Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 135

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2020/00135

 

 

Д.Ундрахын нэхэмжлэлтэй, хариуцагч

Г.Түмэн-Өлзийд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Д.Ундрахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Түмэн-Өлзийд холбогдох,

Авто машины үнэ 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ундрах би 2020 оны 3 сарын 29-нд Г.Түмэн-Өлзийгөөс 1.5 тонны 1998 оны 2014 онд орж ирсэн кантер ачааны жижиг машиныг 9.500.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би өөрөө өнгөрсөн жил харвалт өгсөн бөгөөд энэ машиндаа орж сууж чадахгүй байсан учир 7 хоногийн дараа зарах гэтэл уг машин нь хар утаа хаядаг, масло иддэг ( мотор муу ), рам нь улзайсан, шалны модгүй осп панераар шалласан зарагдах зах зээлийн үнэ нь эдгээр эвдрэлгүй байхад 7.000.000 сая төгрөгөөс дээш гарахгүйг мэдсэн. Уг машиныг надад зарсан Г.Түмэн-Өлзий нь өмнө нь надтай нэг дор ажилладаг, таньдаг хүн байсан болохоор над шиг машин тэрэг шалгаж авах чадваргүй хүнд ийм машин өгчихнө гэж үнэхээр бодолгүй итгэж авсан нь миний буруу болсон байна лээ. Ингээд зарагдахгүй болохоор нь 10 гаруй хоногийн дараа Г.Түмэн-Өлзийд машиныг буцааж өгөх гээд авахгүй болохоор нь гэрийнх нь гадаа аваачиж тавиад түлхүүрийн өгүүлж 5,6 хоносон боловч авахгүй шүүхдээ өг гэсэн.

Иймээс машиныг буцааж аваад 100-гаад мянган төгрөгөөр оношлуулж, авто машины үнэлгээний газраар үнэлүүлж шүүхэд хандаж байна. Нэгэнт энэ машинаар ачаа ачиж болохгүй, үүргээ хангаж чадахгүй, зах зээлийн үнээс илүү үнээр авсан болохоор зарж чадахгүй, засаж чадахгүй учир машиныг эзэнд нь буцааж өгч худалдаж авсан 9.500.000 мянган төгрөгөө гаргуулж авахыг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч Г.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Түмэн-Өлзий би нэхэмжлэгч Д.Ундрахын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би 24-96 ОРБ улсын дугаартай Кантер маркийн бага оврын ачааны машиныг унаж байгаад крантай Исузу маркийн том оврын машин авах шаардлага гарахаар нь Кантер маркийн машинаа зарахаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийтийн цахим сүлжээ болон Эрдэнэт авто зар зэрэг сайтуудад машиныхаа зургийг утасныхаа дугаарын хамт оруулсан юм. Тухайн үед надаас машин авахаар хүмүүс утсаар их асууж байсан Булганаас нэг хүн ирээд авахаар болоод ирээд үзээд явсан байсан би тэр хүнд зарах гэж байтал Д.Ундрах гэдэг зүс таних ах утсаар яриад ирж үзсэн. Д.Ундрах машин үзэхээр 3 удаа ирэхдээ хажуудаа нэг хүнтэй ирээд тэр хүн нь машиныг унаж яваад, доогуур дээгүүр нь ороод бүх л юмыг нь үзэж шалгаад хэвийн сайн машин байна гээд авахаар болж тохиролцоод явсан мөн эхнэрийнхээ хамт ирж үзээд авахаар болсон. Би Д.Ундрахын биеийн байдалд нь тааруулж машинаа зараагүй, би миний машиныг аваач гэж гуйгаагүй, энэ хүн зарын дагуу утасдаад ирж машиныг шалгаж үзээд өөрөө болно бүтнэ гээд үнэ хөлсөө тохиролцоод авсан. Түүнээс биш Д.Ундрахын нэхэмжлэлд бичсэн шиг машин шалгах боломжгүй, бие муутай хүнд далимдуулаад худал хэлээд зарчихсан юм бол байхгүй, өөрөө машин сайн мэддэг хүн гэж хэлээд нэг хүн дагуулж ирээд шалгаж үзээд аваад явсан. Би угаасаа энэ машиныг 9,500,000 төгрөгөөр л зарах байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн сайн машин байсан, энэ машиныг авах гэсэн хүмүүс ч байсан гэтэл Д.Ундрах ирээд шалгаж үзээд худалдаж авсан бид хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч амаар харилцан тохиролцож 9.500.000 төгрөгөөр зарж машинаа өгсөн юм. Д.Ундрахтай би нэрийг нь шилжүүлээд өгье гэхэд Д.Ундрах ах нэр ус яах вэ, тэгж байгаад шилжүүлчихье" гээд байсан, магадгүй миний зүгээр байсан машиныг аваад өөр рам, эвдрэл гэмтэлтэй зүйлээр сольчхоод буцаагаад өгье гэсэн бодолтой байсан ч байж магадгүй гэж би бодож байна.

Би ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй доголдолгүй машинаа зарсан, Д.Ундрах өөрөө машин сайн мэддэг хүнээр шалгуулаад ирээд үзээд аваад явсан тул одоо дахиж наймаа буцах асуудал бол байхгүй учир Д.Ундрахын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д Ундрах машин авсныхаа дараа 7 хоногийн дараа энэ чинь үнэхээр сайн машин юм аа гэж надад өөрөө хэлж байсан, хэрэв үнэхээр гэмтэлтэй байсан бол тухайн үедээ Д.Ундрах сайн машин гэж хэлэхгүй, доголдолтой байсан бол тэр доголдлын талаар хэлэх байсан, тэгэхээр энэ машин бол ямар ч гэмтэлгүй байсан. Харин 1 сарын дараа л гэнэт эвдрэлтэй гээд эхэлсэн юм, би Д.Ундрахыг өөрөө унаж хэрэглэж байгаад энэ эвдрэлийг гаргасан гэж үзэж байна.

Тухайн үед Д.Ундрах нь гар утсаар надтай ярихдаа би бие муутай болохоор энэ машиныг барьж чадахгүй байна түүнээс биш сайн машин байна лээ гэж ярьж байсан, тэгчхээд одоо 2-3 сар хэрэглэж байгаад гэнэт л эвдрэлтэй машин өгсөн мэтээр яриад 2 өөр юм яриад байгаа тул Д.Ундрахын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Энэ машиныг 2019 оны 10 дугаар сарын 24-нд оношилгоонд оруулсан байсан. Тухайн үед рам гулзайсан, мотор муу байсан бол оношилгоонд оруулахад мэдэгдэх байсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-д заасныг баримтлан хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ундрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс татгалзаж авсан машиныг буцаан өгөх, 7.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ундрахад олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно мөн зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Д.Ундрахын гаргаж өгсөн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1000524 тоот үнэлгээний тайлан зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн нотлох баримтууд нь нэхэмжлэгч өөрөө явж шинжээч нарыг хувийн журмаар гуйж шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль бус аргаар, нотлох баримтыг цуглуулах хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт байх тул нотлох баримтаа алдаж байна.

Анхан шатны шүүх Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1000524 тоот үнэлгээний тайланг анхан шатны шүүхээс шинжээч томилж гаргуулаагүй, Д.Ундрах өөрөө хувиараа хийлгэж ирсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл хэсэн болгон тодорхойлж улмаар уг дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас машиныг буцаан өгөх, 7.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Д.Ундрахад өгөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллага, тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой аргачлалын дагуу хийгдсэн бодит дүнгээр хэмжигдэх цогц үйл ажиллагаа юм. Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хийсэн шинжилгээ, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх, улмаар хуульд заасан арга журмаар олж авсанд тооцох боломжгүй. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй түүнийг давууд үзэх, нотлогдсон тохиолдолд илүүд тооцох нь зүйд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай Иргэний хээлийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад гэрээ хэрхэн байгуулагдах талаар нарийвчлан заагаагүй тул нийтлэг эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал юм. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүйд хүрнэ, гэтэл 2 тал анхнаасаа машинаа үзэж хараад 9.500.000 төгрөгөөр худалдах, худалдаж авахаар тохиролцсон тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан 2 талын сайн дурын үндсэн энэ гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Г.Түмэн-Өлзий энэ үүргийнхээ дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй машиныг Д.Ундрахад хүлээлгэж өгсөн, Ундрах машинаа шалгаж үзээд төлбөрөө шилжүүлсэн байдаг. Эд хөрөнгийг шилжүүлж байх үед биет байдлын доголдолгүй машин хүлээж авсан болох нь энэ үйл явцаас тодорхой харагдаж байна. Хэрэв доголдолтой машин хүлээж авсан гэж Д.Ундрах маргаж байгаа бол тухай үедээ доголдлын талаарх мэдэх боломжтой байсан. Тухайлбал машиныг 4 сарын турш унаж хэрэглэсний дараа доголдлын талаар ярих биш худалдаж авч байх үедээ зохих байгууллагад шалгуулж оношилгоонд оруулах, дүгнэлт гаргуулах зэргээр шалгуулах боломжтой байсан, машин сайн мэддэг гээд хүн авчирч машины асаалгаж, хөдөлгөж доогуур дээгүүр нь орж сайн шалгасан нь тухайн үед машиныг доголдолгүй байсныг гэрчилнэ. Эд хөрөнгө хүлээн авах үед гэдэг нь гэрээний зүйлийн шинж байдал, эд хөрөнгийг хүлээн авахад шаардагдах хугацаа доголдлыг илрүүлэх, мэдэх боломжит хугацаа Д.Ундрахад хангалттай байсаар байхад өөрөө доголдолгүй машин гэж үзэж худалдан авч зориулалтын дагуу 4 сар ашигласан нь машиныг байгаа байдлаар нь худалдаж авсан гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт байгаа байдлаар нь эд хөрөнгийг сонгож худалдаж авсан бол машиныг тэр байдлаар тодорхойлж тохирсон гэж үзэх боломжтой.

Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон машины доголдол, үнийн санал дээр худалдан авагч мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар шалгуулж, эд хөрөнгөө хүлээн авах ёстой байсан, хэрэв энэ байдлаар машины аваагүй бол Иргэний хуулийн 255.1-д зааснаар шаардах эрхээ алдана. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт уг машин оношилгоонд орсон ба тухайн үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандарт шаардлагыг хангаж техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай тоотоор давхар нотлогдож байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Ундрах нь хариуцагч Г.Түмэн-Өлзийд худалдан авсан машинаа буцаан өгч 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Түмэн-Өлзий нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1998 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд орж ирсэн 1.5 тонны даацтай кантер ачааны машиныг 9.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг шилжүүлж, машиныг өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин машиныг өмчлөлдөө шилжүүлж авсны дараа ашиглалтын явцад хар утаа хаядаг, мотор нь муудсан, рам гулзайсан, шалны модгүй, оспо панераар шалласан зэрэг доголдолтой байсан учраас нэхэмжлэгч Д.Ундрах машиныг хариуцагч Г.Түмэн-Өлзийд буцаан өгч мөнгөө авахаар шаардахад хариуцагч зөвшөөрөөгүй тул өөрөө машиныг Авто тээврийн үндэсний газраар оношлуулж, Ашид билгүүн ХХК-аар үнэлүүлжээ. Хариуцагч Г.Түмэн-Өлзий нь машин зарах тухай зарын дагуу 1 хүн дагуулан ирж машиныг үзэж хараад хэвийн сайн машин байна, болно бүтнэ гээд үнэ хөлсөө амаар тохироод аваад явсан, өөрөө унаж хэрэглэж байгаад энэ эвдрэлийг гаргасан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардах эрхээ алдана, гэвч нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийг худалдан авах үед уг машин хар утаа хаядаг, мотор муу, масло иддэг, рам нь гулзайсан зэрэг доголдолтой байсан нь хүлээн авах үед мэдэгдэх боломжгүй байсан, нэхэмжлэгч 2019 онд харвалт өгсний улмаас эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй, өөрөө машин унаж шалгах чадваргүй, энэ авто машиндаа орж сууж унаж чадахгүй байсан учир 7 хоногийн дараа худалдах гэтэл дээрх эвдрэл гэмтэл илэрсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтүүдийг хийж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24-96 ОРБ дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн үнэлгээ зэргийг үндэслэн хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс үнийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Шүүхийн шинжилгээний хуульд нийцээгүй үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо тоо бүртгэл, урлаг утга зохиол, техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гаргаж шинжээч томилно. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн хүсэлт шийдвэрээр шинжилгээ хийхийг шинжээчид хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч Д.Ундрах өөрийн хүсэлтээр хийлгэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3..-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ