Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/01035

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/01035

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ПДУ 1*******,*******,*******/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *******,*******,*******/-т холбогдох

9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2020 оны 3 сарын 29-нд *******гөөс 1.5 тонны 1998 оны 2014 онд орж ирсэн кантер ачааны жижиг машиныг 9,500,000 төгрөгөөр худалдан авсан юм. Би өөрөө өнгөрсөн жил харвалт өгсөн бөгөөд энэ машиндаа орж сууж чадахгүй байсан учир 7 хоногийн дараа зарах гэтэл уг машин нь хар утаа хаядаг, масло иддэг ( мотор муу ), рам нь улзайсан, шалны модгүй осп панераар шалласан зарагдах зах зээлийн үнэ нь эдгээр эвдрэлгүй байхад 7,000,000 сая төгрөгөөс дээш гарахгүйг мэдсэн. Уг машиныг надад зарсан ******* нь өмнө нь надтай нэг дор ажилладаг, таньдаг хүн байсан болохоор над шиг машин тэрэг шалгаж авах чадваргүй хүнд ийм машин өгчихнө гэж үнэхээр бодолгүй итгэж авсан нь миний буруу болсон байна лээ. Ингээд зарагдахгүй болохоор нь 10 гаруй хоногийн дараа *******д машиныг буцааж өгөх гээд авахгүй болохоор нь гэрийнх нь гадаа аваачиж тавиад түлхүүрийн өгүүлж 5,6 хоносон боловч авахгүй шүүхдээ өг гэсэн.

Иймээс машиныг буцааж аваад 100-гаад мянган төгрөгөөр оношлуулж, авто машины үнэлгээний газраар үнэлүүлж шүүхэд хандаж байна. Нэгэнт энэ машинаар ачаа ачиж болохгүй, үүргээ хангаж чадахгүй, зах зээлийн үнээс илүү үнээр авсан болохоор зарж чадахгүй, засаж чадахгүй учир машиныг эзэнд нь буцааж өгч худалдаж авсан 9.500.000 мянган төгрөгөө гаргуулж авахыг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: ******* би нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би ******* улсын дугаартай Кантер маркын бага оврын ачааны машиныг унаж байгаад крантай Исузу маркын том оврын машин авах шаардлага гарахаар нь Кантер маркын машинаа зарахаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийтийн цахим сүлжээ болон Эрдэнэт авто зар зэрэг сайтуудад машиныхаа зургийг утасныхаа дугаарын хамт оруулсан юм. Тухайн үед надаас машин авахаар хүмүүс утсаар их асууж байсан Булганаас нэг хүн ирээд авахаар болоод ирээд үзээд явсан байсан би тэр хүнд зарах гэж байтал ******* гэдэг зүс таних ах утсаар яриад ирж үзсэн. ******* машин үзэхээр 3 удаа ирэхдээ хажуудаа нэг хүнтэй ирээд тэр хүн нь машиныг унаж яваад, доогуур дээгүүр нь ороод бүх л юмыг нь үзэж шалгаад хэвийн сайн машин байна гээд авахаар болж тохиролцоод явсан мөн эхнэрийнхээ хамт ирж үзээд авахаар болсон. Би *******ын биеийн байдалд нь тааруулж машинаа зараагүй, би миний машиныг аваач гэж гуйгаагүй, энэ хүн зарын дагуу утасдаад ирж машиныг шалгаж үзээд өөрөө болно бүтнэ гээд үнэ хөлсөө тохиролцоод авсан. Түүнээс биш *******ын нэхэмжлэлд бичсэн шиг машин шалгах боломжгүй, бие муутай хүнд далимдуулаад худал хэлээд зарчихсан юм бол байхгүй, өөрөө машин сайн мэддэг хүн гэж хэлээд нэг хүн дагуулж ирээд шалгаж үзээд аваад явсан. Би угаасаа энэ машиныг 9,500,000 төгрөгөөр л зарах байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн сайн машин байсан, энэ машиныг авах гэсэн хүмүүс ч байсан гэтэл ******* ирээд шалгаж үзээд худалдаж авсан бид хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч амаар харилцан тохиролцож 9.500.000 төгрөгөөр зарж машинаа өгсөн юм. *******тай би нэрийг нь шилжүүлээд өгье гэхэд ******* ах нэр ус яахав, тэгж байгаад шилжүүлчихье" гээд байсан, магадгүй миний зүгээр байсан машиныг аваад өөр рам, эвдрэл гэмтэлтэй зүйлээр соличихоод буцаагаад өгье гэсэн бодолтой байсан ч байж магадгүй гэж би бодож байна.

Би ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй доголдолгүй машинаа зарсан, ******* өөрөө машин сайн мэддэг хүнээр шалгуулаад ирээд үзээд аваад явсан тул одоо дахиж наймаа буцах асуудал бол байхгүй учир *******ын гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д Ундрах машин авсаныхаа дараа 7 хоногийн дараа энэ чинь үнэхээр сайн машин юм аа гэж надад өөрөө хэлж байсан, хэрэв үнэхээр гэмтэлтэй байсан бол тухайн үедээ ******* сайн машин гэж хэлэхгүй, доголдолтой байсан бол тэр доголдолын талаар хэлэх байсан, тэгэхээр энэ машин бол ямар ч гэмтэлгүй байсан. Харин 1 сарын дараа л гэнэт эвдрэлтэй гээд эхэлсэн юм, би *******ыг өөрөө унаж хэрэглэж байгаад энэ эвдрэлийг гаргасан гэж үзэж байна.

Тухайн үед ******* нь гар утсаар надтай ярихдаа би бие муутай болохоор энэ машиныг барьж чадахгүй байна түүнээс биш сайн машин байна лээ гэж ярьж байсан, тэгчихээд одоо 2-3 сар хэрэглэж байгаад гэнэт л эвдрэлтэй машин өгсөн мэтээр яриад 2 өөр юм яриад байгаа тул *******ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Энэ машиныг 2019 оны 10 дугаар сарын 24-нд оношлогоонд оруулсан байсан. Тухайн үед рам гулзайсан, мотор муу байсан бол оношлогоонд оруулахад мэдэгдэх байсан гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдаж авсан машиныг буцаан өгч, 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчаас 1.5 тонны даацтай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн, Кантер маркийн ачааны жижиг машиныг 9,500,000 төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд уг автомашин нь эвдрэлтэй байсан тул буцаан өгч, худалдаж авсан 9,500,000 төгрөгөө гаргуулж авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь машин худалдаж авахын өмнө 3 удаа ирэхдээ хажуудаа нэг хүнтэй ирээд тэр хүн нь машиныг унаж яваад доогуур,дээгүүр нь ороод бүх л юмыг нь үзэж шалгаад хэвийн сайн машин байна гээд авахаар болоод тохиролцоод явсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн сайн машин байсан, 2019 оны 10 дугаар сарын 24-нд оношлогоонд оруулсан гэж тайлбарлаж байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр: ......маргааны зүйл болох ******* дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад хөдөлгүүрээс гарах утаа тортогжилт ихтэй, урд тэнхлэг стандарт шаардлага хангахгүй байгаа тул эвдрэлүүдийг засаж, техникийн хяналтын үзлэгт дахин хамрагдаж стандартын дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасны дараа замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Ашид билгүүн ХХК нь ******* дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргасан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дээрх автомашины зах зээлийн дундаж үнийг 7,500,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх болон нэхэмжлэгч машины үнэ 9,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, нэхэмжлэгч автомашиныг хүлээн авсан талаар маргахгүй байна. Харин нэхэмжлэгч нь маргааны зүйл болох автомашиныг эд хөрөнгийн доголдолтой байсан гэж үзэж гэрээг цуцалж,уг автомашиныг буцаан өгч, автомашины үнэ 9,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардах эрхээ алдана гэж заажээ.

Гэвч нэхэмжлэгч ******* дугаартай, Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авах үед уг машин нь хар утаа хаядаг, мотор муу масло иддэг, рам нь гулзайсан зэрэг доголдолтой байсан нь түүнийг хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 онд харвалт өгсөний улмаас эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй, автомашиныг өөрөө унаж, шалгаж авах чадваргүй, энэ автомашиндаа орж сууж, унаж чадахгүй байсан учир 7 хоногийн дараа худалдах гэтэл дээрх эвдрэл доголдол илэрсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд тэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар доголдлыг арилгуулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хэдийгээр гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа боловч түүний шилжүүлж авсан ******* дугаартай Мицубиши кантер маркийн автомашин хар утаа хаядаг, мотор муу масло иддэг, рам нь гулзайсан зэрэг доголдолтой байсан нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ ихээхэн хэмжээгээр зөрчсөн гэж үзэж татгалзах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь татгалзах эрхгүй, харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1,254.2-д зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

Иймд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээ зэрэг баримтыг үндэслэн машины үнийг бууруулж 7,500,000 төгрөг гэж тооцон хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1,254.2-д заасныг баримтлан хариуцагч *******гөөс 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс татгалзаж авсан машиныг буцаан өгөх, 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН