Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2020/00762

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2020/00762

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй  хийсэн  шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.*******

Хариуцагчийн төлөөлөгч Н.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******

Нарийн бичгийн дарга Г.******* нарыг оролцуулан ******* ХХК-ий  нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д  холбогдох  эд хөрөнгийн үнэ болон олох ёстой байсан орлого 73279847 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.*******,  хариуцагчийн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “******* *******” ХХК-ний захирал Н.******* нь иргэн *******ээс “******* *******” ХХК-ийг худалдан авахдаа эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээгээр шилжүүлж авчээ. Энэ гэрээнд заасны дагуу *******тэй холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг иш үндэс болгож дараах хөрөнгийн үнэ, олох байсан орлогыг нэхэмжилж байна. “******* *******” ХХК-ий үүдэнд байрлах /хуучнаар/ гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38.0 сая төгрөг. Энэ нь 2008 оны 3-р сарын 21-ний  үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заагдаагүй үнийг нь төлөөгүй хөренгө юм. Үнийг төлнө гэж авчихаад одоо болтол шийдвэрлэгдээгүй бөгөөд ******* нь надтай уулзаж ярилцах ч үгүй байна. Худалдах худалдан авах гэрээнд огт тусгагдаагүй үнийг нь огт төлөөгүй хашаанд нь байсан дараах хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашиглан зарцуулсан байна. Үүнд: Төмөр хайс хашаа 43,5м үнэ 6525000 төгрөг, тоосгон жижиг склад үнэ 1500000 төгрөг, халаалтын жижиг нам даралтын зуух тоноглолын хамт үнэ  1200000 төгрөг, гурилын бөөний дэлгүүрийн ашигтай цэвэр талбай нь урт нь 7.6 өргөн нь 2.9м 22,04 мкв талбайтай юм. “******* *******” ХХК нь 14м2 талбайг 200000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг 1мкв талбайг 1426 төгрөг 71 мөнгөөөр өрөөнүүдийг түрээслэдэг байна. Ингэж тооцоход зөвхөн гурилын бөөний дэлгүүрийн олох ёстой байсан орлого сард 314857 төгрөг үйлчүүлэгч шууд орох ашигтай байрлал тул орлого олох сонгомол боломжтой тул нэмэгдэл түрээсийн орлого 50000 төгрөг нэмж бодож зах зээлийн бичигдээгүй хууль үйлчилнэ гэж үзвэл нэг сард 364857 төгрөг 2008 оны 7-р сарын 1-нээс эхлэн ажиллуулсан гэж үзвэл 71 сар ашиглажээ. Манай “*******” ХХК-ний олох байсан орлого 25904847 төгрөгөөр алдагдсан тооцоо гарч байна. ******* ******* ХХК-иас дээрхи барааны үнэ болон, олох байсан орлого бүгд 73279847 төгрөгийн хохиролоо нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* компаний С.******* нь 2014 оны 04 сарын 07-ны  өдөр ******* ******* компаниас 5 төрлийн хохирлыг гаргуулж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд дараах тайлбарыг гаргаж байна. Манай компаний үүдэнд байрлах гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөгийг нэхэмжилжээ. С.******* нь 2012 оны 05 сарын 29-ний өдрийн нэхэмжлэлдээ энэ дэлгүүрийн үнэ 24200000 төгрөгийг авах ёстой гэж сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх нь 2013.02.26-ны өдрийн 92 тоот шийдвэрээр уг дэлгүүр нь ******* ******* ХХК-ий өмч болохыг тогтоосон. Энэ шийдвэр  одоо хүчин төгөлдөр байгаа. 2008 оны 03 сарын 21-ний худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаагүй төмөр хайс, 43.5 метр, хашааны үнэ 6252000 төгрөг тоосгон жижиг складны үнэ 1500000 төгрөг, халаалтын жижиг нам даратын зуух  тоноглолын хамт үнэ 1200000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлд  байгаа  материал нь хаана, хэнд байгаа ямар зүйлүүд нэхээд байгааг ч ойлгохгүй байна.  Гурилын бөөний дэлгүүрээс 2008.07.01-ний өдрөөс одоог хүртэлх 71 сарын хугацаанд 1 сард 364857 төгрөгийг орлого олж байсан гэж үзээд 25904847 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ талаар С.******* нь 2012.05.29-ний өдөр сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2013.2.26-ны өдрийн 92 тоот шийдвэрээ уг дэлгүүр нь ******* *******  компаний өмч болохыг  тогтоосон. Энэ шийдвэр  одоо хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.   Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.******* 2020 оны 09 сарын 15-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Шүүгчийн гаргасан захирамж нь гомдол гаргах эрхтэй байхыг гомдол гаргах эрхгүй гэж заасан нь учир дутагдалтай гэж ойлгогдож байна. Тухайн хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ******* гэх этгээд нь энэ хэрэгт хариуцагчаар оролцоогүй, маргааны үйл баримтын нотлох баримтыг шүүхээр тогтоолгоно гэсэн нь ойлгомжгүй байх тул татгалзаж шийдвэрлэжээ. Нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл : ******* ХХК иргэн Ц.******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэнд гурилын бөөний дэлгүүр орсон гэж хариуцагч тал маргаж байгаа тул гэрээтэй холбоотой асуудлыг анхаарах зорилгоор шүүгчийн захирамжаар гэрээг хэргийн материалд татаж авсан билээ.  Мөн шүүгчийн захирамжаар 2013 оны 2 сарын 26-ний 92 тоот шийдвэртэй хэргээс эх хувиараа гэх фото зургийн хуулбарыг үнэлэх зорилгоор хэргийн материалд татаж авсан билээ. ******* ******* ХХК-ий захирал Ц.******* иргэн Н.******* нарын хооронд байгуулсан хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд заагдсанаар С.*******тэй холбогдох маргааныг Н.******* хариуцна гэж тодорхой заасан. С.******* надад холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг хэргийн материалд татаж авсан зэргээс үзэхэд зайлшгүй нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх  асуудал урган гарсан юм. ******* ******* ХХК-ийн захирал Ц.******* ******* ХХК-тай  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хэрэгт байгаа холбогдох  байгууллагын  дүгнэлт, акт шийдвэр болон гэрчүүдийн шүүхэд хууль сануулж авсан мэдүүлгийг  үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. ******* ******* ХХК-ий захирал Ц.******* ******* ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсныг зарим талаар үнэн мөнийг олуулах зорилгоор гэрчүүдийн шүүхэд хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг дараахи байдлаар нэмэгдүүлж байна. ************** ХХК захирал Ц.*******, ******* ХХК-ий захирал С.******* нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03-сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ************** ХХК-ий захирал Ц.******* нь ******* ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26 ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт ************** ХХК аас хэргийн материалд авчирч тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.******* 2020 оны 09 сарын 19-ний өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* ******* ХХК-ий захирал Н.******* нь иргэн Ц.*******ээс “************** “ ХХК-ийг худалдан авахдаа эрх шилжүүлэх гэрээ , хувьцаа худалдан авах гэрээгээр худалдан авчээ. Энэ гэрээнд заасны дагуу С.*******тэй холбогдох тооцоо маргааныг Н.******* шийдвэрлэнэ гэж заасныг иш үндэс болгон дараахи хөрөнгийн үнэ, бодит орлого олох байсан орлогыг нэхэмжилж байна. “**************” ХХК-ий барилгын үүдэнд байрлах /хуучинаар/ гурилын бөөний дэлгүүрийн үнэ  38000000 /гучин найман сая/ төгрөг энэ нь 2008 оны 03 сарын 21 ны үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд огт заагдаагүй бөгөөд үнийг төлөөгүй хөрөнгө юм. Үнийг төлнө гэж авчихаад бусдад дамжуулан худалдаж одоо болтол шийдвэрлэгдээгүй байна. 2013 оны 2 сарын 26 ны өдрийн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 92 тоот шийдвэрт газар шилжсэн учир барилгыг шилжүүлэх боломжгүй үнийг нь авах боломжтой гэж тодорхой заасан билээ.Үүнийг мэдсээр байж одоо болтол шийдвэрлээгүй тул арга буюу нэхэмжпэл гаргаж байна.

Худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй үнийг нь огт төлөөгүй хашаанд нь байсан дараахи хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашиглаж байгаа тул доорхи хөрөнгийн үнийг нэхэмжилж байна.Төмөр хайс хашаа 43,5м бүгд үнэ 6525000 /Зургаан сая таван зуун хорин таван мянган / төгрөг, тоосгон жижиг склад 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рес төмөрийн хамт 1200000 / нэг сая хоёр зуун мянган / төгрөг, гурилын бөөний дэлгүүр нь 2008 онд сар бүр 940000 / өсөн зуун дөчин мянган/ төгрөгийн ашигтай ажиллаж байсан болно. 2008 оны 7 сараас 2020 оны 10 сарыг дуустал сар бүр 400000 / дөрвөн зуун мянган /төгрөгийн түрээсээр ашиглуулж орлого олох байсныг манайд биш “******* *******” ХХК нь энэ ашгийг хууль бусаар олсон байна. Хаан банк, Хас банкны албан ёсны тодорхойлтыг үндэслэн бодит орлогын 59200000 / тавин есөн сая хоёр зуун мянган / төгрөгийг, энэ мөнгийг банкинд хугацаатай хадгалуулсан гэж үзэн хадгаламжийн хүүгээр тооцвол олох орлого 55574800 / тавин таван сая таван зуун далан дөрвөн мянга найман зуун/ төгрөг /тооцооллыг хавсралтаар /. Мөн гадна төмөр хайс хашааны үнэ 2014 онд 6525000 төгрөгөөр тооцож үнэлэгдэж нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл төлөөгүй учир 2015-2020 онуудын олох байсан орлого банкны хадгаламжийн хүүгээр тооцож үзэхэд 5213475 / таван сая хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун далан таван / төгрөг бүгд 119988275 / нэг зуун арван есөн сая есөн зуун наян найман мянга хоёр зуун далан таван / төгрөгийг нэхэмжилж байна. 1995-2008 оны хооронд маш их хүч хөдөлмөр гаргаж байгуулсан ногоон байгууламжийн үнэ 21 ширхэг шар хуайс, улиасны үнэ 10500000 / арван сая таван зуун мянган / төгрөг, дээрхи хөрөнгийн болон олох байсан орлогын үнийн дүн бүгд 177713275 / нэг зуун далан долоон сая долоон зуун арван гурван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай ******* *******  ХХК-д хариуцуулан гаргасан ******* ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн 1 хувийг 2020 оны 10 сарын 2-ны өдөр хүлээн аваад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манай ******* ******* ХХК-ий барилгын үүдэнд байрлах гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөгийг нэхэмжлэгч үнийг нь төлөгдөөгүй хөрөнгө хэмээн нэхэмжилдэг. Гэтэл энэ гурилын бөөний төв гэх барилга нь анх ******* ******* ХХК-ийг худалдан авахад хамт худалдаж авсан манай хөрөнгө юм. Дээрх 38000000 сая төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээнд огт тусгаагүй, үнийг нь огт төлөөгүй гэх  хашаанд нь байсан хөрөнгүүд гээд нэхэмжилж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Учир нь эдгээр нэхэмжилж байгаа зүйлүүдээс нам даралтын зуух, тоноглол болон төмөр  гэсэн зүйлүүд огт байгаагүй зүйл юм. Төмөр хайсан хашаа болон тоосгон жижиг склад мөн л анх манай ******* ******* ХХК-ийг худалдаж авахад авсан зүйлс юм. Гурилын бөөний төвийн түрээсийн төлбөр хүүгийн орлого гэдэг хэсэг мөн манай компани хариуцах ёсгүй. Мөн л манай худалдаж авсан эд хөрөнгөөс олох байсан гэжээ. Иймд мөн 119988275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 1995-2008 онд байгуулсан ногоон байгууламж, 21 ширхэг шар хуайс, улиасны  үнэ 10500000 төгрөг хэсэг гаргуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх нэмэгдүүлсэн шаардлагуудын нийт 177713275 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ий төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгт цугларсан бичгийн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ий төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх *******ээс компанийг худалдаж авахад С.*******ээс мөнгө авах ёстой гэснээс биш өгөх ёстой гээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК, ******* ******* ХХК-аас  эд хөрөнгийн үнэ болон олох ёстой байсан орлого 73279847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл   гаргажээ. 

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ХХК-аас эд хөрөнгийн үнэ болон олох ёстой байсан орлого 73279847 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа төмөр хайс хашааны үнэ 6525000 / төгрөг, тоосгон жижиг складын үнэ 1500000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рес төмөрийн хамт 1200000 төгрөг, гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөг, уг дэлгүүрийг бусдад түрээслүүлсний улмаас олох байсан орлого 59200000 төгрөг, уг 59200000 төгрөгийг банкинд хугацаатай хагалуулснаас олох байсан хүүгийн орлого 55574800, төмөр хайс хашааны үнэ 6525000 төгрөгийг банкинд хугацаатай хадгалуулснаас олох байсан хүүгийн орлого 5213475 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10500000 төгрөг, нийт 177713275 төгрөг гаргуулах,  ************** ХХК-ий захирал Ц.*******, ******* ХХК-ий захирал С.******* нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийг 2008 оны 03-сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ************** ХХК-ий захирал Ц.******* нь ******* ХХК-аас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт ************** ХХК-аас хэргийн материалд авчирч тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгохоор нэмэгдүүлжээ.

******* ХХК, Ц.******* нар 2008 оны 3 сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 25-рт/ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 9 сарын 15-ны өдөр ************** ХХК-ий захирал Ц.*******, ******* ХХК-ий захирал С.******* нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийг 2008 оны 03-сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ************** ХХК-ий захирал Ц.******* нь ******* ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26 ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт ************** ХХК-аас хэргийн материалд авчирч тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгохоор, 2020 оны 9 сарын 19-ний өдөр ногоон байгууламжийн үнэ 10500000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заажээ. Нэхэмжлэгч ******* ХХК, Ц.******* нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсанаас хойш 12 жил 5 сарын дараа дээрхи нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул  шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 сарын 26-ны өдрийн 92 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-ий өмчлөлд байгаа гурилын бөөний худалдааны төв, худалдааны төвийн баруун талд байрлах зам талбай байгууламжийн эзэмшигч болохыг тогтоолгож, зээл хүүгийн хамт 84951065 төгрөг гаргуулахыг хүсжээ. Шүүх дээрхи огноо, дугаар бүхий шийдвэрээр /хх-ийн 29-33-рт/ зээл, хүүд 39574198 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрт талууд давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХХК-ий, ******* ******* ХХК-ий эзэмшиж буй гурилын бөөний төвийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 38000000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж буй гурилын бөөний төвийн эзэмшигч нь  нэхэмжлэгч ******* ХХК болохыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн эд хөрөнгийн үнийг нэхэмжлэх эрхгүй байна. Иймээс гурилын бөөний төвийн үнэ, уг гурилын бөөний төвөөс олох байсан орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2008 оны 3 сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, түүний хавсралтад төмөр хайс хашаа, тоосгон жижиг склад, халаатын нам даралтын зуух, тоноглол болон төмөр замын рейс төмрийг худалдах худалдан авах тухай тусгаагүй байна. Хариуцагч ******* ******* ХХК нь төмөр хайс хашаа болон жижиг тоосгон агуулахыг гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул үнийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

Хариуцагч нь “Төмөр хайс хашаа нь үйлчилгээний төвийн барилгын салшгүй хэсэг тул барилгын үнэтэй хамт тооцогдох ёстой. Жижиг тоосгон агуулах нь 1500000 төгрөгийн үнэ хүрэхгүй, хэрэгцээ хангахгүй зүйл байгаа, нам даралтын халаалтын зуух тоноглол, төмөр замын рейс төмрийг би огт хараагүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна. Үйлчилгээний төвийн барилгын гадна талын төмөр хайс хашаа нь барилгын салшгүй хэсэгт тооцогдохгүй бөгөөд гэрээгээр худалдагч тал худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцоогүй байна. Хариуцагч нь төмөр хайс хашаа, жижиг тоосгон агуулах, нам даралтын халаалтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнээс өөр байна гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гэрч Т. /хх-ийн 108-рт/, Т. /хх-ийн 109-рт/, Б. /хх-ийн 110-рт/ нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед ******* ХХК-д ажиллаж байгаагүй, ******* ХХК-ий жижиг тоосгон агуулахад нам даралтын халаатын зуух, тоноглол, төмөр замын рейс төмөр байсан эсэхийг мэдэхгүй гэжээ. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй ба тухайн эд хөрөнгийг ******* ******* ХХК шилжүүлэн аваагүй болохыг нотлохгүй байна. Гэрч А. /хх-ийн 78-79-рт/, Н. /хх-ийн 154-рт/ нарын мэдүүлгээр нам даралтын халаалтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулахад байсан болохыг нотолж байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хариуцагчид шилжээгүй боловч хариуцагч тал эзэмшиж ашигласан эд хөрөнгийн үнийг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь төмөр хайс, хашааны үнэ 6525000 төгрөгийг банкинд хугацаатай хадгаламжид хадгалуулснаар олох байсан орлого гэж 5213475 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь уг эд хөрөнгийг ашигласнаас олох байсан орлого гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын төмөр хайс хашааны үнэ 6525000 төгрөг, жижиг тоосгон агуулахын үнэ 1500000 төгрөг, халаалтын нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ 1200000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөг, уг дэлгүүрийг бусдад түрээслүүлсний улмаас олох байсан орлого 59200000 төгрөг, уг 59200000 төгрөгийг банкинд хугацаатай хагалуулснаас олох байсан хүүгийн орлого 55574800, төмөр хайс хашааны үнэ 6525000 төгрөгийг банкинд хугацаатай хадгалуулснаас олох байсан хүүгийн орлого 5213475 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10500000 төгрөг гаргуулах,  ************** ХХК-ий захирал Ц.*******, ******* ХХК-ий захирал С.******* нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийг 2008 оны 03-сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ************** ХХК-ий захирал Ц.******* нь ******* ХХК-аас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт ************** ХХК-аас хэргийн материалд авчирч тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 1257116 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 162550 /нэг  зуун жаран хоёр  мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  ******* ******* ХХК-аас 9225000 /есөн сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид 1257116 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 162550 /нэг  зуун жаран хоёр  мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д  олгосугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 дугаартай шийдвэртэй 3 хавтаст иргэний хэргийг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивт  хүргүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.