Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01151

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01151

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбааатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 21-р баг, Уртын гол, *******,*******,*******/-д холбогдох

9,587,673.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, онлайнаар хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1630013205 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлдэгч ын дахь 5002241455 дансанд 9,600,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн 1,035,712.04 төгрөг, зээлийн хүүд 1,542,164.22 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан, хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр ******* нь банктай байгуулсан 1630013205 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн төлөлтийг хуваариас багаар буюу сард 150,000 төгрөгөөр төлөх хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг банкны зүгээр хянаж үзээд зээлийн үлдэгдэл болох 8,564,287 төгрөгийг гаргасан хүсэлтийн дагуу сар бүр 150,000 төгрөгөөр төлж дуусгахад 8 жил шаардагдах тул уг саналыг хүлээн авах боломжгүй ба зээлийн төлбөрийг тус дүнгээс өндөрөөр тохиролцон төлөх боломжтой талаар албан бичгээр мэдэгдсэн.

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөх гарсан Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа ч банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэийг хүргуүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ тапаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлт гаргаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэв. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн хүүний төлбөрт 279,867.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,162.66 төгрөг, нийт 281,029.82 гаргуулж нэхэмжлэгч ХХК ний Баян-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,684,287.96 хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу зээлдэгч ******* нь 281,029.төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийн үлдэгдэлээ хуваарийн дагуу төлөөгүй, төлөхийг шаардахад биелүүлдэггүй тул мэдэгдэх шаардах хуудсыг шуудангаар хүргүүлэхэд банкны тавьсан шаардлагыг биелүүлэх албагүй мэдэгдэх шаардах хуудсанд хариу өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа бичгээр илэрхийлсэн. Хамтран зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2019 оны 10 дүгээр сарын 02 - ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдпаар 303 хоног хугацаа хэтрүүлээд байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл:

Нэг. Тус банктай миний талийгаач нөхөр Зээлийн гэрээ байгуулж 9,600,000 төгрөг зээлсэн ба уг зээлийн гэрээнд намайг эхнэр нь зурах шаардлагатай гэсний улмаас гарын үсэг зурсан нь үнэн боловч хэрэв нас барсан тохиолдолд намайг төлнө гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй.

Хоёр. Манай нөхөр нь уг мөнгийг өөрийн дансаар авч өөрөө зарцуулсан. Надад энэхүү зээлж авсан мөнгөнөөс хэрэглэсэн, зарцуулсан асуудал байхгүй. Миний нөхөр миний дансруу уг зээлсэн мөнгөнөөсөө өгч байгаагүй. Хувиараа бизнес эрхэлнэ хэмээн мөнгө зээлээд чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Би нэгэнт нас барсан нөхрийнхөө ясыг өндөлзүүлээд яахав хэмээн, мөн хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсны хувьд уг зээлийн талыг сар бүр 150,000 төгрөг төлөх байдлаар төлөе гэж санал гаргасан ч банк хүлээн аваагүй. Ер нь бол би өөрөө авч зарцуулаагүй, бүр больё гэхэд нөхөр бид хоёр хамтдаа төлөх ёстой мөнгийг би ганцаараа төлөх нь зээлийн гэрээ, хууль, шударга ёсонд нийцэхгүй.

Гурав. Банктай байгуулсан зээлийн гэрээг үзэхэд 5.1.4-т зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг цуцалж, банк төлбөрийг бүрэн төлөх талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэхээр заасан. Миний нөхөр үндсэн зээлдэгч 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан учраас үндсэн зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон. Энэ тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг шаардах эрх банкинд үүснэ. Энэ өдрөөс хойш банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодох нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Эндээс үзвэл хүү тохирсон тохиолдолд заавал бичгээр гэрээнд тусгана. Хүү шаардахын тулд гэрээний зөвхөн хүчинтэй хугацаанд хүүг бодох ёстой. Гэрээний нэг тал болох миний нөхөр нас барснаар гэрээ дуусгавар болж улмаар энэ хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх банкинд үүснэ. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өмгөөлөгч авч, холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгөх болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 8,564,287.96 төгрөг, хүү 1,005,049.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,336 төгрөг, нийт 9,587,673.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд миний нас барагч нөхөр зээлийн гэрээ байгуулж 9,600,000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээнд эхнэр нь зурах шаардлагатай гэсний улмаас гарын үсэг зурсан нь үнэн боловч хэрэв нь нас барсан тохиолдолд намайг төлнө гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй, нөхөр нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд нэгэнт нас барсан нөхрийнхөө ясыг өндөлзүүлээд яахав хэмээн, мөн хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсаны хувьд уг зээлийн талыг сар бүр 150,000 төгрөг төлөх байдлаар төлье гэж санал гаргасан ч банк хүлээж аваагүй, гэрээний нэг тал болох миний нөхөр нас барснаар гэрээ дуусгавар болж улмаар энэ хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх банкинд үүссэн гэж тайлбарлаж байна.

ХХК нь зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нартай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1630013205 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,600,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлдэгч ын ХасБанк дахь 5002241455 дансанд 9,600,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1,035,712.04 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,542,164.22 төгрөгийг төлсөн байна.

Гэтэл зээлдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир нас барснаар зээлийн төлбөрийг зээлийн хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, банкнаас мөнгийг авсан эсэх талаар зохигчид маргаагүй. Харин уг зээлийг хариуцагч ******* өөрийн дансаар аваагүй, зээл авах тухай банкинд хүсэлт гаргаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00078 дугаартай шийдвэрийн дагуу 281,029.82 төгрөгийг төлсөн тул бүхэлд нь хариуцан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

******* нь өөрийн нөхөр ын авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж банкны зүгээс *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хэдийгээр хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч ******* өөрийн дансаар мөнгийг хүлээн аваагүй, банкинд зээл авах хүсэлт гаргаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлдэгч нарын авсан зээл нь өрхийн хэрэглээний зориулалттай байсан байх бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч *******гаас 8,965,317.78 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр ......зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа ч банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэийг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлт гаргаагүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн хүүний төлбөрт 279,867.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,162.66 төгрөг, нийт 281,029.82 гаргуулж нэхэмжпэгч ХХК-ний Баян-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,684,287.96 хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхи шийдвэрийн дагуу хариуцагч ******* 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 290,110 төгрөгийг төлсөн боловч, түүнээс хойш төлбөр тооцоо хийгдээгүй болох нь талуудын тайлбар зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Хамтран зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүргүүлж байсан байх ба хариуцагч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 8,684,287.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 281,029.82 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлан банкны мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй болохоо бичгээр мэдэгдсэн байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.4-т зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг цуцалж, банк төлбөрийг бүрэн төлөх талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэхээр заасан байна.

Хариуцагчийн ......үндсэн зээлдэгч 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан учраас үндсэн зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон. Энэ тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг шаардах эрх банкинд үүснэ. Хүү шаардахын тулд гэрээний зөвхөн хүчинтэй хугацаанд хүүг бодох ёстой гэж тайлбарлаж байгааг хүлээж авах үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,684,287.96 төгрөгийн тал 4,282,144 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,305,529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,242 дугаар зүйлийн 242.11,451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******гаас 4,282,144 төгрөг гаргуулан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,305,529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168,353 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 83,464 төгрөг гаргуулан ХХК-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН