Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 436

 

  Б.Б, Э.М, Ж.У,

    Б.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е нарын өмгөөлөгч Ж.Ц,

шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Д.Ц,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох 1704000740006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт  Б.Б, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч  мэргэжилтэй, “Хорин бугат” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

О овогт Э.М, 1992 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Хорин бугат” авто засварын газарт засварчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

Б овогт Б.Е, 1996 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт..........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Б овогт  Ж.У, 1989 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ШШГЕГ-ын харъяа хорих 427 дугаар ангид хамгаалалтын ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү болон 6 сартай охин нарын хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

Э.М, Б.Е нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг зөрчиж, Ж.Ут хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Мөн Э.М, Б.Е нар нь бүлэглэн Ж.Уыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна Б.Өлзийбаттай зогсож байсан Э.Шинэхүү, Б.Мөнхтөр нарыг Б.Өлзийбаттай муудалцаж байна гэж ойлгон юу ч хэлэлгүй Э.Шинэхүүгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.У нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна Э.М, Б.Е нартай зодолдож улмаар Э.Мгийн баруун гарын долоовор хурууг хазаж, Б.Еийг нүүрэн тус газар нь цохиж тус бүрт буюу 2 хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Багануур дүүргийн Прокурорын газар: Э.М, Б.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг баримтлан Ж.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Уыг цагаатгаж,

Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар /тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр/ 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус бүрт тогтоож, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б нь эмчилгээний зардал буюу хор уршгийн хохирол 800.000 төгрөгийг хохирогч Э.Шинэхүүд нөхөн төлсөн, хохирогч Э.Шинэхүү цаашид нэхэмжлэх хохиролгүй гэснийг дурдаж, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Ж.У нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд Б.Е, Э.М нарт учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүйг мэдэгдэж, Ж.У нь Б.Е, Э.М нараас хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ут авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Б, Э.М, Б.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Е, Ж.У нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ут холбогдох хэрэг нь өөрийн амь нас, эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн шинжтэй байна” гэх дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Уыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.  

Шийтгэх тогтоолд Ж.Уыг “Шүүгдэгч нарт зодуулж байхдаа Б.Еийн нүүр лүү нэг удаа цохисон, газар унаад зодуулж байхдаа Э.Мгийн гарын нэг хурууг хазсан зэрэг үйлдлийг  шүүгдэгч нарын довтолгоон бодитой эхэлсэн үед   хийсэн, Ж.Ут бусдад хүч хэрэглэх гэмт санаа байгаагүй, гэм буруу нь үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд, Б.Е, Э.М нарын мэдүүлгүүд, шинжээчийн 09/шэ 223 тоот дүгнэлтээр  шүүгдэгч Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон.

   Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Б.Е, Э.М нарын хувьд эхэлж Ж.У луу довтлоогүй, Ж.Уыг зодолдож байхад нь салгах гэж тэвэрсэн, татсан үйлдлийн эсрэг хүч хэрэглэн, улмаар 2 хүний биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

            Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  шүүгдэгч Э.М, Б.Е нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, ял шийтгэсэн нь буруу.” Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл болж байна.

            Прокуророос Э.М, Б.Е нарыг бүлэглэн Ж.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх дээрх хоёр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тус бүрийг 450 нэгжээр торгох ял шийтгэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “... шүүхийн шийтгэх тогтоолд урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж, өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгана” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн талаар огт тусгаагүй байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан.

            Шүүгч шүүх хуралдаанд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншин танилцуулахдаа “Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж уншиж танилцуулсан атлаа гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Е, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцсугай гэж зөрүүтэй бичсэн байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байгаа.

            Иймээс анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

            Шүүгдэгч Ж.У прокурорын бичсэн эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “... Би анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн бодитой гарсан гэж үзэж байна. Учир нь өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалсан юм. Э.М намайг заамдаж бооход нь боолтыг нь тавиулах гэж гарынх нь долоовор хурууг хазаж хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Энэ үед Б.Е араас ирж тэврээд авахаар нь эргээд хартал миний нүүр лүү цохихоор нь би нэг удаа цохисон нь үнэн. Намайг өөрийгөө хамгаалж бусдыг цохисон гэдгийг ойлгож шийдвэрээ гаргана уу. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Д.Ц прокурорын бичсэн эсэргүүцэлд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 тоот шийтгэх тогтоолоор Ж.Ут холбогдох хэрэгт “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн шинжтэй байна” гэсэн түүний үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж буйгаа тодорхой тэмдэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийн 2 дахь хэсгийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээний дотор өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е нарын өмгөөлөгч Ж.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Б, Э.М, Б.Е нар өөрсдийнхөө гэм бурууг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Ж.У үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд ямар нэгэн гомдол санал гаргаагүй, Ж.Уын үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор миний үйлчлүүлэгч нарын үйлдэл холбогдол, эрх зүйн байдал нь дордож, хохирсон зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нар өмгөөлөгч надаар дамжуулж  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэдгээ илэрхийлсэн. Мөн Э.М, Б.Е нар бусдын биед бүлэглэн халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын 4, 6 дугаар заалтад техникийн алдаа гарсан гэж үзэж байх тул өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Прокуророос Э.М, Б.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн, мөн уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь тус тус хуульд нийцэхгүй байх бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3,  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл хүлээн авах нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх Ж.Уыг бусдад хүч хэрэглэх санаа зорилго байгаагүй, өөрийнхөө амь нас эрүүл мэндийг хамгаалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг  үндэслэлтэй гэж үзлээ.  

Мөн шүүх, прокурорын эсэргүүцэлд дурьдсанаас гадна дараах зөрчлийг гаргаж хууль буруу хэрэглэсэн байна. 

Шүүгдэгч Э.М, Б.Е нар нь бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох” гэсэн заалтын дагуу зүйл тус бүрээр ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх байжээ.  

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар /тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр/ 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус бүрт тогтоож  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тодорхой заасан байхад хуулийн энэхүү заалтыг анхаарч үзээгүй нь буруу байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.   

 Иймд прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН