Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю” ХХК,

“Н” ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаар шийдвэртэй “Ю” ХХК, “Н” ХХК-иудын нэхэмжлэлтэй “М” ХХК, Т нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 293 084 ам.долларыг гаргуулж, “Н” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах, “Н” ХХК, “М” ХХК-иудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан 21 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Ц.Булганхишиг, Ө.Сайнбаяр, Б.Чинзориг, өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч “Ю” ХХК, “Н” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Т /цаашид Т гэх/-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг “М” ХХК-д ямар нэгэн нэмэлт нөхцөл болзолгүйгээр зөвшөөрсөн.

Уг тогтоолын дагуу санхүүжилт авахын тулд “Ю” ХХК нь Т-тай “Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ”-г 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 ам.долларыг Голомт банк дахь 8125001722 тоот дансанд, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24 850 000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлж байршуулсан.

Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээг зээлдүүлэгч “М” ХХК, зээлдэгч Т, төсөл хэрэгжүүлэгч “Н” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн зарлага хийгдэх боломжгүйгээр байгуулсан. Гэтэл Т-аар дамжуулан байгуулсан гэрээний мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон “Н” ХХК-иас шаардаж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 3 008 292 ам.доллар, “Голомт банк” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000.00 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 ам.долларыг буцаан шилжүүлэн авсан.

Түүнчлэн, “М” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д байршуулсан 24 850 000 ам.долларын үлдэх хэсэг болох 21 841 708 ам.долларыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Н” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дансандаа шилжүүлсэн. “Н” ХХК-ийн төсөлд Т ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт болох 49 850 000 ам.доллараас 28 008 292 ам.долларыг “М” ХХК өөрийн шаардлага, албадлагаар эргүүлэн татаж авсан. Эгүүлэн татсан мөнгөн хөрөнгөнөөс 7 143 084.2 ам.долларын зээлийн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Т, “Хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 жилийн хугацаатай төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. “Н” ХХК, “Юнайтед прожектс групп” ХХК нь энэхүү зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Иймээс нэхэмжлэгч компаниас хууль бусаар татан авсан 50 000 000 ам.долларын хүү гэх 7 143 084.2 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар нийт 7 293 084.2 ам.долларыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М” ХХК, “Н” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр 21 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бусдын хийсэн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээнд оролцогч талууд нь “М” ХХК, Т бөгөөд нэхэмжлэгч талын хөрөнгийг ийнхүү барьцаалсан агуулгыг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах үндэслэлтэй. Иймд “М” ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

“Юнайтед прожектс групп” ХХК болон Т-ын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын дансанд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай компаниудад ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар санхүүжилтийн мөнгө орсон өдөр болох 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох үндэстэй гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь “Н” ХХК-аас шимтгэл аваагүй. Бид Т-т зээл олгосон бөгөөд түүнээс шимтгэлээ авсан. Нэхэмжлэгч тал энэхүү шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Т-аас нэхэмжлэх ёстой. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилго нь Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолын дагуу “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын төсөлд зориулж зээлдэгч талд Т-аар дамжуулан 50 000 000 ам.долларыг олгосон.

Гэрээний дагуу “М” ХХК нь Т-т зээл өгснөөр зээлийн хүүг буцаан авах эрхтэй. Бид зээлийн хүүг түрүүлэн авч, дараа нь үндсэн зээлээ татан авсан. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай холбоотой гэрээнд төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх БНХАУ-ын Экспорт-импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 24 850 000 ам.долларыг гэрээний 2.2-т битүүмжлэгдсэн байхаар заасан. Гэрээнд 5 нөхцөл заасан бөгөөд зээлдүүлэгчийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрт тусгагдсан бүхий л нөхцлүүд хангагдсан байх гэж заасан. Энэ нь “М” ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Т-т 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 2024 он хүртэл, бусад нөхцөлд энэхүү 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь ашиглана гэж заасан.

“Шинэ яармаг” төслийн эхний ээлжийн 25 000 000 ам.долларыг нөхцөл бүхий данснаас зарцуулалт хийхийн өмнөх БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас зээл олгох шийдвэр гарсан байхыг тусгасан. Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд үлдэгдэл 85 хувь буюу ойролцоогоор 198 000 000 ам.доллар БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас олгогдохгүй бол энэхүү төсөл бүрэн хэрэгжих боломжгүй. Энэхүү зээл олгох шийдвэр гарсны дараа “Н” ХХК-д мөнгөө зарцуулах бүрэн эрхийг нь Т болон “Н” ХХК-д олгосон. Гэтэл “Н” ХХК-д өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй.

Нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан энэхүү шийдвэрт “М” ХХК нь 4 удаа өөрчлөлт оруулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар байршуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 2.8-д төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экпсорт-импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн “Голомт банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д байршуулсан зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “М” ХХК-ийн дансанд татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс “Шинэ яармаг” төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.

“М” ХХК нь гадаад дотоодын мөнгөн хөрөнгийг татан байршуулж зээл олгодог. Энэ зээлийг Европоос авсан 580 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгөөс санхүүжүүлсэн бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газар буцаан төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах гэж байсан. БНХАУ-ын Экспорт-импорт банкны зээл шийдэгдээгүй учир талуудын харилцан тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгөө буцаан татан авсан.

Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээ болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн данс дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол энэхүү мөнгөн хөрөнгийг суутган авна гэж тусгасан. 4 талт гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч байсан учир тус гэрээний дагуу “М” ХХК-ийн оролцоогүйгээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК 21 800 000 ам.долларыг татан авсан. Т-ын зөвшөөрлийн дагуу бид үлдсэн 3 008 292 ам.долларыг Т-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөөс зээлийн хүү, бусад мөнгөнөөс үндсэн зээлийг татан авсан. Мөн хамтарсан мэдэгдлийн дагуу “Голомт банк” ХХК-иас 25 000 000 ам.долларыг 2 үе шаттайгаар татсан. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн суутган авсан 21 800 000 ам.долларыг нэхэмжлэгч тал төсөлдөө зарцуулсан.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Н” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 01/162 дугаар “барьсан барилгынхаа гүйцэтгэлийг тусгаад тухайн 20 ширхэг барилгыг “М” ХХК болон Т-ын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болгон барьцааны гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгийн дагуу барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК болон Т-ын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь битүүмжлэгдсэн хэлбэртэй байсан. Зээлийн гэрээ болон хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаанд дансанд байршуулах гэрээнүүдэд тодорхой хугацаагаар нэмэлт өөрчлөлт орсон. Учир нь гэрээнд заасан 6 сарын хугацаа дуусч нэхэмжлэгч талын хүсэлтээр 1 жил өнгөрсөн. Талууд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Экспорт-импорт банкны зээлийн шийдвэр гарахгүй бол тухайн зээлийг татахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч тал “Худалдаа хөгжлийн банк” ХХКК-ийн дансанд байршуулсан мөнгийг барьцаалан 21 000 000 ам.долларын, “Голомт банк” ХХК-д байсан 25 000 000 ам.долларын хөрөнгийг барьцаалан 17 000 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө бүрэн хэмжээгээр,“Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас 3 000 000 ам.доллар татан авсан.

Нэхэмжлэгч тал хүү төлөхгүй гэдэг. Гэтэл “Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ”-ний 1.7.2-т хүү болон түүн дээр нэмэх 2 хувийн өгөөж төлөх талаар маш тодорхой заасан. Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг буцаан татах эрх нь Т-т бий болсон. Гэрээнд заасны дагуу хүүг “Н” ХХК нь хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотой Т болон “М” ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. Т-ын үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүгд барьцаанд байгаа. Хүү болон шимтгэлтэй холбоотойгоор газрыг 15 000 000 000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. Иймд “Н” ХХК нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. “Н” ХХК нь тухайн зээлийг авч ашигласан учир гэрээнд зааснаар хүү болон шимтгэлээ төлөх ёстой. Т нь тухайн зээлийг зөвхөн дансандаа оруулж “Шинэ яармаг” төсөлд зориулсан. Энэ төсөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага “М” ХХК-тай холбоогүй мэт харагдаж байгаа гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас зээл авсан тохиолдолд эхний ээлжинд түүний зээлийг эргэн төлөх нөхцөлтэй байсан хэдий ч өнөөдрийг хүртэл зээл шийдвэрлэгдээгүй байна. Зээл зээлийн хүү төлөгдсөн үйл явцад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Ямар хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 ам.долларт хүү 7 143 084 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар, нийт 7 293 084 ам.доллар тооцсоныг буцаан гаргуулж, “Н” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг “М” ХХК, Т нарт даалгахыг хүссэн “Ю” ХХК, “Н” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг, “М” ХХК-аас үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 614 014 781.70 төгрөг гаргуулах “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “М” ХХК болон “Н” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-Б 2015-75-1 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-Б 2015-75-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу барьцаалагдсан “Н” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамжид байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042381 дугаарт бүртгэлтэй, 734 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042382 дугаарт бүртгэлтэй, 733 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042384 дугаарт бүртгэлтэй, 744 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042380 дугаарт бүртгэлтэй, 743 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042370 дугаарт бүртгэлтэй, 736 тоот хаягт байршилтай, 4 930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042377 дугаарт бүртгэлтэй, 737 тоот хаягт байршилтай, 4 930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042385 дугаарт бүртгэлтэй, 747 тоот хаягт байршилтай, 4 382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042366 дугаарт бүртгэлтэй, 748 тоот хаягт байршилтай, 4 382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042372 дугаарт бүртгэлтэй, 735 тоот хаягт байршилтай, 13 537 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042378 дугаарт бүртгэлтэй, 731 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042376 дугаарт бүртгэлтэй, 746 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042379 дугаарт бүртгэлтэй, 742 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042368 дугаарт бүртгэлтэй, 726 тоот хаягт байршилтай, 5 665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042375 дугаарт бүртгэлтэй, 727 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042383 дугаарт бүртгэлтэй, 728 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042371 дугаарт бүртгэлтэй, 729 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042369 дугаарт бүртгэлтэй, 738 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042373 дугаарт бүртгэлтэй, 739 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042367 дугаарт бүртгэлтэй, 740 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042374 дугаарт бүртгэлтэй, 741 тоот хаягт байршилтай, 5 665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “Н” ХХК-ийн эзэмших эрхийн 000314106 дугаар гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148 825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай нэгж талбарын 178025/0006 18634303173310 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М” ХХК-ийн барьцаанаас чөлөөлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 793 601.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 3 280 673.9 төгрөгийг нэхэмжлэгч “Н” ХХК-аас нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “М” ХХК-аас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцлийг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад “улсын бүртгэлд бүртгүүлэх” хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээг газрын албанд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд газрын албанд барьцааны гэрээг бүртгүүлээгүй, эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийгээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохгүй бөгөөд хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авах тухай зохицуулалт агуулаагүй байна.

Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөвшөөрөл авах ёстой байсан хэмээн тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Мөн газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэл хийлгээгүй нь улсын бүртгэлийн барьцааны бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

“М” ХХК болон “Н” ХХК-иудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б2015-75 дугаартай гэрээний 3.2.6-д “барьцааны гэрээнд талууд гарын үсэг зурмагц, нотариатаар гэрчлүүлж, харьяалах газрын алба болон улсын бүртгэлд бүртгүүлэх”-ийг барьцаалуулагчийн үүрэг байхаар заасан. “Н” ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч газрын албанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Газрын албанд барьцааны гэрээг бүртгүүлэх үүрэг дээрх гэрээний дагуу одоо ч “Н” ХХК-д байсаар байна. Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэл болохгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нэгдсэн нэг мэдээллийн цахим сантай болсон, 8 дугаар зүйлийн 8.1.4-д ипотек, 8.1.9-д газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийн төрөлтэй байхаар заасан. Нэгдсэн мэдээллийн сантай болсноор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэг л удаа бүртгүүлэхээр зохицуулсан. Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн дээрх хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэжээ. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд тухайн газар болон түүн дээр баригдаж буй орон сууц нь тус тусдаа эрхийн гэрчилгээтэй бөгөөд эдгээрийг тусад нь барьцаалах боломжийг Иргэний хууль, Газрын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус хуульчилсан тус тусад нь барьцаалах зориулалттай бие даасан үл хөдлөх хөрөнгүүд юм.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд шүүхийн зүгээс барьцааны гэрээний газрыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч энэ нь барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “Ю”, “Н” ХХК-иуд хариуцагч “М” ХХК, Тазар /цаашид Т гэх/ нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 293 084 ам.долларыг гаргуулж “Н” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах, “Н” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 614 014 781.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

             Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Т-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг “М” ХХК-д даалгасан, уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Ю” ХХК болон Т нарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ, “М” ХХК, Т-тай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээ, “М” ХХК, “Н” ХХК, Т нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 тоот зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд, дөрвөн талт гэрээ, барьцааны гэрээнүүд байгуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээнүүд болон талуудын тайлбараар нотлогдож байна. /1хх 24-30, 39-40, 111-117 дахь тал/ Энэ үйл баримтад талууд маргаангүй. Харин “М” ХХК, Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгжсэн эсэх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “М” ХХК, “Нью яармаг хаусинг” ХХК-тай байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

            1.“М” ХХК нь Т-тай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд 50 000 000 ам.долларыг, жилийн 8.45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр тохирчээ. Дээрх гэрээний дагуу “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих ажлыг санхүүжүүлэхдээ мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх нь БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас орон сууцны төсөлд зориулан “Н” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд нээгдэх бөгөөд мөнгийг нөхцөл бүхий данснуудад 2 хуваан 6 сарын хугацаатай байршуулж, тогтоосон хугацаанд Хятадын банкнаас зээл олгох шийдвэр гараагүй тохиолдолд тус банкны дансанд байршуулсан мөнгийг үл маргах журмаар “М” ХХК-ийн дансанд буцаан татах болзол тавьжээ. /1хх 111-117 дахь тал/ Гэрээнд талууд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах хугацааг 2016  оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулж, Хятадын банкнаас “Н” ХХК-д зээл олгох шийдвэр гараагүй тохиолдолд тус банкны дансанд байршиж байгаа зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар буцаан татаж, тус мөнгөн хөрөнгөөс Т-д олгосон “Шинэ яармаг” төслийг зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлэх арга хэмжээ авахаар харилцан тохиролцсон байна. /1хх 118-120 дахь тал/ Иймд “М” ХХК, Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзнэ. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй тул хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Дээрх зээлийн гэрээ болон хариуцагч “М” ХХК, Т, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/264/2015/1-18/15-015 дугаартай “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ”, мөн хариуцагч нар болон нэхэмжлэгч “Н” ХХК-ийн, “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иудтай байгуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээний дагуу хариуцагч “М” ХХК нь Т-т олгосон 50 000 000 ам.долларыг нэхэмжлэгч “Нью хаусинг прожект” ХХК-ийн “Голомт банк” ХХК-ийн дансанд 25 000 000 ам.доллар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд 24 850 000 ам.долларыг 6 сарын хугацаатай битүүмжлэлтэйгээр тус тус байршуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчдын тайлбараар нотлогдсон. /1хх 39-42 дахь тал/

            “М” ХХК нь Т-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Н” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй 148.825 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг дуусаагүй 21 ширхэг барилгын хамт барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Талууд барилгын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн эрх бүхий газарт бүртгүүлсэн байна. Иймээс уг барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /1хх 57-61 дэх тал/

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж буруу дүгнэснийг залруулах боломжтой.  

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлж, энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар дээрх алдааг залруулан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М” ХХК, Т-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө татсан атлаа барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байна” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан барьцаанаас хөрөнгөө чөлөөлүүлэх агуулгатай байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар “М” ХХК болон Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд тавьсан болзол нь талуудын тогтоосон 6 сарын хугацаанд бий болоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Н” ХХК-д Хятад Улсын Экспорт-импорт банкнаас олгох зээл шийдвэрлэгдээгүйн улмаас хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан үйл баримтад талууд маргахгүй байна. Иймд зээлийн гэрээнд тавьсан болзол биелэгдээгүйгээс хариуцагч “М” ХХК зээлийн гэрээнээс татгалзсан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болснон гэж үзнэ. Үүний улмаас хариуцагчийн барьцааны гэрээгээр үүссэн барьцааны эрх нь хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу дуусгавар болж хариуцагч “М” ХХК-д мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлийг нэхэмжлэгч “Н” ХХК-д буцаан өгөх үүрэг үүссэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

            Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “зээлийн гэрээний дагуу мөнгийг дансанд байршуулсан, уг мөнгийг “Н” ХХК ашигласан” гэж тайлбарлан маргадаг.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04 дүгээр тогтоолоор Т-аар дамжуулан олгосон нийт 50 000 000 ам.долларын зээлийн хөрөнгөнөөс “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь “Н” ХХК-ийн дансанд байршуулан битүүмжилсэн 24 850 000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгох, холбогдох гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлагад зөвшөөрсөн байна. /1хх 98 дахь тал/ Үүний дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь нэхэмжлэгч “Н” ХХК-д зээл олгож, хугацаа дууссаны дараа дээрх барьцаа хөрөнгөөс 21 841 707.64 ам.долларыг зээлийн гэрээний үүрэгт суутган, үлдэгдэл мөнгийг талуудын байгуулсан 4 талт гэрээний дагуу “М” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ гэрээний харилцаа нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, мөн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний харилцаанд хамааралгүй тул барьцааны зүйлийг буцаан өгөхгүй, зээлийн гэрээ хэрэгжсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үүссэн барьцааны эрх дуусгавар болсонд тооцсугай” гэж өөрчлөн, хариуцагч “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Юнайтед прожект групп” ХХК, “Нью хаусинг прожект” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 293 084 ам.долларыг гаргуулж “Н” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 614 014 781.70 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч талууд гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үүссэн барьцааны эрх дуусгавар болсонд тооцсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                                            ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД