Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00543

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00222 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00124 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ХБ” ХХК-д холбогдох

Гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000 төгрөг, НӨАТ 3,800,000 төгрөг, төмөр хашаа хайсны үнэ 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад 1,500,000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмөр 1,200,000 төгрөг, НӨАТ 922,500, гурилын бөөний дэлгүүрээс түрээсээр олох байсан орлого 68,640,000 төгрөг, бөөний дэлгүүрийн түрээсийн орлогыг банкны хугацаатай хадгаламжид хадгалуулбал олох байсан хүүгийн орлого 66,859,320 төгрөг, төмөр хашааны үнэ 6,525,000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжид хадгалуулбал олох байсан хүүгийн орлого 6,630,555 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10,500,000 төгрөг, НӨАТ 1,050,000 төгрөг, нийт 205,627,375 төгрөг гаргуулах, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008.03.22-ны өдөр болохыг тогтоолгох, “ХБ” ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг “Б” ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт “ХБ” ХХК-ийн захирал Н.Батбаяраас ирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэжид, хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Ч.Сайнжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон. Хариуцагч “ХБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00222 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00124 дүгээр магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00222 дугаар шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХБ” ХХК-аас гурилын бөөний дэлгүүрийн үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ... хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “ХБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Энэхүү хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд магадлалаар гурилын бөөний төвийн үнэ 20,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

4.1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ гурилын бөөний төвийн үнийг “...харин хэрэгт авагдсан С.Дэжидийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэгт холбогдох иргэний хэрэгт талуудын 2015.10.19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд гурилын бөөний дэлгүүрийн үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмын дагуу гурилын бөөний дэлгүүрийн үнийг 20,000,000 төгрөгөөр тогтоов” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэснийг зөрчиж байна. С.Дэжидийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэгт холбогдох иргэний хэрэгт 2015.10.19-ний өдөр “ХБ” ХХК-ийн өмч болох гурилын бөөний төвийн талаарх үнийг хөндлөнгийн 2 этгээд харилцан тохирч эвлэрсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал юм.

4.2. Харин нэхэмжлэгч маргаан бүхий гурилын бөөний төвийн өмчлөгч болохоо нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013.02.26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа болно. Иймээс ч нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх бүхий этгээд гэдэг нь тогтоогддоггүй.

4.3. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар зохицуулсан байхад хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн үед шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх огт анхаарч дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.18-ны өдрийн 001/ШХТ2022/00285 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “ХБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч “ХБ” ХХК-д холбогдуулан гурилын бөөний дэлгүүр, төмөр хашаа хайс, тоосгон жижиг склад, нам даралтын зуухны тоноглол, төмөр замын рейс төмөр, ногоон байгууламжийн үнэ, олох байсан түрээсийн орлого, түрээсийн орлого болон хашаа хайсны үнийг банкинд хадгалуулсан бол олох байсан хүүгийн орлого, НӨАТ зэрэгт нийт 205,627,375 төгрөг гаргуулах, хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийг 2008.03.22-ны өдөр байгуулагдсан болохыг тогтоолгох, “ХБ” ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг “Б” ХХК-аас ямар нэр төрлийн эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт “ХБ” ХХК-ийн захирал Н.Батбаяраас ирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Гурилын бөөний төв болон төмөр хайсан хашааг 2008.03.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013.02.26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр гурилын бөөний төв “ХБ” ХХК-ийн өмч болохыг тогтоож, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул гурилын бөөний төв болон түүнээс олох байсан орлого гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн төмөр хайс хашаа, түүнээс олох байсан орлого нь 2008.03.21-ний өдрийн гэрээгээр “ХБ” ХХК-ийн хөрөнгө болсон, иймээс хашааны үнэ 6,525,000 төгрөг, түүнээс олох байсан орлого гэж шаардах эрхгүй, гэрээнд огт тусгаагүй тоосгон жижиг склад, халаалтын нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ, НӨАТ-ыг шаардсан боловч эдгээрээс халаалтын нам даралтын зуух, төмөр замын төмөр огт байгаагүй, складны үнийг зөвшөөрөхгүй, манай компанийн өмч болсон байхад гэрээнд тусгагдаагүй гэж нэхэмжилж байна. Ногоон байгууламж болон хашаа хайс нь эд хөрөнгийн бүрдэл хэсэг, гурилын бөөний дэлгүүрт тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Ү-081400304 бүртгэлийн дугаартай гэрчилгээнд талбайн хэмжээгээрээ багтдаг” гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс гурилын бөөний дэлгүүрийн үнэд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Дээрх байдлаар хоёр шатны шүүх гурилын бөөний дэлгүүрийн үнэ гаргуулах шаардлагын үйл баримтад өөр өөр дүгнэлт хийсэн, хуулийн агуулгыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэлийг хангасан гэж үзсэн болно. Иймд гомдлын хүрээнд дүгнэлт хийв.

10. Нэхэмжлэгч гурилын бөөний дэлгүүрийн үнэд 38,000,000 төгрөг, мөн НӨАТ-д төлөх 3,800,000 төгрөг, нийт 41,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж үндэслэлээ тайлбарлахдаа “Ц.Саранцэцэгт эзэмшиж байсан эд хөрөнгийг худалдсан боловч эдгээр эд хөрөнгө байсан хашаанд тусдаа баригдсан гурилын бөөний дэлгүүрийг худалдаагүй юм. Тус дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгч нь “Б” ХХК бөгөөд тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Бидний хооронд үүссэн маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэхдээ гурилын бөөний дэлгүүрийн эзэмших эрхийг бусад үндсэн хөрөнгөөс салгаж эзэмшүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул үнийг гаргуулна” гэсэн, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Ц.Саранцэцэгээс “ХБ” ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан, уг гурилын бөөний дэлгүүр тус компанийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий хөрөнгөд багтаж байгаа гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх гурилын бөөний дэлгүүрийн үнэ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, “...гурилын бөөний дэлгүүрийн талаарх маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, эд хөрөнгийн татварыг төлснөөр албан татвар төлөгчийн гэрчилгээ эзэмшсэнээр, нэр дээрээ тоолуулснаар нь “Б” ХХК-ийг дэлгүүрийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэхгүй, “ХБ” ХХК, “Б” ХХК-ийн хооронд 2008.03.21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд маргаан бүхий гурилын дэлгүүрийн талаар тусгаагүй боловч гэрээнд тусгаагүй үндэслэлээр уг хөрөнгийг ”Б” ХХК-ийн хөрөнгө гэж үзэхгүй, эд хөрөнгийн үнийг нэхэмжлэх нь хөрөнгийн өмчлөгч эсхүл хууль ёсны эзэмшигчид олгогдсон эрх, нэхэмжлэгч нь өмчлөгч болохоо нотлоогүй, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна” гэсэн дүгнэлт хийсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд маргаан бүхий гурилын дэлгүүрийн талаар заагаагүй байна, гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх гэрээнд гэрээний зүйлийн шинж, чанар, тоо, хэмжээ, нэр төрлийг тодорхойлж үнэлгээ өгсөн, хэрэгт байгаа баримтаас үзэхэд гурилын бөөний дэлгүүр нь худалдсан 3 давхар худалдааны төвийн залгаа нэмж баригдсан, гэрээ байгуулагдах үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, гэхдээ худалдааны төвийн барилга, автомашины зогсоолын талбайн газар эзэмших эрх “ХБ” ХХК-д шилжсэнээр уг газар дээр баригдсан гурилын бөөний дэлгүүр тухайн газрын бүрдэл хэсэг болно, иймээс эзэмших эрхийг салгаж эзэмшүүлэх боломжгүйг өмнө шүүхийн шийдвэрт заасан, харин нэхэмжлэгч үнийг шаардах эрхтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 38,000,000 төгрөг гэсэн боловч, тухайн комисс хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэ тогтоох эрхтэй эсэх, үнэ тогтоохдоо хуульд заасан журам баримталсан эсэх нь тодорхой бусаас үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхгүй, иймд, хэрэгт байгаа С.Дэжидийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэгт холбогдох иргэний хэрэгт талуудын 2015.10.19-ний өдрийн эвлэрлийн гэрээнд гурилын бөөний дэлгүүрийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон тул энэ үнэлгээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

13. Хариуцагч “ХБ” ХХК нь давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

14. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

15. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгээс үзэхэд тус шүүх гурилын бөөний дэлгүүрийн үнэ гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу маргааны үйл баримтыг зөв тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс гадна зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл, хууль хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх, зохигчийн хооронд үүссэн харилцааг гэрээний бус буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа гэж үзсэн байна.

16. Хэргийн баримтаар “Б” ХХК-ийн захирал С.Дэжид, “ХБ” ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2008.03.21-ний өдөр байгуулагдаж, уг гэрээний дагуу “Б” ХХК нь “ХБ” ХХК-д 819 м.кв талбай бүхий 3 давхар 74 өрөө бүхий дэлгүүр, гараж, уурын зуух, гэрээний хавсралтад заасан 33 төрлийн эд зүйлс, 7.949 м.кв газрыг тус тус шилжүүлж, эдгээрийн төлбөрт 210,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

17. Уг гэрээний зүйлд тухайн газарт баригдсан байсан гурилын бөөний дэлгүүр багтсан эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болсон, өмнө гарсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр гурилын бөөний дэлгүүрийг талууд худалдах, худалдан авахаар тохиролцож шилжүүлсэн гэх үндэслэлгүй, гэрээнд тусгагдаагүйг болон уг дэлгүүрийн барилга гагцхүү газраас салгаж үл болох түүний бүрдэл хэсэг болох тухай, мөн энэ нь бусдын эзэмшилд шилжсэн газарт байрлаж байгаагаас нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тогтоосон байна. Талууд уг дэлгүүрийг гэрээгээр шилжүүлээгүй учир нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийн өмчлөх эзэмших эрхтэй этгээд гэж үзнэ.

18. Дээр дурдсанаар шүүх өмнө нь зохигчийн хооронд гурилын бөөний дэлгүүртэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн боловч энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн үнэ гаргуулах шаардлага гаргасан нь өөр маргаан гэж үзэх бөгөөд эдгээр байдалд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

19. Нэгэнт гурилын бөөний дэлгүүр газрын бүрдэл хэсэг болж, нэхэмжлэгч үргэлжлүүлж эзэмших нөхцөлгүй, хариуцагч нь тус эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу “ХБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэж марган эзэмшиж, ашиглаж байгааг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөрчихгүй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч үнийг шаардах эрхтэй болно.

20. Талуудын хооронд 2010 оноос эхлэн маргаан үүссэн энэ эрх зүйн маргаан гэрээний үүрэгтэй холбоотой буюу гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан гэрээний талуудын бие биедээ гаргах шаардлага, эрх, үүрэгтэй холбоогүй, гэрээний бус буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанаас үүссэн, иймээс нэхэмжлэгч шаардлага гаргахад гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа хамаарахгүй, харин мөн зүйлийн 75.1-д заасан ерөнхий 10 жилийн хугацааг баримтална. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэв.

21. Нэхэмжлэгч гурилын бөөний дэлгүүрийн үнийг сумын үнэлгээний комиссын тогтоосон үнэлгээг үндэслэсэн боловч тухайн комисс үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмаар хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байгааг харгалзан давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулан үнэлж гурилын бөөний дэлгүүрийн үнийг 20,000,000 төгрөгөөр тогтоож уг мөнгийг хариуцагчаас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

22. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бөгөөд эдгээр шаардлагын эрх зүйн үндэслэлтэй талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

23. Дурдсан үндэслэлээр “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гурилын дэлгүүр бусад хөрөнгөтэй хамт худалдагдсан, дэлгүүрийн үнийг бодитоор тогтоогоогүй” гэх агуулгатай хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ХБ” ХХК /төлөөлөгч Н.Батбаяр/-ийн 2022.02.21-ний өдөр 257,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН