Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/00580

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ЮНП” ХХК,  

Нэхэмжлэгч: “НЯ” ХХК нарын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “МХБ” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53/3, өөрийн байранд байрлах, “ТО” ТӨҮГ /РД:5745535/ нарт холбогдох,  

 

Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл гэж 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.доллар тооцсоныг Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу буцаан гаргуулж, “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг даалгах,

“НЯ” ХХК болон “МХБ” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйл болох 21 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх,

Иргэний хуулийн 219.1-д зааснаар үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 614,014,781.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагч “МХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг, өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч “ТО” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, А.Цэлмэг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

“ЮНП” ХХК нь “НЯ” ХХК-ийн нэг зуун хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Нью яармаг” нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 14,8 га газарт орчин үеийн цогц төлөвлөлт, спортын иж бүрэн байгууламж бүхий нийт 2910 айлын орон сууцтай “Шинэ яармаг” цогцолбор хороолол төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба дээрх 2 компани нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь:

1. Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл гэж 150,000 ам.доллар нийт 7,293,084 ам.доллар тооцсоныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан гаргуулж, “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг хариуцагч нарт даалгах,

2. “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж барьцааны зүйл болох 21 үл хөдлөх хөрөнгийг “МХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх,

3. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраар “НЯ” ХХК нь “Шинэ яармаг” хорооллын барилга байгууламжийн ашиглалтын төлбөрүүд, урсгал зардлыг 24 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр төлж ирсэн 614,014,781.70 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу МХБнаас үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд гэж үзэн нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл

1. “ТО” ТӨҮГ болон “МХБ” ХХК-ийн нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС-Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байдаг. “ТО” ТӨҮГ болон “ЮНП” ХХК нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус гэрээг шинэчлэн “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.

1.1.“ТО” ТӨҮГ нь Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд заасан дараах үүргийг биелүүлээгүй болно. Үүнд:

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.1-д “...ТОСК нар нь дээрх зорилгыг хэрэгжүүлэх болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолын биелэлтийг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулж, “ТО” ТӨҮГ нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн валютын төрлөөр нийт 50,000,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг энэхүү гэрээний дагуу “ЮНП” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” төсөлд оруулна. “ЮНП” ХХК нь энэхүү гэрээний дагуу “ТО” ТӨҮГ-аас авсан хөрөнгө оруулалт, санхүүжилтээр “НЯ” ХХК-ийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар “Шинэ яармаг” төслийг санхүүжүүлнэ”.

Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.8-д “... “ТО” ТӨҮГ-ын оруулах санхүүжилтийн хугацаа 9 жил ...” байна гэж заасан дээрх үүргүүдийг ноцтой зөрчиж нэхэмжлэгч нар Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.1 -д зорилгыг биелүүлэхэд хүнд нөхцөл байдлыг буй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл,“ТО” ТӨҮГ нь 50,000,000 ам.долларын санхүүжилтийг олгох байснаас 49,850,000 ам.долларын санхүүжилтийг олгосон гэх боловч битүүмжтэй, Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.4.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар нь захиран зарцуулж ашиглах боломжгүйгээр дансанд байршуулсан нь энэхүү гэрээний 1.1-д заасан Төслийн зорилгыг биелүүлэх боломжгүй болгон гэрээнд заасан хугацаанаас өмнө битүүмжтэй данснаас хөрөнгө оруулалтаа татан авсан байдаг.

1.2. “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ болон “ЮНП” ХХК нарын байгуулсан Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд заасан 50,000,000 ам.долларыг тус гэрээнд заасан нөхцөлийн дагуу захиран зарцуулахад дараах байдлаар саад учруулсан байдаг. Үүнд:

Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээг Голомт, Худалдаа хөгжлийн банкуудтай тус тус байгуулсан байдаг.

Дээрх гэрээнүүд нь нэхэмжлэгч нар “ТО” ТӨҮГ-аас авах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон бөгөөд “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-д олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд санаатайгаар саад учруулж, хугацаанаас нь өмнө санхүүжилтийг үл маргах журмаар Хөгжлийн банк нь буцаан татан авсан байдаг.

1.3  Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт тооцсон хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.долларыг “ЮНП” ХХК болон “НЯ” ХХК нар нь “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ-т төлөх үүрэг хүлээгээгүй тухай.

“ТО” ТӨҮГ нь Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд заасны дагуу 50,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг өгөх үүргийг хүлээсэн боловч бодит байдал дээр 49,850,000 ам.долларыг битүүмжтэй дансанд захиран зарцуулах эрхгүйгээр “НЯ” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд 24,850,000 ам.доллар, Голомт банкны 8125001722 тоот дансанд 25,000,000 ам.долларыг тус тус шилжүүлсэн байдаг. Гэхдээ эдгээр дансанд байршуулсан санхүүжилтийг үндэслэлгүйгээр 2016 оны 12 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкнаас 3,008,292 ам.доллар, Голомт банкнаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 ам.доллар, Голомт банкнаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 ам.доллар, нийт 28,008,292 ам.долларыг буцаан татан авсан.

“ТО” ТӨҮГ нь Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нь зориулалтын дагуу зарцуулах эрх олгоогүй, “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-д зээл олгосон гэх боловч Зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зээлийг олгоогүйгээс гадна дансанд байршуулсан тохиолдолд хүү тооцон авах болон хэрхэх талаар гэрээнүүдэд зохицуулалт байхгүй байхад хүүнд 7,293,084 ам.долларыг данснаас татан авсан нь компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байх тул шүүх анхааралдаа авч үзнэ үү.

“НЯ” ХХК-тай байгуулсан гурван тал, дөрвөн талт нөхцөл бүхий дансанд байршуулах гэрээнүүдэд 50,000,000 ам.долларт тооцсон хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.долларыг төлөх үүргийг гэрээгээр хүлээгээгүй, нөхцөл шаардлагыг холбогдох гэрээнүүдэд тусгаагүй, нэхэмжлэгч нар нь хүү, шимтгэл төлөх гэрээний зохицуулалт байхгүй байхад “МХБ” ХХК-аас “НЯ” ХХК-д ирүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/278 дугаартай албан тоотод “Танай Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкууд дахь харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс нийт 28,008,292.36 ам.долларыг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 29,134,792.20 ам.доллар байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. “МХБ” ХХК нь нэхэмжлэгч нарыг Зээлийн гэрээний оролцогч биш, гэрээний тал биш гэх боловч “НЯ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот харилцах данс болон Голомт банкны 8125001722 тоот харилцах данснаас нийт 28,008,292.36 ам.доллар буцаан татахдаа шууд Хөгжлийн банк нь өөрсдийн данс руу татсан байдаг. Өөрөөр хэлбэл, “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татсан төлбөрөөс хүү, шимтгэл тооцсон болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд зээлийн гэрээний тал биш, зээлийн хүү, шимтгэл төлөх үүрэг хүлээгээгүй, этгээд болох “НЯ” ХХК-аас “МХБ” ХХК нь хууль зүйн үндэслэлгүйгээр зээлийн хүү, шимтгэлд нийт 7,293,84 ам.долларыг суутган авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;” буюу нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас 7,293,084 ам.долларыг шаардаагүй, гагцхүү үндэслэлгүй суутгасан тооцооллыг буцаах замаар эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ’' гэж заасныг баримтлан Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт тооцсон хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.долларыг буцаан гаргуулж, “НЯ” ХХК-ийн харилцах данснуудаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Энэ шаардлагыг “ЮНП” ХХК, “НЯ” ХХК-ууд охин болон толгой компаниудын хувиар “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ-т холбогдуулан гаргаж байгаа.

2. “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж барьцааны зүйл болох 21 үл хөдлөх хөрөнгийг “МХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай.

2.1. Хууль зүйн үндэслэлийн талаар:

“МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б-ОС-Б 2015-60 дугаар, мөн өдөр Б-ОС-Б 2015-61 дүгээр “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, “МХБ” ХХК болон “НЯ” ХХК нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр И-ОС-Б-2015-75 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-01, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-02 дугаар бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус байгуулсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.” гэж заасан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 8.7-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг бичиж/-г өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.”, мөн журмын 8.8-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах болон эзэмшил газраа бусдад ашиглуулах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай албан бичгийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол энэ журмын 5 дугаар хавсралт “Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэл”-д бүртгэж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.”, Тухайн шатны засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд тус журмын 10.10-д “Эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэгээг Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь эрхийн гэрчилгээний арын нүүрэнд барьцаалагчийн нэр, барьцаалж эхлэх хугацааг бичиж эрхийн гэрчилгээ, албан бичиг, бусад материалын хамт өргөдөл гаргагчид буцаан өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2.-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.” гэж заасны дагуу хуульд заасан зөвшөөрлийг авалгүйгээр гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Хариуцагч “МХБ” ХХК нь “НЯ” ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдийн талаарх зөвшөөрөл, тэмдэглэгээ “Нью яармаг”-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хийгдээгүй, аль нь ч байхгүй болохыг нотлох баримтад тодорхой харуулсан бөгөөд энэ тухай Нийслэлийн газрын албанаас авсан лавлагааг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна.

Иймд Иргэний хуулийн 84, 85, 87 дугаар зүйлүүдэд зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг бөгөөд салгаж үл болох тул дээрх барьцааны гэрээнд заагдсан 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Энэ шаардлагыг “НЯ” ХХК нь “МХБ” ХХК-д холбогдуулан гаргаж байгаа.

2.2. Эдийн засгийн үндэслэлийн талаар:

“МХБ” ХХК нь 3-ОС-Б 2015-33 тоот Зээлийн гэрээний дагуу олгосон 50,000,000 ам.долларыг эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б-ОС-Б 2015- 60 дугаар тоот “Барьцааны гэрээ”-гээр “ТО” ТӨҮГ-ын блансын активт тусгагдсан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын циклийг бүхэлд нь, мөн Б-ОС-Б 2015-61 дүгээр тоот “Барьцааны гэрээ”-гээр “ТО” ТӨҮГ-ын эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших 500,000 м.кв талбайтай орон сууцны цогцолборын зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.

Мөн үүнээс гадна давхардуулан 50,000,000 ам.долларыг эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон “МХБ” ХХК нь “НЯ” ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 1 ширхэг газар эзэмших эрхийг барьцаалаад байгаа бөгөөд энэхүү барьцаа нь “НЯ” ХХК болон “ТО” ТӨҮГ  нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 2015/6-03 15/008(НЯХП) дугаар тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу “НЯ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ яармаг” төсөлд оруулсан 50,000,000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсантай давхардаж байна.

Эдгээр барьцаанууд нь бүгд 50,000,000 ам.долларын зээлийн мөнгөн хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан боловч өнөөдрийн байдлаар 50,000,000 ам.доллараас 28,008,292.36 ам.долларыг буцаан татаж үүрэг гүйцэтгэх мөнгөн дүн буурсан байхад барьцаа хөрөнгүүдээс суллахгүй байгаа нь үүрэг гүйцэтгэх дүн болон барьцааны зүйлийн үнэлгээ тэнцвэртэй байх зарчим хангагдахгүй нөхцөл байдалд хүргэж байгааг шүүх анхаарч үзнэ үү.

3. “НЯ” ХХК нь өөрт учирсан хохирол болох 614,014,781.70 төгрөгийг “МХБ” ХХК-аас нэхэмжилж байна.

“НЯ” ХХК нь “Шинэ яармаг” төслийн хүрээнд 20 блок 1466 айлын орон сууц (96620 метр.кв зарагдах талбай бүхий)-ыг барьж байгуулснаас барилга угсралтын гүйцэтгэл нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 60%-ийн гүйцэтгэлтэй болсон байдаг. Гэвч “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нь битүүмжтэй мөнгөн хөрөнгийг огт ашиглах боломж олгоогүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр татан авснаар дээрх орон сууцны барилгын ажил нь одоог болтол зогсонги, царцсан байдалтай байна. Нэхэмжлэгчид нь өөрсдөө Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч дээрхи барилга байгууламжийг санхүүжүүлсэн. Хэрвээ хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ашиглах боломжийг “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нар нь олгосон бол дээрх бүх барилга байгууламж ашиглалтад орж 1,466 айл буюу 5,000 гаруй хүний амьдрах орчин сайжрах, төслийн зорилго хэрэгжих бүрэн боломжтой байсан. Нөгөөтээгүүр, “МХБ” ХХК нь “Шинэ яармаг” төслийн хүрээнд баригдсан орон сууцуудыг барьцаалсан нь худалдан авагч талд орон сууцны өмчлөх эрхийг буюу гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэн худалдах эрхийг хааж, “Нью яармаг” нь үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Одоог хүртэл төслийг давтагдсан тоогоор 10 мянга гаруй хүн ирж үзэж, 200 гаруй хүн худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байдаг боловч барьцаанд байгаа гэдэг үндэслэлээр борлуулалт хийгдээгүй байна.

“НЯ” ХХК нь БНХАУ-ын Экспорт-импорт банктай байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлийн олголт хийхэд урьдчилсан нөхцөлүүдийг ханган ажиллаж ирсэн бөгөөд зээлийн шимтгэлийг 2013 оноос төлж өнөөдрийн байдлаар нийт 2,131,334.2 ам.долларыг төлсөн байна. Гэтэл “МХБ” ХХК нь “Шинэ яармаг” төслийн зориулалтаар “НЯ” ХХК-д БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн санхүүжилтийг саатуулж дараах үйлдлийг гаргаж ирсэн. Үүнд:

1. БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас “Шинэ яармаг” төсөлд олгох зээлийн баталгаа болгож “МХБ” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/488 тоот шийдвэрээр 195 сая ам.долларын Баталгааг 6 жилийн хугацаатай, үл буцах нөхцөлтэйгөөр гаргасан боловч тус баталгааг хүчингүй болгож гаргасан баталгаагаа цуцалсан байдаг.

2.”Шинэ яармаг” төслийн зээлийн олголт шийдэгдэх үеэр “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй орон сууцны төслийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр БНХАУ-ын Экспорт-импорт банканд хандаж, ижил төстэй зээлийг давхардуулан хүсэлт илгээж санаатайгаар саад учруулж байсан.

Иймд “Нью яармаг” нь “Шинэ яармаг” хорооллын барилга байгууламжийн ашиглалтын төлбөрүүд, урсгал зардлыг 24 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр төлж ирсэн 614,014,781.70 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу “МХБ” ХХК-аас үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд гэж үзэн нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “МХБ” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж үндэслэлтэй байгаа ч дараах байдлаар тайлбар гаргаж байна.

1.            Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар “Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-тай үндсэн зээл 50,000,000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар саарын 01-ний өдөр хүртэл, үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн үнийн дүнгийн 0.3 хувь байхаар харилцан тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС-Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Үндсэн зээл болох 50,000,000 ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр DP3600001363 дугаар “ТО” ТӨҮГ-ын дансанд шилжүүлсэн байдаг.

“ТО” ТӨҮГ-аас дээрх зээлийн дагуу олгосон 50,000,000 ам.долларын 24,850,000 ам.долларыг “НЯ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд 2015 оны 5 сарын 28-ны өдөр, 25,000,000 ам.долларыг Голомт банкан дахь 8125001722 тоот дансанд 2015 оны 5 сарын 28-ны өдөр тус тус шилжүүлсэн байдаг.

“ТО” ТӨҮГ нь гэрээний үүргээ биелүүлээгүй, нөхцөл хангагдаагүй тул “НЯ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас нь 3,008,292 ам.доллар, Голомт банкны данснаас нь 15,000,000 ам.доллар, 10,000,000 ам.долларыг тус тус татан авч нийт 28,008,292 ам.долларыг татан авсан байдаг.

Харин “ТО” ТӨҮГ-ын данснаас “МХБ” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 3-ОС-Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу хүү болон зээлийн үндсэн төлбөрт тооцон 28,008,292 ам.долларыг татан авсан болно. Мөн зээлийн шимтгэл 150,0000 ам.долларыг зээлийн гэрээнд тусгасны дагуу “ТО” ТӨҮГ-т олгосон зээлээсээ суутгасан байдаг. “ТО” ХХК нь үүнтэй маргадаггүй болно.

Иймд дээрх тайлбар үндэслэлийн дагуу нэхэмжлэлд дурдсан шиг “МХБ” ХХК нь зээл болон зээлийн хүүг “НЯ” ХХК-ийн данснаас шууд, үндэслэлгүйгээр татан авсан зүйл байхгүй, “ЮНП” ХХК болон “НЯ” ХХК-тай зээлийн гэрээний харилцаанд огт ороогүй, тэднээс зээлийн хүү, шимтгэл төлөхийг шаардаагүй, мэдэгдлийн дагуу мэдээлэл л өгсөн учир зээлийн хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.доллар тооцсоныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан гаргуулах, иНЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг “МХБ” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

“МХБ” ХХК нь “НЯ” ХХК-ийн дансанд “ТО” ТӨҮГ  болон Голомт, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 3 болон 4 талт гэрээний үндсэн дээр 50,000,000 ам.долларыг битүүмжтэй байршуулсан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “ТО” ТӨҮГ биелүүлээгүй учир дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг “ТО” ТӨҮГ-аар дамжуулан буцаан авсан. Буцаан шаардах эрхийн талаар 3 болон 4 талт гэрээ, мөн зээлийн гэрээнд тодорхой заасан учир “МХБ” ХХК үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө татсан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад хэд хэдэн урьдчилсан нөхцөл заасан байгаагийн аль ч нөхцөл үүсээгүй. Энд зааснаар эхний ээлжид “МХБ” ХХК нь нэхэмжлэгч нарын хөрөнгийг олж авсан байх, түүний дараа талуудын хооронд үүрэг үүсээгүй байх, эсхүл үүссэн үүрэг хожим дуусгавар болсон, мөн хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хамаатай.

Гэтэл нэхэмжлэгч нарын хөрөнгийг “МХБ” ХХК олж аваагүй, бидний хооронд хууль буюу гэрээнд заасан ямар ч үүрэг үүсээгүй, “ТО” ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээний хүү, зээлийн шимтгэлийг нэхэмжлэгч нараас огт шаардаагүй, шаардах хууль зүйн ямар ч үндэслэлгүй байхад огтоос хамаагүй “МХБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

“ЮНП” ХХК-тай “МХБ” ХХК ямар ч гэрээ байгуулаагүй тул энэ нэхэмжлэгч шаардлага гаргах ямар ч эрхгүй, “НЯ” ХХК-тай байгуулсан 3 болон 4 талт гэрээний дагуу тус компанийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй тул энэ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд 1 дүгээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-ийн нарын хооронд 2015 оны 9 сарын 23-ны өдөр И-ОС-Б 2015-75 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 2016 оны 2 сарын 19-ний өдөр И-ОС-Б 2015-75-1 дугаар “нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2016 оны 11 сарын 22-ны өдөр И-ОС-Б 2015-75-2 дугаар “нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” тус тус байгуулагдсан.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд зохих хууль тогтоомжийн дагуу барьцаалсан гэж үзэж байна. Талууд дээрх И-ОС-Б 2015-75 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний 2.2, И-ОС-Б 2015-75-1 нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.2, И-ОС-Б 2015-75-2 дугаар гэрээний 2.2 дахь хэсэгт тус тус барьцаагаар хангагдах шаардлага түүний хэмжээ болон барьцааны зүйлийн үнэлгээг тус тус тодорхойлсон байдаг болно.

2.2. Газрын тухай хуулийн 35.1.6-д зааснаар “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” хэмээн заасан.

Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс, эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгодог эрх юм. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг баталгаа болохоос биш барьцаалагчид тухайн барьцааны зүйлийг ашиглах эрх олгож байгаа явдал биш юм. Дээрх барьцааны гэрээнд дурдсан Г:2206008297 дугаар бүхий ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших 148,825 м.кв талбайтай Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг барьцаалагч “МХБ” ХХК бус, барьцаалуулагч "НЯ” ХХК ашиглаж дээр нь орон сууц барьж байгаа.

Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан зохицуулалтын үгийн шууд утгыг авч үзвэл газар эзэмшигч газрыг бусад этгээдэд барьцаалах биш ашиглуулах тохиолдолд тус зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүрэгтэй гэсний дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаж бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ.

2.3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалах эрх нь тухайн газар дээр байгаа болон баригдаж байгаа барьцаалуулагчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид хамаарахгүй” хэмээн заасан буюу тухайн хоёр барьцааны зүйлийг хоорондоо хамааралгүй тус тусдаа байх тухай тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг баригдаж байгаа барилга нь газартай салшгүй салгаж үл болох тул дээрх барьцааны гэрээнд заагдсан 21 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, тухайн газар болон түүн дээр баригдаж буй орон сууц нь тус тусдаа эрхийн гэрчилгээтэй тус тусдаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд эдгээрийг тус тусад нь барьцаалах боломжийг Иргэний хууль, Газрын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус хуульчилсан тус тусад нь барьцаалсаар ч байгаа болно.

“НЯ” ХХК нь хуульд заасан бүртгэлийг хийлгэх үүргийг гэрээгээр өөрөө хүлээсэн бөгөөд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй гэж үзвэл гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нэхэмжлэгчийн буруу. Хүлээсэн үүргээ өөрөө гүйцэтгээгүй нь “МХБ” ХХК-ийн буруу биш. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй өөрийнхөө бурууг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон шаардаж байгаа нь ёс зүй, шударга ёсонд нийцэхгүй.

“НЯ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж биднээс барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар татгалзах үндсийг бүрдүүлж байгаа.

Барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан тул “ТО” ТӨҮГ төлбөрөө бүрэн төлөөд дуусвал барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй. Өөр үндэслэлээр чөлөөлөх үндэслэлгүй тул 2 дугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.Гуравдугаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар” МХБ” ХХК-аас хохирол нэхэмжлэхийн тулд “МХБ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай үйлдэл гаргасан байх ёстой юм.

Гэтэл “НЯ” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох ‘;Шинэ яармаг” төсөл түүний барилгын үйл ажиллагаа нь “Юнайтэд прожект групп” ХХК болон “НЯ” ХХК-ийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж саатсан байдаг. Үүнд “МХБ” ХХК-ийн буруутай хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй юм.

“Юнайтэд прожект групп” ХХК болон “НЯ” ХХК нь БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор “Шинэ яармаг” төслийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх зээлийн шийдвэр гаргуулсан байх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд “ТО” ТӨҮГ нь гэрээний үүргээ биелүүлээгүй, нөхцөл хангагдаагүй тул “НЯ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас нь 3,008,292 ам.доллар, Голомт банкны данснаас нь 15,000,000 ам.доллар, 10,000,000 ам.долларыг тус тус “ТО” ТӨҮГ татан авч “МХБ” ХХК руу нийт 28,008,292 ам.долларыг шилжүүлсэн байдаг.

Түүнчлэн “МХБ” ХХК нь 21-н үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь бусдад худалдах нөхцөлийг хязгаарлаагүй бөгөөд “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нь “НЯ” ХХК-ийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэрээ юм. Барьцаанд байгаа хөрөнгийг бусдад худалдах боломжийг хуулиар олгосон байдаг болно. Харин төслийн санхүүжилт олох үүрэг нь төсөл хэрэгжүүлэгч “Юнайтэд прожект групп” ХХК болон “НЯ” ХХК нарт өөрсдөд нь байгаа болно.

“НЯ” ХХК хохироогүй, харин ч хадгаламжийн хүү авах, битүүмжтэй дансыг барьцаалан зээл авах зэргээр ашигтай ажилласан байгаа. Тэгээд ч өөрөөс гарах зайлшгүй зардлаа хохирол гэж үзэж “МХБ” ХХК-аас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ТО” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын 3 шаардлагаас 1 шаардлага буюу 1 дүгээр шаардлага нь манайд хамаатай гэх тайлбар хэлсэн тул энэ шаардлагад хариу тайлбар гаргая.

“ЮНП” ХХК, “НЯ” ХХК-ууд нь 1 дүгээр шаардлагаа “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ-т холбогдуулан гаргахдаа зээлийн хүү, шимтгэлд тооцсон гэх 7,293,084 ам.доллараа “МХБ” ХХК-аас шаардаад байна уу? “ТО” ТӨҮГ-аас шаардаад байна уу? гэдэг нь тодорхойгүй байна.

“ТО” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын харъяа байгууллага болохын хувьд өгсөн үүргийн дагуу 50,000,000 ам.долларыг дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээсэн. Бид “МХБ” ХХК-аас өгсөн мөнгийг шилжүүлэх, “ЮНП” ХХК, “НЯ” ХХК-ууд зээлийн хүү, шимтгэлээ төлөх үүрэг хүлээсэн. Бидний хувьд гэрээ байгуулах ямар ч хүсэл зориг байгаагүй, бидэнд ямар ч ашиг байхгүй, зөвхөн Засгийн газраас өгсөн үүргийг л биелүүлсэн.

“МХБ” ХХК-аас 50,000,000 ам.долларыг дундын битүүмжтэй дансанд байршуулсан бөгөөд үүнийг захиран зарцуулах эрх нь зөвхөн “МХБ” ХХК-д л байсан. Үүнийг “ТО” ТӨҮГ болон “НЯ” ХХК зарцуулах ямар ч эрхгүй байсан. Мөнгөө буцаан татах, түүний тодорхой хэсгийг хүүнд тооцох асуудал “МХБ” ХХК-ийн асуудал. Манайд энэ асуудал огт хамаагүй. “МХБ” ХХК-ийн байршуулсан мөнгөнөөс 1 ч төгрөг ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй, 1 ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй, мөнгийг манай дансаар оруулж байршуулаад манай дансаар оруулан буцаан татаж авсан.

Иймд энэ маргаанд манайх ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЮНП” ХХК, “НЯ” ХХК-ууд нь хариуцагч “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нарт холбогдуулан Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.доллар тооцсоныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан гаргуулж, “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг хариуцагч нарт даалгах /цаашид 1 дүгээр шаардлага гэх/,

Нэхэмжлэгч “НЯ” ХХК нь хариуцагч “МХБ” ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны зүйл болох 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх /цаашид 2 дугаар шаардлага гэх/, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “МХБ” ХХК-аас үүрэг зөрчсөний улмаас “НЯ” ХХК-д учирсан хохиролд 614,014,781.70 төгрөг гаргуулах /цаашид 3 дугаар шаардлага гэх/-аар шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд анх гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар өөрчилж, тус шүүх хуралдаанд шаардлага тус бүрийг хариуцагч нарын хэнд холбогдуулан хэн гаргаж байгааг тодруулсан, хариуцагч нар дээрх шаардлагад урьд бичгээр тайлбар гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад өөрт холбогдох шаардлага бүрт хамаарах тайлбарыг бичгийн тайлбартаа үндэслэн амаар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч “МХБ” ХХК:

1-р шаардлагад: Зээлийн гэрээний оролцогч биш нэхэмжлэгч нараас “ТО” ТӨҮГ-ын төлөх үүрэг бүхий зээлийн хүү, шимтгэл 7,293,084 ам.долларыг шаардаагүй, “НЯ” ХХК-ийн данснаас энэ хэмжээний мөнгийг суутгаж аваагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл үүсээгүй тул “НЯ” ХХК-ийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, “ЮНП” ХХК-тай үүргийн харилцаанд огт ороогүй тул шаардах эрхгүй,

2-р шаардлагад: “ТО” ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ, газар болон түүний дээрх барилга нь тус тусдаа барьцааны зүйл болж чадах тусдаа гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүд, “ТО” ТӨҮГ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй,

3-р шаардлагад: “НЯ” ХХК-ийн өмнө “МХБ” ХХК хүлээсэн ямар үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, 3 талт гэрээгээр тохирсон дагуу санхүүжилтийг буцаан татсаныг үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тус компанитай үүргийн харилцаанд ороогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол шаардах эрхгүй, тус компаниас зайлшгүй гарах зардал нь хохиролд тооцогдох үндэслэлгүй, зайлшгүй зардал болон “МХБ” ХХК-ийн үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо байхгүй гэж,

 

Хариуцагч “ТО” ТӨҮГ:

Засгийн газрын харьяа байгууллагын хувьд өгсөн үүргийн дагуу хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээг байгуулсан, санхүүжилтийн 50,000,000 ам.доллар нь “МХБ” ХХК, “НЯ” ХХК, “ТО” ТӨҮГ-ын дундын битүүмжтэй дансанд байршсан. Үүнийг захиран зарцуулах эрх нь “МХБ” ХХК-д байсан, “ТО” ТӨҮГ болон “НЯ” ХХК-ууд захиран зарцуулах эрх олгогдоогүй. Битүүмжтэй дансанд байршсан мөнгийг ашиглах ямар ч боломж олгохгүйгээр буцаан татсан тул 1 ч төгрөгийн санхүүжилтийг төсөлд оруулаагүй. Мөнгөө буцаан татах эсэх, түүний тодорхой хэсгийг хүү, шимтгэлд тооцох эсэх асуудал “МХБ” ХХК-ийн асуудал, манайд хамаагүй гэж тус тус тайлбарласан.

 

Шүүх нэхэмжлэгч нарын дэмжиж буй нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хянан хэлэлцээд дараах үндэслэлүүдээр “НЯ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50,000,000 хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг “ТО” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг хариуцагч “МХБ” ХХК-д зөвшөөрсөн байна. /1 хх-ийн 90 хуу/

 

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Юнайтед прожектс групп” ХХК, “НЯ” ХХК, “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ, “Монголиан Пропертийз Инвестмэнт Холдинг” Пте Лтд, “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК зэрэг хуулийн этгээдүүдийн өөр хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах зэрэг хэд хэдэн төрлийн гэрээнүүд тус тус байгуулагдсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд, тэдгээрээс үүдэлтэй бусад байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцлүүдийг цаг хугацаа, харилцан хамаарлыг харгалзан дараах дараалалд оруулан дүгнэв.

 

1.“ЮНП” ХХК болон “ТО” ТӨҮГ нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г, энэ гэрээг хүчингүй болгож 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2015/3-01 15/008 (ЮПГ) тоот “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулжээ.

 

Энэ гэрээгээр “ТО” ТӨҮГ нь “МХБ” ХХК-аас олгосон зээл 50,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг “ЮНП” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” төсөлд оруулах, “ЮНП” ХХК нь 7-10 жилийн хугацаагаар авсан хөрөнгө оруулалт, санхүүжилтээр “НЯ” ХХК-ийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар “Шинэ яармаг” төслийг санхүүжүүлэх бөгөөд энэ төсөлд зориулан БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас авах “НЯ” ХХК-ийн 195,810,843.3 ам.долларын зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа олгосон санхүүжилтийг “МХБ” ХХК-аас авсан зээлийн хүү, жилийн +2 хувийн өгөөжийн хамт “ТО” ТӨҮГ-т буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Энэ гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2015/3-01(А) 16/001 (ЮПГ) тоот гэрээгээр нэмэлт, өөрчлөлт оруулж, “төслийн компани буюу “НЯ” ХХК нь БНХАУ-ын Экспорт-Импорт банкны зээлийн хөрөнгийг хүлээн авахгүй, энэ төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлсэн тохиолдолд “ТО” ТӨҮГ-ын оруулсан нийт 50,000,000 хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт болон түүний өгөөжийг тэргүүн ээлжинд төлөх үүргийг “ЮНП” ХХК хүлээж, “ТО” ТӨҮГ санхүүжилтийг татах, өгөөж ашгийг авах, эргэн төлүүлэхийг шаардах эрхтэй” байхаар харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 18-31 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Хамтран ажиллах гэрээ” гэнэ.

 

1.1. Хамтран ажиллах дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ТО” ТӨҮГ нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Юнайтед прожектс групп” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200,000 ширхэг хувьцааг барьцаалсан 2015/6-01 15/009(ЮПГ) тоот гэрээг “ЮНП” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Монголиан Пропертийз Инвестмент Холдинг” Пте.Лтд-тай байгуулсан, энэ нь хамтран ажиллах гэрээний хавсралт 1 гэж нэрлэгдсэн байна. /1 хх-ийн 32-34 хуу/

 

Энэ гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2015/6-01(A) 16/002(ЮПГ)  тоот нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр “энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “МХБ” ХХК-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцох, зөвшөөрөл аваагүй бол “МХБ” ХХК санхүүжилтийг зогсоож, зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах хүртэл арга хэмжээ авах”-аар тохиролцсон байна. /1 хх-ийн 37 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр хавсралт” гэнэ.

 

1.2. Мөн хамтран ажиллах гэрээний 2 дугаар хавсралтаар “ТО” ТӨҮГ нь “НЯ” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2015/6-03 15/028 (НЯХП) тоот барьцааны гэрээг байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалагчаас олгосон 50,000,000 ам.доллар, түүнтэй тэнцэх төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг болон “МХБ” ХХК-ийн хүү болон жилийн 2%-ийн өгөөжийн нийлбэр төлбөрийг хамтран ажиллах гэрээнд заасан хугацаанд төлөх баталгаа болгож, “Юнайтед прожектс групп” ХХК-аас “НЯ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ Яармаг” төсөлд оруулсан 50,000,000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /1 хх-ийн 35-36 хуу/

 

Энэ гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2015/6-03(A) 16/007 (НХЯП)  тоот нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр “энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “МХБ” ХХК-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцох, зөвшөөрөл аваагүй бол “МХБ” ХХК санхүүжилтийг зогсоож, зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах хүртэл арга хэмжээ авах”-аар тохиролцжээ. /1 хх-ийн 38 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Хамтран ажиллах гэрээний 2 дугаар хавсралт” гэнэ.

 

2. “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ-ын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр З-ОС-Б 2015-33 тоот “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих ажлыг санхүүжүүлэх зорилгоор 50,000,000 ам.долларыг жилийн 8,45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай олгох нөхцөл бүхий “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээ нь БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д 195,810,843.3 ам.долларын зээл олгох шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд хэрэгжих болзолтой байх ба зээлийг олгох шийдвэр гарах хугацаа тодорхойгүйгээс үүдэн зээлдүүлэгч “МХБ” ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг 6 сарын хугацаагаар нөхцөл бүхий дансанд байршуулах замаар зээлдэгч “ТО” ТӨҮГ-т олгох, энэ хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд зээлийн гэрээг “МХБ” ХХК-ийн санаачилгаар цуцалж, олгосон зээлийг буцаан татахаар харилцан тохиролцсон байна.

 

Гэрээ хэрэгжсэн тохиолдолд нөхцөл бүхий данснуудад 25,000,000 ам.доллараар 2 хуваан байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгөөс тодорхой нөхцөл бүрдсэн үед буюу БНХАУ-ын Экспорт-Импорт банкны 1 дүгээр үе шатанд зориулан олгох зээлийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд 1 дүгээр ээлжийн 25,000,000 ам.доллар бүхий данснаас зарцуулалт хийх, төслийн эхний үе амжилттай хэрэгжиж, БНХАУ-ын Экспорт-Импорт 2, 3 дугаар хэсгийн зориулалтаар зээл олгох талаар эцсийн шийдвэр гарсан тохиолдолд Актив Пассивын удирдлагын хорооны шийдвэрээр зээлийн нөхцөлийг тодорхойлсон тохиолдолд 2 дугаар ээлжийн 25,000,000 ам.доллар бүхий нөхцөл бүхий данснаас зарцуулалт хийх эрх “ТО” ТӨҮГ-т үүсэхээр гэрээнд заажээ.

 

Энэхүү зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр З-ОС-Б 2015-33-1, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр З-ОС-Б 2015-33-2 тоот гэрээнүүдээр нэмэлт, өөрчлөлт орж, зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах 6 сарын хугацааг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулж, энэ хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд тус компанийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж байгаа зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “МХБ” ХХК-ийн дансанд буцаан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс “ТО” ТӨҮГ-т олгосон “Шинэ яармаг” төслийн зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлэх арга хэмжээ авахаар болжээ. /1 хх-ийн 111-120 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Зээлийн гэрээ” гэнэ.

 

3. “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ, “НЯ” ХХК-уудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ” байгуулагдсан байна.

 

Энэ гэрээгээр “НЯ” ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор “МХБ” ХХК-аас “ТО” ТӨҮГ-т олгосон 50,000,000 ам.долларын зээлийн мөнгөн хөрөнгийг 2 хувааж, “НЯ” ХХК-ийн 2 өөр битүүмжлэгдсэн дансанд гүйлгээ хийн 6 сарын хугацаагаар түр байршуулах, тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд данснаас зарлагын гүйлгээг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хийх, хэрэв гэрээгээр тавигдсан шаардлагууд хангагдаагүй, “ТО” ТӨҮГ болон “НЯ” ХХК-ууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд “МХБ” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан татаж болохоор харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 39-40 хуу/

 

Талууд гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/723 15/077 2015/1-18(a) тоот өөрчлөлт оруулах гэрээгээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/723 15/077 2015/1-18(a)-1 тоот өөрчлөлт оруулах гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байх ба сүүлийн гэрээгээр “сунгасан хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны зээл олгох эсэх тухай шийдвэр гараагүй тохиолдолд “МХБ” ХХК нь “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “МХБ” ХХК-ийн дансанд татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс “Шинэ яармаг” төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ” гэсэн заалтыг нэмж оруулжээ. /1 хх-ийн 41-42 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Гурван талт гэрээ” гэнэ.

 

4. Гурван талт гэрээний үндсэн дээр “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ, “НЯ” ХХК-ууд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай 2/282 2015/1-26 15/020 ГБ/39 тоот,  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 2/291 2015/1-27 15/019 (022)20150612-01 тоот “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-г тус тус 6 сарын хугацаагаар байгуулжээ.

 

Энэ гэрээгээр “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээгээр олгохоор заасан 50,000,000 ам.долларыг 2 хувааж буюу “НЯ” ХХК-ийн Голомт банк дахь дансанд 25,000,000 ам.доллар, Худалдаа Хөгжлийн банк дахь дансанд 24,850,000 ам.доллар тус тус байршуулах замаар битүүмжлэгдсэн дансанд шилжүүлэх, Голомт болон Худалдаа хөгжлийн банк нь байршуулсан хөрөнгийн хэмжээгээр битүүмжлэгдсэн данснаас зээлийн гэрээний талууд хамтарсан мэдэгдэл гаргаагүй, эсхүл зээлдүүлэгч “МХБ” ХХК захиран зарцуулах мэдэгдэл өгөөгүй тохиолдолд зарлагын гүйлгээ гаргахгүй, зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөрийн үүрэг хүлээлгэхгүй, зарлага гаргахгүй, аливаа төлбөрийн үүргээс ангид байлгах үүргийг хүлээсэн байх ба хэрэв зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “ТО” ТӨҮГ, хамтран ажиллах гэрээний үүргээ “НЯ” ХХК тус тус биелүүлээгүй тохиолдолд “МХБ” ХХК нь энэ гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан татах эрхтэй бөгөөд энэ гүйлгээг хийх эрхийг “НЯ” ХХК нь банканд олгосон байна. /1 хх-ийн 43, 46 хуу/

 

Голомт банктай байгуулсан 4 талт гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрчлөлт, нэмэлт оруулах гэрээгээр 6 сарын хугацааг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. /1 хх-ийн 45 хуу/

 

Харин Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 4 талт гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 06, 2015 оны 11 дүгээр сарын 27, 2016 оны 3 дугаар сарын 02, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар сунгаж, зээлдүүлэгч болон зээлдэгчийн зөвшөөрөл олгох хамтарсан мэдэгдлийн дагуу тус банк дахь мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл олгох шийдвэрийг Худалдаа хөгжлийн банк дангаар гаргах, тус банкнаас олгосон болон цаашид шинээр нэмж олгох зээлийн дээд хэмжээ, түүнд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, холбогдох бусад зардлын нийлбэр дүн 21,841,707.64 ам.доллараас хэтрэхгүй бөгөөд энэ гэрээний хугацаанд “НЯ” ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалах, гэрээний хугацаа дуусахад Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч болон зээлдэгчийн зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэлд дурдсан дүнгээр үл маргах журмаар суутган авч, үлдэх мөнгөн хөрөнгийг “МХБ” ХХК нь үл маргах журмаар өөрийн банкны дансанд буцаан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс “Шинэ яармаг” төсөлд олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлэхээр болжээ. /1 хх-ийн 48-51 хуу/

 

Эдгээр гэрээг цаашид “Дөрвөн талт гэрээ” гэнэ.

 

5. “НЯ” ХХК нь “МХБ” ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 79, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолоор олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/125 тоот зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээгээр нийт 21,841,707.64 ам.долларын зээлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлд Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд байршсан 26,300,000,000 төгрөгтэй тэнцэх ам.долларыг 8,950,000 ам.долларын хамт барьцаалжээ. /1 хх-ийн 95-96, 98, 3 хх-ийн 95-117/

 

Энэ гэрээг цаашид “Зээлийн болон барьцааны гэрээ” гэнэ.

 

6. “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр И-ОС-Б 2015-75 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, энэ гэрээгээр “МХБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр “ТО” ТӨҮГ-ын хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “НЯ” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 148,825 м.кв талбайтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг, тухайн газар дээр баригдсан өөрийн өмчлөлийн 40-55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 20 ширхэг барилгын хамт “МХБ” ХХК-д барьцаалсан байна. /1 хх-ийн 52-55 хуу/

 

Дуусаагүй барилгын гүйцэтгэлийн хувь нэмэгдсэнтэй холбогдуулан энэ гэрээнд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр И-ОС-Б 2015-75-1 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр И-ОС-Б 2015-75-2 тоот гэрээнүүдээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ. /1 хх-ийн 57-61 хуу/

 

Энэ гэрээг цаашид “Барьцааны гэрээ” гэнэ.

 

Шүүх талуудын маргааны үндэслэлд хамаарах дээрх гэрээнүүдийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдов.

 

Нэг. “ЮНП” ХХК болон “ТО” ТӨҮГ нь хамтран ажиллах гэрээг “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж, гэрээгээр хамтын үйл ажиллагааны зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлага, хяналт хэрэгжүүлэх арга, хэлбэр, хамтын үйл ажиллагаанд оруулах хөрөнгийн болон хуваарилах ашгийн хувь хэмжээг харилцан тохиролцсоноос үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд гэрээний талууд маргаагүй бөгөөд хуулиар хамтран ажиллах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй, талууд гэрээг бичгээр үйлдэж, эрх бүхий этгээдүүд харилцан гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулснаар гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Хамтран ажиллах гэрээгээр талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх үүргийг хүлээх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасан тул хураамжийг “ТО” ТӨҮГ 50,000,000 ам.долларын мөнгөн хөрөнгөөр, “ЮНП” ХХК нь “Шинэ яармаг” төслийн үйл ажиллагааг “НЯ” ХХК-д хөрөнгө оруулалт хийх замаар буюу үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр оруулахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын маргаагүй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банк “НЯ” ХХК-д 195,810,843.3 ам.долларын зээлийг олгоогүй, үүнээс үүдэн “ТО” ТӨҮГ нь 50,000,000 ам.долларын санхүүжилтийг “ЮНП” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” төсөлд оруулаагүй үйл баримт тогтоогджээ.

 

Хоёр. “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, Хөгжлийн банкны тухай хууль /2011 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн зориулалт нь “Шинэ яармаг” төсөлд зориулагдсан байх тул БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д 195,810,843.3 ам.долларын зээл олгох шийдвэр эцэслэн гарсны хойно зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах буюу захиран зарцуулах эрх тодорхой үе шаттай “ТО” ТӨҮГ-т үүсэх, ийнхүү зээл олгох эсэх шийдвэр гарах боломжит хугацаа болох 6 сарын хугацаанд зээлийг 2 хуваан нөхцөл бүхий дансанд байршуулах, хэрэв БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас зээл олгох шийдвэр гараагүй бол зээлийн гэрээг “МХБ” ХХК нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг буцаан татахаар уг гэрээний 3.1.4, 5.2, 5.3, 5.4 дэх заалтаар тохиролцсон нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлүүдэд нийцжээ.

 

“МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ нь зээлийн гэрээний 3.1.1-д заасан зээлийг “НЯ” ХХК-ийн дансанд байршуулах зорилгоор “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ”-г тус компанитай байгуулсан нь зээлийн гэрээний 5.2, 5.4 дэх заалтад нийцсэн, талууд гурван талт гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар уг гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “МХБ” ХХК биелүүлж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 ам.долларыг “ТО” ТӨҮГ-ын дансаар шилжүүлсэн /1 хх-ийн 127 хуу/-ээс 150,000 ам.доллар нь зээлийн гэрээний 3.1.9-д зааснаар үйлчилгээний шимтгэлд суутгагдаж, үлдэх 49,850,000 ам.долларыг мөн өдөр “ТО” ТӨҮГ-аас гурван талт гэрээнд заасны дагуу 25,000,000 ам.доллар болон 24,850,000 ам.доллараар 2 хувааж, “НЯ” ХХК-ийн дансаар шилжүүлжээ.

 

“НЯ” ХХК нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээ болон гурван талт гэрээг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээ”-нд заасан Голомт банк дахь тус компанийн 8125001722 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 25,000,000 ам.доллар, Худалдаа хөгжлийн банк дахь тус компанийн 470006080 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24,850,000 ам.доллар тус тус шилжүүлэн байршуулсан байна.

 

“МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ, “НЯ” ХХК-уудын Голомт банк болон Худалдаа хөгжлийн банктай байгуулсан дөрвөн талт гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болсон гурван талт гэрээний үндсэн дээр байгуулагдсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээнд хамаарахаар байна.

 

Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

 

Хадгалуулагч гэх ойлголтод гурван талт гэрээний талууд хамаарна.

 

Дөрвөн талт гэрээний дагуу Голомт болон Худалдаа хөгжлийн банк нь гэрээнд заасан хугацаагаар “НЯ” ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгийг зарлага гаргахгүйгээр хадгалах үүрэг хүлээсэн ёсоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалж, зээлийн гэрээ болон гурав, дөрвөн талт гэрээнд заасан болзол /2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гараагүй/ хангагдаагүй үндэслэлээр “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ-ын шаардлагаар Голомт банк 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 ам.доллар, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 ам.доллар, Худалдаа хөгжлийн банк 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,008,292 ам.доллар буюу нийт 28,008,292 ам.долларын мөнгөн хөрөнгийг бүрэн хэмжээгээр буцаан олгосон байна.

 

Худалдаа хөгжлийн банк нь “НЯ” ХХК-ийн битүүмжлэгдсэн данснаас дөрвөн талт гэрээний дагуу байршуулсан мөнгөн хөрөнгөөс 21,841,707.64 ам.долларыг өөрийн банкаар дамжуулан уг компанид олгосон зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт тооцон төлүүлж, суутган авч үлдэх замаар зээлийг хаасан нь дөрвөн талт гэрээний 2.10, 2.11, 2.12 дахь хэсэг болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д нийцжээ.

 

Ийнхүү дөрвөн талт гэрээгээр хүлээсэн үүргээ Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк зохих ёсоор биелүүлж, мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон журмаар буцаан олгосон байх бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас “НЯ” ХХК-д хүүгийн төлбөрт 40,548.92 ам.доллар төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон.

 

БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр гараагүй тул гурав болон дөрвөн талт гэрээний дагуу “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банк дахь дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татахаар тэдгээр гэрээний талууд тохиролцсон, энэ дагуу мөнгөн хөрөнгийг “МХБ” ХХК буцаан авсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар гурав болон дөрвөн талт гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Харин БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсэхээр харилцан тохиролцсон “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хойшлуулсан болзол хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Үүний улмаас “ТО” ТӨҮГ-т 50,000,000 ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх үүсээгүй, улмаар “ЮНП” ХХК-тай байгуулсан хамран ажиллах гэрээний дагуу санхүүжилт олгох боломжгүй болжээ.

 

Зээлийн гэрээний талууд тухайн гэрээгээр тохирсон хойшлуулсан болзол үүсээгүйгээс үүдэлтэй уг гэрээгээр тохиролцсон эрх зүйн үр дагавар, үр нөлөө биелэх эсэх асуудлын талаар маргаагүй, энэ тухай харилцан шаардлага гаргаагүй тул шүүх үүнд хууль зүйн дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул орхив.

 

Гурав. “НЯ” ХХК нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/125 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ болон түүнд оруулсан зээлийн нэмэлт гэрээгээр нийт 21,841,707.64 ам.долларын зээлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлж, үүргийн гүйцэтгэлд дөрвөн талт гэрээний дагуу тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд байршсан 26,300,000,000 төгрөгтэй тэнцэх ам.долларыг 8,950,000 ам.долларын хамт барьцаалжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банк нь “НЯ” ХХК-ийн 470006080 тоот дансан дахь мөнгөн хөрөнгөөс 21,841,707.64 ам.долларыг зээлд суутгаж, зээлийг хаасан бөгөөд уг дансан дахь үлдэгдэл 3,008,292.36 ам.долларын мөнгөн хөрөнгийг дөрвөн талт гэрээний дагуу шилжүүлсэн байдаг.

 

“МХБ” ХХК нь битүүмжтэй дансыг барьцаалан 21,841,707.64 ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авах эрхийг “НЯ” ХХК-д олгосон, тухайн дансан дахь буцаан татагдах нөхцөл бүхий мөнгөн хөрөнгөөс зээл олгох зөвшөөрөлд дурдсан дүнг хасаж, үлдсэн мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд буцаан төвлөрүүлэхийг дөрвөн талт гэрээний 2.8, 2.9, 2.10, 2.11 дэх заалтаар тохиролцсоноос үзвэл 21,841,707.64 ам.долларыг зээлд суутгаж байгаа Худалдаа хөгжлийн банкны үйлдлийг барьцаа хөрөнгөөс шаардлагаа хангаж байгаа барьцаалагчийн үйлдэл гэж үзэхээр байна.

 

Дөрөв. “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан И-ОС-Б 2015-75-1, И-ОС-Б 2015-75-2 тоот гэрээнүүдийг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцжээ.

 

Харин газар эзэмших эрхийг барьцаалахдаа талууд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.”, Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.7-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг бичиж/-г өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.”, 8.8-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах болон эзэмшил газраа бусдад ашиглуулах хүсэлтийг тухайн шатны засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай албан бичгийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол энэ журмын 5 дугаар хавсралт “газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэл”-д бүртгэж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.”, 10.10-д “Эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэгээг газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамал нь эрхийн гэрчилгээний арын нүүрэнд барьцаалагчийн нэр, барьцаалж эхлэх хугацааг бичиж эрхийн гэрчилгээ, албан бичиг, бусад материалын хамт өргөдөл гаргагчид буцаан өгнө.” гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, дүүргийн газрын албанд гэрээг бүртгүүлээгүй байна.

 

Энэ гэрээгээр барьцаалсан 70-95 хувийн гүйцэтгэлтэй 20 ширхэг барилгууд нь барьцааны зүйл болох “НЯ” ХХК-ийн эзэмших эрх бүхий 148,825 м.кв талбайтай газар дээр байрладаг үйл баримт тогтоогджээ.

 

Шүүх тогтоогдсон дээрх үйл баримтуудад үндэслэн дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 1 болон 3 дугаар шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2 дугаар шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1 дүгээр шаардлагын хувьд:

 

1.1. Хариуцагч “ТО” ТӨҮГ нь хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч “ЮНП” ХХК-аар дамжуулан 50,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг “Шинэ яармаг” төсөлд оруулаагүй, “ЮНП” ХХК болон “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нарын хооронд, түүнчлэн “НЯ” ХХК болон “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүнчлэн хариуцагч нар нь “ЮНП” ХХК-ийн данснаас мөнгөн хөрөнгө татан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

“ЮНП” ХХК болон “ТО” ТӨҮГ-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас үүдэн зээлийн гэрээ, зээлийн гэрээний болзол, нөхцлийг хангах үүднээс гурав болон дөрвөн талт гэрээнүүд байгуулагдсан, зээлийн гэрээ болон гурав, дөрвөн талт гэрээ нь өөр хоорондоо харилцан хамааралтай, салшгүй холбоотой, харин хамтран ажиллах гэрээ болон зээлийн гэрээ нь өөр өөр эрх зүйн үр дагавар, үр нөлөөг үзүүлэх, өөр өөр этгээдүүдийн хооронд хийгдсэн, тус тусдаа бие даасан хэлцлүүд учир зээлийн гэрээний үүргийг хамтран ажиллах гэрээний талд хамаатуулах, эсхүл хамтран ажиллах гэрээний оролцогчийн шаардлагаар зээлийн гэрээний талуудын үүрэгт хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

 

Иймд энэ маргаанд нэхэмжлэгч “ЮНП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

“ЮНП” ХХК  нь “НЯ” ХХК-ийн толгой компани гэх үндэслэлээр тус компанийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хамтран гаргасан гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар өөр өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, хэн алиныхаа өрийг хариуцах үүрэггүй тусдаа бие даасан хуулийн этгээдүүд нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг тус бүрдээ гаргаж шийдвэрлүүлэх журмыг хуульчилсан тул “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан гэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой маргаан “ЮНП” ХХК-д хамааралгүй.

 

Иймд “ЮНП” ХХК-ийг 1 дүгээр шаардлагыг гаргах эрхгүй гэж үзнэ.

 

1.2. “ТО” ТӨҮГ-аар дамжуулан “МХБ” ХХК-аас “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 49,850,000 ам.долларыг битүүмжтэй нөхцөлөөр шилжүүлэн байршуулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ мөнгөн хөрөнгө нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.4 дэх заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байгуулагдсан гурав болон дөрвөн талт гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч “НЯ” ХХК-ийн битүүмжлэгдсэн дансанд зарлагын гүйлгээ хийх эрхгүйгээр орсон, тодорхой хугацааны дараа буцаан татагдсан байдаг.

 

Өөр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг, захиран зарцуулах эрхгүйгээр өөрийн эзэмшлийн дансанд тодорхой нөхцөл, болзол хангах зорилгоор шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлд хамаарахгүй.

 

Тиймээс гурав болон дөрвөн талт гэрээгээр “НЯ” ХХК-ийн битүүмжтэй дансанд захиран зарцуулах эрхгүй нөхцөлөөр байршсан мөнгөн хөрөнгөд хүү тооцох, түүнээс шимтгэл хураамж авах эрх хариуцагч нарт үүсэхгүй гэж үзнэ.

 

Зохигч талууд гурав болон дөрвөн талт гэрээний дагуу “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны битүүмж бүхий данснаас буцаан татагдсан мөнгөн хөрөнгийн дүнд маргаагүй, харин “МХБ” ХХК буцаан татахдаа “ТО” ТӨҮГ-ын дансаар дамжуулсан эсэх асуудалд маргасан ба хэрэв “МХБ” ХХК өөрийн данс руу шууд татан авсан бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл үүснэ гэж нэхэмжлэгч үзжээ.

 

Зээлийн гэрээ болон гурав, дөрвөн талт гэрээний талууд нь “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр гараагүй тохиолдолд “МХБ” ХХК нь “ТО” ТӨҮГ-т олгосон зээлийн мөнгөн хөрөнгө болох “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “МХБ” ХХК-ийн санаачилгаар түүний дансанд татан төвлөрүүлэх”-ээр  харилцан тохиролцсон, гэрээгээр тохирсон хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох шийдвэр гараагүй тул Голомт болон Худалдаа хөгжлийн банк дахь “НЯ” ХХК-ийн данснаас мөнгөн хөрөнгийг буцаан татсан нь гэрээгээр тохирсон нөхцөл, журам зөрчөөгүй тул “ТО” ТӨҮГ-ын дансаар дамжсан эсэх асуудал нь маргаанд ач холбогдолгүй болно.

 

Харин ийнхүү буцаан татахдаа хариуцагч нар нэхэмжлэгчийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсэх асуудал маргаанд хамаатай боловч “НЯ” ХХК-ийн данснаас тохирсон хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгө гараагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл үгүйсгэгдэнэ.

 

Хэрэв гурав болон дөрвөн талт гэрээний дагуу “НЯ” ХХК-ийн данснаас тохирсон хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан татахдаа “МХБ” ХХК болон “ТО” ТӨҮГ нь 7,293,084 ам.долларыг зээлийн хүү, шимтгэлд тооцож авсаны улмаас “НЯ” ХХК-д нэмж төлбөр төлөх үүрэг үүссэн бол хуулийн дээрх зүйлд заасан үр дагавар үүсэх үндэслэл болно.

 

Гэвч “ТО” ТӨҮГ нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,008,292.36 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,704,763.19 ам.доллар, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 430,029.01 ам.доллар буюу нийт 7,143,084.56 ам.долларын үндсэн хүүг зээлийн гэрээний үүргийн дагуу “МХБ” ХХК-д төлсөн, “МХБ” ХХК зээлийн үйл ажиллагааны шимтгэл 150,000 ам.долларыг суутгасан дүнгээр “ТО” ТӨҮГ-т зээлийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, энэ үйл баримтад хариуцагч нар маргаагүй тул шүүх “НЯ” ХХК-ийн 1 дүгээр шаардлагын үндэслэлийг нотлогдоогүй гэж үзлээ.

 

Дээр дурдсанаас өөр байдлаар хариуцагч нар “НЯ” ХХК-ийн данснаас мөнгөн хөрөнгө татан авсан үйл баримт тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,134,792.20 ам.доллар байгаа болохыг “НЯ” ХХК-д мэдэгдсэн “МХБ” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/278 тоот албан бичгээр нэхэмжлэгч нараас хүү, зээлийн шимтгэл төлүүлэхийг шаардсан. Ийм учраас биднээс зээлийн хүү, шимтгэл төлүүлэхээр шаардах гэж байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбар гаргасан.

 

“МХБ” ХХК-ийн 6/278 тоот албан бичигт нэхэмжлэгч нараас зээлийн хүү, шимтгэл шаардсан агуулга тусгагдаагүйн зэрэгцээ тухайн албан бичиг нь хууль буюу гэрээнд заагаагүй үндэслэлээр зээлийн хүү, шимтгэл төлөх үүргийг үүсгэх үндэслэл болохгүй юм. /1 хх-ийн 135 хуу/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “НЯ” ХХК нь зээл ашигласны хариу төлбөр буюу хүү болон зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг “МХБ” ХХК-д төлөх үүрэггүй, нэхэмжлэгчээс зээлийн хүү болон шимтгэл төлүүлэхээр шаардаагүй, шаардах үндэслэл байхгүй гэх тайлбарыг ч “МХБ” ХХК-аас гаргасан байдаг.

 

Иймд “НЯ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх зөрчигдсөн эрхийг хуульд заасан хамгаалалтын тохирох аргаар сэргээн хамгаалдаг, харин зөрчигдөх эсэх нь тодорхойгүй эрхийг хамгаалах асуудал байх боломжгүй тул “...мэдэгдэл өгч нэхэмжлэгч “НЯ” ХХК-ийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих гэж байна” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг тэмдэглэе.

 

 2 дугаар шаардлагын хувьд:

 

“НЯ” ХХК нь өөрийн эзэмших эрх бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148,825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг “МХБ” ХХК-д барьцаалахдаа Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, дүүргийн газрын албанд бүртгүүлээгүй, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй болох нь тогтоогдсон. /4 хх-ийн 173 хуу/

 

Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.” гэж тус тус заасанд нийцээгүй гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.

 

Барьцааны гэрээний 3.2.6-д зааснаар уг гэрээг зохих газарт нь бүртгүүлэх үүргийг “НЯ” ХХК хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй барьцаалуулагч нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй гэж “МХБ” ХХК-ийн өмгөөлөгч тайлбарласан.

 

“НЯ” ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь гэрээ байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх үүрэг байх бөгөөд хэрэв нэг талын буруутай үйлдлийн улмаас гэрээ нь хуулийн шаардлагад нийцэхгүй тохиолдолд тухайн гэрээнээс учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх үр дагавар үүсэхээс биш гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

 

Иймд шүүх эзэмших эрх бүхий газрыг барьцаалахдаа зохих шатны Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид барьцааны эрх үүсэхгүй бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлийг буцаах үүрэгтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан, нэхэмжлэгч “НЯ” ХХК-ийн бусад барьцаа хөрөнгө болох дуусаагүй барилгууд нь дээрх газар дээр байрладаг, тэдгээрийг түүний доорх дэвсгэр газраас салгаж, тус бүрд нь иргэний эрх зүйн гүйлгээнд оруулах хөрөнгөнд шууд хамаатуулах боломжгүй тул газар, түүний дээр байрлах эд хөрөнгийн барьцаатай холбоотой хэсэг мөн адил хүчин төгөлдөр бус байна.

 

Дээрх үндэслэлээр барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн “НЯ” ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. /3 хх-ийн 32-56 хуу/

 

3 дугаар шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч “НЯ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломж олгохгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцаан татан авсан, мөн БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн санхүүжилтийг саатуулсны улмаас “Шинэ яармаг” төслийн ажил зогсонги байдалд орж, барилга байгууламжийн ашиглалтын төлбөрүүд, урсгал зардлыг 24 сарын хугацаагаар өөрийн хөрөнгөөр төлж 614,014,781.70 төгрөгөөр хохирсон үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “МХБ” ХХК-аас дээрх төгрөгийг шаардсан байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “НЯ” ХХК-аас барилга байгууламжийн ашиглалтын төлбөрүүд, урсгал зардалд нийт 614,014,781.70 төгрөгийн зардал гарсан болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар нотлогдсон байна. /4 хх-ийн 182-246 хуу, 5 хх-ийн 1-71 хуу/

 

Гэхдээ энэ төлбөрийг хариуцагч “МХБ” ХХК төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар “НЯ” ХХК болон “МХБ” ХХК-ууд нь гурав болон дөрвөн талт гэрээнд талууд болж оролцсоноос өөрөөр тэдний хооронд үүрэг үүсээгүй байна.

 

Дээрх гэрээнүүдэд заасны дагуу “НЯ” ХХК-ийн Голомт болон Худалдаа хөгжлийн банк дахь нөхцөл бүхий дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг анхнаасаа “НЯ” ХХК-д олгоогүй, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах болзол, нөхцөл хангагдаагүйгээс уг данснаас буцаан татсан, энэ асуудалд зээлдүүлэгч “МХБ” ХХК нь зээлдэгч “ТО” ТӨҮГ-аас зөвшөөрөл авах эсэх асуудал яригдахаас биш “НЯ” ХХК-ийн зөвшөөрөл шаардлагагүй.

 

Тиймээс “НЯ” ХХК-д мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах боломж олгоогүй, түүний зөвшөөрөлгүйгээр буцаан татан авсан гэх буюу үүрэг зөрчсөн үндэслэлээр “МХБ” ХХК-ийг буруутгасан нэхэмжлэгчийн шаардлагыг гурав болон дөрвөн талт гэрээнд нийцээгүй гэж үзнэ.

 

“МХБ” ХХК нь “НЯ” ХХК-ийн өмнө зээл олгох, түүнийг санхүүжүүлэх үүргийг үүнээс өөр гэрээгээр болон хуулиар хүлээгээгүй, Засгийн газрын тогтоолоор “Шинэ яармаг” төслийг санхүүжүүлэхийг “МХБ” ХХК-д зөвшөөрсөн явдал нь нэхэмжлэгчид олгож байгаа боломж болохоос хариуцагчид хүлээлгэсэн үүрэг биш тул санхүүжилт байхгүйгээс төсөл хугацаандаа хэрэгжээгүй явдалд “МХБ” ХХК-ийг буруутгах боломжгүй юм.

 

Тэрчлэн БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас “НЯ” ХХК-д зээл олгох эсэх асуудал тодорхойгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй, нөгөө талын хүсэл зоригоос шалтгаалах асуудалд “МХБ” ХХК-д хүлээлгэх үүрэг байхгүй тул БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн санхүүжилтийг саатуулсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд “МХБ” ХХК-аас 614,014,781.70 төгрөг гаргуулах “НЯ” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 1 болон 3 дугаар шаардлагууд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, 2 дугаар шаардлага нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 89,793,601.36 төгрөг төлсөн нь хуулийн дээрх заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3-д нийцээгүй байх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зөрүүг нөхөн төлүүлэх, хангагдсан шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэж, хариуцагч “МХБ” ХХК-ийн өмгөөлөгчөөс “одоохондоо татгалзах хүсэлт байхгүй” гэсэн хариу өгсөн тул хуралдааны хуулиар тогтоосон дэгийг танилцуулж, дахин татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш өмгөөлөгч С.Эрдэнэсувд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2-т заасан хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй, шүүгчийг татгалзан гаргах үндэслэл тогтоогдвол энэ тухай хэргийн оролцогчоос мэдэгдэх үүрэгтэй гэх заалтыг хүсэлт гаргах эрхийг өөрт олгосон гэж буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 ам.долларт хүү 7,143,084 ам.доллар, шимтгэл 150,000 ам.доллар, нийт 7,293,084 ам.доллар тооцсоныг буцаан гаргуулж, “НЯ” ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28,008,292 ам.долларт тооцохыг “МХБ” ХХК, “ТО” ТӨҮГ нарт даалгахыг хүссэн “ЮНП” ХХК, “НЯ” ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг, “МХБ” ХХК-аас үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 614,014,781.70 төгрөг гаргуулах “НЯ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “МХБ” ХХК болон “НЯ” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-Б 2015-75-1 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-Б 2015-75-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу барьцаалагдсан “НЯ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамжид байрлах,

 2.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042381 дугаарт бүртгэлтэй, 734 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

 2.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042382 дугаарт бүртгэлтэй, 733 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042384 дугаарт бүртгэлтэй, 744 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042380 дугаарт бүртгэлтэй, 743 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.5. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042370 дугаарт бүртгэлтэй, 736 тоот хаягт байршилтай, 4,930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042377 дугаарт бүртгэлтэй, 737 тоот хаягт байршилтай, 4,930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.7. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042385 дугаарт бүртгэлтэй, 747 тоот хаягт байршилтай, 4,382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.8. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042366 дугаарт бүртгэлтэй, 748 тоот хаягт байршилтай, 4,382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.9. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042372 дугаарт бүртгэлтэй, 735 тоот хаягт байршилтай, 13,537 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.10. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042378 дугаарт бүртгэлтэй, 731 тоот хаягт байршилтай, 10,529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.11. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042376 дугаарт бүртгэлтэй, 746 тоот хаягт байршилтай, 10,529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.12. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042379 дугаарт бүртгэлтэй, 742 тоот хаягт байршилтай, 10,529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.13. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042368 дугаарт бүртгэлтэй, 726 тоот хаягт байршилтай, 5,665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.14. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042375 дугаарт бүртгэлтэй, 727 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.15. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042383 дугаарт бүртгэлтэй, 728 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.16. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042371 дугаарт бүртгэлтэй, 729 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.17. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042369 дугаарт бүртгэлтэй, 738 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.18. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042373 дугаарт бүртгэлтэй, 739 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.19. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042367 дугаарт бүртгэлтэй, 740 тоот хаягт байршилтай, 5,668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.20. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042374 дугаарт бүртгэлтэй, 741 тоот хаягт байршилтай, 5,665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2.21. “НЯ” ХХК-ийн эзэмших эрхийн 000314106 дугаар гэрчилгээ бүхий, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148,825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай нэгж талбарын 178025/0006 18634303173310 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг “МХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,793,601.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 3,280,673.9 төгрөгийг нэхэмжлэгч “НЯ” ХХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “МХБ” ХХК-аас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НЯ” ХХК-д олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА