Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00049

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 561 дүгээр магадлалтай,

Б.Тын нэхэмжлэлтэй

НЗД буюу УБХЗид холбогдох

НЗ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т миний бие улсад 20 жил, боловсролын байгууллагад 17 жил багш, сургалтын менежер, захирлын ажлыг хийсэн. 2014 оны 4 дүгээр сард 1 дүгээр сургуулийн захирлаар томилогдон, 2015 оны 5 дугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, 6 хүн өрсөлдөгчөөс 1 дүгээр байранд шалгарч тэнцсэн. ...Сургуулийн захирлын хувьд идэвх санаачилгатай ажиллаж 2016 онд НЗДын Тамгын газраас шилдэг тохижилттой цэмцгэр байгууллага, НБГаас шилдэг тохижилттой ногоон байгууламжтай шилдэг сургууль, Эрүүл мэндийг дэмжигч сургууль, Боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэгч шилдэг сургууль, НЗДын Тамгын газар, Нийслэлийн өмч харилцааны газраас шилдэг өмч эзэмшигч байгууллагаар шалгарсан нь ажлын үр дүн юм. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч учраас үр дүнгийн гэрээг жил бүр дүүргийн ЗДатай байгуулж, дүгнүүлж ажилласан, 2015-2016 онд 84 хувийн, 2016-2017 онд 80 хувийн үнэлгээтэй, хангалттай сайн ажилласан. Гэтэл намайг ажлаас халсан үндэслэл хуульд нийцээгүй, ямар ч үндэслэлгүй. Миний ажлыг удаа дараа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гомдлоор орох шалгалт гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн аудит, НБГаас шалгаж байсан ч ноцтой зөрчил гарч байгаагүй. 2016 оны Улсын их хурлын сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар хамт олны уур амьсгалыг үймүүлсэн нэр бүхий 7 хүн цуу яриа гаргаж, сургуулийн спорт заалыг ашиг олох сонирхлоор ашиглаж байна гэж үндэслэлгүйгээр нэр төрд халдаж, гүтгэн доромжилж, ажил хийхэд дарамт учруулж байсан. Үүний улмаас НБГ, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгаж дүгнэлт гаргаснаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж 2 сарын цалинг 20 хувиар бууруулсан. Орон нутгийн сонгууль болж төрийн үйлчилгээний албан хаагч намайг намын харъяалалтай, улс төрийн томилгоогоор ажилд томилогдсон гэж НБГын дарга өөрчлөгдөж, бүтэц бүрэлдэхүүнийг шинээр бий болоход дахин ажлын хэсэг байгуулж шалгасан. Тус газраас 2017 оны 2 дугаар сард дахин шалгалт хийснээр /НБГ-ын дэд дарга н.Дашдэмбэрэл ахлуулсан/ урьдчилан мэдэгдээгүй, ямар гомдол гаргасныг танилцуулалгүй нэг өдөр сургууль дээр ажиллаад явсан. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт ажлаас халах захирамж авч ирээд 2 цагт багтаан ажил хүлээлцсэн. Тушаалд 2015-2016 оны хичээлийн жилд сургалтын төлбөр авсан гэх асуудал байдаг, энэ нь тэр хичээлийн жилдээ өмнөх хичээлийн жилд хийгдэж байсан ажил болох Санхүү, эдийн засгийн дээд сургуультай хамтарч Хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлээгүй юм. Уг гэрээ нь гүнзгийрүүлсэн сургалтанд тулгуурлан хүүхдүүдийн сонирхлыг эцэг, эхийн хүсэлттэй хамтарч нэмэлт хичээл авч байсан ба 1 жил гаруйн дараа НБГаас шалгалт ирээд хотын хэмжээнд зогсоох шийдвэр гарсан. Гэтэл үүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон. Хоёрт, 78 жилийн турш биеийн тамир спорт заалын 580 м.кв талбайтай таазыг засварлаж байгаагүйг иргэн н.Наранбаатартай зааланд тоглох эрхээр хамтран ажиллаж таазыг засуулсан, бэлэн мөнгө гар дээрээ авч ашигласан, хэрэглэсэн зүйл байхгүй. Зах зээлийн ханшийг судлахад их өндөр үнэтэй байсан. 1 м.кв-ыг 3 000 орчим төгрөгөөр тооцож, сарын хугацаанд 30 удаа тоглоод, нийт 5 132 000 төгрөгийн үнэ бүхий засвар хийлгэснийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь туйлын харамсалтай байна. Гуравт, намайг ажилд орохоос өмнө явагддаг байсан 5 дугаар ангийн сурагчдаас авсан 3 450 000 төгрөгийн хураамж. Энэ нь 6 дугаар ангиас эхлэн улсын хэмжээнд математикийн гүнзгийрүүлсэн сургалтын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаж явагддаг ажил. Үүнийг зөрчил гэж надад 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр НБГын Б/101 дугаартай тушаалаар цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн эхний буюу сургуулийн спорт зааланд засвар хийснээс бусад сүүлийн хоёр зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гүнзгийрүүлсэн сургалттай төлбөрийг төрийн санд байршуулаагүй гэх асуудал нь Санхүү, эдийн засгийн дээд сургуультай хамтарч ажилласан гэрээний дагуу математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ганцхан ангийн хүүхдүүдэд математик, англи хэлний сургалтыг хамт авдаг ба эдийн засгийн нэмэлт хичээл ордог байсан. Сургалтын төлбөрийг 100 хувь төрийн санд байршуулж, англи хэлний төлбөрийг хамтын ажиллагааны гэрээнд зааснаар хичээл орсон багш нарт цалин, үр дүнд нь тооцоод олгодог, уг ажлыг гэрээ хийсэн сургалтын менежер н.Манлай хариуцдаг байсан. Заалны засварын тухайд бартер хийж засуулсан. Хувьдаа бэлэн мөнгө аваагүй ба улс төржиж, улс төрийн шалтгаанаар халсан гэж боддог. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах хүсэлтэй байна. Өмнөх шүүх хуралдааны өдөр хүртэл цалинг тооцоход 17 006 810 төгрөг байсан. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗДын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 тоот захирамжаар 1 дүгээр сургуулийн захирал Б.Тыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. НЗДын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын 3 дугаар хэсгийн 3.12-т гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын багш, хичээлийн туслах ажилтанд нэг хичээлийн жилд олгох нэмэгдэл хөлсний хэмжээг тухайн хичээлийн жилд сургуулийн зөвлөлөөс баталсан сургалтын нэмэгдэл зардлын нийт дүнгээс дор дурдсан хувиар тогтооно. 3.12.1- д гүнзгийрүүлсэн сургалтын 20 хувиас илүүгүй гэж зааснаар дунджаар 180000-280000 төгрөгийн төлбөр авах байсныг зөрчин, 12ё, 11ё ангийн сурагчдаас 500 000 төгрөг авсан, сургалтын төлбөрийг сургуулийн төрийн сангийн дансанд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр хураан зарцуулсан, 2016-2017 оны хичээлийн жилд цэвэрлэгээний материалын мөнгө гэж бага ангийн хүүхдүүдээс нийт 4 214 000 төгрөгийг хурааж, дунд ахлах ангиас цэвэрлэгээний материалыг авсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно гэснийг, Сургуулийн 1 өрөөг зориулалтын бусаар ашиглаж, сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэг боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй атал багш ажилчидтай хугацаатай гэрээ байгуулсан, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар захирал нь 20.2.1-д Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах гэснийг зөрчиж, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн. Нэхэмжлэгч үүргээ хангалтгүй биелүүлсэн нь баримтаар тогтоогдож, сургуулийн захирал суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэгдсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдон, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Тыг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Тыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 194 399 /арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийг НЗДын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг НЗДын тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч НЗДын тамгын газраас 233 922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 561 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч НЗД буюу УБХЗ нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т ...заасныг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралд хүсэлт гаргаж НЗД С.Б үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд шинээр томилогдсон ЗДаас итгэмжлэл шинээр гаргуулан шүүх хуралд оролцох, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралд амаар гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.3-т ...заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч НЗДыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацаа дууссан талаар хариуцагч буюу НЗДд мэдэгдээгүй байгааг давж заалдах шатны шүүх огт үнэлж дүгнээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НЗД буюу УБХЗид холбогдуулан “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны Б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан нь нотлогдсон...” гэсэн үндэслэлээр маргажээ.

НЗДын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дүгээр захирамжаар Б.Тыг Сүхбаатар дүүргийн 1-р дунд сургуулийн захирлын ажлаас халжээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг баримталж, Б.Т нь сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж, зарцуулсан нь Б,С,ШУ-ны Сын 2008 оны 98 дугаар тушаалыг, гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулалгүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан нь Б,С,ШУ-ны Сын 2002 оны 333 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг, математикийн шалгалтын хураамж гэж 5 дугаар ангийн суралцагчдаас 3 450 000 төгрөг хураасан нь Боловсролын тухай хуулийн 6.2-т заасныг тус тус зөрчсөн гэж заасан байна.

НБГын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б/101 дугаар тушаалаар математикийн шалгалтын хураамж 3 450 000 төгрөг хураасан зөрчилд Б.Тын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин ажлаас халах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.” гэсэн заалтыг зөрчжээ.

Түүнчлэн сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж, зарцуулсан гэх зөрчлийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр илрүүлсэн атлаа 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэснийг зөрчсөн, гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан гэх зөрчил нотлогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “..шинээр томилогдсон ЗДаас итгэмжлэл авах хүсэлтийг шүүх хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, ...итгэмжлэл дуусгавар болсныг мэдэгдээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх журмыг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэхийг хүссэн гомдлыг гаргажээ.

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А.Ууганбаяр, Ж.Гантулга нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгохдоо хугацаа заагаагүй байна. /1хх24/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлөөлөх бүрэн эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болсон талаар анхан шатны шүүх А.Ууганбаярт мэдэгдсэн нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдсон, шүүх зохигчийн эрхийг хязгаарлаагүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж зааснаар өмнөх ЗДаас олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр тул “шинээр томилогдсон ЗДаас итгэмжлэл авах” хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00191 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 561 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА