Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00479

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.М, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар магадлалтай,

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Мд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,587,673.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Загдсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Г.Номин-Эрдэнэ, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х Б” ХХК нь Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,587,673.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,242 дугаар зүйлийн 242.11,451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Мгаас 4,282,144 төгрөг гаргуулан Х Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,305,529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,353 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 83,464 төгрөг гаргуулан Х Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.839 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Загдсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас 5,305,529 төгрөгийг хэрэгсэхгуй болгосугай” гэж заасныг, магадлалыг нэхэмжлэгч тал тус тус эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шуух 2020.01.13-ны өдрийн №00078 дугаар шийдвэрээр “Х Б”-ны нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох зээлийн төлбөр 8,965,317 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож” гэж заасны дагуу хариуцагч Б.Мгаас зээлийн төлбөрт 281,029 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл 8,684,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Учир нь зээлийн үндсэн төлбөр 8,684,287 төгрөгийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг уүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж зааснаар хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 9,587,673 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бурэлдэхүүн дүгнэв” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн № 00078 дугаар шийдвэрийг бүрэн дүүрэн судалж, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь тус шийдвэрээр “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа ч банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлт гаргаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй” гэж дүгнээд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас зээлийн хүүгийн төлбөрт 279,867.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1162,66 төгрөг, нийт281,029.82 /хоёр зуун наян нэгэн мянга хорин есөн төгрөг, наян хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк”-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр болох 8,684,287.96 /найман сая зургаан зуун наян дөрвөн мянга хоёр зуун наян долоон төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн тус шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөөгүй, зээлийн харилцааг дуусгавар болгох, өөрчлөх үр дагаврыг бий болгоогүй, зөвхөн шаардах, мэдэгдэх хуудас гардуулаагүй, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй нь гэрээг цуцлах хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж зөвхөн тухайн үед хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй, харин гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байх тул хариуцагчид мэдэгдэх, шаардах хуудас гардуулж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосны дараа зээлийн үндсэн төлбөр болох 8,684,287.96 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь уг зээлийн харилцаатай холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй юм. Иймд хамтран зээлдэгч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд банкны зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 00078 дугаар шийдвэрээс зөвхөн тогтоох хэсгийг магадлалдаа дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх нь тухайн зээлийн харилцаатай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч талын шүүхэд хандан эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу 9,600,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авч, хэрэглэсэн атлаа 2019.10.02-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 00078 дугаар шийдвэрээр зээлийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй буюу зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгох ёстой гэж шийдвэрлэснийг үндэслэл болгон авсан зээлээ төлөхгүй байж болох мэтээр маргаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд зээлдэгч нь энэ үйлдлээрээ гэрээний үүргээ биелүүлэх шударга байдлын зарчмыг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 00078 дугаар шийдвэрт заасны дагуу зээлдэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч зээлдэгч нь дээрх байдлаар зээлээ төлөхгүй гэж маргаж байсан тул банкны зүгээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас 5,305,529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч байгаа бөгөөд зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ 2020.10.12-ны өдрийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо тодорхой тусгасан болно. Иймд нэхэмжлэгчийн 2020.10.12-ны өдрийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон 2020.12.28-ны өдрийн хяналтын журмаар гаргасан энэхүү гомдолд дурдсан үндэслэлүүдийг тус тус харгалзан үзэж шийдвэр болон магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Мгаас нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,587,673.37 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хянан хэлэлцээд, зарим хэсгийг нь хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг нь хангаж, харин нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,587,673.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...зээлийн гэрээнд эхнэр нь гарын үсэг зурах шаардлагатай гэсний улмаас гэрээнд гарын үсгээ зурсан, зээлийг авч ашиглаагүй, нөхөр С.Б нас барсан, зээлдэгч нас барсан тохиолдолд намайг төлнө гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй тул зээлийн төлбөрийг төлөхгүй...” гэж мэтгэлцсэн байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 4,282,144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн байна. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Х Бны нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох зээлийн төлбөр 8,965,317 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ Б.Мгаас 281,029 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа зээлийн гэрээг хуульд заасан журмаар цуцлаагүй гэж үзжээ. Энэ шийдвэр нь гэрээг цуцалсан тухайн үеийн үйл баримтад тулгуурласан бөгөөд цаашид гэрээний хугацаанд гэрээг цуцлахад нөлөөлөхгүй, хүчин төгөлдөр шийдвэрт хамаарахгүй болохыг давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь үүргээ биелүүлээгүй хэвээр байсан тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өмнөх шийдвэртэй хамааралгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

9. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Х Б” ХХК болон С.Б, Б.М нарын байгуулсан 2018.12.21-ний өдрийн зээлийн гэрээгээр 9,600,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд С.Бын цалинг барьцаалсан байх ба талуудын хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

10. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Х Бны Орхон салбар зээлийн мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол зээлдэгч нь үндсэн зээлд 1,035,712 төгрөгийг, хүүд 1,542,164 төгрөгийг төлж, үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй байна. Зээлдэгч С.Б нь 2019.08.09-ний өдөр нас барсан, энэ үеэс зээлдэгч нь үүргээ зөрчсөн байна. Анхан шатны шүүх хариуцагч Б.Мг хамтран зээлдэгч гэж үзэж, маргааны нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хүлээх үүргийг багасгаж, зээлийн үүргийн тал хувийг хариуцуулахаар бүрэн эрхийн дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.28-ны өдөр төлсөн 168,354 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД