгаа юм. Мөнгөө нэхэхээр би чамаас авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан учраас чамд өгч чадахгүй байна, авахаараа өгье гэж хэлдэг гэсэн мэдүүлэг /1-р хх 257-258 ху/,

 

-Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.А- бол миний төрсөн охин юм. 2014 оны 02 дугаар сард байх би охиноосоо юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь Х.Б- эгчид 70.000.000 төгрөг өгсөн чинь өгөхгүй алга болчихлоо гэсэн. Тэгээд би хамт уулзъя гээд уулзсан чинь урьд нь надаас мөнгө зээлж авч байсан Б- болохыг мэдсэн. Тэгээд би Б-гаас авсан мөнгөө төл гэсэн чинь хувааж өгнө гэж төлөлтийн хуваарь бичиж өгч байсан. Одоо үлдсэн 63.000.000 төгрөгийг төлж барагдуулна гээд өөрөө гараараа зээлийн эргэн төлөлтийн хуваарь бичиж өгч байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 2-10, 11 ху/,

 

-Гэрч Ш.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 01 дүгээр сард манай эхнэр О-тэй С- уулзаад бэлэн мөнгө байгаа бол хүүтэй зээлээч гэж уулзсан, тэгээд манай эхнэр охины байр зарсан мөнгө байсан учраас зүгээр байхаар хүүтэй өсгөж байя гэж бодсондоо түүнд 30.000.000 төгрөг зээлүүлсэн байна лээ, сүүлдээ мөнгөө өгөхгүй бөөн хэрүүл маргаан болоод байхаар нь сураг сонссон чинь С- цааш нь 20.000.000 төгрөгийг Х.Б- гэж хүнд өгсөн нөгөө хүн мөнгийг нь өгөхгүй байна гэхээр нь би нэг удаа тэр Х.Б- гэж хүнтэй утсаар яриад чи мөнгө зээлж авсан юм бол яагаад өгдөггүй юм бэ хэрвээ өгөхгүй бол би шүүх цагдаагаар хандаж авмаар байна гэж ярьсан. Тэгээд сүүлд нь мөнгийг өгч дуусгасан гэж байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 25-26 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2012 оны 08 дугаар сарын 19, 2013 оны 04 дүгээр сарын 05, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүд дээрх бичвэр болон гарын үсгүүдийг хар өнгийн будагч бүхий бичгийн хэрэгслээр бичсэн байна.  2013 оны 07 дугаар сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн зээлийн гэрээн дээрх гар бичвэр болон гарын үсгүүдийг  хөх өнгийн  будагч бүхий бичлэгийн хэрэгслээр бичсэн байна.

2. 2012 оны 08 дугаар сарын 19, 2013 оны 04 дүгээр сарын 05, 2013 оны 08 дугаар сарын 27, 2013 оны 07 дугаар сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Ц.С-ийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Ц.С- зурсан байна. 2012 оны 08 дугаар сарын 19, 2013 оны 04 дүгээр сарын 05, 2013 оны 08 дугаар сарын 27, 2013 оны 07 дугаар сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдэгч” гэсэн хэсэгт Х.Б-гийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Х.Б- зурсан байна.

          3. 2013 оны 01 дүгээр сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлөлтийн хуваарь гэсэн бичвэрүүдийг хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн байна.

4. 2013 оны 01 дүгээр сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Б.А-гийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Б.А- зурсан байна.

2013 оны 01 дүгээр сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Х.Б-гийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Х.Б- зурсан байна. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлөлтийн хуваарь гэсэн гар бичвэр дээр 2014 оны 02 дугаар сарын 06 гэсний доор Х.Б- гарын үсэг зурсан байна гэсэн дүгнэлт /2-р хх 38-39 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн ”314” гэж дугаарласан хуудсанд байх зээлийн гэрээний огноо хэсэгт бичигдсэн “2013 оны 12 сарын 26 өдөр” гэсэн хэсэгт болон гэрээний төв хэсэгт “рубль/-ийг” гэсний ард байрлах “2013 оны 12 сарын 26-н өдөр” гэсэн хэсэгт засварласан байна.

 

2. Дээрхи засварласан огноо хэсгийн оны “12” гэсэн тооны “2”-н тоонд элемент нэмэх аргаар засварлаж “3”-н тоо болгосон байна гэсэн дүгнэлт /5-р хх 107 ху/

 

-Зээлийн гэрээ /1-р хх 19-20, 27-28, 32-33, 42 ху/

-Хаан банкны дансны хуулга /1-р хх 50-123 ху, 2-р хх 180-250 ху, 3-р хх 01-96 ху, 231-245 ху, 4-р хх 84-175 ху/

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх хавтас 70 ху/

 

-Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 17 тоот шийтгэх тогтоол 2-р хх 73 ху/

 

-Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /2-р хх 85 ху/

 

-Х.Б-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял өөрчилж сонсгох тухай тогтоол зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газар шүүгдэгч Х.Б-г Б.З-гоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн,  2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, Ц.С-ээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж”  20.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр  Б.Б-ын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас  200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж  хуурч мэхлэн 60.500.000 авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан,  Б.А-гаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Х.Б-гийн дээрхи үйлдлүүдээс хохирогч Б.А-г залилан мэхлэж, зээлийн гэрээгээр халхавчлан 70.000.000 төгрөгийг авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх ба хохирогч Б.А-гийн...2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 55.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ мөнгийг авахдаа Х.Б- эгч гахайн өөхний наймаандаа ашиглах гэж байна гэж хэлээд надаас сарын 10 хувийн хүүтэй авсан. Энэ зээлж авсан мөнгөнөөс 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цувуулан 22 удаа 600.000-11.200.000 төгрөгийг буцаан үндсэн мөнгө болон хүүтэй нь бодож өгч байсан. Энэ мөнгийг миний дансаар шилжүүлж өгсөн. 2 удаа өөрөө гэрт авчирч өгсөн. Нийтдээ надад 62.720.000 төгрөг хүүтэй нь бодож өгөөд дууссан. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт ирж надтай уулзаад шинэ жил цагаан сарын үеэр оргил ачаалалтай байдаг юм. Их мөнгө байх тусмаа бараа их татаж авчирдаг их ашигтай байдаг, хүү хамаагүйээ мөнгө хэрэгтэй байна дахиж зээлээч гэхээр нь би урд өмнө авсан мөнгөө эргүүлэн төлж байсан болохоор Х.Б- эгчид итгээд би удахгүй Төгөл хотхонд 2 өрөө байр авах гээд цуглуулж байгаа мөнгө байгаа бодож байгаад больё гэсэн чинь над руу байнга залгаад цагаан сарын дараа дуусгана ямар ч асуудал байхгүй гээд байсан. Миний авах гэж байгаа байр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд орно гэж байсан болохоор Х.Б- эгчийг урд өмнө аваад буцаагаад өгч байсан болохоор итгээд түүнд байр авах гэж байсан 70.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж барьцаагүй бэлнээр өгсөн. Надаас хамгийн сүүлд 70.000.000 төгрөг гэрээ хийж авсан, үүнээсээ буцааж 9.000.000 төгрөг өгсөн. Үүнийхээ 2.000.000 төгрөгийг хүү гэж өгөөд 7.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөсөө хасуулж бодуулан 63.000.000 төгрөг өгөх талаараа өөрийн гараар бичсэн график болон миний гар утсанд мөнгө нэхэж харилцаж байсан захиа мессеж нь байгаа, шаардлагатай бол хувилж гаргаж өгмөөр байна гэх мэдүүлэг / 1-р хавтас 169-170-р тал /,...Х.Б- эгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ жил болоод яаралтай мөнгө хэрэгтэй байна, бизнесийн маань оргил үе болоод байна, цагаан сар хүртэл ашиглаад өгье эгчдээ 70.000.000 төгрөг олоод өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Б-оос авсан мөнгө болон өөрт байсан мөнгийг нэмж 70.000.000 төгрөг зээлсэн талаар зээлийн гэрээ баримт байгаа. Энэ мөнгөнөөс 7.000.000 төгрөг хүү гэж төлсөн. Яг 70.000.000 төгрөг авсан талаар бичсэн захиа байгаагүй боловч 63.000.000 төгрөгийг графикийн дагуу төлөх талаар захиа бичсэн гэх мэдүүлэг / 1-р хавтас 172-р тал /,...би 37000 ам доллар найзаасаа зээлж авсан, тэрийгээ монгол төгрөг болгож мөнгө нэмээд Х.Б-д өгсөн гэх мэдүүлэг, /1-р хавтас 176-р тал /,...гэрч Х.Б-ын...Б.А-д 2013 оны 11 дүгээр сарын 20-нд 30.000 доллар 50.000.000 төгрөгт бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо болтол авч чадахгүй байна гэх мэдүүлэг / 1-р хавтас 257-258-р тал /, хохирогч Б.А-гийн...Х.Б- надаас БНХАУ-аас гахайн өөх оруулж ирж хиаман цехүүдэд нийлүүлнэ, шинэ жил, цагаан сараар оргил ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай, мөн банкнаас зээл авах гэж байгаа мэтээр хуурч зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөг авсан бөгөөд үүнээс 13.000.000 төгрөгийг эргүүлж төлсөн, одоо 57.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргаж байна гэх мэдүүлэг, хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид хоёр мөнгө зээлж өгч авч байсан. Надаас 28.000.000 төгрөг цувуулж аваад 2012 оны 11 дүгээр сар хүртэл 31.000.000 төгрөг болгож төлөөд дууссан. 2012 оны 08 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 55.000.000 төгрөгийг Х.Б-гийн дансанд цувуулж хийсэн. Х.Б- ихэвчлэн Замын-Үүдэд байдаг байсан.  Оны сүүлээр нэг ирэхэд нь  бид 2 гэрээ байгуулсан. 2013 оны 03 дугаар сард дахиж 8.000.000 төгрөгний зээл аваад 2013 оны 07 дугаар сард хүүгийн хамт 11.200.000 төгрөг өгч төлж дуусгасан. 55.000.000 төгрөгний зээлээс үлдэх зээлэндээ миний авах байрны 1 өрөөг тохижуулж өгөхөөр тохирсон байсан. 2013 оны  намар багын найз Б-оос доллар зээлж аваад монгол мөнгөөр солиулчихаад байж байтал Х.Б- надад мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би итгэсэн байсан учир 70.000.000 төгрөг зээлүүлсэн. Тухайн үед бид 2 ярилцаж байгаад гэрээ байгуулсан. Оныг нь буруу биччихлээ гээд ярилцаж байгаад засаж байсан. 2014 онд 13.000.000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 57.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Б-гийн би А-гаас 70.000.000 төгрөг зээлж аваагүй. А- 70.000.000 төгрөг надад өгсөн болох гэж өмнө төлөөд дууссан зээлийн гэрээгээ зассан. Мөн би ээжтэйгээ 4-14-т хамт байхдаа 70.000.000 төгрөг  бэлнээр тоолж өгсөн гэдэг, дараа нь би 2 өрөө байр авах гэж хураасан мөнгөө өгсөн гэдэг, эсвэл би Б- гэдэг хүнээс 36000 доллар аваад үүнийг бэлэн мөнгөнд шилжүүлээд Х.Б-д өгсөн гэж худлаа янз бүрээр мэдүүлээд байдаг юм. Би Б.А-гаас 70.000.000 төгрөг аваагүй. Өмнө авсан 66.100.000 төгрөгөө буцаагаад 114.330.000 төгрөг болгон төлсөн гэсэн мэдүүлэг, хохирогч Б.А- шүүгдэгч С-т 70.000.000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ /1-р хавтас 32-р тал /, ...2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.А-, Х.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний бичиглэл засвартай эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Б.А- 70.000.000 төгрөгийн эх сурвалжаа өөр өөрөөр мэдүүлсэн, гэрч Х.Б-оос 37.000 доллар зээлсэн гэж мэдүүлсэн боловч гэрч 30.000 доллар зээлсэн гэж мэдүүлдэг, хохирогч шүүгдэгчийн хооронд байгуулсан 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний бичиглэл / он / засвартай, хохирогч Б.А- нь шүүгдэгч Х.Б-д 70.000.000 төгрөгийг гардуулан өгсөн баримт хэрэгт авагдаагүй зэргээр нотлогдон тогтоогдож байх ба хэрэгт авагдсан дансны хуулгаар / 6-р хавтас 175-187-р тал / 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.А- нь шүүгдэгч Х.Б-д нийт 66.100.000 төгрөгийг өгсөнөөс Х.Б- нь 75.450.000 төгрөгийг буцаан өгсөн нь Б.А- болон Х.Байгальмаа нарын ХААН банкны ********, ************* дугаарын дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б- нь хохирогч Б.А-гийн итгэлийг эвдэн залилан мэхлэж 70.000.000 төгрөгийг авсан гэх үйлдэл холбогдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Мөн хохирогч Ц.С-ээс 41.360.000 төгрөгийг залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийж, тэдгээрийн өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба уг зээлүүдийг  авахдаа талууд амаар болон бичгээр гэрээ байгуулж, харилцан хүү тохирч, гэрээний дагуу тодорхой хэмжээний хүүг төлж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.С-ийн...Х.Б- зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр аваад явдаг байсан, буцааж төлөхдөө дансаар хийдэг байсан. Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулах гэсэн дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна мөнгө зээлээч гээд 05 дугаар сарын 23-нд 60.500.000 төгрөг дансандаа байршуулсан. Тэгээд 05 дугаар сарын 30-нд над дээр ирээд 25.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 46.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Миний гар дээр 16.500.000 төгрөг өгсөн. Бусад 29.410.000 төгрөг нь гэрчийн мэдүүлэг дээр байгаа Зоригтбаатарт 11.000.000 төгрөг, Золцэнгэлд 6.810.000 төгрөг, О-т 11.500.000 төгрөг, нийтдээ 29.410.000 төгрөгийг 46.000.000 төгрөгнөөсөө аваад тараасан. Надад болохоор 46.000.000 төгрөгийг өгсөн мэтээр харагдуулж данс руу маань хийсэн. Энэ мөнгийг би аваагүй миний гар дээр 16.590.000 төгрөг л ирсэн. Энэ хүн мөнгөө авахдаа гэрээ хийж гараа тосож аваад өгөхдөө бага багаар өгдөг зальтай хүн.  2012 онд зээлийн гэрээгээр 2 удаа дансаар, 2013 онд 5 удаа дансаар 3 удаа авч байсан. Бүгд хэрэгт байгаа гэх мэдүүлэг, банкнаас гаргуулан авсан дансны хуулга, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 2-р хавтас 172-177-р тал /, хохирогч Х.С-ийн “...Х.Б- нь анх  мөнгө зээлүүлээч гэж ирж бид танилцаж байсан. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. ... Би Х.Б-гаас нэхсээр байгаад 14.000.000 төгрөг авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг,  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 27.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2.350.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.010.000 төгрөг, нийт 68.360.000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс 1.000.000 болон 14.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 53.360.000 төгрөг нэхэмжилнэ”  гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд /1-р хх 19-20, 27-28, 32-33, 42 ху/, талуудын харилцан мөнгө шилжүүлж байсан Хаан банкны дансны хуулга /1-р хх 50-123 ху, 2-р хх 180-250 ху, 3-р хх 01-96 ху, 231-245 ху, 4-р хх 84-175 ху/ зэргээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч нь тухайн үед гахайн мах нийлүүлэх бизнес эрхэлж байсан болох нь Траст трейд ХХК-тай 2013 оны 07 сард байгуулж байсан худалдах, худалдан авах гэрээ /1-р хх 249 ху, гэрч М.Мөнхтуяагийн “...Би мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мөнхийн болор ХХ-ийн борлуулалт, үйлдвэр хариуцсан захирлаар ажилладаг. Манай байгууллага нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. ...Х.Б- гэж хүнийг танина. 2012 оноос хойш манай байгууллагад гахайн мах нийлүүлдэг байсан. Хамтран ажилладаг учраас танина. ...Дандаа гахайн мах нийлүүлдэг байсан. Доод тал нь 1 тн дээд тал нь 2-3 тн мах нийлүүлдэг байсан” /1-р хх 245-246 ху/ гэсэн, Ч.Отгондаваагийн “... Траст трейд ХХК-д нягтлангаар ажилладаг. Х.Б- гэж хүнийг танина. 2013 оны 07 сараас хойш манай байгууллагад гахайн шулсан мах нийлүүлдэг байсан. ...доод тал 1,5 тн, дээд тал нь 3-4 тн махыг сардаа 1 удаа ч юм уу нийлүүлдэг байсан”  /1-р хх 246-247 ху/ гэсэн  мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б-гийн хохирогч Б.А-гаас 70.000.000 төгрөг, Ц.С-ээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд  нь “Х.Б-гийн үйлдлийг зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Х.Б- нь зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Энэ талаархи банкны хуулга хэрэгт байгаа. Гахайн махны ашигтай бизнес эрхэлж байсан нь үнэн болох нь нотлогддог. Б.З-гийн хувьд зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжилдэг. Гэрээний дагуу хохирогч нарт тодорхой хүү төлөөд явж байсан. Хохирогч нарын хувьд бага багаар зээл өгч байгаад түүнийгээ нэгтгээд нэг гэрээ хийдэг байсан. Энэ нь шүүгдэгчийг өрөнд орох байдалд хүргэсэн. Тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Х.Б-гийн үйлдэлд хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүх шүүгдэгч Х.Б-гийн хохирогч Ц.С-ээс 27.000.000 төгрөг, хохирогч Б.З-гоос 30.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б- нь “нөхрийн төрсөн ахын хүүхэд З- Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье” гэж 27.000.000 төгрөг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 27.000.000 төгрөг бэлнээр авсан” гэсэн, мөн хохирогч Ц.С-ийн “...03 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд З- Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очисон. Тэр үед нэг хүнтэй утсаар ярьсан. Банкны хүмүүстэй дотор нь архи ууж байна, гарч болохгүй байна, наад хүндээ 27.000.000 төгрөгний хүүг нь өгчих гэж байна гэж надад хэлээд хүү өгсөн. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Б-ын “...Ц.С- бол миний эхнэр байгаа юм. …2014 оны 03 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Х.Б- зээл хөөцөлдөж байгаа 300.000.000 төгрөгний зээл гарч байгаа, нөхрийн дүү “Эрдмин” ХХК-д ажилдаг инженер хүн байгаа тэр дүү маань 300.000.000 төгрөгний зээл авах гэж байгаа зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа юм, тэрийг нь хаачих юм бол надад зээлсэн мөнгөнөөсөө өгнө гэсэн юм. Тэрнээс мөнгө аваад та хоёрын тооцоог дуусгана гэсэн юм. Би 27.000.000 төгрөг өгснийг сайн мэдэж байна. Тэр мөнгийг нөхрийнхөө дүүгийн зээлийг хаана гэж аваад Н- гэж хүнд өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 196-197,189 ху/, хохирогч Б.З-гийн ...Х.Б- нь гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно гэх мэтээр хуурч 3 хувааж 30.000.000 төгрөг авсан. Эхний хоёрт мөнгө өгсөн, авсан баримт үйлдсэн, 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан гэх мэдүүлэг, гэрч Б.Х-ын...Х.Б- эгч анх нөхөр бид хоёроос 5.000.000 төгрөгийг зээлж авч байсан. Энэ мөнгийг хугацаанд нь хүүгийн хамт өгч байсан. Дараа нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөн нөгөө гахайн махны эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо гээд нөхөр бид 2-оос 10.000.000 төгрөг зээлсэн. Сүүлд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн эргэлтийн мөнгөгүй болчихлоо удахгүй мөнгө орж ирнэ гээд 15.000.000 төгрөг зээлсэн. Тэр үед ашгаасаа сар бүр 3.500.000 төгрөг өгнө гэж байсан боловч энэ мөнгөө өгөөгүй алга болсон. Нийтдээ Х.Б- гэж хүнд 30.000.000 төгрөг зээлсэн гэх мэдүүлэг / 3-р хавтас 213-р тал / зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба шүүгдэгч Х.Б-гийн хохирогч Ц.С-ээс 27.000.000 төгрөг, хохирогч Б.З-гоос 30.000.000 төгрөг авсан үйлдэл нь тэднийг хуурч мэхлэн худал амлаж төөрөгдүүлж авсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Х.Б-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.д “бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Б-д ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.д “бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж заасан ба их хэмжээний хохирлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4-ийн 4.1.д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,  түүнээс дээш хэмжээг  тооцохоор “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д тус тус заасан тул шүүгдэгч Х.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.З-, Ц.С- нарт учирсан хохирлын хэмжээ 57.000.000 төгрөг байгаа нь Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэл болж байна.  

 

 Шүүгдэгч Х.Б-гийн үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамрагдаж байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.С-т 27.000.000 төгрөгний хохирол учирсан байх боловч 14.000.000 төгрөгийг буцаан төлсөн, хохирогч Б.З-д 30.000.000 төгрөгийн хохирол учирснаас 12.464.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Х.Б-гаас 30.563.000 төгрөг гаргуулж хохирогч Б.З-д 17.563.000 төгрөг, хохирогч Ц.С-т 13.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн  12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийн Х.Б-д оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Х.Б-, Р.Б- нарын эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл 40/а байр 140 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, мөн шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүний Е-1248551 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох хэргээс Б.А-гаас 70.000.000 төгрөг, Ц.С-ээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш- овогт Х-ын Б-г бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.д зааснаар шүүгдэгч Х.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 30.563.000 төгрөг гаргуулж, 17.563.000 төгрөгийг /Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** тоотод оршин суух, хх***********/ Б.З-д,  13.000.000 төгрөгийг /Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** тоотод оршин суух, хх***********/ Ц.С-т тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар СД-г хэрэгт хавсаргаж, Х.Б-, Р.Б- нарын эзэмшилд байх Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, шүүгдэгч Х.Б-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгчийн 12 нэр төрлийн  9.616.000 төгрөгийн эд зүйлийн Х.Б-д оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр албадан гаргуулсугай.

10. 10. Шүүгдэгч энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Х.Б-гийн ********* дугаартай гадаад паспортыг буцаан олгосугай. 

11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                 ШҮҮГЧИД                                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                   Ж.БАЙГАЛЬМАА-