Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00983

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  182/ШШ2018/00036 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар магадлалтай,

Б.Т-ын нэхэмжлэлтэй,

НЗДБУБХЗ-д холбогдох,

Б/84 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Энх-Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 04 дүгээр сард СБД-ийн 1 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон. Миний ажилд НБГ, СБДБХэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж дүгнэлтийг гаргасан ба шалгалтын дүгнэлтээр үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж 2 сар цалингийн 20 хувиар бууруулж байсан. НБГ-аас 2017 оны 03 дугаар сард дахин шалгалтаар нийслэлээс Дашдэмбэрэл /НБГ-ын дэд дарга/-р ахлуулсан ажлын хэсэг ирсэн бөгөөд урьдчилан мэдэгдээгүй, удирдамж өгөөгүй. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Т- намайг ажлаас халах захирамжийг барьж, шууд орж ирэн 2 цагт багтаан ажил хүлээлцэх ажлыг хийсэн. Би 2017 оны 04-р сарын 14-ний  өдрийн Б/84 захирамжийг 2017 оны 04-р сарын 17-ны өдөр гардаж авсан болно. Миний бие 2017.04.14-ний өдрийн Б/84 захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 14-ний Б/84 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч НЗДБУБХЗ-д шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирал Б.Т-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээр 12ё, 11ё ангийн сурагчдаас сургалтын төлбөрт 500.000 төгрөг авсан, сургалтын төлбөрийг сургуулийн төрийн сангийн дансанд байршуулаагүй хувь хүний дансаар дамжуулан бэлнээр хураан зарцуулсан, 2016-2017 оны хичээлийн жилд цэвэрлэгээний материалын мөнгө гэж бага ангийн хүүхдүүдээс нийт 4214.0 мянган төгрөгийг хураамж, дунд болон ахлах ангийнхнаас цэвэрлэгээний материалыг авсан, Сургуулийн 1 өрөөг зориулалтын бусаар ашиглаж, сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон, Сургуулийн захирал багш ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна. Энэ нь Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.6-д “Ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон”, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасан зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Бум-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Т- нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Сахилгын шийтгэл” авсан байдаг ба 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 2 жилийн хугацаанд бага ангид дур мэдэн 500 гаруй хүүхдийг элсүүлсэн явдал нь хууль зөрчсөн ноцтой үйл ажиллагаа болсон бөгөөд энэ нь бага ангийн нэг ангид 60- 63 хүүхэд суралцахад хүрч ачааллыг хэт хэтрүүлсэн байдал нь хүүхдийн эрх зөрчиж, сургалтын хүртээмжийг буруулсан хэрэг болсон. Миний бие төрийн эрх бүхий байгууллага болон төрийн албанд тавигдах болзол журмыг ханган дээрх ажлыг гүйцэтгэж байгаа нь ямарваа нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймээс төрийн албаны тасралтгүй байх, төрийн үйлчилгээ иргэнд тогтвортой хүрэх зарчмын үүднээс захирлын ажил үүргээ хэвийн явуулах боломж бололцоогоор хангаж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулж шийдвэрлэвэл зохих олон асуудлыг зохицуулах нөхцөл боломжоор хангаж дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  182/ШШ2018/00036 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 26-ны өдрийн 550 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдааны даргыг томилох захирамж, шүүх хуралдааныг хэлэлцүүлэх захирамж гарган, шүүх хуралдааныг товлоогүй хэргийг хянан хэлэлцсэн зэрэгт хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хамаарахгүй бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч нараас гомдол гаргаагүй. Нөгөө талаас авч үзвэл Ерөнхий шүүгч, шүүгч нарын буруутай үйл ажиллагааны улмаас оролцогч нар цаг, хугацаа, төсөв хөрөнгөөр хохирох ёсгүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл  мэнд болон  нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно” гэж заасан.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхдээ хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсанаас гадна анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” талаарх  зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчид ажлаас халах  сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дүгээр захирамжид “сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5.132.000 төгрөгийн орлого олсон, гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, математикийн шалгалтын хураамж хэмээн 5 дугаар ангийн суралцагчдаас 3.450.000 төгрөг хураасан” зөрчил гаргасан гэжээ /хэргийн 5 дугаар тал/.

Дээрх захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн  илтгэх хуудсанд “...Б.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах хүсэлтийн дагуу Наранбаатартай тохиролцон 5.132.0 мянган төгрөгийн таазны засварын ажлыг гүйцэтгүүлж, спорт зааланд 36 удаа тоглолт хийх, ....2016 оны 4 дүгээр сарын 12-нд 5 дугаар ангийн математикийн  шалгалтын хураамж 3.450.0 мянган төгрөгийг хүүхдүүдээс хурааж, ...” гэсэн байх /хх 99-129 тал/ ба эдгээр зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх  талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Түүнчлэн гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй гэх зөрчлийг хэдийд гаргасан нь тодорхой бус, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал тодорхой бус,  энэ тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”  талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ