Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00388

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 139/ШШ2020/00762 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэ болон хохиролд нийт 177 713 275 төгрөг гаргуулах, Х- ХХК-ийн захирал Ц.С-, Б ХХК-ийн захирал С.Д- нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийг 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, Х- ХХК нь, Б ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт Х- ХХК-иас хэргийн материалд гаргаж өгсөн эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д-, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.С, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- ХХК-ний захирал Н.Б- нь иргэн Саранцэцэгээс Х- ХХК-ийг худалдан авахдаа эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээгээр шилжүүлж авчээ. Энэ гэрээнд заасны дагуу С.Д-тэй холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг иш үндэс болгож дараах хөрөнгийн үнэ, олох байсан орлогыг нэхэмжилж байна. Х- ХХК-ийн үүдэнд байрлах /хуучнаар/ гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38 000 000 төгрөг. Энэ нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заагдаагүй үнийг нь төлөөгүй хөрөнгө юм. Үнийг төлнө гэж авчихаад одоо болтол шийдвэрлэгдээгүй бөгөөд Н.Б- нь надтай уулзаж ярилцах ч үгүй байна. Мөн худалдах, худалдан авах гэрээнд огт тусгагдаагүй үнийг нь огт төлөөгүй хашаанд нь байсан дараах үнэлгээ бүхий хөрөнгүүдийг дур мэдэн эзэмшиж ашиглан зарцуулсан байна. Үүнд: Төмөр хайс хашааны үнэ 6 525 000 төгрөг, тоосгон жижиг складын үнэ 1 500 000 төгрөг, халаалтын жижиг нам даралтын зуух тоноглолын хамт үнэ 1 200 000 төгрөг юм. Гурилын бөөний дэлгүүр нь 2008 онд сар бүр 940 000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан болно. 2008 оны 7 сараас 2020 оны 10 сарыг дуустал сар бүр 400 000 төгрөгийн түрээсээр ашиглуулж орлого олох байсныг манайд биш Х- ХХК нь энэ ашгийг хууль бусаар олсон байна. Хаан банк, Хас банкны албан ёсны тодорхойлолтыг үндэслэн бодит орлогын 59 200 000 төгрөгийг банкинд хугацаатай хадгалуулсан гэж үзэн хадгаламжийн хүүгээр тооцвол олох орлого 55 574 800 төгрөг /тооцооллыг хавсралтаар/. Мөн гадна төмөр хайс хашааны үнэ 2014 онд 6 525 000 төгрөгөөр тооцож үнэлэгдэж нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл төлөөгүй учир 2015-2020 онуудын олох байсан орлого банкны хадгаламжийн хүүгээр тооцож үзэхэд 5 213 475 төгрөг бүгд 119 988 275 төгрөг, 1995-2008 оны хооронд маш их хүч хөдөлмөр гаргаж байгуулсан ногоон байгууламжийн үнэ 21 ширхэг шар хуайс, улиасны үнэ 10 500 000 төгрөг, дээрх хөрөнгийн болон олох байсан орлогын үнийн дүн бүгд 177 713 275 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Б ХХК, иргэн Ц.С- нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэнд гурилын бөөний дэлгүүр орсон гэж хариуцагч тал маргаж байгаа тул гэрээтэй холбоотой асуудлыг анхаарах зорилгоор шүүгчийн захирамжаар гэрээг хэргийн материалд татаж авсан билээ. Мөн шүүгчийн захирамжаар 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэргээс эх хувиараа гэх фото зургийн хуулбарыг үнэлэх зорилгоор хэргийн материалд татаж авсан. Х- ХХК-ийн захирал Ц.С- иргэн Н.Б- нарын хооронд байгуулсан хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд заагдсанаар С.Д-тэй холбогдох маргааныг Н.Б- хариуцна гэж тодорхой заасан. С.Д- надад холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг хэргийн материалд татаж авсан зэргээс үзэхэд зайлшгүй нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх асуудал урган гарсан юм. Х- ХХК-ийн захирал Ц.С- Б ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Х- ХХК-ийн захирал Ц.С- Б ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг зарим талаар үнэн мөнийг олуулах зорилгоор гэрчүүдийн шүүхэд хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахи байдлаар нэмэгдүүлж байна. Х- ХХК-ийн захирал Ц.С-, Б ХХК-ийн захирал С.Д- нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 3 сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, Х- ХХК-ийн захирал Ц.С- нь Б ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт Х- ХХК-иас хэргийн материалд авч ирж тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 5 сарын 29-ний өдрийн нэхэмжлэлдээ гурилын бөөний дэлгүүрийн үнэ 24 200 000 төгрөгийг авах ёстой гэж сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх нь 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэрээр уг дэлгүүр нь Х- ХХК-ийн өмч болохыг тогтоосон. Энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа. 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаагүй төмөр хайс хашааны үнэ 6 252 000 төгрөг тоосгон жижиг складны үнэ 1 500 000 төгрөг, халаалтын жижиг нам даралтын зуух тоноглолын хамт үнэ 1 200 000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлд байгаа материал нь хаана, хэнд байгаа ямар зүйлүүд нэхээд байгааг ч ойлгохгүй байна. Гурилын бөөний дэлгүүрээс 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх 71 сарын хугацаанд 1 сард 364 857 төгрөгийг орлого олж байсан гэж үзээд 25 904 847 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ талаар С.Д- нь 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2013 оны 2 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэрээр уг дэлгүүр нь Х- ХХК-ийн өмч болохыг тогтоосон. Энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд манай Х- ХХК-ийн барилгын үүдэнд байрлах гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38 000 000 төгрөгийг нэхэмжлэгч үнийг нь төлөгдөөгүй хөрөнгө хэмээн нэхэмжилдэг. Гэтэл энэ гурилын бөөний төв гэх барилга нь анх Х- ХХК-ийг худалдан авахад хамт худалдаж авсан манай хөрөнгө юм. Дээрх 38 000 000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээнд огт тусгаагүй, үнийг нь огт төлөөгүй гэх хашаанд нь байсан хөрөнгүүд гээд нэхэмжилж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Учир нь эдгээр нэхэмжилж байгаа зүйлүүдээс нам даралтын зуух, тоноглол болон төмөр гэсэн зүйлүүд огт байгаагүй зүйл юм. Төмөр хайс хашаа болон тоосгон жижиг склад мөн л анх Х- ХХК-ийг худалдаж авахад авсан зүйлс юм. Гурилын бөөний төвийн түрээсийн төлбөр хүүгийн орлого гэдэг хэсэг мөн манай компани хариуцах ёсгүй. 1995-2008 онд байгуулсан ногоон байгууламж, 21 ширхэг шар хайс, улиасны үнэ 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х- ХХК-иас 9 225 000 төгрөг гаргуулан, Б ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 257 116 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х- ХХК-иас 162 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь түрээслүүлсний улмаас олох байсан орлого байсан гэж утга санааны хувьд ойлгомжгүй ба Х- ХХК нь гурилын бөөний худалдааны төвийг бусдад түрээслүүлж бодитоор орсон орлогыг нэхэмжилснийг буруугаар тусгажээ. Мөн 2013 оны 2 сарын 26-ны өдрийн шүүхийн 92 тоот шийдвэрт Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зориулалтаар биш байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэн тул гурилын бөөний худалдааны төвийн барилга /автомашины зогсоол, талбайн байгууламж нь/ уг газрын үндсэн бүрдэл хэсэг мөн байна. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дах хэсэгт зааснаар газар эзэмших эрх, тухайн газар дээрх барилга байгууламжийн эзэмших эрх нь салгаж үл болох эрх байх ба газар эзэмших эрх нь Х- ХХК-д шилжсэн тул нэхэмжлэгчийн гурилын бөөний худалдааны төв, автомашины талбайн эзэмших эрхтэй болохыг салгаж тогтоох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гурилын бөөний худалдааны төвийн барилга, автомашины талбайн үнийг гаргуулах, тухайн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн тул уг хөрөнгийн үнийг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй байна гэж тодорхой заагдсан тул гурилын бөөний худалдааны төвийн барилгын үнийг нэхэмжилснийг буруу гэж үзлээ. Ингэж нотлох баримтаар тогтоогдсоор байгаа хөрөнгийг Х- ХХК-д үнэгүй шилжүүлэхээр зааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг шүүх олгож байна. Анх иргэн Ц.С- Б ХХК-ийн хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа 2000 оны 01 сарын 21-нд үл хөдлөх бүртгэлийн газар бүртгэгдсэн 44 тоот гэрчилгээг үндэслэж гэрээ хийгдсэн. Мөн гэрээ хийгдэхээс өмнө урьдчилан ярилцаж байснаар улсын даатгалд даатгуулсан баталгаа нь гэрээ хийгдэхээс өмнө бичигдсэн. Иргэн Ц.С-т үл хөдлөх хөрөнгө шилжихдээ 2008 оны 7 сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн тоон үзүүлэлт нь 2000 оны 01 сарын 21-ний өдрийн гэрчилгээтэй үзүүлэлт нь тохирч байгаа. Харин 2002 онд баригдсан гурилын бөөний худалдааны төв хамаарахгүй байгаа нь бүрэн харагддаг. Сум дундын шүүхийн шийдвэрт гурилын бөөний худалдааны төвийг Х- ХХК-ийн өмч гэж тогтоогоогүй. Гурилын бөөний худалдааны төвийн барилга нь өнөөдрийг хүртэл манай дансанд байгаа бөгөөд Х- ХХК нь түрээслэж ашиглаж байгаа бөгөөд үнэ шилжиж аваагүй хөрөнгө тул үр шимийг нь нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.6, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2, 493.6 дах хэсэгт шударга өмчлөгч үр шимийг нь нэхэмжилж болох талаар тодорхой заасан байна. Эзэмших эрх нэхэмжлэх, үнийг нэхэмжлэх асуудлууд өөр өөр үйл баримт юм. Үүнийг өмнө нь шийдсэн үйл баримт гэж өрөөсгөл шийдвэр гаргажээ. Эрүүгийн хэргээр 201 1 онд Иргэний хэргээр 2013 онд маргаан үүсгэгдэж, үнэн бодит байдалд нийцээгүй гэрчийн хуурамч мэдүүлгээр гэрээний хавсралт гэх хэлцлийг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан гэрээтэй хамт байгуулсан гэрээний үнэнд хавсралтад дурдсан барааны үнэ орсон, фото зураг авч баталгаажуулсан гэж хохирогч гэгчтэй хуйвалдаж, гэрч хуурамч мэдүүлэг өгснөөр надад ял оноож шийтгэж байсан удаатай. Гэрээний хавсралтын хөрөнгийн үнэ төлөгдөөгүйг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, татварын улсын байцаагчийн акт, Саруул баян уул аудитын дүгнэлт, татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол зэргээр бүрэн нотлогддог. Иймд үнэн зөв байдлаар зарим зүйлийг тодруулж тогтоолгож эрх ашгаа хамгаалуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тооцон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэрээний хавсралт гэх хэлцлийг 2008 оны 3 сарын 22-ны өдөр үйлдсэн болохыг бараа материалыг тоолж тэмдэглүүлсэн болон фото зургийг нь авсан хууль сануулж мэдүүлэг өгсөн Золбоо, Чимиддорж, Мэндбаяр нарын гэрчүүд гэрчилдэг. Мөн нотлох баримт болгосон фото зургийн ар дээр гарын үсэг зурж, Б ХХК-ийн тамга дарж байсныг харж байсан гэрчүүд мөн гэрчилдэг. Х- ХХК-ийн худалдаж авсан бараа нь ямар, ямар бараа байсныг тогтоолгох шаардлага эрүүгийн хэрэгт гэрчилсэн асуудлаас урган гарсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны эрүүгийн хэрэгт гэрчийн буруутай мэдүүлгийг үндэслэж хугацааг тоолох ёстой. 2008 онд гэрээ хийгдэхэд фото зураг авч гарын үсэг зурж тамга дарсан зураг эх хувиараа хэргийн материалд ирээгүй. Харин 2012 онд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан гарын үсгэн дээр тамга байхгүй хуурамч фото зургийг авчирч шүүгч Д.Уранчимэгт өгснийг өөрөө мэдэж байж, 2008 оны фото зуpar гэж яаж мэдсэнийг нь би ойлгохгүй байна. Тухайн зурган дээр он, cap, өдөр байхгүй, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан, гэрчүүдийн нотолсноор Б ХХК-ийн тамга дарагдаагүй байхад яагаад 2008 оны зураг гэж үзэж байна вэ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан атлаа асуулт, хариулт явагдаж бодитойгоор нарийвчлан хэлэлцээгүй. 2012 онд эх хувиараа гэх фото зураг, сум дундын шүүхэд ирүүлснийг нарийвчлан тогтоогоогүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатанд буцааж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х- ХХК-иас 9 225 000 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүнд гэрч Т.Мөнхдалай /xx-108/, Т.Алтанбагана, /xx-109/, Б.Мөнх-Очир /хх-110/ нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед Б ХХК-д ажиллаж байгаагүй, Б ХХК-ийн жижиг тоосгон агуулахад нам даралтын халаалтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмөр байсан эсэхийг мэдэхгүй гэжээ. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй ба тухайн эд хөрөнгийг Х- ХХК шилжүүлэн аваагүй болохыг нотлохгүй байна гээд, ... гэрч А.Баатар /хх-78-79/, Н.Мэндбаяр /xx-154/ нарын мэдүүлгээр нам даралтын халаалтын зуух тоноглол, төмөр замын рейс төмөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед байсан гэдгийг нотолж байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хариуцагчид шилжээгүй боловч хариуцагч тал эзэмшиж ашигласан эд хөрөгийн үнийг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Мөн төмөр хайс хашааны үнэ, жижиг тоосгон агуулах, нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнээс өөр байна гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2014 оны 5 сард нэхэмжлэлийг гаргахдаа Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссоор үнэлгээ гаргуулсан байдаг. Мөн Сайнцагаан сумын үнэлгээний комисс нь төмөр замын рейс төмөр, халаалтын жижиг тогоог очиж үзэлгүйгээр үнэлгээ гаргуулсан гэсэн тайлбар /хх-208/-ыг ирүүлсэн байдаг. 2010 оны 01 сарын 21-ний өдөр батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заасан байгаа нь болон үнэлгээг гаргахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ... хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дах хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор зохицуулсан байтал шууд үнэлгээ гаргах эрхгүй этгээд ямар арга аргачлалаар ямар зүйлд үнэлгээ гаргаж байгаагаа нүд үзэлгүй үнэлсэн үнэлгээнд үндэслэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөод үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн анхан шатны шүүх төмөр хайс хашааны үнэ, жижиг тоосгон агуулах, нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнийг гаргуулж шийдвэрлэхдээ гэрч А.Баатар /хх-78-79/, Н.Мэндбаяр /xx-154/ нарын мэдүүлгээр нам даралтын халаалтын зуух тоноглол, төмөр замын рейс төмөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед байсан гэдгийг нотолж байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хариуцагчид шилжээгүй боловч хариуцагч тал эзэмшиж ашигласан эд хөрөнгийн үнийг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна гэжээ. Х- ХХК, Б ХХК-ийн хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан байдаг. Б ХХК-ийн захирал С.Д- нь эдгээр эд хөрөнгүүдийн талаар өмнө нь ямар нэг шаардлага гаргаж байгаагүй, эдгээр хөрөнгүүдээс нам даралтын зуух, төмөр замын рейс төмөр нь огт байгаагүй зүйлийг нэхэмжилж байгаа. Үүнийг шүүх зөвхөн 2008 онд ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн эдгээр гэрчүүд нь С.Д- гуайн ажилтан нь байсан хүмүүс өөрийнх нь үгээр худал гэрчилсэн юм. Хэрэв эдгээр нам даралтын зуух болон төрөм замын рейс төмөр байсан байлаа гэхэд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дах хэсэгт заасан шаардах эрхээ алдахаар байхад үнийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн гомдолтой байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 139/ШШ2020/00762 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж төмөр хайс хашааны үнэ, жижиг тоосгон агуулах, нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ нийт 9 525 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан эд хөрөнгийн үнэ болон хохиролд нийт 177 713 275 төгрөг /гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38 000 000 төгрөг, төмөр хайс хашааны үнэ 6 525 000 төгрөг, тоосгон жижиг складны үнэ 1 500 000 төгрөг, нам даралтын зуух, тоноглолын үнэ 1 200 000 төгрөг, гурилын бөөний дэлгүүрээс олох байсан орлого 59 200 000 төгрөг, уг мөнгийг төлөөгүйгээс учирсан хохиролд 55 574 800 төгрөг, төмөр хайс хашааны үнийг төлөөгүйгээс учирсан хохиролд 5 213 475 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10 500 000 төгрөг/ гаргуулахаар шаарджээ.

Түүнчлэн Х- ХХК-ийн захирал Ц.С-, Б ХХК-ийн захирал С.Д- нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийг 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, Х- ХХК нь, Б ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт Х- ХХК-иас хэргийн материалд гаргаж өгсөн эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 2, 65, 2хх-ийн 460, 480-481, 3хх-ийн 13-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан бөгөөд шийдвэрийн удиртгал хэсэг нь хэзээ, хаана, хэн, ямар асуудлыг хэлэлцэж байгааг товч илэрхийлсэн байх учиртай.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй, тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг сольж бичсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг алдагдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Х- ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 819 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа гурилын бөөний дэлгүүр, төмөр хайс хашаа, тоосгон жижиг склад, нам даралтын зуух, ногоон байгууламж зэргийг гэрээний үнэд оруулан худалдаагүй, эдгээр хөрөнгийг хариуцагч Х- ХХК зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэлээр эд хөрөнгийн үнэ болон хохиролд 177 713 275 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь дээрх хөрөнгүүдийг гэрээний үнэд оруулан худалдан авсан, мөн гурилын бөөний дэлгүүрийг тус компанийн өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Талуудын маргаж буй асуудлууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон эсэх үйл баримтад дүгнэлт хийх шаардлагатай. Нэхэмжлэгч Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гурилын бөөний төвийн эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагуудыг өмнө нь шүүхэд гаргаж байсан, мөн хариуцагч Х- ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал С.Д-эд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд дээрх маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 29-33, 188-207, 237-245-р тал/

Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарч байгааг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зохигчдыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрээний хавсралтыг 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, Х- ХХК нь Б ХХК-иас ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсныг тогтоолгох, Х- ХХК-иас хэргийн материалд гаргаж өгсөн эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага мөн эсэх, эсхүл эд хөрөнгийн үнэ болон хохиролд 177 713 275 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтуудыг тогтоолгосноор ямар үр дагаварт хүрэх гэж байгаа нь тодорхойгүй болжээ. /2хх-ийн 460-р тал/

Түүнчлэн, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Уранчимэг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Сэржмядаг, Л.Одончимэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан боловч хэргийг шүүгч Д.Уранчимэг дангаар хянан шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 205-р тал/

 

Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 139/ШШ2020/00762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 257 116 төгрөг, хариуцагчаас төлсөн 162 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ