Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 561

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дугаар шийдвэртэй, Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н З Д буюу У Х З д холбогдох,

Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т- миний бие улсад 20 жил, боловсролын байгууллагад 17 жил багш, сургалтын менежер, захирлын ажлыг хийсэн. 2014 оны 4 дүгээр сард 1 дүгээр сургуулийн захирлаар томилогдон, 2015 оны 5 дугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, 6 хүн өрсөлдөгчөөс 1 дүгээр байранд шалгарч тэнцсэн.

...Сургуулийн захирлын хувьд идэвх санаачилгатай ажиллаж 2016 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шилдэг тохижилттой цэмцгэр байгууллага, Нийслэлийн Боловсролын газраас шилдэг тохижилттой ногоон байгууламжтай шилдэг сургууль, Эрүүл мэндийг дэмжигч сургууль, Боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэгч шилдэг сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмч харилцааны газраас шилдэг өмч эзэмшигч байгууллагаар шалгарсан нь ажлын үр дүн юм. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч учраас үр дүнгийн гэрээг жил бүр дүүргийн Засаг даргатай байгуулж, дүгнүүлж ажилласан, 2015-2016 онд 84 хувийн, 2016-2017 онд 80 хувийн үнэлгээтэй, хангалттай сайн ажилласан. Гэтэл намайг ажлаас халсан үндэслэл хуульд нийцээгүй, ямар ч үндэслэлгүй. Миний ажлыг удаа дараа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гомдлоор орох шалгалт гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн аудит, Нийслэлийн Боловсролын газраас шалгаж байсан ч ноцтой зөрчил гарч байгаагүй. 2016 оны Улсын их хурлын сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар хамт олны уур амьсгалыг үймүүлсэн нэр бүхий 7 хүн цуу яриа гаргаж, сургуулийн спорт заалыг ашиг олох сонирхолоор ашиглаж байна гэж үндэслэлгүйгээр нэр төрд халдаж, гүтгэн доромжилж, ажил хийхэд дарамт учруулж байсан.

Үүний улмаас Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгаж дүгнэлт гаргаснаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж 2 сарын цалинг 20 хувиар бууруулсан. Орон нутгийн сонгууль болж төрийн үйлчилгээний албан хаагч намайг намын харъяалалтай, улс төрийн томилгоогоор ажилд томилогдсон гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга өөрчлөгдөж, бүтэц бүрэлдэхүүнийг шинээр бий болоход дахин ажлын хэсэг байгуулж шалгасан. Тус газраас 2017 оны 2 дугаар сард дахин шалгалт хийснээр /НБГ-ын дэд дарга н.Дашдэмбэрэл ахлуулсан/ урьдчилан мэдэгдээгүй, ямар гомдол гаргасныг танилцуулалгүй нэг өдөр сургууль дээр ажиллаад явсан.

Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт ажлаас халах захирамж авч ирээд 2 цагт багтаан ажил хүлээлцсэн. Тушаалд 2015-2016 оны хичээлийн жилд сургалтын төлбөр авсан гэх асуудал байдаг, энэ нь тэр хичээлийн жилдээ өмнөх хичээлийн жилд хийгдэж байсан ажил болох Санхүү, эдийн засгийн дээд сургуультай хамтарч Хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлээгүй юм. Уг гэрээ нь гүнзгийрүүлсэн сургалтанд тулгуурлан хүүхдүүдийн сонирхлыг эцэг, эхийн хүсэлттэй хамтарч нэмэлт хичээл авч байсан ба 1 жил гаруйн дараа Нийслэлийн боловсролын газраас шалгалт ирээд хотын хэмжээнд зогсоох шийдвэр гарсан. Гэтэл үүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон.

Хоёрт, 78 жилийн турш биеийн тамир спорт заалын 580 м.кв талбайтай таазыг засварлаж байгаагүйг иргэн н.Наранбаатартай зааланд тоглох эрхээр хамтран ажиллаж таазыг засуулсан, бэлэн мөнгө гар дээрээ авч ашигласан, хэрэглэсэн зүйл байхгүй. Зах зээлийн ханшийг судлахад их өндөр үнэтэй байсан. 1 м.кв-ыг 3 000 орчим төгрөгөөр тооцож, сарын хугацаанд 30 удаа тоглоод, нийт 5 132 000 төгрөгийн үнэ бүхий засвар хийлгэснийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь туйлын харамсалтай байна.

Гуравт, намайг ажилд орохоос өмнө явагддаг байсан 5 дугаар ангийн сурагчдаас авсан 3 450 000 төгрөгийн хураамж. Энэ нь 6 дугаар ангиас эхлэн улсын хэмжээнд математикийн гүнзгийрүүлсэн сургалтын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаж явагддаг ажил. Үүнийг зөрчил гэж надад 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын Б/101 дугаартай тушаалаар цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан байсан.

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн эхний буюу сургуулийн спорт зааланд засвар хийснээс бусад сүүлийн хоёр зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гүнзгийрүүлсэн сургалттай төлбөрийг төрийн санд байршуулаагүй гэх асуудал нь Санхүү, эдийн засгийн дээд сургуультай хамтарч ажилласан гэрээний дагуу математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ганцхан ангийн хүүхдүүдэд математик, англи хэлний сургалтыг хамт авдаг ба эдийн засгийн нэмэлт хичээл ордог байсан. Сургалтын төлбөрийг 100 хувь төрийн санд байршуулж, англи хэлний төлбөрийг хамтын ажиллагааны гэрээнд зааснаар хичээл орсон багш нарт цалин, үр дүнд нь тооцоод олгодог, уг ажлыг гэрээ хийсэн сургалтын менежер н.Манлай хариуцдаг байсан.

Заалны засварын тухайд бартер хийж засуулсан. Хувьдаа бэлэн мөнгө аваагүй ба улс төржиж, улс төрийн шалтгаанаар халсан гэж боддог. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах хүсэлтэй байна. Өмнөх шүүх хуралдааны өдөр хүртэл цалинг тооцоход 17 006 810 төгрөг байсан. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 тоот захирамжаар 1 дүгээр сургуулийн захирал Б.Т-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын 3 дугаар хэсгийн 3.12-т гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын багш, хичээлийн туслах ажилтанд нэг хичээлийн жилд олгох нэмэгдэл хөлсний хэмжээг тухайн хичээлийн жилд сургуулийн зөвлөлөөс баталсан сургалтын нэмэгдэл зардлын нийт дүнгээс дор дурдсан хувиар тогтооно. 3.12.1- д гүнзгийрүүлсэн сургалтын 20 хувиас илүүгүй гэж зааснаар дунджаар 180000-280000 төгрөгийн төлбөр авах байсныг зөрчин, 12ё, 11ё ангийн сурагчдаас 500 000 төгрөг авсан, сургалтын төлбөрийг сургуулийн төрийн сангийн дансанд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр хураан зарцуулсан, 2016-2017 оны хичээлийн жилд цэвэрлэгээний материалын мөнгө гэж бага ангийн хүүхдүүдээс нийт 4 214 000 төгрөгийг хурааж, дунд ахлах ангиас цэвэрлэгээний материалыг авсан.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно гэснийг, Сургуулийн 1 өрөөг зориулалтын бусаар ашиглаж, сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон.

 Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэг боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй атал багш ажилчидтай хугацаатай гэрээ байгуулсан, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар захирал нь 20.2.1-д Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах гэснийг зөрчиж, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн.

Нэхэмжлэгч үүргээ хангалтгүй биелүүлсэн нь баримтаар тогтоогдож, сургуулийн захирал суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэгдсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдон, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Т-ыг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Т-ыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 194 399 /арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 233 922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Ууганбаяр миний бие шүүх хуралдаанд оролцсон бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тухай мэдэгдсэн. Н З Д С.Батболд өөрчлөгдсөн тул шинээр томилогдсон засаг даргаас итгэмжлэл олгох эсэхийг тодруулж авах, итгэмжлэл шинээр гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэлэлцүүлээгүй.

Шүүх хуралдааны нийтлэг журам зөрчөөгүй байхад хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанаас гаргаж, хариуцагч болон гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 8 дугаар зүйлийн 8.1, 90 дүгээр зүйлийн 90.5, 100 дугаар зүйлийн 100.8, 123 дугаар зүйлийн 123.1, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Н З Д буюу У Х Зид холбогдуулан 2017 оны Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Т-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг үндэслэн  Сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж, зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал,

Гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг,

Математикийн шалгалтын хураамж гэж 5 дугаар ангийн суралцагчдаас 3 450 000 төгрөг хураасан нь Боловсролын тухай хуулийн 6.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлыг нь хүлээлцүүлж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1хх 5,6,9,10/

 

Дээрх захирамжид дурдсан “математикийн шалгалтын хураамж гэх 3 450 000 төгрөг хураасан” зөрчилд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б/101 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /1хх70-85,89/

 

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын хэсгийн удирдамж”-ийн дагуу явагдсан шалгалтаар тухайн сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж, зарцуулсан гэх зөрчлийг илрүүлсэн талаар илтгэх хуудас болон шалгалтын дүгнэлтэд тусгагдсан байна. /1хх 99-101, 118-121/

 

Түүнчлэн “гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан” гэх зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэлээ болгожээ.

 

Анхан шатны шүүх хэргийн баримт, талуудын тайлбарт үндэслэн зөрчил тус бүрийн тухайд дүгнэлт хийж, “математикийн шалгалтын хураамж гэх 3 450 000 төгрөг хураасан” зөрчилд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б/101 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн гэж үзжээ.

 

Мөн сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж, зарцуулсан гэх зөрчлийг илрүүлсэн цаг хугацааны хувьд дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 24-ний хооронд хийгдсэн Нийслэлийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн нь хуулиар тогтоосон сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон “гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан” гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу шүүх хуралдаанд оролцуулаагүй, хүсэлт хэлэлцээгүй гэх үндэслэл заасан байна. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас А.Ууганбаяр, Ж.Гантулга нарт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон байна. /1хх24/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар зохицуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлөөлөх бүрэн эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болсон байна. Энэ талаар шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярт мэдэгдсэн нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдов. /2хх40-41,46/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд биечлэн оролцох, маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Н З Д буюу У Х З нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                               ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        Т.ТУЯА