Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00052 дугаар шийдвэртэй, Ч.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11 808 656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.М-, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г-а нь Т.М-т 3 500 ам.долларыг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг бөгөөд Т.М- нь зээлсэн мөнгөө одоог хүртэл төлөөгүй, зээлийн гэрээ хийх үеийн хаяг дээрээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан тул Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Т.М-ын оршин байгаа газрыг нь олсон. Т.М- нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 200 000 төгрөг төлөөд дахиад ямар нэгэн төлбөр гүйцэтгээгүй юм. Миний бие энэ хугацаанд маш олон удаа мөнгөө нэхэж шаардаж байсан боловч тэрээр утсаа авахгүй зугтах, оршин суугаа хаягаа нууцлах, уулзахгүй бултах зэргээр маш их чирэгдүүлж байна. Иймд иргэн Т.М-аас үндсэн зээл 3 500 ам.доллар буюу 8 682 835 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл 12 сарын хүү 3 125 821 төгрөг нийт 11 808 656 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг багасгаж 7 994 290 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Монголбанкны өнөөдрийн ханш нэг ам.доллар 2 483.89 төгрөг гэжээ.

 

Хариуцагч Т.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г-ын нэхэмжлэлийг биелүүлээгүй гэх үндэслэлгүй, би гэрээтэй холбоотой өргүй, хуулийн хүрээнд, эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэлийн дагуу үүрэг шилжиж шинэ үүргийг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэлийн үндэслэл дэх зээлийн гэрээ нь үүргийн гүйцэтгэл хангагдаагүй буюу төлбөрөө барагдуулаагүй гэж үзэх эрх зүйн нотлох баримтын шаардлага хангахгүй. Ч.Г-ын гаргасан нэхэмжлэлийн хэрэг нь үндэслэлгүй зохиомол худал юм. Оргон зайлсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойлон заах нь нэхэмжлэгчийн үүрэг, санаатайгаар үл биелүүлсэн. Ч.Г-а нь миний өмчлөлийн харьяа эмийн сан, миний албан ажлын газар мөн оршин суугаа байрны босгыг монголчуудын хэлдгээр элээтэл орж гардаг нэгэн бөгөөд хаягжилт нь хүний нүдэнд харагдахуйц хадагдсан мэддэгээ санаатайгаар нуусан, өөр хаяган дээр тодорхойлолт гаргаж худал мэдээлэл шүүхэд өгсөн, мэдэх талаар өөрийн авсан бүх арга хэмжээ нь үр дүнгүй гэж үзэх үндэслэлгүй, эс үйлдэл хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан, намайг эрэн сурвалжлуулах үндэслэл, угтвар нөхцөл бүрдээгүй үед санаатайгаар бусдыг хууран мэхлэх, зориудын зохиомол нотолгоо баримт бүрдүүлж цагдаа, шүүхээр баримт мэдээллийг гаргуулж олж авснаа нэхэмжлэлд хавсаргасан байна. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан үедээ хууран мэхлэх замаар эрэн сурвалжлуулж иргэний нэхэмжлэл гаргасан байна. Ч.Г-а цагдаад гаргасан гомдолд миний нэр, утасны дугаар, үнэн бусад нь худал, болсон үйл явдал баримтад тулгуурлаагүй гүтгэлгийн шинж чанартай зүйлүүд байна. Байцаагч Ч нь тулган шаардаж, тайлбар авч төлсөн асуултаар тэмдэглэл хөтлөн баримтжуулж, надад энэ залилангийн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгоно гэж амлалт өгч, миний тодруулж шалгаж өгөөч гэх хүсэлтийг тодруулж шалгах боломжгүй гэж хуурч мэхэлсэн байна. Энд 7 000 000 төгрөгийг худаг гаргуулахад шилжүүлсэн гэж худлаа хэлсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Д.Ц-той энэ өдөр нүүр тулан, надаар зуулчлуулан миний дэргэд, Төв аймгийн Баянжаргалан сумын Буурын Ухаад худаг өрөмдүүлэх газар дээр нь гэрээний нөхцөлөө хамтран бид харилцан зөвшилцөж /120,000х 1 ООм/ 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусахаар байсан бөгөөд 1 сараар сунгахад мөнгөө бэлдэж байгаарай худаг гаргуулна тэгэхэд хэрэглэнэ, гэж цааш сунгах боломжгүйгээ мэдэгдсэн болно. Ийнхүү 2015 оны 6 дугаар сарын эхээр хугацаа нь дуусаж буй нэхэмжлэлийг үндэслэсэн зээлийн гэрээний үүрэгт Ч.Г-ын хүсэлт шаардлагаар өөрчлөлт орж гэрээний үүргийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүсч өмнөх үүрэг дуусгавар болж, тийнхүү өөрчлөх талаар хэлцэл нь шинэ үүргийн харилцааг үүсгэснээр би зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 03-ны худаг өрөмдүүлэх хэлцэлийн гүйцэтгэлийг, тэр өдөр шилжүүлсэн гэж худал хэлж хууран мэхэлсэн бөгөөд үнэндээ худаг ухуулахаар 2 000 000 төгрөгийг өөрийн 5007090231 данснаас Г-ын дансанд 99091804 утаснаасаа шилжүүлсэн, хөдлөшгүй баримт байна. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойшхи хугацаанд би нийт 11 удаагийн үйлдлээр Хаан банкы мөнгөн шилжүүлгээр, 7 удаагийн биет үйлдлээр нүүр тулан бэлнээр 1 420 000 төгрөг өгснийг өгөөгүй гэж үгүйсгэж гүтгэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль бус үндэслэлгүй тул нэхэмжлэлээс татгалзаж хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн гэрээний гэх мөнгө төгрөг нь Ч.Г-ын өөрийн зөвшилцөл, саналаар Д.Ц надтай, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, мөн тэдний О.Г-тай 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн тохиролцоо, хэлцэл гэрээнд тусгагдсан үүргийн гүйцэтгэлээр тооцогдсон Т.М-аас надад өгсөн мөнгө байгаа тул шаардах эрхгүй, үндэслэлгүй гэж үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна. 2015 оны 5 дугаар сарын сүүлээр Ч.Г-а нь Т.М-аар зуучлуулан, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт өөрийн мал аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх бэлчээр нутагтаа худаг өрөмдүүлэх гэрээний саналыг тавьснаар, уг саналыг хүлээн авч хэлцэл гэрээ хийгдсэн. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ч.Г-а нь өөрийн машинаар Төв аймгийн Баянжаргалан сум руу, бэлчээрийн худаг өрөмдүүлэх газар руугаа биднийг авч явж, гэрээний нөхцөлөө харилцан зөвшилцөж, асуулт хариулт байдлаар тохиролцоход, Т.М- нь уг худгийн өрөмдлөгийн зохих хэсгийг үүргийн солилцоогоор төлөх болсон тухай, бусад хэсгийг нь тэрээр өөрөө хийх тухай хэлцэл тохиролцоо хийгдэж, Улаанбаатар хотод шөнө болсон хойно орж ирсэн учир гэрээг бичгээр хийж амжилгүй тарсан ба Ч.Г-а нь одоо төлбөрөө хийе гэж надаас О.Г-ын дансыг авсан. Маргааш нь үүрээр манай өрөмдлөгийн хэсэг уг газар луу явж өрөмдлөгийг гүйцэтгэсэн, бодит ажил хийгдсэн, дараа дараагийн үйл явдал өрнөсөн ба бид зах зээлийн хамгийн бага үнээр, Гантулгын санал болгосон үнээр өрөмдлөгийг хийсэн. Ч.Г-а нь өөрийн хийх ёстой мөнгөө шилжүүлсэн гэсэн боловч, худлаа хэлсэн болохыг хожим 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр банкны хуулгыг нь авахад Ө.Г-ын Хаан банкны дансанд зөвхөн 2 000 000 төгрөг л шилжигдсэн болохыг мэдсэн. Гэтэл энэхүү найз нөхдийн харилцаа, итгэлцлийг далимдуулж, итгэл эвдэх замаар хуурч мэхлэх байдлаар өөрийн хүлээсэн үүрэгтэй шударга бус хандаж, үүргээсээ татгалзаж, бидэнд алдагдал үүсгэсэн нь илт шударга бус, түүний зүгээс гэм буруутай үйлдэл болсон. Ажлын захиалга өгсөн буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүрэгтэй холбоотой эрсдэл, алдагдлаа өөрөө хариуцах үүрэгтэй. Бид бусдад их хэмжээний ажлыг үнэ төлбөргүй хийж алдагдал, хохиролд орох үндэслэлгүй нэхэмжлэх тал мөн бусдын зардлаар их хэмжээний ажлыг хийлгээд бусдад гэм хор учруулж алдагдалд оруулаад байх нь шударга бус хууль бус юм. Энэ маргаанд Д.Ц би нэхэмжлэгчээр, Ч.Г-а нь хариуцагчаар, Т.М- нь гуравдагч этгээдээр хэргийн зохигчид байхаар байтал хариуцагч нь нэхэмжлэгч болсон хуулийг тэд хортойгоор ашигласан, шударга бус явдал болжээ. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-аас 7 874 290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-ад олгож, нэхэмжлэлээс 3 934 366 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 890 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.М-аас 140 938 трөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ч.Г-атай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 3 500 ам.долларыг, түүний надаас 2012 оны 9 дүгээр сард зээлсэн 1 000 000 төгрөг төлөгдөөгүйг дурдан тооцож харилцан тохиролцсоноор зээлээд буцаан төлөлтийг Ч.Г-, Д.Ц, Ө.Г бидний 3 талт 2015 оны 6 дугаар сарын 03, 06-ны өдрийн хэлцэл гэрээний үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ам.долларын ханшаар 1 877 төгрөгөөр тооцон төлөгдсөн, төлж дууссан. Нэхэмжлэгчийн “тодорхойлох нь” гэх хэсэгт нотлох баримтын агуулгад тусгагдсан нотолгооны тухайд: Хуурамч нотлох баримт лавлах мэдээллээр нотолгоог бий болгосон. Тухайлбал, тус хороонд байдаггүй 15 тоот гэх хаягаар тодорхойлолт гаргуулснаар бодит бус энэ лавлагаан дээр шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр нь үндэслэж гарсан. Ч.Г-ын эрэн сурвалжлуулах хүсэлт нь урьдал нөхцөл бүрдээгүй үед, Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг зориудаар мушгин гуйвуулж намайг гэрийн хаягаараа оршин сууж амьдардгийг үгүйсгэн, хаягаа нууцлан зориудаар зугтан, бултаж, уулзахгүй хаа байгаа нь мэдэгдэхгүй гэж үйл баримтыг зохиомлоор буй болгосон, бодит үнэнд нийцээгүй, тайлбараар нотолгоо болгожээ. Дээр дурдсан нэхэмжлэгчийн гаргасан нотолгоог үгүйсгэж, няцаах, бодит үнэнд нийцэхгүй байгаа тухайд Д.Э, Д.О нараас гэрчээр мэдүүлэг авч өгнө үү гэх хүсэлтээр мэдэгдэх хуудсаар шүүхэд ирүүлсэн боловч хүсэлтийг хангахгүй орхисон. Эдгээр хүмүүсийн гэрчлэл нь энэхүү бодит үнэнд нийцэхгүй нотолгоонуудыг зохиомол худал болохыг тотоож, нотлох, нотолгооны их ач холбогдолтой юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст залилан хийсэн гэх гомдол нь бодит үнэнтэй нийцэхгүй. Уг гомдолд намайг дарамталж 3 500 ам.доллар авсан, буцааж нэхэхээр “чаддаг юм бол цагдаа шүүхээр яваад аваарай” авахыг чинь харнаа гэх агуулга бүхий тайлбар хийсэн байх нь зохиомол худал үйл баримт болно. Ч.Г-а нь “Т.М- нь мөнгө авснаас хойш ямар ч төлбөр хийхгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл явсан” тухай нотлон баталж, нотлох үйл баримтыг нэхэмжлэлдээ тусгажээ. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй. Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөн ямар нэгэн төлбөр гүйцэтгээгүй гэжээ. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй. Дээр дурдсан нотлох үйл баримт нь зохиомол, худал нотолгоо ба бодит үнэнд нийцэхгүй тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч нар нь хуурамч нотлох баримтуудыг гарган, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа юм. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн баримт нь нотолгооны стандарт шаардлагыг хангахгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, зохих ёсоор бэхжүүлж аваагүй, уг баримтын агуулгыг нь өөрчилсөн хуурамч баримт байна. Гэрээний харилцаанд гэрээ байгуулсан хугацаа, гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа, гэрээг дуусгавар болох хугацаа үйлчилдэг. Иймд өмнөх зээлийн гэрээний харилцааны үүрэг дуусгавар болсон болно. Шүүхийн шийдвэрт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдалтай тохирохгүй, Ч.Г-ын зохиомол үйл баримтад нийцүүлэн гаргасан, талуудын нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад, шүүх нэг талыг барьсан, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хасаж, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтаар уг нөхцөл байдал тогтоогдохгүй нөхцөл байдлыг үүсгэж, энэ үүссэн нөхцөл байдалд шүүх хэргийн үнэн зөв байдал тогтоогдсон гэж үзсэнг нь эсрэгээр буруу тогтоосон гэж үзэж гомдол гаргаж байна. Тухайлбал, шүүх хуралдаанд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэрэглээгүй. Шүүхээс хариуцагчийн үндэслэж буй 2015 оны 6 дугаар сарын 03, 06-ны өдрүүдийн амаар хийгдсэн гурван талт гэрээ байгуулагдсанаар үүссэн шинэ үүргийн хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шилжигдсэн мөнгөн шилжүүлгийг зээлийн гэрээний үндсэн үүрэгтэй хольж хутгаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үндсэн үүргээс зөрүүтэй үйл баримтаар буюу хариуцагчийн гаргасан, үнэлүүлэх гэж зорьсон нотлох баримтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна. Энд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалтыг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаагаар тоолоход нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байгаа болно. Шүүх нэхэмжлэгчтэй тохиролцсон, Ч.Г-атай холбоотой бэлчээрийн худаг гаргах үүргийн гүйцэтгэл хийгдсэн, энэ талаарх үндэслэл бүхий үйл баримт байхгүй, тогтоогдохгүй, өөр баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй гэж буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Намайг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, 12 000 000 орчим төгрөгийн тооцоог хийсэн. Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баримт нь 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хэрэгтэй танилцахад анхны гаргасан баримтаас зөрүүтэй байна. Иймд энэ гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн, өмнө нь ашигласан, шаардах эрхгүй баримтыг урвуулан дахин ашиглан ашиг олох зорилгоор мөнгө төлөөгүй гэж дахин шүүхээр мөнгө гаргуулахаар “хуулийн дагуу итгэл эвдэж залилан” хийж буй энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шаардлагатай гэж үзвэл дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Г-а, хариуцагч Т.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 808 656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 814 366 төгрөгөөр багасгаж, 7 994 290 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 46-50 дугаар тал/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольсон буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт гурван удаа гүний худгийг Бух чулуу ХХК-аар өрөмдүүлж түүний төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс гуравдагч этгээд Д.Ц, гэрч Ө.Г нарт мөнгөөр болон эд хөрөнгөөр тооцон төлсөн” гэж тайлбарлажээ.

 

            Талууд 3 500 ам.доллар зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй, харин үүргийг гүйцэтгэж дууссан эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баримтаар хариуцагч 3 500 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэйгээр 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжлэгчээс зээлсэн болох нь талуудын үйлдсэн бичгийн баримт, тайлбараар тогтоогдож байна./хэргийн 4 дүгээр тал/ Иймд Иргэний хуулийн 281 дүгаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн шүүхээс хариуцагчийн тайлбар шүүхэд гаргасан баримт, гэрч Ө.Г, Б.М нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч нь гэрч Ө.Г, гуравдагч этгээд Д.Ц нараар гүний худаг өрөмдүүлсний төлбөрт мөнгө төлж, эд зүйл шилжүүлсэн явдал нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх үндэслэл бүхий өөр баримтыг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа хангалттай нотлоогүй гэж дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас хүлээн авсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна.

.          

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс буюу эрх зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс тоолохоор зохицуулжээ.

           

            Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т.М-ын “Хаан банк” ХХК дахь 5058076034 тоот дансаар дамжуулан нэхэмжлэгчийн мөн банкин дахь 5007090231 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 1 590 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. /хэргийн 29-42 дугаар тал/ Хариуцагчийн төлсөн 1 590 000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрөөс хасч, үлдэх хэсгийг нь хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгосон нь зөв байна.

 

            Түүнчлэн, хариуцагч нь 3 сарын хугацаанд үндсэн зээл 3 500 ам.доллар буюу 8 682 835 төгрөг, хүүд 781 455 төгрөг, нийт 9 464 290 төгрөг төлөх үүрэгтэй байна. Шүүхээс нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханш 2 483.89 төгрөгөөр тооцсон нь хуульд нийцжээ. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/19526 дугаартай   шүүгчийн захирамжаар Д.Ц-, Ө.Г-, Б.М- , Д.Э-, Д.О- нарыг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтээс Д.Ц-, Ө.Г-, Б.М- нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, Д.Э-, Д.О- гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхижээ. Улмаар уг захирамжийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ө.Г-, Б.М- нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байх бөгөөд харин Д.Ц-г хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/20263 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцсэн байх бөгөөд энэ тохиолдолд гэрчээр асуух боломжгүй тул хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 939 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                  С.ЭНХТӨР