Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэртэй Д.Гын нэхэмжлэлтэй С.Б, Г.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62 728 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, өмгөөлөгч Н.Батбаатар, хариуцагч Г.Э, өмгөөлөгч Б.Мянган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд 2008 онд Г.Э гэх залуутай танилцсан. 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г.Эт урьдчилгаа 40 000 000 төгрөгийг өгч дизель хөдөлгүүртэй евро стандартын “Ланд круйзер” маркийн автомашиныг 53 000 ам доллараас хэтрүүлэхгүй үнээр авахаар тохиролцсон.

Улмаар мөн сарын 22, 23-ны үед автомашины үлдэгдэл төлбөрт 32 000 ам долларыг С.Бт өгсөн. Хэд хоногийн дараа Г.Э 2009 оны автомашин санал болгоход би 2013 оны загвар захисан тул аваагүй.

Би өмнө нь Г.Эаас 38 000 ам доллараар "Ланд круйзер 200” маркийн автомашин худалдаж авч байсан ба уг автомашин нь гаалийн татвар төлөөгүй, хуурамч гэрчилгээтэй байсныг цагдаагийн газраас залгаж хэлснээр мэдсэний дагуу Г.Эт буцаан өгч байсан. Г.Э, С.Б нар надад нэг удаа 4 000 ам.доллар, 17 000 000 төгрөг өгсөн, түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Би Г.Эыг 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Казакстан Улсаас ирж байхад онгоцны буудал дээр уулзаад “10 500 000 төгрөг, 32 700 ам.доллар, 15 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө, мөн хугацаандаа төлөхгүй бол хоногт 0.5 хувийн алданги тооцож өгнө” гэсэн гэрээ хийж гарын үсэг зуруулж авсан. Энэ баримт нь бидний авлагыг нэгтгэн бодож, алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ юм.

Үүнээс хойш сураггүй болсон тул Г.Эыг эрүүгийн журмаар холбогдуулан шалгуулахад Нийслэлийн прокурорын газраас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 500 ам доллар, 11 дүгээр сарын 23-ны өдөр 57 694 540 төгрөгийг тус тус өгсөн.

Би гаалийн татварт 25 000 000 төгрөг өгсөн боловч татварын уг баримтыг харахад 24 000 000 төгрөг төлсөн байх тул 1 000 000 төгрөг авах ёстой.

Г.Э, С.Б нар нь 2015 оны 03 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 15 000 000 төгрөг төлөөгүй, мөн бусад мөнгөнөөс 584 660 төгрөг дутуу төлсөн тул нийт 15 584 660 төгрөг болно.

Ханшийн зөрүүний хувьд хариуцагч нарт зээлдүүлсэн 32 700 ам долларын 7 500 ам долларыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, үлдсэн 25 200 ам долларыг 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Ингэхдээ 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ам долларын ханшаар бодож өгсөн. Өгөх өдөр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн долларын ханш 2 451.72 төгрөг болсон тул ам долларын ханшийн зөрүүнд 13 986 000 төгрөгөөр хохирсон.

Би Г.Э, С.Б нарт банкнаас зээл авч өгсөн бөгөөд мөнгөө өгөхгүй байсан учраас “Начин заан" ломбардаас удаа дараа зээл авч хүүнд нь 3 157 600 төгрөгийг төлж хохирсон.

2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 11 cap хүртэл алданги 0.5 хувиар бодоход хоногт 437 496 төгрөг болсон. Би нийт хугацааны алдангиа багасгаж 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Би хариуцагч С.Баас татгалзаж байгаа тул хариуцагч Г.Эаас үндсэн зээл 15 584 660 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 13 986 000, ломбардын зээлийн хүү  3 157 600, алданги 30 000 000 төгрөг, гаалийн татварын зөрүү 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд би Орос хүмүүсийн хамт автомашин оруулж ирэхэд Д.Г Орос хүмүүсээс автомашин худалдан авч байсан. Намайг Баян-Өлгий аймагт явж байхад утсаар автомашин захисны дагуу хадам аав С.Баар дамжуулаад 32 700 ам долларыг өгчих гэж хэлсэн. Би тэр мөнгийг аваагүй бөгөөд автомашиныг хүчээр шахсан зүйл байхгүй. Түүнчлэн, Д.Гтай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Гаас С.Б нь ямар нэгэн мөнгө аваагүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөг, бусад мөнгөн дүнгээс дутуу төлсөн 584 660 төгрөг, нийт 15 584 660 төгрөг, алданги 29 000 000 төгрөг, ханшийн зөрүү 13 986 000 төгрөг, ломбардын зээлийн хүүнд төлсөн төлбөр 3 157 600 төгрөг, гаалийн татварын зөрүү 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С.Баас 62 728 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Г.Э нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн баримтын дагуу 32 700 ам.долларыг төлж, 10 500 000 төгрөгийг төлөөгүй.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн баримт нь тооцоо нийлсэн баримт тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасныг хэрэглэх ёстой байсан.

Би шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 52 228 260 төгрөгөөс татгалзаж, 10 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Г.Эаас 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Э, С.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 500 000 төгрөг, алданги 5 084 660 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 46 143 600 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч С.Баас татгалзжээ. Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс учирсан хохирол 46 143 600 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 000 000 төгрөг, алданги 5 084 660 төгрөг, нийт 52 228 260 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжин оролцож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Эаас 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа “зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр” гэж тодорхойлон Г.Эын үйлдсэн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр төлөх тухай бичмэл баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх 6 дахь тал/ Хариуцагч Г.Э “...худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, ... гэрээний үүрэг дуусгавар болсон, ... зээл аваагүй ...” гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2445 дугаар тогтоолоор хариуцагч Г.Эыг “2014 оны 7 дугаар сарын 20-ны үед Лексус-470 маркийн автомашин худалдана хэмээн урьдчилгаа болгон  Д.Гаас 20 000 000 төгрөг авч машин болон мөнгийг өгөөгүй залилан мэхэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, яллагдагч Г.Эын гэмт үйлдэл нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт хамрагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 27-28 дахь тал/ Мөн хэрэгт хариуцагч Г.Э нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 500 ам доллар,  мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 57 694 540 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Гт хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотолсон “Бэлэн мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл” авагдсан байна. /хх 21-22 дахь тал/

Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Г.Этай тохиролцон дизель хөдөлгүүртэй, евро стандартын Ланд крузер маркийн машин авахаар 40 000 000 төгрөг урьдчилгаанд өгсөн, хадам аав С.Б машин ирсэн, үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь 32 000 ам.доллар өгсөн, 2009 оны машин орж ирсэн байсан учраас аваагүй, өгсөн мөнгөө буцаан шаардсан боловч Г.Э утсаа авахгүй алга болсон ..., ... тэр хоёрыг хайж байгаад Г.Э Казакстанаас Монголд ирж байна гэж сонсоод онгоцны буудал дээр тосч уулзахад бид мөнгийг өгнө гээд бичиг хийж өгсөн ... ” гэж, хариуцагч Г.Э “нэхэмжлэгч Д.Гаас машины үнэд мөнгө авсан, уг мөнгөө буцаан өгсөн” гэж тайлбарладаг. /хх 2, 90 дэх тал/

  Дээрх бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нэхэмжлэгчийн захиалсан машиныг авчраагүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гэрээгээр шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардсан гэж үзнэ.

Хариуцагч Г.Э нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид “... Д.Гаас 10 500 000 төгрөг, 32 700 ам.доллар авсан ..., ... мөнгийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгана” гэсэн бичиг үйлдэж өгсөн байна. /хх 6 дахь тал/ Уг бичгийг “...намайг дарамталж бичүүлсэн” гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй учир Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн  хариуцагч тал нэхэмжлэгчээс автомашины бичиг баримт бүрдүүлэхээр 10 500 000 төгрөг авсан нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан С.Баянмөнхийн байцаалтад өгсөн мэдүүлгээр нотлогдоно гэж мэтгэлцэн уг баримтыг шүүхийн журмаар гаргуулжээ. /хх 85-86 дахь тал/ Тус бичгийн нотлох баримтад тэмдэглэгдсэн С.Баянмөнхийн мэдүүлгээр хариуцагч Г.Э 10 500 000 төгрөгийг бичиг баримт гаргуулах зорилгоор нэхэмжлэгч Д.Гаас авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин талуудын хооронд үүссэн маргааны төрлийг буруу тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 10 500 000 /арван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 228 260 /тавин хоёр сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун жаран/ төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн татгалзсанаар хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...хэвээр” гэсний дараа “...үлдээж, хариуцагч Г.Эаас 182 950 /зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД