Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 333

 

Б.Б, Э.М Ж.У, Б.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар магадлалтай, Б.Б-, Э.М-, Ж.У-, Б.Е- нарт холбогдох 1704000740006 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжавын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Э-гийн М,

3. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Е нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж-гийн У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан Ж.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.У-ыг цагаатгаж, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус бүрт тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, Э.М-, Б.Е-, Ж.У- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжав гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.У-ын үйлдэлд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ноцтой зөрүүтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Б.Е-, Э.М-, яллагдагч Э.Б-, шинжээчийн 09шэ/223, 09шэ/222 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж.У-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогддог. Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Э.М- нь шүүгдэгч Б.Б-, Ж.У- нарыг зодолдож байхад араас нь салгах гээд түүнийг тэврэхэд Ж.У- нь эргэж харан Э.М-г цохьсон, улмаар өөр хоорондоо зодолдож газарт цуг унахад гарын хурууг нь хазсан, мөн хохирогч Б.Е- нь Ж.У- зодолдож байхаар нь очиж татахад Ж.У- түүн рүү дайрч, Ж.У-, Э.М- хоёрын голоор орж Ж.У-ыг холдуулахад түүний хамар руу цохьсон үйл баримт тогтоогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ. Дээрх байдлаас дүгнэхэд Б.Е-, Э.М- нарын хувьд Ж.У-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар довтолсон бодит довтолгоон хийгээгүй, тэдгээрийн хувьд зодооныг салгах гэсэн санаа зорилгоор араас нь татсан, тэвэрсэн үйлдэл хийсэн, уг үйлдлийн эсрэг өөрөө бусдын эрхэд халдаж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол учруулсан, уг нөхцөл байдалд буюу араас тэвэрсэн, татсан үйлдэл нь бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой байх хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байна. Мөн дээрх хохирогч, шүүгдэгч Б.Е-, Э.М- нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан Б.Б-ын мэдүүлгээр Ж.У- нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын нөхцөлд хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, нэг хүний биед халдсан гэж дүгнэх боломжгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд, шүүгдэгч Э.М-, Б.Е- нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” гэсэн заалтын дагуу зүйл тус бүрээр нь ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тодорхой заасан байхад хуулийн энэхүү заалтыг буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ж.У-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Ж.У-ын өөрийнх нь мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа Ж.У-ыг цагаатгасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь зарчмын хувьд буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана гэж заасан байхад магадлалын агуулга нь хууль зөрчсөн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Э.М-, Б.Е- нар 2017 оны 08 дугаар сарын 24-ний 03 цагийн үед “Б” нэртэй үйлчилгээний газрын үүдэнд нийтээр тогтоосон хэв журмыг үл тоомсорлон Ж.У-т хүч хэрэглэн догшин авирлаж, хохирогч нартай хамт явсан найз нөхөд, түүнчлэн тухайн газарт үйлчлүүлэхээр ирсэн болон гарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар Ж.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Б.Б- нь Ц.Ө- гэгчтэй яриад зогсож байсан Э.Ш-г нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэсэн үйл баримтыг тогтоож,

Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Б-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж,

Ж.У-ын Б.Е-, Э.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын үед хийгдсэн гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.У-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “Прокуророос Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх ямар нэг үндэслэл заалгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, мөн шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө энэхүү нөхцөл байдал нь ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэдэг болно.

Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг огт дурдалгүй илт үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохдоо уг шийдвэрийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж урьдчилан дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн “анхан шатны шүүх Ж.У-ыг бусдад хүч хэрэглэх санаа зорилго байгаагүй, өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй” гэснийг хэргийг дахин шийдвэрлэхдээ иш татаж харгалзан үзэж болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн “магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжавын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН