Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00211

 

Р.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаар магадлалтай,

Р.Б гийн нэхэмжлэлтэй,

НШШГГ  холбогдох,

Хан-Уул  дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в дугаар байрны 15 тоот, 156 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, тус орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50%-иар төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Р.Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Блью Скай хотхон, 46В байрны 156 м.кв хувийн эзэмшлийн орон сууцыг маань зах зээлийн ханшнаас маш доогуур үнэлж төлбөр авагч С.Чинсанаад шилжүүлэх шийдвэр гарсанд маш гомдолтой байна. Иймд С.Чинсанаад хэт доогуур үнэлгээгээр шилжүүлж буй ажиллагааг хүчингүй болгох буюу хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Р.Б гаас 104 487 000 төгрөгийг гаргуулж С.Чинсанаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 16290828 дугаартай тогтоолоор үүсч явдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017оны 6 дугаар сарын 27-ны өдөр 187 дугаартай шинжээч томилуулах тогтоол гарсны дагуу шинжээч үнэлгээ хийгээд үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх “Хөрөнгө Эстимэйт” ХХК-иас хөрөнгө үнэлгээний тайланг гаргаж 2017 оны 9 дүгээр сарын  6-ны өдөр явуулсан. Хөрөнгийг 381 850 700 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгө үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. Зах зээлийн бодитой  үнэлгээ гаргуулж чадаагүй гэж үзсэн. Хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхдээ эрх бүхий этгээдийн тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдийг урьж хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн ажиллагаа нь хийгдээгүй. Ажиллаж байгаа шинжээч нь тусгай мэдлэгтэй эсэхийг урьдчилан тодруулж үүнтэй холбоотой баримтуудыг заавал тодруулах шаардлагатай. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэсэн ажиллагаа явагдах ёстой. Гэтэл 9 дүгээр зүйлийн 9.1 дэх ажиллагаа явагдаагүй мөртлөө 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажиллагаа явсан. Аль шинжээчид нь танилцуулаад байгаа нь мэдэгддэггүй. н.Мөнхтуяа нь тусгай зөвшөөрөлтэй, н.Бат-Энх нь 12 жил тасралтгүй хийж байгаа гэдэг байдлаар  шинжилгээг гаргаад байдаг. Бат-Энх нь тусгай зөвшөөрөл байхгүй. н.Мөнхтуяа нь тамга тэмдэг дарсан байдаг боловч тусгай зөвшөөрөлтэй эсэх, тусгай зөвшөөрөл нь сунгагдсан эсэх талаар баримт байдаггүй. Тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хуулийн 9 дүгээр зүйл, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа холбоотой зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал онцлогт үндэслэсэн байх ёстой байтал үндэслээгүй. Хөрөнгийн үнэлгээг хийх явцад хөрөнгийн үнэлгээний стандарт дүрэм журам норм, норматив зөрчсөн тэмдэглэх ёстой, тэмдэглээгүй. Мөн хуулийн 9.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байна гэж заасан байдаг. Энэ бол байхгүй. Хүний өмч хөрөнгийг  50-70 хувь үнэ бууруулан дуудлага худалдаанд оруулан зарах гэж байгаа. Зах зээлийн жишиг үнэ дээр 2 үзүүлэлт бичдэг. Харьцуулалт хийдэг. Хэдэн тоот, ямар байр, хэзээ ямар  гэрээ хэлцлээр хэрхэн яаж шилжсэн судалгааг хаанаас авсан юм бүү мэд. Үнэлгээний тайлан гаргаад тухайн тайлангаа танилцуулаагүй. Танилцуулсан баримт байхгүй, тэгсэн мөртлөө ажиллагаанууд нь явсан гэжээ.

Нэхэмжлэгч Р.Б  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал өгөх ажиллагааны тэмдэглэл байгаа. Санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар  дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн. Энэ дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэц 12 дугаар дүгнэлтээр гаргадаг. УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээж аваад зөрчсөн байна гэж шийддэг.

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ тухайн үнийг 50 хувиар бууруулж тооцно гэсэн байсан. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай ажиллагааны тэмдэглэл, шийдвэр нь төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг 50 хувиар тооцуулж өгөх нь хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож өгнө үү.

Учир нь санал болгох ажиллагааны шийдвэр нь тэмдэглэл гэж гардаг учраас уг ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгоно гэсэн үг. Нэхэмжлэгч хууль зүйн мэдлэггүйгээсэээ тухайн ажиллагаанд ороод явсан. Санал болгох хурал болоод ирэхэд олон үр дагавраа ойлгоод ирсэн. Үнэлгээний тайлантайгаа танилцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 дугаар сарын 11-ний өдрийн санал болгох ажиллагаатай холбоотой Үндсэн хуулийн Цэц анхнаасаа хууль зөрчсөн байна гэж тогтоосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Р.Б гаас төлбөр гаргуулж С.Чинсанаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16290828 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор үүсч, тус газрын албан бичгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй учир Р.Б гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот 155 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 140/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураасан байна.

Төлбөр төлөгч Р.Б д үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал өгөхөөс татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 381 850 700 төгрөгөөр үнэлэгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мэдэгдэж, анхны албан дуудлага худалдаагаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр оруулахад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/27569 дугаар албан бичгээр Р.Б гийн оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Анхны албан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаагаар оролцуулах тухай 4/29781 дүгээр мэдэгдлийг тогтоолын хамт 2017 оны 12 дугаар сарын 8 өдрийн 4/30546 дугаар мэдэгдлээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр тус бүр төлбөр авагч Р.Б д гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна. 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг заасны дагуу санал болгох хурлаас төлбөр  төлөгчид төлбөрөө төлөх 45 хоногийн хугацаа өгч, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн 46В байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг  үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцож төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгч Р.Б гийн төлсөн 1 000 000  төгрөг, зөрүү 86 237 965 төгрөгийг тус бүр төлбөр авагчаас гаргуулж, төлбөр авагчид олгохоор санал болгох хурлаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн 73 дугаар зүйлийн 73.3., 73.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 3 хувиар бууруулж тооцно. Худалдан борлуулаагүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан нэхэмжлэлийн шаардлагаас илүү дүнтэй байх юм бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүү худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авахад нээгдэнэ гэж байгаа.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Санал болгох хурлын шийдвэрийг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид 45 хоногийн хугацаа өгч, өмнөх шийдвэрийн хамт зөрүү 86 237 965 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлт гарахаас өмнө буюу тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учир манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон, санал болгох хурал нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Санал болгох ажиллагааг би хийгээд тэрнээс хойш шүүхээр явсан. Үнэлгээний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр Р.Б гийн 99006988 дугаартай утасруу залгаж мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байна. 9 дүгээр сарын 27-ны өдөр ахин энэ утсаар залгаж үнэлгээний тайланг ирж ав гэж хэлэх гэсэн боловч утсаа аваагүй тул мессеж бичиж үлдээлээ гэсэн тухайн үед шийдвэр гүйцэтгэгч тэмдэглээд явсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Чинсанаагийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээг гаргах хугацаанд төлбөр төлөгч бүтэн жилийн турш ямар ч төлбөр төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж ирсэн. 2017 оны  6 дугаар сарын 07-ны өдөр шинжээч очсон. Шинжээчийг орон байрандаа нэвтрүүлдэггүй, гэртээ байгаа мөртлөө үүдээ нээдэггүй, янз бүрийн хүндрэлүүд гарч байсан. Тухайн үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 м.кв нь 2 700 000 төгрөг байсан. Гэтэл 2017 оны буюу 2 жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурчихсан, зах зээлийн хүндрэлтэй байсан үед харьцангуй өндөр үнэлэгдсэн юм. 2 жилийн дараа ердийн элэгдэл хорогдлын хасахад 2 447 761 төгрөгөөр 1 м.кв нь оногдож байгаа юм.

Үнэлгээ гарсны дараа 7 хоногийн дотор тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд ханддаг. Төлбөр төлөгчийн хувьд  шүүхэд хандсан, үнэлгээ зүй бусаар үнэлэгдлээ гэдэг санал гаргаагүй нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүйг нотолж байгаа юм. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сард санал болгох ажиллагаа явуулах хүртэл Р.Б гийн хувьд мөн ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэвээрээ байсан. Санал болгох хурал дээр биечлэн ирсэн. Санал болгох танилцуулга гэдэгтэй танилцаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Үүн дээр нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг байлцуулж байгаад танилцуулгыг нь танилцуулаад хуралд орсон. Хуралд ороод яаж төлөх гэж байгаа, яагаад болохгүй байгаа, хэдийн хир хугацаа авбал болохоор байна гэдэг.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс өмнө мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хууль зүйн дагуу явсан. Р.Б  45 хоног байхад болно “би тусгай хамгаалалтын газартай, энэ газраа зараад энэ мөнгийг өгнө. Байраа бол зармааргүй байна” гэсэн санал хэлсэн. Энэ саналыг л тусгаж өгсөн юм. Үүнийг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн саналыг харгалзан 45 хоногийн хугацааг нь өгч, энэ хугацаанд төлөөгүй бол ийм хуулийн заалттай шүү гэж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж орж ирж байгаа. Гэтэл энэ ажиллагаа нь хуульд заасны дагуу 2018 оны 5 дугаар сард явагдсан. Гэтэл хэзээ хойно 2018 оны 10 сард Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол хугацаа хожсон асуудал болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Р.Б д энэ үнэлгээг мэдэгдсэн учир хүлээн зөвшөөрөөд анхны дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн аваад, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөөд яваад байдаг. Үнэлгээтэй холбоотой гомдлын энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлэх байгаа. Гэтэл хүлээн зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа сэргээлгэсэн асуудал байхгүй байгаа. Компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй. Энэ компани бол тодорхой аргачлалыг хийсэн. Тэднийд орж хэмжилт хийж, хэдээр зарах гэж байгаа юм гэдгийг шинжээч хамт орж хийсэн учир өөрөө тайлбараа хэлэх байх. Тэгэхээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын 2 агуулгыг аваад үзэх юм бол хоёр дахь шаардлага үндэслэлгүй. Төлбөр авагчийн хувьд маш их хохирдог. Төлбөр авагч С.Чинсанаагийн нөхөр нь элэгний цероз, хавдартай. Өдөрт 185 000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Гадагшаа эмчилгээнд явж ирсэн. Энэ орон сууцыг худалдаж аваад, сарын дараа мөнгөө өгнө гэж хэлээд төлөхгүйгээр 2-3 жил болж байна. Төлбөр төлөгчийн ухамсаргүй үйлдэл байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 73.3-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ  холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чинсанаад шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Цорос овогт Рэнцэнгийн Бурмаа /ХЗ75110721/-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дахь хэсэгт “...Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж, мөн зүйлийн 172.2.2 дахь хэсэгт “...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянаад “...нэхэмжлэгч Р.Б  нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй ба хэрэгт цугларсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэдэг нь нотлогдон тогтоогддог бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 381 850 700 төгрөгөөр үнэлгээг гаргасан, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 421 200 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээгээр 1 жил хугацааны өмнө худалдан авсан орон сууцыг даруй 40 сая төгрөгөөр багасган үнэлсэн нь хэрэгт цугларсан баримтаар үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Бат-Энх нь хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тухай мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тусгай мэдлэгтэй эсэх тухайгаа нотолсон баримтаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгөөгүй, үнэлгээний эх сурвалж, харьцуулалт хийсэн тухай мэдээллүүдийг тайланд тусгаагүй, харин өөрийн компанид байх хувь дээр байгаа байх зэргээр мэдүүлдэг. Эндээс харахад үнэлгээний тайлан хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй нь тодорхой, бүрэн нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн байтал биелүүлээгүй тул гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...” гэж зааснаар урьдчилан тодруулах ажиллагааг огт хийгээгүй байдаг бөгөөд шинжээч гэрчээр мэдүүлэг өгөхөд энэхүү байдлыг тодруулахад ажиллагаа хийгээгүй байдаг нь нотлогддог. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна...” гэж зааснаар 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг огт явуулаагүйн дээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн захиралд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй байдаг болно. Гэтэл энэ тухай давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байдаг.

Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “...Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө...” гэж, 14.3 дахь хэсэгт “...Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ...” гэж тус тус зааснаар зөвхөн мэдэгдэх хуудас өгөхөөр зохицуулсан байна. Харин шаардлагатай тохиолдолд утсаар дамжуулан мэдэгдэж болохыг хуульчилсан байх бөгөөд энэхүү тохиолдолд шаардлагатай тохиолдол бий болсон эсэх нь тодорхойгүй ба утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн нь нотлогдохгүй байдаг. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан энэ үндэслэлд мөн л давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж зааснаар давж заалцах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй байтал гомдолд дурдсан үндэслэл бүрт дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс гомдол гаргах хуульд заасан хугацааг хүргүүлсэн талаар дүгнэлт хийсэн байдаг бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан нотлох баримтууд нь хэзээ хэрхэн үйлдэгдсэн баримтууд болох нь тодорхойгүй, энэ талаар нотолсон гэх баримтууд нь нотлох баримтыг шаардлага хангахгүй, он сар нь харагдахгүй хувилагдсан байхад таамгаар цаг хугацааг тодорхойлон хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байдаг ба давж заалдах шатны шүүх мөн л хэрэгт цугларсан баримтанд түшиглэн шийдвэр гаргалгүй таамаглалд үндэслэн дүгнэлт гарган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн байдаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсоны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зүйл заалтыг ингэж шийдвэрлэсэн байгаа нь төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалах, хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхдээ бодитоор шилжүүлэх, төлбөр төлөгчийг хохироохгүй байх чухал шийдвэр гаргасан байх бөгөөд нэгэнт ингэж хууль хэрэгжиж байгаа тул санал болгох хурлын шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байр, 15 тоот, 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагаа нь хэрэгжээгүй, хуулийн дагуу түдгэлзсэн байсан ба уг зохицуулалт нь гарсан үеэсээ Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзнэ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн байдаг нь санал болгох ажиллагааны өмнө шийдвэрлэгдсэн байдгийг зайлшгүй анхааран үзэх шаардлагатай байтал анхааран үзээгүйд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 00585 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Р.Б  нь НШШГГ  холбогдуулан Хан-Уул  дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в дугаар байрны 15 тоот, 156 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, тус орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50%-иар төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Р.Б  нь НШШГГ  холбогдуулан төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал  болгох ажиллагааг хүчингүй болгуулахаар 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байрны 15 тоот, 155 м.кв, 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх шаардлагын талаар:

Р.Б гаас 104 487 000 төгрөгийг гаргуулж С.Чинсанаад олгуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр гарсан шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 029 дүгээр сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Р.Б д холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид сайн дураар төлбөрөө төлөх, шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр Р.Б гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байрны 15 тоот, 155 м.кв, 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 140/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 140/03 тогтоолоор хураасан байна.

Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулахаар үнийн саналаа ирүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч үнийн санал өгөхөөс татгалзсан үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, орон сууцыг үнэлүүлэхэд хөрөнгийн үнэлгээний зөвлөх “Хөрөнгө эстимэйт” ХХК 381 850 700 төгрөгөөр үнэлжээ.

 Шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр төлөгчид үнэлгээний тайлан гарсан талаар мэдэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/27564 тоот мэдэгдэх хуудсаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааны санал болгох доод үнийг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан байтал төлбөр төлөгч Р.Б  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн тухайн орон сууцыг ямар үндэслэлээр зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  1. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Р.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрт хураагдсан орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3. дахь заалтыг үндэслэн үнэлгээчний үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Иймд Үндсэн хууль зөрчсөн заалтыг үндэслэж шийдвэрлэсэн санал болгох ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “...хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хууль зөрчсөн талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсны дараа 2018 оны 07 дугаар сарын 20-нд буюу хариуг хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Р.Б гийн төлбөрийг барагдуулахаар төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байрны 15 тоот, 156 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар дуудлага худалдаанд оруулсан боловч анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.-т заасныг үндэслэн “...төлбөр төлөгчид төлбөрөө төлөх 45 хоногийн хугацаа өгч, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг үнэлэгдсэн 381 850 700 төгрөгийн 50 хувиар буюу 190 925 350 төгрөгт тооцож, төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгчөөс төлсөн 1 000 000 төгрөг, зөрүү 86 237 965 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж, төлбөр төлөгчид орон сууцыг олгуулахаар...” шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.-т “энэ хуулийн 73.5.-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж, 73.5.-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3.-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтаар “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5.-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “73 дугаар зүйлийн 73.3. дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5.-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно” гэснийг “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно” гэж өөрчилсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн холбогдох заалтыг үндэслэж явагдсан тул хууль зөрчөөгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж зохицуулсан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3. дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн нь хэрэг шүүхэд хянагдах явцад тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Улсын Их Хурлаас тус заалтад өөрчлөлт оруулсан байх тул Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэж, гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг санал болгох ажиллагааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулан тооцсон 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох №19 дугаартай ажиллагааг хүчингүй болгож, энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ  холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн/ 73 дугаар зүйлийн 73.3. дахь заалтыг үндэслэн явуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байрны 15 тоот орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чинсанаад шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох №19 дугаартай ажиллагааг хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Р.Б гийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД