Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 220

 

Б.Б, Э.М, Б.Е,

Ж.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Ц,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох эрүүгийн 1704000740006 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Б.Б, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч  мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хорин бугат” авто засварын газарт засварчин ажилтай байсан,  одоо “SGS” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ...................................../;

2. О овгийн Э.М, 1992 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хорин бугат” авто засварын газарт засварчин ажилтай байсан, одоо Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайн “Хишиг Арвин” ХХК-д том тэрэгний оператор, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./,

3. Б овгийн Б.Е, 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо “Наран групп”-ын Наран плазад худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

4. Б овгийн Ж.У, 1989 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ШШГЕГ-ын харъяа хорих 427 дугаар ангид хамгаалалтын ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү болон 1 ойтой охин нарын хамт ............................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................................/;

Э.М, Б.Е нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг зөрчиж, Ж.Ут хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Мөн Э.М, Б.Е нар бүлэглэн Ж.Уыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна Б.Ө-тай зогсож байсан Э.Ш , Б.М  нарыг Б.Ө-тай муудалцаж байна гэж ойлгон юу ч хэлэлгүй Э.Ш-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Унь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллага явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна Э.М, Б.Е нартай зодолдож улмаар Э.Мгийн баруун гарын долоовор хурууг хазаж, Б.Еийг нүүрэн тус газар нь цохиж тус бүрт буюу 2 хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Э.М, Б.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг баримтлан Ж.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Уыг цагаатгаж,

Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.М, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Э.М, Б.Е нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Э.М, Б.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Э.М, Б.Е нарт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М, Б.Е нар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь эмчилгээний зардал буюу хор уршгийн хохирол 800.000 төгрөгийг хохирогч Э.Ш-д нөхөн төлсөн, хохирогч Э.Шинэхүү нь цаашид нэхэмжлэх хохиролгүй гэснийг баталж, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Ж.Унь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд Б.Е, Э.М нарт учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүйг мэдэгдэж, Ж.Унь Б.Е, Э.М нараас хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.У, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.М, Б.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б, Э.М, Б.Е, Ж.Унарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.” Үүнд:

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.У-ын үйлдэлд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...”, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Е, Э.М нарын өгсөн мэдүүлгүүдээр хохирогч Э.М нь шүүгдэгч Э.Б.Б, Ж.У нарыг зодолдож байхад нь араас нь салгах гээд Ж.Уыг тэврэхэд, тэрээр эргэж харан Э.Мг цохисон, улмаар өөр хоорондоо зодолдож, газарт унахад гарын хурууг хазсан, хохирогч Б.Е нь “Ж.У зодолдож” байхаар нь очиж татахад Ж.У түүн рүү дайрсан, Ж.У, Э.М хоёрын голоор орж Ж.Уыг холдуулахад түүний хамар луу цохисон үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Б.Е, Э.М нарын хувьд Ж.У-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар довтолсон “бодит” довтолгоон хийгээгүй, тэдгээрийн хувьд зодооныг салгах гэсэн санаа зорилгоор араас нь татсан, тэвэрсэн үйлдэл хийсэн, уг үйлдлийн эсрэг өөрөө бусдын эрхэд халдаж, хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол учруулсан, дээрх нөхцөл байдалд буюу араас тэвэрсэн, татсан үйлдэл нь бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой байх хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байна.

Мөн дээрх хохирогч, шүүгдэгч Б.Е, Э.М нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан Э.Б.Бын “... Өлзий ах ганцаараа хэдэн залуучуудтай уулзаад зогсож байсан ба М нь хоргоогоод цохиод авахаар нь зууралдаад авсан” гэх мэдүүлгээр Ж.Унь гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын нөхцөлд 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, 1 хүний бие эрхтэнд халдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Е, Э.М нарын хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн, Б.Бын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн удаа дараагийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, Ж.Унь бусдын хууль бус халдлагад өртсөн Э.Шинэхүүг газраас босгож авахаар очиход Э.М, Б.Е нар түүнийг барьж авч, нүүр лүү нь гараараа олон удаа цохих, газар унаган чирэх зэргээр зодож байхад өөрийгөө хамгаалж, Б.Еийн нүүр лүү гараараа нэг удаа цохих, Э.Мгийн гарыг тавиулах гэж хурууг нь хазах зэргээр гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй..”, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн” шийдвэрийг уншиж сонсгосон ба энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгээр нотлогдож тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж хуульчлан тогтоосон.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж зөрүүтэй байдлаар шийтгэх тогтоолыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Б нарт холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е нарын өмгөөлөгч Л.Ганганбарс прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийн 2 дахь хэсэгт дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тухай буюу шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн гэж шийдвэрээ уншиж сонсгосон байж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтад “хэрэгсэхгүй болгосугай” гэж зөрүүтэй байдлаар шийтгэх тогтоолыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болдог ч энэхүү шийдвэрийн хувьд шүүгч тухайн этгээдийг гэм буруутайд тооцоод хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагаар зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь маш тодорхой байсан. Зөвхөн шүүгч нь шийдвэрийг уншиж сонсгохдоо хэрэгсэхгүй болгосон тухайн хэсгийг орхигдуулан уншсан техникийн шинжтэй алдаа байсан. Яг адилхан хөнгөн гэмт хэргээр зүйлчлэгдсэн нөгөө хоёр холбогдогчийн зүйлчлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байхад энэ нь хуульчдад битгий хэл энгийн хүнд ч ойлгомжтой асуудал байсан. Шийдвэрийг сонссоны дараа өмгөөлөгчийн зүгээс “Б.Бын зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон биз дээ” гэж асуухад шүүгч тайлбар хийх явцдаа хөнгөн гэмт хэргийн зүйлчлэл бүгд адилхан хэрэгсэхгүй болсон. Шийдвэр уншихдаа орхигдуулсан байна гэдгийг тайлбарласан. Прокурор, өмгөөлөгч бүгд сууж байгаад сонссон. Аль нэг талаас нь хүсэлт гаргаагүй. Прокурорын нотлох гээд байгаа шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана.

Гэтэл тухайн үед шийдвэр уншихдаа өөрөөр уншчихаад огт чимээгүй байж байгаад гэнэтхэн гардуулсан шийдвэр нь огт өөр шийдвэр гараад ирчихсэн мэт хуулийн зөрчил яриад байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох шалтаг хайсан үйлдэл гэж ойлгож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд “... техникийн шинжтэй алдааг ...шүүх өөрийн санаачлагаар залруулж болно”, “... шүүх даруй хэлэлцэж шийдвэрийг залруулна”, “... хянан хэлэлцэх ажиллагаанд оролцогч, улсын яллагчийг оролцуулж болно” гэсэн зохицуулалт байгаа бөгөөд шүүхээс шийдвэр гаргахдаа техникийн шинжтэй аливаа алдаа гаргасан бол өөрөө залруулан засаж болдог байхаар хуульчилсан. Энэ дагуу шүүгч нь шийдвэр уншихдаа орхигдуулсан зйүлээ өмгөөлөгчийн асууснаар нэн дариу засан залруулж, талуудыг бүгдийг байлгаж байгаад залруулан хэлж өгсөн. Үүний улмаас хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн буюу аль нэг талын хууль ёсны эрх ашигт халдсан ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд тэр тусмаа шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох ямар нэгэн ноцтой үр дагавар байхгүй гэж үзэж байна ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Упрокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “... Би 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулдаг “Багануур зоог”-ийн газарт эхнэр Золзаяа, найз Шинэхүү, Энхтайван, Мөнхтөр нартай хоол идэх гэж очтол цайны газрын үүдэнд Б.Б гэдэг залуу найз Шинэхүүг цохиж унагаан, Э.М гэдэг залуу намайг татаж бооход нь би боолтод ороод байхаар нь тавиулах гэж баруун гарын долоовор хурууг хазаж гэмтэл учруулсан. Б.Е гэдэг залуу миний араас татаж, нүүрэн тус газар цохиход нь зөрүүлээд цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн биеэ хамгаалах зорилгоор энэ хоёр хүнийг цохиж гэмтэл учруулсан. Түүнээс санаатайгаар зодож биед нь гэмтэл учруулах зорилго байгаагүй. Иймд миний үйлдлийг үнэлж, дүгнэн шийдвэр гаргаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Уыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа. Прокуророос харилцан зодолдсон гэж үзэж, яллах талын нотлох баримтыг тайлбарлаж байна. Хоорондоо зодоон үүсгээд нэг нь муужраад унахаар нь Ж.У очсон. Нэгийг нь боолтонд барьчихлаар нь тавиулах гээд гарыг нь хазсан, араас нь татаад цохихоор нь эргүүлээд цохисон зүйл байгаа. Ж.У-ын үйлдлээс болж хэн нэгэн гэмтээгүй. Өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалж цохисон. Хохирогч нар хэн нэгэнд цохиулаад юм уу, хүмүүс ч гэсэн ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөхдөө хариу ямар нэгэн үйлдэл үзүүлдэг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг шүүх зөв ойлгож, хэрэглэсэн. Шүүгч Б.Быг 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр танилцуулахад Л.Ганганбарс өмгөөлөгч адилхан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэхэд орхигдуулсан байна гээд залруулга хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е, Ж.Унарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан.

Прокурор Ж.Бүрэнжаргалын эсэргүүцэлд “... Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрийг уншиж сонсгосон атлаа гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж зөрүүтэй тогтоол гаргасан ...” гэж дурьджээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е нарын өмгөөлөгч Л.Ганганбарс прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа “... Шийдвэрийг сонссоны дараа өмгөөлөгчийн зүгээс “Б.Бын хэргийг хэрэгсэхгүй болгосон биз дээ” гэж асуухад шүүгч тайлбар хийх явцдаа хөнгөн гэмт хэргийн зүйлчлэл бүгд адилхан хэрэгсэхгүй болсон. Шийдвэр уншихдаа орхигдуулсан байна” гэж тайлбарласан ...” гэж, шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш “... Шүүгч Б.Быг 450.000 төгрөгөөр торгосугай гэж уншсан. Л.Ганганбарс өмгөөлөгч адилхан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэхэд орхигдуулсан байна гээд залруулж хэлсэн.” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Хэдийгээр шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хавтаст хэрэгт хавсаргагдаж ирээгүй боловч прокурор, өмгөөлөгч нарын дээрх тайлбар, дүгнэлтээс үзэхэд шүүх хуралдаан дээр уншиж сонсгосноос өөр шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулсан болох нь тогтоогдож байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийн “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй ...” талаарх гаргасан хэсгийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийн бусад хэсгийг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН