Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Bluesky хотхон, 46В байрны 156 м.кв хувийн эзэмшлийн орон сууцыг маань зах зээлийн ханшнаас маш доогуур үнэлж төлбөр авагч Чинсанаад шилжүүлэх шийдвэр гарсанд маш гомдолтой байна. Иймд Чинсанаад хэт доогуур үнэлгээгээр шилжүүлж буй ажиллагааг хүчингүй болгох буюу хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Б-аас 104 487 000 төгрөгийг гаргуулж Ч-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16290828 дугаартай тогтоолоор үүсэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017оны 6 дугаар сарын 27-ны өдөр 187 дугаартай шинжээч томилуулах тогтоол гарсны дагуу шинжээч үнэлгээ хийгээд үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх “Хөрөнгө Эстимент” ХХК-аас хөрөнгө үнэлгээний тайланг гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан. Хөрөнгийг 381 850 700 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгө үнэлгээний тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. Зах зээлийн бодитой үнэлгээ гаргуулж чадаагүй, хэт багаар үнэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхдээ эрх бүхий этгээдийн тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдийг урьж хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн ажиллагаа нь хийгдээгүй. Ажиллаж байгаа шинжээч нь тусгай мэдлэгтэй эсэхийг урьдчилан тодруулж үүнтэй холбоотой баримтуудыг заавал тодруулах шаардлагатай. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн ажиллагаа явагдах ёстой. Гэтэл 9 дүгээр зүйлийн 9.1 дэх ажиллагаа явагдаагүй мөртлөө 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажиллагаа явсан. Аль шинжээчид нь танилцуулаад байгаа нь мэдэгддэггүй. н.Мөнхтуяа нь тусгай зөвшөөрөлтэй, н.Бат-Энх нь 12 жил тасралтгүй хийж байгаа гэдэг байдлаар  шинжилгээг гаргаад байдаг. Бат-Энх нь тусгай зөвшөөрөл байхгүй. н.Мөнхтуяа нь тамга тэмдэг дарсан байдаг боловч тусгай зөвшөөрөлтэй эсэх, тусгай зөвшөөрөл нь сунгагдсан эсэх талаар баримт бол байдаггүй. Тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй. Хоёрдугаарт хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хуулийн 9 дүгээр зүйл, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа холбоотой зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал онцлогт үндэслэсэн байх ёстой. Үндэслээгүй. Хөрөнгийн үнэлгээг хийх явцад хөрөнгийн үнэлгээний стандарт дүрэм журам норм, норматив зөрчсөн тэмдэглэх ёстой, тэмдэглээгүй. Мөн хуулийн 9.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байна гэж заасан байдаг. Энэ бол байхгүй. Хүний өмч хөрөнгийг  50-70 хувь үнэ бууруулан дуудлага худалдаанд оруулан зарах гэж байгаа. Зах зээлийн жишиг үнэ дээр 2 үзүүлэлт бичдэг. Харьцуулалт хийдэг. Хэдэн тоот, ямар байр, хэзээ ямар  гэрээ хэлцлээр хэрхэн яаж шилжсэн судалгааг хаанаас авсан юм бүү мэд.  Үнэлгээний тайлан гаргаад тухайн тайлангаа танилцуулаагүй. Танилцуулсан баримт байхгүй. тэгсэн мөртлөө ажиллагаанууд нь явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал өгөх ажиллагааны тэмдэглэл байгаа. Санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэдэг. Энэ нь Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар  дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн. Энэ дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэц 12 дугаар дүгнэлтээр гаргадаг. УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээж аваад зөрчсөн байна гэж шийддэг. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ тухайн үнийг 50 хувиар бууруулж тооцно гэсэн байсан. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай ажиллагааны тэмдэглэл, шийдвэр нь төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг 50 хувиар тооцуулж өгөх нь хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож өгнө үү. Учир нь санал болгох ажиллагааны шийдвэр нь тэмдэглэл гэж гардаг учраас уг ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгоно гэсэн үг. Нэхэмжлэгч хууль зүйн мэдлэггүйгэсэээ тухайн ажиллагаанд ороод явсан.  Санал болгох хурал болоод ирэхэд олон үр дагавраа ойлгоод ирсэн. Үнэлгээний тайлантайгаа танилцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 дугаар сарын 11-ний өдрийн санал болгох ажиллагаатай холбоотой Үндсэн хуулийн Цэц анхнаасаа хууль зөрчсөн байна гэж тогтоосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Р.Б-гаас төлбөр гаргуулж н.Чинсанаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16290828 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор үүсэж, тус газрын албан бичгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй учир Р.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаарт бүртгэлтэй Хан-Уулын дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот 155мкв 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 140/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураасан байна. Төлбөр төлөгч Р.Б-д үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал өгөхөөс татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 381 850 700 төгрөгөөр үнэлэгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж анхны албан дуудлага худалдаагаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оруулахад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/27569 дугаар албан бичгээр Р.Б-гийн оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаагаар оролцуулах тухай 4/29781 дүгээр мэдэгдлээр, тогтоолын хамт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/30546 дугаар мэдэгдэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус бүр төлбөр авагч Р.Б-д гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна. 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг заасны дагуу санал болгох хурлаас төлбөр төлөгчид төлбөрөө төлөх 45 хоногийн хугацаа өгч уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцож төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгч Р.Б-гийн төлсөн 1 000 000  төгрөг, зөрүү 86 237 965 төгрөгийг тус бүр төлбөр авагчаас гаргуулж, төлбөр авагчид олгохоор санал болгох хурлаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 3 хувиар бууруулж тооцно. Худалдан борлуулаагүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан нэхэмжлэлийн шаардлагаас илүү дүнтэй байх юм бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүү худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Санал болгох хурлын шийдвэрийг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид 45 хоногийн хугацаа өгч, өмнөх шийдвэрийн хамт зөрүү 86 237 965 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлт гарахаас өмнө буюу тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учир манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон, санал болгох хурал нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Санал болгох ажиллагааг би хийж, үүнээс хойш шүүхээр явсан. Үнэлгээний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр Р.Б-гийн 99006988 дугаартай утас руу залгаж мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байна. 9 дүгээр сарын 27-ны өдөр ахин энэ утсаар залгаж үнэлгээний тайланг ирж ав гэж хэлэх гэсэн боловч утсаа аваагүй тул мессэж бичиж үлдээлээ гэсэн тухайн үед шийдвэр гүйцэтгэгч тэмдэглээд явсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. 2017 оны 6 дугаар сарын 07–ны өдөр үнэлгээг гаргах хугацаанд төлбөр төлөгч бүтэн жилийн турш ямар ч төлбөр төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шинжээч очсон. Шинжээчийг орон байрандаа нэвтрүүлдэггүй. Байгаа мөртлөө үүдээ нээдэггүй янз бүрийн хүндрэлүүд гарч байсан. Тухайн үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1м.кв нь 2 700 000 төгрөг байсан. Гэтэл 2017 оны буюу 2 жилийн дараа үл хөдлөх  хөрөнгийн үнэ буурчихсан зах зээлийн хүндрэлтэй байсан үед харьцангуй өндөр үнэлэгдсэн юм. 2 жилийн дараа ердийн элэгдэл хорогдлын хасахад 2 447 761 төгрөгөөр 1м.кв нь оногдож байгаа юм. Үнэлгээ гарсны дараа 7 хоногийн дотор тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд ханддаг байгаа. Төлбөр төлөгчийн хувьд  шүүхэд хандсан, үнэлгээ зүй бусаар үнэлэгдлээ гэдэг санал гаргаагүй нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг  хангах хууль  зүйн үндэслэлгүйг нотолж байгаа юм. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сард санал болгох ажиллагаа явуулах хүртэл Б-ийн хувьд мөн ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэвээрээ байсан. Санал болгох хурал дээр биечлэн ирсэн. Санал болгох танилцуулга гэдэгтээ танилцаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Үүн дээр нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг байлцуулж байгаад танилцуулгыг нь танилцуулаад хуралд орсон. Хуралд ороод яаж төлөх гэж байгаа, яагаад болохгүй байгаа, хэдийн хир хугацаа авбал болохоор байна гэдэг. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс өмнө мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хууль зүйн дагуу явсан. Б 45 хоног байхад болно “ би тусгай хамгаалалтын газартай, энэ газраа зараад энэ мөнгийг өгнө. Байраа бол зармааргүй байна” гэсэн санал хэлсэн. Энэ саналыг л тусгаж өгсөн юм. Үүнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн саналыг харгалзаан 45 хоногийн хугацааг нь өгч энэ хугацаанд төлөөгүй бол ийм хуулийн заалттай шүү гэж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнийг хүлээн  зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж орж ирж байгаа. Гэтэл энэ ажиллагаа нь хуульд заасны дагуу 2018 оны 5 дугаар сард явагдсан. Гэтэл хэзээ хойно 2018 оны 10 сард Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол хугацаа хожсон асуудал болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Р.Б-д энэ үнэлгээг мэдэгдсэн учир хүлээн зөвшөөрөөд анхны дуудлага худалдааны  мэдэгдэхийг хүлээн аваад, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөөд яваад байдаг. Үнэлгээтэй холбоотой гомдлын энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлэх байгаа. Гэтэл хүлээн зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа сэргээлгэсэн асуудал байхгүй байгаа. Компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй. Энэ компани бол тодорхой аргачлалыг хийсэн. Тухайн үед 2 давхарт харалдаа байр нь зарагдаж байсан зар мэдээ сониноос. Тэднийд орж хэмжилт хийж хэдээр зарах гэж байгаа юм гэдгийг шинжээч хамт орж хийсэн учир өөрөө тайлбараа хэлэх байх. Тэгэхээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 2 агуулгыг аваад үзэх юм бол хоёр дахь шаардлага үндэслэлгүй. Төлбөр авагчийн хувьд маш их хохирдог. Төлбөр авагч н.Чинсанаагын нөхөр нь элэгний цероз, хавдартай. Өдөрт 185 000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Гадагшаа эмчилгээнд явж ирсэн. Энэ орон сууцыг худалдаж аваад сарын дараа мөнгөө өгнө гэж хэлээд төлөхгүйгээр 2-3 жил болж байна. Төлбөр төлөгчийн ухамсаргүй үйлдэл байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Ч-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Р.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “....нэхэмжлэгч Р.Б- нь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно...” гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Б нь хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тухай мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тусгай мэдлэгтэй эсэх тухайгаа нотолсон баримтаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгөөгүй, үнэлгээний эх сурвалж, харьцуулалт хийсэн тухай мэдээллүүдийг тайланд тусгаагүй, харин өөрийн компанид байх хувь дээр байгаа байх зэргээр мэдүүлдэг. Эндээс харахад үнэлгээний тайлан хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй нь тодорхой, бүрэн нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн байтал биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс ”....төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг  хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна ...” гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “ Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.” гэж зааснаар урьдчилан тодруулах ажиллагааг огт хийгээгүй байдаг бөгөөд шинжээч гэрчээр мэдүүлэг өгөхөд энэхүү байдлыг тодруулахад ажиллагаа хийгээгүй байдаг нь нотлогддог. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж зааснаар 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг огт явуулаагүйн дээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн захиралд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй байдаг. Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж заасныг зөрчөөгүй байн гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.”гэж, 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.”гэж тус тус зааснаар зөвхөн мэдэгдэх хуудас өгөхөөр зохицуулсан байна. Харин шаардлагатай тохиолдолд утсаар дамжуулан мэдэгдэж болохыг хуульчилсан байх бөгөөд энэхүү шаардлагатай тохиолдол бий болсон эсэх нь тодорхойгүй ба утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхээс гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар дүгнэлт хийсэн байдаг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан нотлох баримтууд нь хэзээ хэрхэн үйлдэгдсэн баримтууд болох нь тодорхойгүй, энэ талаар нотлосон гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, он сар нь харагдахгүй хувилагдсан байхад таамгаар цаг хугацааг тодорхойлон хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрээр “...шийдвэр гүйцэтгэх газраас 20185 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явуулсан санал болгох ажиллагааны явцад  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн эсхүл хүчингүй болгосон талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гарсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 19 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэл хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.” гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн байдаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт /”Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно...”гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулийн14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсоны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зүйл заалтыг ингэж шийдвэрлэсэн байгаа нь төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалах, хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхдээ бодитоор шилжүүлэх, төлбөр төлөгчийг хохироохгүй байх чухал шийдвэр гаргасан байх бөгөөд нэгэнт ингэж хууль хэрэгжиж байгаа тул санал болгох хурлын шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагаа нь хэрэгжээгүй, хуулийн дагуу түдгэлзсэн байсан ба уг зохицуулалт нь гарсан үеэсээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзнэ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн байдаг нь санал болгох ажиллагааны өмнө шийдвэрлэгдсэн байдаг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чинсанаад шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Харин хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1, 21-22, 133-134, 170 дугаар тал/.

 

            Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02627 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаар магадлалаар 104 487 000 төгрөгийг С.Чинсанаад олгож шийдвэрлэжээ./хэргийн 26-33 дугаар тал/

 

            Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16290828 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж, тус газрын албан бичгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, улмаар төлбөр төлөгч Р.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн 46В байрны 15 тоот 155м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 140/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдож байна./хэргийн /хэргийн 34-40, 44-45 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Р.Б-д үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/6800, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/10049 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч Р.Б- нь үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн ханшийг тогтоолгож, анхны дуудлага худалдааг явуулах хүсэлт гаргасан байна./хэргийн 46-48 дугаар тал/

 

Улмаар хариуцагч байгууллагаас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Шинжээч томилох тухай 187 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх бөгөөд шинжээч барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 381 850 700 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 50-59 дүгээр тал/

 

            Дээрх шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Р.Б-д 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр утсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Р.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. Гэтэл төлбөр төлөгч Р.Б- дээрх үнэлгээний талаар шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Мөн нэхэмжлэгч Р.Б- шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй ба хэрэгт цугларсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/34 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, зайсангийн тойруу 46 В байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний зах зээлийн үнийн 70 хувь болох 267 295 490 төгрөгөөр, хоёрдахь албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 381 850 000 төгрөгийн 50 хувь болох 190 925 350 төгрөгөөр тус тус тогтоон албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байх боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна./хэргийн 64-65, 74, 76-89 дүгээр тал/

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Р.Б-д санал болгох хурлын тухай мэдэгдсэн байна. /хэргийн 90, 93 дугаар тал/

 

            Төлбөр төлөгч Р.Б- нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр санал болгох хуралдаанд оролцож “газраа зарж төлбөрийг барагдуулах талаар болон төлбөрт газар авах талаар санал гаргаж, төлбөрт хураагдсан байрыг өгөх бодолгүй, 421 000 000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 340 000 000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлажээ./хэргийн 99 дүгээр тал/ Улмаар санал болгох хуралдаанаар төлбөр төлөгч Р.Б-д 45 хоногийн хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа өгсөн нь хууль зөрчөөгүй./хэргийн 96-97 дугаар тал/ Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр санал болгох ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

            Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр санал болгох ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл болгон тайлбарлаж байгаа дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их хурлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, дээрх заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон хуулийн заалт буцаан үйлчлэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                                      С.ЭНХТӨР