Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1676

 

Г.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Сарантуяагийн, хариуцагч Т.Мөнхбат, Г.Ичинхорлоо нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлж, хохирол 7 875 000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч нарын, орон сууцанд оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Даваа, хариуцагч Т.Мөнхбат, хариуцагч Г.Ичинхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Сарантуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Энхбаатартай 1985 онд гэр бүл болж, 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.Анарчимэг, хүү Э.Чинзориг нар төрсөн. Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 01 дүгээр байр, 223 тоот 2 өрөө орон сууцыг талийгаач Т.Энхбаатар өөрийн нэр дээр байлгаж байсан бөгөөд АНУ руу яваад ирэхдээ 1 гараа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэрээр хүү Э.Чинзоригийн хамт том өрөөгөө бусдад түрээслүүлж, жижиг өрөөндөө амьдарч байсан. Талийгаач нь эмнэлэгт хэвтэж байхдаа буюу 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Үүнээс хойш би хууль ёсны эхнэрийнх нь хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авч байрны гэрчилгээг гаргуулсан.

Г.Сарантуяа, хүү Э.Чинзориг, талийгаачийн ээж Г.Ичинхорлоо нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан боловч уг гэрчилгээнүүд нь хүчингүй болсон. Тус маргаан бүхий байрнаас Г.Ичинхорлоогийн хүүхдүүд болох Т.Энхбат нь 30 хувь, Т.Отгонжаргал нь 20 хувийг тус тус өвлөх эрхтэй эсэхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг шийдвэрээр Т.Энхбат болон Т.Отгонжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий 2 өрөө орон сууцыг Г.Сарантуяа, Э.Чинзориг, Э.Анарчимэг, талийгаач Т.Энхбаатар нарын гэр бүлийн дундын хөрөнгө, талийгаачийн өмчлөх эрхтэй 25 хувийн 4 хуваасны нэгийг ээж Г.Ичинхорлоо нь өвлөх эрхтэй гэж тогтоосон.

2012 оноос хойш тухайн маргаан бүхий 223 тоот байранд Т.Мөнхбат болон түүний гэр бүлийнхэн Г.Ичинхорлоо нар амьдарч байна. Иймд уг байрнаас тэднийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2013 онд гаргасан боловч хэргийг түдгэлзүүлж, одоо хэргийг сэргээж хэлэлцэгдэж байна.

Иймд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.

2013, 2014, 2015, 2016 оны 6 capын хугацаанд орон сууцаа түрээслэж байсан бол 25 200 000 төгрөгийн үр шимийг хүртэж орлого олох ёстой байсан. Дээрх орлогыг өв залгамжлагч нарт ногдох хувь хэмжээг тогтоож, Э.Анарчимэг, Э.Чинзориг нар учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь өөрсдийнх нь асуудал учраас нэхэмжлэгч Г.Сарантуяад учирсан хохирлоо тооцож талийгаач Т.Энхбаатарыг нас барснаас хойш болон шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмчийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн улмаас 7 875 000 төгрөгөөр хохирсон тул хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би маргаан бүхий байранд ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд одоо өөр хаягт амьдарч байгаа. Нэхэмжлэгч Г.Сарантуяа нь 7 875 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний ээж Г.Ичинхорлоо одоо 80 настай, уг маргаан бүхий байранд 2001 оноос амьдарч байгаа бөгөөд уг байрыг санаачилж хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж худалдаж авсан. Талийгаач ах Т.Энхбаатар ах маань 1998 онд эхнэр Г.Сарантуяагаас салсан ба эхнэр нь уг байранд нэг ч төгрөг өгөөгүй.   болон Г.Ичинхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 7 875 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Г.Ичинхорлоо нь 80 настай бөгөөд уг маргаан бүхий байранд надтай хамт амьдарч байна. Тус байрыг худалдаж авахад бид хэдэн төгрөг оруулсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаа гэжээ.

Хариуцагч Г.Ичинхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед БНСУ-д байсан ахтай утсаар ярихад салсан эхнэрээс мөнгө ав гээд н.Баярмаагаар дамжуулж мөнгө авч нийт 14 000 000 төгрөг болгож, маргаан бүхий байрыг худалдаж авсан. Т.Энхбаатар 2002 онд гадаад улс руу явж, 2006 онд Монголдоо ирэхдээ биеийн байдал нь хүнд байсан тул ээж асарч чадаагүй, Т.Мөнхбатыг хамт байлгаж байсан. Бид уг байрны мөнгийг төлж байсан учраас нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд бид уг байранд оруулсан хувь болох мөнгөө авах хүсэлтэй байна. Тус байрыг чөлөөлөх бол өндөр настай, хэвтэрт байдаг ээж минь орох оронгүй болох тул тэр мөнгөөр хашаа, байшин авч өгмөөр байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нар нэхэмжлэгч Г.Сарантуяагаас 34 800 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий байрны зах зээлийн үнэлгээ нь 69 600 000 төгрөг учраас хариуцагч нар 50 хувийг нь нэхэмжилж байна. Учир нь Г.Сарантуяа талийгаач Т.Энхбаатартай 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан дундаасаа 2 хүүхэдтэй тул уг байрны 50 хувийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Тухайн байранд Т.Отгонжаргал, н.Энхбат нар хөрөнгө оруулсан гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтын тоо болон бичиглэлийн асуудалд нэхэмжлэгч тал маргахгүй гэсэн. Өмнө нь Т.Отгонжаргал, н.Энхбат нар нь маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан мөнгөө Г.Ичинхорлоогоос нэхэмжилж байсан бөгөөд тэд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгч захирамжаараа талуудын эвлэрлийг баталсан. Энэ мөнгийг төлөх ямар ч боломж надад байхгүй учраас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 1-223 тоот орон сууцны зах зээлийн үнэ болох 69 600 000 төгрөгөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөгийг Г.Сарантуяагаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Өмнө нь Т.Отгонжаргал, Г.Ичинхорлоо, Т.Энхбат нар энэ асуудлаар буюу маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Т.Энхбат болон Т.Отгонжаргал нар маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан байсан бол тэднийг хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарах байсан бөгөөд шүүхээс тэднийг хамтран өмчлөгч биш гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тодорхой заасан. Мөн Г.Ичинхорлоо, Т.Мөнхбат нар нь Т.Энхбат болон Т.Отгонжаргал нарын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд биш. Т.Отгонжаргал, Т.Энхбат нар нь ээж Г.Ичинхорлоодоо өгсөн мөнгөний баримтын тоо болон бичиглэл бүдэг байхаас үл шалтгаалан хариуцагч нар тус мөнгийг Г.Сарантуяагаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Уг асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7515 тоот шийдвэрт маргаан бүхий байранд хөрөнгө оруулаагүй нь тусгагдсан учир сөрөг нэхзмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар уг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцанд хөрөнгө оруулсан байсан бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Хуульд зааснаар маргаан бүхий байранд Г.Сарантуяа нь хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран тус байр нь тэдний гэр бүлийн дундын хөрөнгө юм гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүЙлийн 106.1, 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар Г.Сарантуяагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот, 2 өрөө орон сууцыг Г.Ичинхорлоо, Т.Мөнхбат нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ичинхорлоо, Т.Мөнхбат нарын орон сууцанд оруулсан хөрөнгө 34 800 000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Сарантуяагийн үр шим буюу хохирол 7 857 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дутаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нзхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 141 100 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Ичинхорлоо, Т.Мөнхбат нараас маргаан бүхий орон сууцад оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөгийг Г.Сарантуяагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд орон сууцад анх хөрөнгө оруулсан гэх Т.Отгонжаргал, Т.Энхбат нарын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нотлох баримтуудыг судалж, дахин нотлохгүй гэжээ.

Дээрх шийдвэр нь маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын өмч буюу гэр бүлийн гишүүд тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэйг дурдаад хариуцагч Г.Сарантуяа, Э.Чинзориг нараас 4 350 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ичинхорлоод олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Мөн Г.Ичинхорлоогоос Т.Энхбат, Т.Отгонжаргал нар 40 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Г.Ичинхорлоо шүүгчийн захирамж гаргуулсан нь Г.Сарантуяагийн шүүхэд гаргасан шаардлага, үйл баримтыг шийдвэрлэх асуудал биш тул Г.Ичинхорлоо, Т.Мөнхбат нар шаардах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.Сарантуяагийн, хариуцагч нарыг уг байрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл бидний гаргаж буй сөрөг нэхэмжлэл зайлшгүй шалтгаант холбоотой. Г.Сарантуяа нь уг байранд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа Т.Отгонжаргал, Т.Энхбат нарын хөрөнгө оруулалт хийсэн байрны өмчлөгч болсон. Иймд Г.Ичинхорлоо нь хүүхдүүддээ төлөх ёстой мөнгөө Г.Сарантуяагаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Т.Мөнхбатыг татаж оролцуулахаар бичсэн байна. Нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Уг байрнаас 2016 оны 5 сард Т.Мөнхбат миний бие гарсан. Харин өнөөдрийн байдлаар өөр хаягт буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-62 тоотод оршин сууж байгаа учир орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл Т.Мөнхбатад хамааралгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Т.Мөнхбатын хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлүүлсэн тохиолдолд байрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

           

            Нэхэмжлэгч Г.Сарантуяа нь хариуцагч Т.Мөнхбат, Г.Ичинхорлоо нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн хохиролд 7 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг орон сууцны үнээс оруулсан  хөрөнгө 34 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Сарантуяагаас шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот орон сууцны өмчлөх болон өвлөх эрхийн талаарх маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байх бөгөөд нэхэмжлэгч Г.Сарантуяа тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, мөн 223 тоот орон сууцыг хариуцагч Г.Ичинхорлоо эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, харин орон сууцанд өөрийн болон хүүхдүүдийнхээ оруулсан хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулсны дараа чөлөөлнө гэж хариуцагч тал маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7515 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 491 дүгээр тогтоолыг үндэслэлээ болгон, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Ичинхорлоог, орон сууцны өвлөх хэсгээс өөрт ногдох хэсгийг мөнгөөр гаргуулснаар түүний эзэмшил дуусгавар болсон, мөн хариуцагч Т.Мөнхбатыг тухайн орон сууцанд одоо амьдраагүй гэх хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах үед амьдарч байсан, хуулийн дагуу эзэмшигч болохоо нотлоогүй гэж үзэн хариуцагч нарыг маргаж буй 223 тоот орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй,  мөн хариуцагч нарын сөрөг шаардлагын үндэслэл болгож буй шүүгчийн захирамж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шаардах эрхгүй гэж, мөн нэхэмжлэгчийг орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс учирсан хохиролд 7 857 000 төгрөг гаргуулах шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, мөн Т.Мөнхбатыг орон сууцнаас албадан гаргуулах хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “... Г.Сарантуяа нэг ч төгрөг гаргаагүй байж орон сууцны өмчлөгч болсон, ... Т.Отгонжаргал, Т.Энхбат нар Г.Ичинхорлоогоос орон сууцны үнэд 40 сая төгрөг шаардсаныг Г.Ичинхорлоо зөвшөөрснийг баталсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2048 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжилж байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дахин нотлохгүй гэсэн нь үндэслэлгүй, ... хариуцагч Т.Мөнхбат уг орон сууцанд амьдраагүй байхад албадан гаргуулахаар шийдвэрлэсэн ...” гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд уг хөрөнгийг гэрлэгчдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гэр бүлийн гишүүд адил тэгш өмчлөх эрхтэй байдаг.

Талуудын маргаж буй орон сууц нь нэхэмжлэгч Г.Сарантуяа, түүний нөхөр талийгаач Т.Энхбаатар нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө болох, уг хөрөнгийг гэр бүлийн гишүүд болох Т.Энхбаатар, Г.Сарантуяа, хүү Э.Чинзориг, охин Э.Анарчимэг нар тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй, мөн талийгаачид ногдох хувийг түүний хууль ёсны өв залгамжлагч нарт хуваарилан шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул хариуцагч нарын нэхэмжлэгч Г.Сарантуяаг орон сууцанд нэг ч төгрөг оруулаагүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн, хариуцагч тал 233 тоот орон сууцыг худалдаж авахад оруулсан хөрөнгө гаргуулах сөрөг шаардлагад хамааралтай гэж үзэх маргааныг өөрөөр хэлбэл Г.Ичинхорлоо, Т.Отгонжаргал, Т.Энхбат нарын нэхэмжлэлтэй, Г.Сарантуяа, Э.Чинзориг нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “... орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгч Т.Энхбат 4 220 ам.доллар, Т.Отгонжаргал 2 500 000 төгрөг оролцуулсан, ... хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлгүй...”, өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг хөрөнгө оруулан 233 тоот орон сууцыг худалдаж авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байх тул анхан шатны шүүхээс, сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад нийцсэн байна.

Мөн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2048 дугаар захирамжаас харахад Т.Отгонжаргал, ах Т.Энхбат нар нь эх Г.Ичинхорлоод холбогдуулан байрны үнэд 40 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч болох Г.Ичинхорлоо зөвшөөрснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

 

Хариуцагч нар дээрх захирамжийг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа боловч уг захирамж бодитоор биелэгдсэн гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүйн гадна дээрх үйл баримт нь нэхэмжлэгч Г.Сарантуяагаас  шаардах эрхийг нотлох нотолгоо гэж үзэхгүй.

Хариуцагч Т.Мөнхбат нь нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан, өөр хаягт амьдардаг учир орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл надад хамааралгүй байхад шүүх намайг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн гэж гомдол гаргах боловч  Т.Мөнхбат нэхэмжлэлийг 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардан  авсан болох нь хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна тэрээр анх шүүхэд ирүүлсэн тайлбартаа “223 тоот орон сууцанд эх Г.Ичинхорлоо болон ах дүү нарын хамт амьдарч байгаа” гэж бичсэн байх тул түүний шүүхэд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3637 тоот тодорхойлолтыг маргааны зүйл болох орон сууцыг эзэмшээгүй гэдгийн нотолгоо гэж үнэлэх боломжгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                 Ч.ЦЭНД