Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00271

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар магадлалтай,

Д.Гын нэхэмжлэлтэй

С.Б, Г.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 62 728 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд 2008 онд Г.Э гэх залуутай танилцсан. 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г.Эт урьдчилгаа 40 000 000 төгрөгийг өгч дизель хөдөлгүүртэй евро стандартын Ланд круйзер маркийн автомашиныг 53 000 ам доллараас хэтрүүлэхгүй үнээр авахаар тохиролцсон. Улмаар мөн сарын 22, 23-ны үед автомашины үлдэгдэл төлбөрт 32 000 ам долларыг С.Бт өгсөн. Хэд хоногийн дараа Г.Э 2009 оны автомашин санал болгоход би 2013 оны загвар захисан тул аваагүй. Би өмнө нь Г.Эаас 38 000 ам доллараар “Ланд круйзер 200 маркийн автомашин худалдаж авч байсан ба уг автомашин нь гаалийн татвар төлөөгүй, хуурамч гэрчилгээтэй байсныг цагдаагийн газраас залгаж хэлснээр мэдсэний дагуу Г.Эт буцаан өгч байсан. Г.Э, С.Б нар надад нэг удаа 4 000 ам.доллар, 17 000 000 төгрөг өгсөн, түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Би Г.Эыг 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Казакстан Улсаас ирж байхад онгоцны буудал дээр уулзаад 10 500 000 төгрөг, 32 700 ам.доллар, 15 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө, мөн хугацаандаа төлөхгүй бол хоногт 0.5 хувийн алданги тооцож өгнө гэсэн гэрээ хийж гарын үсэг зуруулж авсан. Энэ баримт нь бидний авлагыг нэгтгэн бодож, алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ юм. Үүнээс хойш сураггүй болсон тул Г.Эыг эрүүгийн журмаар холбогдуулан шалгуулахад Нийслэлийн прокурорын газраас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 500 ам доллар, 11 дүгээр сарын 23-ны өдөр 57 694 540 төгрөгийг тус тус өгсөн. Би гаалийн татварт 25 000 000 төгрөг өгсөн боловч татварын уг баримтыг харахад 24 000 000 төгрөг төлсөн байх тул 1 000 000 төгрөг авах ёстой. Г.Э, С.Б нар нь 2015 оны 03 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 15 000 000 төгрөг төлөөгүй, мөн бусад мөнгөнөөс 584 660 төгрөг дутуу төлсөн тул нийт 15 584 660 төгрөг болно. Ханшийн зөрүүний хувьд хариуцагч нарт зээлдүүлсэн 32 700 ам долларын 7 500 ам долларыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, үлдсэн 25 200 ам долларыг 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Ингэхдээ 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ам долларын ханшаар бодож өгсөн. Өгөх өдөр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн долларын ханш 2 451.72 төгрөг болсон тул ам долларын ханшийн зөрүүнд 13 986 000 төгрөгөөр хохирсон. Би Г.Э, С.Б нарт банкнаас зээл авч өгсөн бөгөөд мөнгөө өгөхгүй байсан учраас Начин заан “ломбардаас удаа дараа зээл авч хүүнд нь 3 157 600 төгрөгийг төлж хохирсон. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 11 cap хүртэл алданги 0.5 хувиар бодоход хоногт 437 496 төгрөг болсон. Би нийт хугацааны алдангиа багасгаж 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Би хариуцагч С.Баас татгалзаж байгаа тул хариуцагч Г.Эаас үндсэн зээл 15 584 660 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 13 986 000, ломбардын зээлийн хүү 3 157 600, алданги 30 000 000 төгрөг, гаалийн татварын зөрүү 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд би Орос хүмүүсийн хамт автомашин оруулж ирэхэд Д.Г Орос хүмүүсээс автомашин худалдан авч байсан. Намайг Баян-Өлгий аймагт явж байхад утсаар автомашин захисны дагуу хадам аав С.Баар дамжуулаад 32 700 ам долларыг өгчих гэж хэлсэн. Би тэр мөнгийг аваагүй бөгөөд автомашиныг хүчээр шахсан зүйл байхгүй. Түүнчлэн, Д.Гтай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Гаас С.Б нь ямар нэгэн мөнгө аваагүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөг, бусад мөнгөн дүнгээс дутуу төлсөн 584 660 төгрөг, нийт 15 584 660 төгрөг, алданги 29 000 000 төгрөг, ханшийн зөрүү 13 986 000 төгрөг, ломбардын зээлийн хүүнд төлсөн төлбөр 3 157 600 төгрөг, гаалийн татварын зөрүү 1 000 000 төгрөг, нийт 62 728 260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С.Баас 62 728 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 10 500 000 /арван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 228 260 /тавин хоёр сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун жаран/ төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн татгалзсанаар хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...хэвээр гэсний дараа ...үлдээж, хариуцагч Г.Эаас 182 950 /зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мянган хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Эаас 10 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гт олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын 5-р талд “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нэхэмжлэгчийн захиалсан машиныг авчраагүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гэрээгээр шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардсан гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй дүгнэлт бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийсэн, машин захиалсан, нэхэмжлэгч хариуцагч Г.Эт мөнгө шилжүүлсэн тохиолдол байхгүй, уг үйл баримтыг нотолсон ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан бичигт дурьдагдсан 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Эт шилжүүлсэн гэдгээ нотлож чаддаггүй бөгөөд уг бичгийг хүч хэрэглэж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдалтай холбогдуулж заналхийлсэний үндсэн дээр бичиж өгсөн гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлж байсан бөгөөд тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог болно. Давж заалдах шатны шүүх мөн уг бичгийг “...Иргэний хуулийн 199 дугээр зуйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, талуудын хооронд гэрээ байгуулж, үүргийн харилцаа үүссэн тохиолдол байхгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа уг бичгийг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг 15 584 600 төгрөг нэхэмжилж байсанаас биш, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжпэл гаргаж байгаагүй болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 3 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Э, С.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 15 584 660 төгрөг, алданги 29 000 000 төгрөг, хохирол 18 143 600 төгрөг нийт 62 728 260 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагч С.Бт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...зээл аваагүй, 10 500 000 төгрөг, 32 700 ам.долларыг 2016 оны 6, 11-р сард өгч, худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, 15 000 000 төгрөгийг дараа төлнө гэдгийг нэхэмжлэгч дарамталж бичүүлсэн...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 52 228 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжин оролцсон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 10 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэхэд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдсон байх учиртай бөгөөд зохигч нь мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлснээр маргааны бодит үндэслэл тогтоогдоно.

Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Г.Эын гарын үсэг бүхий бичмэл баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож, зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасан боловч Ландкруйзер маркийн автомашин захиалж  2014 оны 07 сарын 09-ний өдөр Ш.Энхбаатарт 40 000 000 төгрөг, 07 сарын 22, 23-ны өдөр 32 000 ам.доллар өгсөн, ...машиныг өгөөгүй тул мөнгөө буцаан шаардаж 4000 ам.доллар, 17 000 000 төгрөгийг авсан, цагдаад гомдол гаргаж шалгуулах явцад 2016 оны 6 сард 7 500 ам.доллар, 11 сард 57 694 540 төгрөгийг тус тус авсан, хариуцагч үлдэх мөнгөө төлөх хугацаа зааж, үүргээ биелүүлэхгүй бол алданги төлөх үүрэг хүлээж, баримт бичиж өгсөн гэх үйл баримтыг заасан, зохигч энэ талаар марган, мэтгэлцжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл талууд өмнөх үүргийг сольж зээлийн гэрээ байгуулсан, эсвэл машины мөнгийг буцааж бүрэн өгсөн эсэх, хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр тохирсон эсэх асуудал маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх маргааны зүйлийг тодруулж, зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь Г.Эыг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх ёстой гэж үзсэн бол хариуцагч маргаж, зээлийн үүрэг үүсээгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн, харин давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээнээс талууд татгалзсан гэж үзэж, үр дагаврыг шийдвэрлэжээ.

Гэрээний талууд өмнөх үүргийг өөр үүргээр солихоор тохиролцсон бол өмнөх үүрэг дуусгавар болохыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан бөгөөд хоёр шатны шүүх уг хэм хэмжээг хэрэглэх эсэх талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэж байгаа бол гэрээний талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагчийн буцааж өгсөн мөнгө, биелүүлээгүй үүргийн хэмжээг тодорхой дүгнэх шаардлагатай байжээ.

Давж заалдах шатны шүүх Г.Эаас 10 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Г.Эын гарын үсэг бүхий бичмэл баримтад тулгуурласан боловч хариуцагч авсан мөнгөө буцааж төлсөн гэж маргасан нөхцөлд хэдэн төгрөг хүлээж авсан, буцааж хэдийг төлсөн, 10 500 000 төгрөгийг төлөөгүй гэх тооцоолол, үндэслэлийг анхаараагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн дагуу хийх ёстой хууль зүйн дүгнэлтийг хяналтын шатны шүүх гүйцэтгэх боломжгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний талаар залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА