Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00128

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/001151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.587.673.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загдсүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загдсүрэн, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов. /Д.Майдри нар онлайнаар оролцоно/

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Иргэн С.Бадрах нь Хас Банктай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1630013205 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлдэгч С.Бадрахын Хас Банк дахь 5002241455 дансанд 9,600,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн 1,035,712.04 төгрөг, зээлийн хүүд 1,542,164.22 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан, хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр ******* нь банктай байгуулсан 1630013205 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн төлөлтийг хуваариас багаар буюу сард 150,000 төгрөгөөр төлөх хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг банкны зүгээр хянаж үзээд зээлийн үлдэгдэл болох 8,564,287 төгрөгийг гаргасан хүсэлтийн дагуу сар бүр 150,000 төгрөгөөр төлж дуусгахад 8 жил шаардагдах тул уг саналыг хүлээн авах боломжгүй ба зээлийн төлбөрийг тус дүнгээс өндрөөр тохиролцон төлөх боломжтой талаар албан бичгээр мэдэгдсэн.

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөх гарсан Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа ч банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ тапаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлт гаргаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэв. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн хүүний төлбөрт 279,867.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,162.66 төгрөг, нийт 281,029.82 гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК ний Баян-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,684,287.96 хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу зээлдэгч ******* нь 281.029.төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийн үлдэгдлээ хуваарийн дагуу төлөөгүй, төлөхийг шаардахад биелүүлдэггүй тул мэдэгдэх шаардах хуудсыг шуудангаар хүргүүлэхэд банкны тавьсан шаардлагыг биелүүлэх албагүй мэдэгдэх шаардах хуудсанд хариу өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа бичгээр илэрхийлсэн. Хамтран зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2019 оны 10 дүгээр сарын 02 - ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 303 хоног хугацаа хэтрүүлээд байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл:

Нэг. Тус банктай миний талийгаач нөхөр С.Бадрах Зээлийн гэрээ байгуулж 9.600.000 төгрөг зээлсэн ба уг зээлийн гэрээнд намайг эхнэр нь зурах шаардлагатай гэсний улмаас гарын үсэг зурсан нь үнэн боловч хэрэв С.Бадрах нас барсан тохиолдолд намайг төлнө гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй.

Хоёр. Манай нөхөр С.Бадрах нь уг мөнгийг өөрийн дансаар авч өөрөө зарцуулсан. Надад энэхүү зээлж авсан мөнгөнөөс хэрэглэсэн, зарцуулсан асуудал байхгүй. Миний нөхөр С.Бадрах миний данс руу уг зээлсэн мөнгөнөөсөө өгч байгаагүй. Хувиараа бизнес эрхэлнэ хэмээн мөнгө зээлээд чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Би нэгэнт нас барсан нөхрийнхөө ясыг өндөлзүүлээд яахав хэмээн, мөн хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсны хувьд уг зээлийн талыг сар бүр 150,000 төгрөг төлөх байдлаар төлье гэж санал гаргасан ч банк хүлээн аваагүй. Ер нь бол би өөрөө авч зарцуулаагүй, бүр больё гэхэд нөхөр бид хоёр хамтдаа төлөх ёстой мөнгийг би ганцаараа төлөх нь зээлийн гэрээ, хууль, шударга ёсонд нийцэхгүй.

Гурав. Банктай байгуулсан зээлийн гэрээг үзэхэд 5.1.4-т зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг цуцалж, банк төлбөрийг бүрэн төлөх талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэхээр заасан. Миний нөхөр үндсэн зээлдэгч С.Бадрах 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан учраас үндсэн зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон. Энэ тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг шаардах эрх банканд үүснэ. Энэ өдрөөс хойш банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодох нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Эндээс үзвэл хүү тохирсон тохиолдолд заавал бичгээр гэрээнд тусгана. Хүү шаардахын тулд гэрээний зөвхөн хүчинтэй хугацаанд хүүг бодох ёстой. Гэрээний нэг тал болох миний нөхөр нас барснаар гэрээ дуусгавар болж улмаар энэ хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх банканд үүснэ. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өмгөөлөгч авч, холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгөх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,242 дугаар зүйлийн 242.11,451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******гаас 4.282.144 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.305.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.353 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 83.464 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загдсүрэн давж заалдсан гомдолдоо:

Зээлдэгч С.Бадрах болон хамтран зээлдэгч ******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болох бөгөөд хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүргийг хэмжээг тодорхойлоогүй байх тул банкны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэг, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1630013205 дугаартай зээлийн гэрээний 3.1.5-д тус тус заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ нөхцөл байдлын хувьд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хуульд буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хувьд хамтран зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нөхцөл байдлыг үл харгалзан хариуцагчаас шаардсан зээлийн төлбөрийг хурааж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Зээлийн гэрээний үүрэг нь үл хуваагдах шинж бүхий хамтран хариуцагдах үүрэгт хамаарах тул хариуцагч нарт хуваарилан нэхэмжлэх боломжгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нар зээлийн төлбөрийг бүхэлд төлж дуусгах хүртэл банкны шаардах эрх хэвээр хадгалагдана.

Түүнчлэн хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу банк нь хамтран зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байтал анхан шатны шүүхээс нийт төлбөрийн тал хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.305.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.11 дэх заалтыг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.11., дэх заалт нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахад хамааралтай байхад анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нарын хоорондын харилцааг зохицуулахад хэрэглэсэн нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.11 дэх заалтын агуулга, зорилгод нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу банк нь хамтран зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүхэлд шаардах эрхтэй бөгөөд хэрэв хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг дангаар гүйцэтгэсэн тохиолдолд бусад үүрэг гүйцэтгэгч нараас тэдний гүйцэтгэвэл зохих үүргийг шаардахад Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.11., 142.12., 142.13., дахь заалтуудын зорилго оршиж байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Хариуцагчийн ...үндсэн зээлдэгч С.Бадрах 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан учраас үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон. Энэ тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг шаардах эрх банканд үүснэ. Хүү шаардахын тулд гэрээний зөвхөн хүчинтэй хугацаанд хүүг бодох ёстой гэж тайлбарлаж байгааг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүхэд дүгнэлээ гэжээ. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16300113205 дугаартай зээлийн гэрээг үндсэн зээлдэгч С.Бадрах, хамтран зээлдэгч ******* нартай байгуулсан бөгөөд үндсэн зээлдэгч С.Бадрах нас барсан нь тухайн зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

Учир нь зээлийн гэрээний 3.3-т зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэг хүлээх бөгөөд хэрэв үндсэн зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Иймд гэрээг үндсэн зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцсон зээлийн хүүгийн төлбөр болох 1.005.049.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 18.336 төгрөг, нийт 1.023.385.41 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад хүүгийн төлбөрийг үндсэн зээлдэгчийн нас барсан өдрөөр тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хамтран зээлдэгч *******гаас нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9.587.673.37 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9.587.673.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч ...Тус банкнаас талийгаач нөхөр С.Бадрах зээлийн гэрээ байгуулж 9.600.000 төгрөг зээлсэн, эхнэр нь зурах шаардлагатай гэсний улмаас гарын үсэг зурсан нь үнэн, зээлдэгч нас барсан тохиолдолд намайг төлнө гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй тул зээлийн төлбөрийг бүрэн төлөхгүй... гэх тайлбар хийж, мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК асан С.Бадрах нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч 9.600.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, хариуцагч ******* зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлдэгч С.Бадрах 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, зээлийн төлбөрөөс 8.564.287 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүх 2020 оны 01 сарын 13 -ны өдрийн № 00078 дугаар шийдвэрээр *******ны нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн төлбөр 8.965.317 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож гэж заасны дагуу хариуцагч *******гаас зээлийн төлбөрт 281.029 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл -8.684.287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүхийн № 00078 дугаар шийдвэрийн үндсэн дээр хариуцагч ******* зээлийн төлбөрт 281.029 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэгч тал дахин хариуцагчид холбогдуулан зээлийн гүйцэтгээгүй үүрэг 9.587.673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн нэмэгдүүлсэн хүү 4.282.144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, зээл 5.305.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь зээлийн үндсэн төлбөр 8.684.287 төгрөгийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 9.587.673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 167 дугаар зүйлийн 167.1.4д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар 99.839 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ