Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2019/00395

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр   Дугаар 182/ШШ2019/00395                 УлаанС.Б хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Г нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: С.Б,

 

Хариуцагч: Г.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 62.728.260 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Г.Э түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д.Г би УлаанС.Б хотод машины худалдаа эрхэлдэг юм. 2008 онд уг ажлаа хийж байгаад Э гэх залуутай танилцсан. Тэр үеэс хойш энгийн харьцаатай байсан ба 2014 онд Э Оросоос хүн таньдаг машин оруулж ирнэ гэхээр нь 2014 оны 07 сарын 09-ны өдөр Дизель хөдөлгүүртэй Евро стандартын “Ланд крузер” маркийн автомашин оруулж өгч чадах уу гэхэд чадна гээд надаас урьдчилгаа 40 сая төгрөг авсан ба машины үнийг 53.000 ам доллароос хэтрүүлэхгүй авчирч өгнө гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 07 сарын 22, 23-ны үед Э хадам аав Б над руу залгаад нөгөө машин чинь ирсэн үлдэгдэл мөнгөө өг би явж авч ирэх гэж байна гэхээр нь Х ХХК-иас мөнгө солиулан 32.000 ам.доллар Б-д өгсөн. Тэгээд Э руу утсаар яриад Б-д мөнгө өгчихлөө гэхэд за за аав аваад ирнэ гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа ярихад 2009 оны машин орж ирсэн авах уу гэхээр нь би 2013 оны загвар захисан авахгүй гэсэн. Би Э уг машиныг захихаас өмнө 2014 оны 7 сард 38 мянган ам доллараар өөрөөс нь "Ланд крузер” 200 маркийн машин худалдаж авсан байсан ба 2014 оны 8 сард Мөрдөн байцаах газраас над руу залган таны унаж яваа машин чинь гаалийн татвар төлөөгүй хуурамч гэрчилгээтэй машин байна гэхээр нь Э  руу ярихад Э сэжигтнээр цагдан хоригдсон байсан ба хадам аав Б нь хүрч ирсэн. Би өмнөх авсан машин асуудалтай дараагийн машин ирээгүй юу болж байна гэхэд учрыг нь олно гээд Оросуудад мөнгө өгч явуулах гэсэн юм 20 сая төгрөг зээлж тус болооч гэхээр нь мөн л 20 сая төгрөг бэлнээр өгсөн. 14 хоногийн дараа Г.Э батлан даалтад гарч ирээд танд өгсөн “Ланд” 200 машиныг хураалгахаар болчихлоо дараа өөр машин өгье гээд аваад явсан. Ингээд Г.Э, С.Б нар надад нэг удаа 4000 ам.доллар, 17 сая төгрөг өгсөн түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Би тэр хоёрыг хайж байгаад Г.Эыг 2015 оны 03 сарын 03-ны өдөр Казакстан улсаас Монголд ирж байна гэж сонсоод онгоцны буудал дээр тосож уулзаад мөнгөө өгөхгүй бол цагдаа шүүхэд өглөө гэхэд битгий өгөөч бид мөнгийг чинь төлнө гээд 10.500.000 төгрөг, 32.700 ам.доллар, 15 сая төгрөгийг 2015 оны 03 сарын 20-ны дотор төлнө мөн хугацаандаа төлөхгүй бол хоногт 0,5 хувийн алданги тооцож өгнө гээд гэрээ хийж гарын үсгээ зурж өгсөн.

Энэ гэрээ нь үндсэндээ бидний дундах өр авлагыг бүгдийг нэгтгэн бодож эцсийн байдлаар тооцон хүү бодохгүйгээр шинээр алданги тооцохоор хугацаатайгаар байгуулсан зээлийн гэрээ юм. Ингээд гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар холбоо барихгүй сураггүй алга болсон. Тэгэхээр нь Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгч 2016 оны 02 сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2016 оны 12 сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Г.Э, С.Б нарын бүлэглэн залилан мэхэлсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд Г.Э нь 2016 оны 06 сарын 13-нд 7.500 ам доллар, 11 сарын 23-нд 57.694.540 төгрөг өгсөн. Г.Э, С.Б нарт хууртагдан удаа дараа мөнгөө зээлдүүлээгүй бол би уг мөнгөөр өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэж тодорхой хэмжээний ашиг орлого олох бүрэн боломжтой байсан. Тиймээс энэ дундаас хамгийн их хохирч байгаа хүн нь би юм. Гаалийн татварын зөрүүний хувьд 2014 оны 10 сард надаас гаалийн татвар төлөх гэсэн юм мөнгө өг гээд 25 сая төгрөг авсан ба бүгдийг гаалийн татварт төлсөн гэж байсан боловч баримтыг нь харахад 24 сая төгрөг төлсөн байсан. Иймд би 1 сая төгрөгөө авах ёстой гэж бодож байна. Зээлийн гэрээний хувьд одоо Г.Э, С.Б нар нь 2015 оны 03 сарын 03-ны өдөр тооцоо бодож эцсийн байдлаар байгуулсан зээлийн гэрээний мөнгөн дүнгээс 15.000.000 төгрөгөө огт төлөөгүй мөн бусад мөнгөнөөс 584.660 төгрөг дутуу төлсөн байгаа нийт 15.584.660 төгрөг байна. Ханшийн зөрүүний хувьд Г.Э, С.Б нар нь надаас 32.700 ам доллар зээлсэн. Үүнээс 7.500 ам долларыг 2016 оны 06 сарын 13-нд, үлдсэн 25.200 ам долларыг 2016 сарын 23-нд төлсөн. Ингэхдээ тухайн үеийн долларын ханш буюу 2014 оны 07 сарын 22-ны өдрийн ам долларын ханшаар бодож өгсөн. Өгөх өдөр буюу 2016 оны 11 сарын 23-нд долларын ханш 2451.72 төгрөг болсон байсан. Би энэ дундаас ам долларын ханшийн зөрүүнд 13.986.000 төгрөгөөр хохирсон. Ломбардын зээлийн хүүгийн хувьд Г.Э, С.Б нарт банкнаас зээл авч өгсөн байсан ба тэд төлөхгүй байх хооронд  ломбардаас удаа дараа зээл аван уг зээлээ төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Ломбардаас авсан зээлийн зөвхөн хүүнд нь 3.157.600 төгрөг тэдний өмнөөс төлж хохирсон. Алдангийн хувьд 2015 оны 03 сарын 20-ны өдөр бидний байгуулсан гэрээний хугацаа дууссан. Гэрээнд хоног тутам 0,5 хувийн алданги тооцож доллар болон төгрөгийг төлнө гэж тохирсон. Ингээд гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 11 cap хүртэл алданги бодоход 437.496 төрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож гэрээний зээлийн 10.500.000 төгрөгийн 5.250.000, 15.000.000 төгрөгийн 7.500.000, 32.700 ам долларын 16.350 буюу 29.329.284 төгрөг /тэр үеийн буюу үүрэг үүсэх үеийн ханшаар бодоход/ ингээд нийт 42.329.284 төгрөг болж байна. Би алдангаа багасгаж 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иймд иргэн С.Б, Г.Э нараас үндсэн зээл 15.584.660 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 13.986.000, Ломбардын зээлийн хүү 3.157.600, алданги 30.000.000 төгрөг, гаалийн татварын зөрүү 1.000.000 нийт 62.728.260 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 5 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл Д.Г гэдэг хүн надаас машин авна гээд ярьж байсан Тухайн үед би орос хүмүүстэй машин оруулж ирэхэд орос хүмүүст Д.Г нь өөрөө мөнгөө өгөөд машинаа авч байсан. 32,700 ам.доллар өгч байгаа гэдэг нь намайг Баян-Өлгий аймагт явж байхад утсаар яриад машин захья гэхэд нөгөө хоёр орос хүн наана чинь байгаа хадмыг аавыг дуудаад тэр хоёр орос хүнд өгчих гэсэн би тэр мөнгийг аваагүй. Намайг Цагдаагийн байгууллагад өгөөд хилийн хориг тавиад ажил хийлгэхгүй байсан учир 32,700 ам.долларыг төлсөн. Би 2014 оноос 2017 он хүртэл Эрүүгийн хэргээр шалгуулсан. Надад маш хүнд байсан. Өөрийн буруугүй томоогүй үйлдлээс Авилгатай тэмцэх газар шалгагдаж байсан нь үнэн. Д.Г гэдэг хүн тухайн үед ахдаа туслаач ах нь наймаа хийх гэсэн юм гэсээр ийм байдалд хүрсэн. Би машиныг хүчээр ав гэж хэлээгүй, дундаас нэг ч төгрөгийн ашиг олоогүй. Миний оролцоо байгаагүй орос хүнд мөнгөө өгсөн. Удаа дараа Цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулсан. Энэ хүний найз н.С гээд Баянгол дүүргийн Прокурорын дэд дарга, байцаагч маань хүртэл дээрээс дарамтлаад байна мөнгийг төл гэдэг байсан. Миний хажууд ч утсаар ярьж байсан. Надад энэ хүнтэй зээлийн гэрээ байгуулж зээл авсан зүйл байгүй болно гэв.  

 

Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн С.Баас 62.728.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ер нь Д.Гаас С.Б нь нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Б, Г.Э нарт холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тооцоо бодож эцсийн байдлаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөг, бусад мөнгөн дүнгээс дутуу төлсөн 584.660 төгрөг, нийт 15.584.660 төгрөг, алданги 30.000.000 төгрөг, ханшийн зөрүү 13.986.000 төгрөг, ломбардын зээлийн хүүнд төлсөн төлбөр 3.157.600 төгрөг, гаалийн татварын зөрүү 1.000.000 төгрөг, бүгд 63.728.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тооцооллын хувьд алдаа гаргасан тул алданги болох 30.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хасаж алданги 29.000.000 төгрөг, бүгд нийт 62.728.260 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь шүүх хуралдаан дээр хариуцагч С.Баас 62.728.260 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Г.Э нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бичиг нь дээр бичсэн мөнгө болох 10.500.000 төгрөг, 32.700 ам.долларуудыг 2016 оны 06 дугаар сарын 13, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус төлж дуусгасан. Тус бичиг нь дээр 15.000.000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би 15.000.000 төгрөгийг аваагүй намайг дарамтлаад байхаар нь би тухайн бичигт “...дараа боломжтой болохоороо 15.000.000 өгнө...” гэж бичсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн бусад шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэг: 15.584.660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тооцоо бодож эцсийн байдлаар байгуулсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Г нь зээлдэгч Г.Эт 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10.500.000 төгрөг, 32.700 ам.долларыг, хүүгүйгээр, 0.5 хувийн алданги тооцож зээлдүүлэхээр тохирсон байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал /

 

Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо бодож эцсийн байдлаар байгуулсан бичигт Г.Э нь /...дараа боломжтой болохоороо 15.000.000 төгрөгийг өгнө.../ гэж бичиж өгсөн тул 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч уг баримтаас үзэхэд хэн, хэнд хэдэн төгрөгийг өгч буй нь ойлгомжгүй, тодорхойгүй, дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

  

Өөрөөр хэлбэл Д.Г нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Г.Эт бэлнээр 15.000.000 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Бусад мөнгөнөөс 584.660 төгрөгийг дутуу төлсөн тул 584.660 төгрөгийг гаргуулах тухайд хэдэн оны хэдэн сарын мөнгөнөөс дутуу төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Хоёр: Алданги 29.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.Гэрээнд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан тул алданги 29.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч зээлийн гэрээ гэх баримтад талуудын тохиролцсон өмнөх зээлүүдийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хэмжээ тодорхой бус байх бөгөөд тэдний хооронд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул алданги тооцож гаргуулах үндэслэлгүй болно.

 

Гурав: Д.Г нь Г.Э 2014 оны 10 сард машины гаалийн татвар төлөх гэсэн юм гээд 25.000.000 төгрөгийг авсан боловч гаалийн татварт 24.000.000 төгрөгийг төлсөн байх тул зөрүү болох 1.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Д.Г нь 25.000.000 төгрөгийг Г.Эт өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн  гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/ баримтад дурдсан машин нь хэний машин болох нь ойлгомжгүй, Д.Гын машин эсэх тодорхойгүй тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Дөрөв: Ханшийн зөрүү 13.986.000 төгрөг, ломбардын зээлийн хүүнд төлсөн төлбөр 3.157.600 төгрөгийг нэхэмжилсэн боловч Д.Г нь Г.Э, С.Б нарт банкнаас зээл авч өгч байсан. Тэд төлөхгүй байхаар нь ,ломбардаас удаа дараа зээл авч зээлийн хүүнд 3.157.600 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан шаардсан хэдий ч хэдэн оны хэдэн сард ямар банкнаас хэдэн төгрөгийн зээл авч өгсөн эсэх нь тодорхойгүй, бичгийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчээс нотлох баримтаар ,ХХК барьцаат зээлийн үйлчилгээ” гэх баримт, зарласан ханшийн лавлагаа, Д.Гын дансны хуулга зэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч эдгээр баримт нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх ойлгомжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөг, бусад мөнгөн дүнгээс дутуу төлсөн 584.660 төгрөг, нийт 15.584.660 төгрөг, алданги 29.000.000 төгрөг, ханшийн зөрүү 13.986.000 төгрөг, ломбардын зээлийн хүүнд төлсөн төлбөр 3.157.600 төгрөг, гаалийн татварын зөрүү 1.000.000 төгрөг, бүгд 62.728.260 /жаран хоёр сая долоон зуун хорин найман мянга хоёр зуун жаран/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.Баас 62.728.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ДАВААСҮРЭН