Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00597

 

 

Д.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар магадлалтай,

Д.У ын нэхэмжлэлтэй,

Г.Т д холбогдох,

Автомашины үнэ 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.У  нь хариуцагч Г.Т д холбогдуулан худалдан авсан автомашиныг буцаан өгч, үнэд 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Т гөөс 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс татгалзаж авсан машиныг буцаан өгөх, 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т гөөс 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У ад олгохоор шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.17-ны өдрийн 135 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Д.У ын гаргаж өгсөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020.06.26-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ашидбилгүүн” ХХК-ийн 2020.06.27-ны өдрийн 1000524 тоот үнэлгээний тайлан зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн нотлох баримтууд нь нэхэмжлэгч өөрөө шинжээч нарыг хувийн журмаар гуйж шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль бус аргаар, нотлох баримтыг цуглуулах хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт байх тул нотлох чадвараа алдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, мөн зүйлийн 38.5-т “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ашидбилгүүн” ХХК-ийн 1000524 тоот үнэлгээний тайланг анхан шатны шүүхээс шинжээч томилж гаргуулаагүй, Д.У  өөрөө хувиараа хийлгэж ирсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийнхээ үндэслэл хэсэг болгон тодорхойлж, улмаар уг дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагч Г.Т гөөс 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас машиныг буцаан өгөх, 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Д.У ад өгөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллага, тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой арга аргачлалын дагуу хийгдсэн бодит үр дүнгээр хэмжигдэх цогц үйл ажиллагаа юм. Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хийсэн шинжилгээ, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх, улмаар хуульд заасан арга журмаар олж авсанд тооцох боломжгүй. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй бол түүнийг давууд үзэх нь зүйд нийцэхгүй юм.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Маргаж буй талуудын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал юм. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүйд хүрнэ, гэтэл 2 тал анхнаасаа машинаа үзэж хараад 9,500,000 төгрөгөөр худалдах, худалдаж авахаар тохиролцсон тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан 2 талын сайн дурын үндсэн дээр энэ гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Т  энэ үүргийнхээ дагуу биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй машиныг У ад хүлээлгэж өгсөн, У  машинаа шалгаж үзээд төлбөрөө шилжүүлсэн байдаг. Тэгэхээр эд хөрөнгийг шилжүүлж байх үед биет байдлын доголдолгүй машин хүлээж авсан болох нь энэ үйл явцаас тодорхой харагдаж байна. Хэрэв үнэхээр доголдолтой машин хүлээж авсан гэж У  маргаж байгаа бол тухайн үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан тухайлбал машиныг 4 сарын турш унаж хэрэглэсний дараа доголдлын талаар ярих биш худалдаж авч буй үедээ зохих байгууллагад шалгуулж оношилгоонд оруулах, дүгнэлт гаргуулах зэргээр шалгуулах боломжтой байсан, машин сайн мэддэг гээд хүн авчирч тэр хүнээрээ машиныг асаалгаж хөдөлгөж доогуур дээгүүр нь орж сайн шалгасан нь тухайн үед уг машиныг доголдолгүй байсныг гэрчилнэ. “Эд хөрөнгө хүлээн авах үед” гэдэг нь гэрээний зүйлийн шинж байдал, эд хөрөнгийг хүлээн авахад шаардагдах хугацаа доголдлыг илрүүлэх, мэдэх боломжит хугацаа У ад бол хангалттай байсаар байхад өөрөө доголдолгүй машин гэж үзэж худалдан авч зориулалтын дагуу 4 cap ашигласан нь машиныг байгаа байдлаар нь худалдаж авсан гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт байгаа байдлаар нь эд хөрөнгийг сонгож худалдаж авсан бол машиныг тэр байдлаар тодорхойлж тохирсон гэж үзэх боломжтой. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болсон машины доголдол, үнийн санал дээр худалдан авагч мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар шалгуулж, эд хөрөнгөө хүлээн авах ёстой байсан хэрэв энэ байдлаар машинаа аваагүй бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардах эрхээ алдана. Түүнчлэн 2019.10.24-ний өдөр Сэлэнгэ аймагт уг машин оношилгоонд орсон ба энэ үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандарт шаардлагыг хангаж техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаар Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн даргын 2020.08.26-ны өдрийн 68 дугаартай тоотоор давхар нотлогдож байна. Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдалд хууль зүйн бодит дүгнэлтийг хийж хэргийг бүхэлд нь хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-ыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах биш харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсгийг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 1421/ШШ2020/01035 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.17-ны өдрийн 135 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Д.У  нь хариуцагч Г.Т д холбогдуулан худалдан авсан автомашиныг буцаан өгч, үнэд 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх ба шүүх хуралдааны явцад зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг ирүүлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргасан байна. 

8. Тус эвлэрлийн гэрээнд ...нэхэмжлэгч Д.У  би 24-96 ОРБ улсын дугаартай Cантер маркийн бага оврын ачааны автомашиныг 2021 оны 9 дүгээр сард Г.Цэлмүүнд 7,500,000 төгрөгөөр худалдсан, Г.Цэлмүүн нь дахиад Б.Лхагва-Очирт 9,500,000 төгрөгөөр худалдсан. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ буюу ...9,500,000 төгрөг гаргуулах, автомашиныг нь буцааж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчаас ямар нэгэн байдлаар төлбөр болон нэхэмжлэх зүйл байхгүй, энэ маргааныг дуусгавар болгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна. ...Бид энэхүү гэрээг өөрсдийн сайн дурын үндсэн дээр байгуулж, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгаа болно” гэжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан. 

10. Зохигчийн хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Д.У ыг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, зохигчийн болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/01035 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.У ын нэхэмжлэлтэй Г.Т д холбогдох худалдан авсан автомашиныг буцаан өгч, автомашины үнэд 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.08-ны өдөр төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД