Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0371

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр                   Дугаар 221/МА2017/0371                          Улаанбаатар хот

        

Ө.******* нарын нэр бүхий 14 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.*******, Ө.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, Ө.******* нарын нэр бүхий 14 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ө.*******, Д.*******, Д.*******, Д.*******, Ц.*******, Г.*******, М.*******, М.*******, М. Долдвой, Б. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.10, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******, М.Капият, Ү.Үширбай нараас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.*******, С.******* нар давж заалдах гомдолдоо: “… Нэг. Нэхэмжлэгч Ө.*******, Д.*******, Д.*******, Д.*******, Ц.*******, Г.*******, М.*******, М.*******, М.долдвой, Б. нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн талаар:

Ө.******* нарын 11 иргэн “Өртөө өвөлжөө” гэдэг газарт амьдардаггүй гэж Н.Дуламсүрэн нарын шүүгчдийн хийсэн дүгнэлт бол үнэнд огт нийцэхгүй, бодит байдлыг зориуд мушгин гуйвуулсан, дэндүү шударга бус үйлдэл юм. Бидний 14 иргэн, өрх айлыг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Өртөө өвөлжөө” гэдэг газарт олон жил үе удам дамжин амьдарч байгаа болохыг хөдөлбөргүй нотолсон баримтууд хавтаст хэрэгт хангалттай байгаа болно. Үүнд:

1. Одоо энэ нутагт 14 өрх айл, 64 иргэн, 2600 орчим толгой малтай амьдарч байгаа тухай Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 114 тоот албан бичиг;

  1. Нэхэмжлэгч 14 иргэний хэн нь хэдэн оноос эхлэн "Өртөө өвөлжөө"-нд амьдарч байгаа талаар тэдний дэлгэрэнгүй бүртгэлийг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 05 тоот албан бичиг,
  2. "Өртөө өвөлжөө"-нд амьдарч байгаа 14 иргэний 2016 оны өрхийн бүртгэл, мал тооллогын дүнг үндэслэн гаргасан хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн бүртгэл, малын тоо толгой, бэлчээрийн даацын тухай Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 03 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий нэхэмжлэгч нар нь тухайн газарт оршин сууж, хэдий хэмжээний малыг маллан амьдарч байгаа болох нь нотлогдож байхын зэрэгцээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга нар эдгээр бүртгэл тодорхойлолтыг энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан болно. Уг хуулиар өрх, хүн амын бүртгэлийн тодорхойлолтыг гаргах эрх зөвхөн баг, хорооны Засаг даргад олгогдсон байна.
  3. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас "Өртөө өвөлжөө"-нд дүүргийн иргэд мал маллаж амьдардаг, тэдгээрээс өөр хүмүүст газар эзэмшүүлэх ашиглуулах талаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаагүй болох тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 1/119 тоот албан бичиг,
  4. "Өртөө өвөлжөө" гэдэг газрын бэлчээрийн даацын тухай Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 тоот албан бичиг,

Ийм хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байсаар байтал шүүгч түүнийг авч үзээгүйгээр барахгүй, Ө.******* нарын 11 иргэн "Өртөө өвөлжөө" гэдэг газарт газар ашиглах эрхийн гэрчилгээгүй гэдэг бодит бус ганцхан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь бидний эрх ашгийг ноцтойгоор хөндсөн хууль бус шийдвэр юм

Түүнчлэн биднийг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны байнгын оршин суугч мөн болохыг дээрх нотлох баримтуудаас гадна Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсвэл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно" гэсэн хуулийн заалт бэлэхнээ нотолж байгаа болно. Бид энэ газарт амьдардаг бөгөөд бидний гэр орон, мал, өвөлжөө, хаваржаа, эд хөрөнгө маань энэ л газарт байдаг болно...

Газар ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, газар ашиглах эрхгүй гэж дүгнэсэн нь мөн л хуульд нийцэхгүй дүгнэлт байна. Учир нь газар ашиглах эрхийн гэрчилгээгүй гэсэн 11 иргэний 3 нь буюу Д.*******, Д.*******, Д.******* нар нь "Өртөө өвөлжөө" гэдэг газарт газар ашиглах эрхийн албан ёсны гэрчилгээтэй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-466 тоот тушаалд заасны дагуу хуучин гэрчилгээгээ солиулахаар кадастрын зургийн хамт 2012 оны 06 дугаар сард Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өгсөн боловч одоо болтол сольж өгөөгүй. Мөн иргэн М.*******, М.*******, М.Долдвай, М.долдой нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх А-466 тоот тушаалын дагуу газар эзэмшихээр өргөдлөө кадастрын зургийн хамт 2012 оны 06 дугаар сард Хан Хэнтийн захиргаанд өгөөд түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад одоо болтол шийдвэрлэж хариу өгөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоно ч гээгүй, олгохгүй ч гээгүй. Гэсэн атлаа өөрсдийнхөө 271 хүнд болохоор сайдын тушаал гарснаас хойш дөрөвхөн хоногийн дотор гэрчилгээг бичиж олгосон. Эдгээр 271 хүнд газар олгох асуудлыг яам дээрээс нь нэгдсэн журмаар шууд зохион байгуулсан, өргөдлийг газар авсан хүмүүсээр нөхөж гаргуулсан. Гэтэл шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас эдгээр 271 хүний нөхөж бүрдүүлсэн өргөдөл болон гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн үнийг тушаасан мөнгөний баримт бүхий бүхэл бүтэн хавтаст материалыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 4 сарын дараа буюу шүүх хуралдаан болохоос өмнөхөн нөхөж гаргаж өгснийг судалж үнэнийг тогтоолгүйгээр шүүх хурал дээр нотлох баримт байна гэж дурдаад өнгөрсөн...

Тэгэхээр албан ёсны эрхийн гэрчилгээтэй 3, газар ашиглах тухай хүсэлтээ нэр бүхий 271 иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгохоос өмнө гаргасан боловч шийдвэрлэгдээгүй 4, үе удмаараа олон жил амьдарсаар ирсэн 7 хүнийг газар ашиглах эрхгүй юм чинь хохь чинь гэж байгаа мэтээр дүгнэж байгаа нь хуульд огтхон ч нийцэхгүй бөгөөд тэдний газар ашиглах эрхийн гэрчилгээтэй юу, газар ашиглах хүсэлтээ гаргасан уу, олон жил амьдарсан уу гэдгийг огт шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус байна.

Хоёр. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа асуудлаар дутуу нотлох баримтдаа үндэслэн дутуу дүгнэлт хийсэн талаар:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 3 тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 заалт, Газрын тухай хуулийн 4 заалт, Амьтны тухай хуулийн 1 заалт, нийтдээ 3 хуулийн 13 заалтыг илт зөрчсөн талаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа олонтаа дурдсан байх боловч нэр бүхий 3 нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй, үлдсэн нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрхийн гэрчилгээгүй гэдэг үндэслэлээр туйлын дутуу дүгнэлт хийсэн.

Ядаж л бусад нэхэмжлэгч нарыг газар ашиглах эрхийн гэрчилгээгүй гэж үзсэн байлаа гэхэд албан ёсны газар ашиглах эрхтэй 3 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж байгаа үндэслэлүүдэд нь хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрх ч үүсээгүй гэж үзсэн учраас шаардлагатай нотлох баримтыг ч цуглуулах шаардлагагүй гэж үзээд бидний нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлүүдийн нотлох баримтыг дутуу цуглуулж, түүндээ дутуу дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар бичгийг л үндэслэл болгосон. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд С.Оюуны 2014 оны А-230, А-429 тоот, сайд Д.Оюунхоролын 2015 оны А-271 тоот тушаалуудыг гаргахдаа үндэслэл болгосон 8 зүйлийг судалж үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газарт орон сууцны зориулалттай барилга байгууламж барих заалт огтоос үгүй байхын зэрэгцээ тушаалуудын үндэслэлээ болгоод байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ядаж юу гэж заасан, ямар зорилготой төсөл, хөтөлбөрүүд байсан, хаанаас баталсан, ямар хууль зүйн үндэслэлтэй төсөл хөтөлбөрүүд байсан гэдгийг судлаагүй.

... Газар ашиглах гэрчилгээг С.Оюун, Д.Оюунхорол нарын 3 тушаалын 2 дугаар заалт ёсоор зураг төслийн дагуу олгох байтал зураг төсөл гараагүй байхад олгосныг зөвтгөсөн, мөн барилгын зураг төсөл гараагүй байхад гарсан гэж худлаа дүгнэсэн, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2016 оны 10 дугаар cap хүрч байж нөхөж хийснийг зөв дүгнээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар (Газрын алба), Хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газраас ирүүлсэн нотлох баримтыг бүрэн гүйцэт авч үзээгүй, үнэлээгүй.

Мөн зуслангийн барилгын зураг төсөл байхгүй хийгдээгүй байхад түүнийг хийгдсэн гэж үндэслэлгүй, худал дүгнэлт хийсэн. Түүнчлэн хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутаг байлаа ч гэсэн түүн дээр зуслангийн зориулалттай ч байсан, аялал жуулчлалын зориулалттай ч байсан тухайн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх шаардлагатай байхад энэ талаарх баримтыг огт цуглуулаагүй.

Иргэн С.*******, М.Калият, Ү.Үширбай нарыг тус газарт газар ашиглах эрхгүй гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэснийхээ дараа тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянахаасаа илүү нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг яаж хэрэгсэхгүй болгох, яаж буцаах вэ гэдэг арга замыг л хайсан гэдэг нь харагдаж байна.

Бидний нэхэмжлэлийн гол шаардлага бол Байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулахыг хориглох гэсэн 18 дугаар зүйлийг авч үзэж үнэлэлт дүгнэлт хийлгэх явдал байлаа. Гэтэл энэ заалтыг зориуд авч үзэлгүй орхисон. Тухайлбал, энэ хуулиар онцгойлон нэр зааж хориглосон 12 дугаар зүйлийн 5-д "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно" гэж заажээ. Тэгвэл 11 дүгээр зүйлийн 7 дугаар заалт нь "Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" гэж заасан. Энэ заалт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний харьяа газрын ажилтнуудын тэнд байнга амьдрах байшин барихад зориулагдаагүй, түүнд огт хамаагүй бөгөөд харин ч хуулийн 11-ийн 7-д нэр зааснаас өөр барилга барихыг хатуу хориглосон байна. Мөн 18.3-т батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барихыг хориглосон. Гэтэл 271 байшин барих болон эсхүл суурин байгуулах ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл байгаа эсэхийг хариуцагчаас асуугаагүй, тайлбар аваагүй, нотлох баримтыг шаардаагүй, 271 иргэнд зуслангийн зориулалтаар газар ашиглах эрх өгч байгаа нь түр буудаллах, отоглох газар, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зорилготой байна уу гэх мэт асуудлуудыг тодруулаагүй учир хэргийг хянан шийдвэрлэхэд гол баримтыг цуглуулаагүй гэж үзэж байна.

...Түүнчлэн нэхэмжлэгч бидний зүгээс маргаж байгаа нэг асуудал нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын үе үеийн сайдын тушаалууд, тэдгээрээр батлагдсан журмыг зөрчсөн талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэлт хийсэнгүй, холбоотой нотлох баримтыг ч цуглуулаагүй. Тухайлбал,

1.  “Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам"-д заасан газар ашиглах тухай хүсэлт гаргах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай заалтыг зөрчиж, Налайх дүүргийн Засаг даргын саналыг авалгүйгээр газар олгох асуудлыг дангаараа шийдвэрлэж, төрийн захиргааны байгууллагын эрх мэдлийг санаатайгаар хязгаарласан…

2.  “Газар ашиглах тухай гэрчилгээг хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А-213 тоот тушаалын 3-т заасан "тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах үед уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, хууль тогтоомжид нийцүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга С.Доржготовд үүрэг болгосугай" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Үүнээс болж "Өртөө өвөлжөө" гэдэг газарт амьдарч байгаа олон иргэд газар ашиглах гэрчилгээгээ одоо болтол авч чадахгүй хохирсоор байна.

3.  "Гэрчилгээжүүлэлт хийх тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 тоот тушаалын 1-д заасан "Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн 1, 6 дугаар хорооны Засаг дарга нараас ирүүлсэн судалгааны дүн саналыг үндэслэн Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт өвөлжөө хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг газарт хэмжилт хийж, координатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготовд зөвшөөрсүгэй" гэж заасан. Гэтэл энэ заалтыг С.Доржготов гэгч хэрэгжүүлэхгүй байгаагаас болж "Өртөө өвөлжөө"-нд амьдарч байгаа зарим иргэд одоо болтол гэрчилгээгээ авч чадахгүй чирэгдэн хохирч байна. Байдал ийм байхад шүүгч иргэн бидний газар эзэмших эрх, ашиг сонирхлыг хохироогүй гэж зориуд хууль бус дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий шударга бус үйлдэл юм.

...Нэхэмжлэгч бид нэхэмжлэлдээ тухайн нутагт тарвага нутагшиж байгаа, гэтэл энэ нутагт газар ашиглуулах эрх олгосон нь Амьтны тухай хуулийг зөрчсөн байхад энэ талаар нэг ч үг үсэг бичиж дүгнээгүй, нэг ч нотлох баримтыг цуглуулаагүй.

Гурав. Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалд тусгагдсан зайлшгүй тодруулах ёстой гол асуудлуудыг тодруулаагүй талаар:

...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр … буцааж шийдвэрлэхдээ маргаан бүхий газрын байршлыг бүрэн тодорхойлоогүй, хариуцагчийн албан хаагчдад олгосон газар нь хаана байршилтай болох, нэхэмжлэгч нарын малын бэлчээртэй давхцаж байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "айл бүр хэдэн малтай, мал бэлчээхэд ямар хэмжээний бэлчээр хангалттай болох, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа, олгогдсон газраас өөр газар мал бэлчээх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй, айлуудын өвөлжөө хаваржаа яг аль бүсэд байгаа болон малын бэлчээрийн байршлыг тогтоогоогүй" гэх гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн.

Эндээс харахад нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийн гэрчилгээтэй юу, эрх нь хөндөгдсөн үү гэдэг асуудлыг шалгах биш, нэхэмжлэгч нарын мал бэлчээх газар, бэлчээрийн газартай 271 иргэд олгосон газар нь яаж давхцаж, бэлчээрийг яаж хязгаарлаж байгааг шалга, болохгүй бол шинжээч томилж тогтоох шаардлагатай гэж дахин хэргийг хянан хэлэлцүүлэхээр буцаасан байхад хариуцагчаас өгсөн хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй зургийг үндэслээд давхцаагүй, эрхийг хөндөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэх зэргээр дүгнэж байгаа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг огт биелүүлээгүй, магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, С.******* бид хоёр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан тодруулах зайлшгүй шаардлагатай асуудлаар нотлох баримт гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд албан бичгээр хүсэлт гаргасан, мөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийх үед бид 4 төрлийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Тухайлбал,

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд С.Оюун, Д.Оюунхорол нарын тушаалаар яам, түүний харьяа газрын 271 хүнд олгосон газар нь чухамхүү ямар нэртэй газарт дээрх 2 сайдын хэнийх нь, хэдэн сарын хэдний өдрийн, хэдэн тоот тушаалаар, хэн гэдэг хүнд, хэдий хэмжээний га газар олгосон болохыг газрын гэрчилгээн дээр бичигдсэн кадастрын координатын хамт хүн тус бүрийн нэрээр гаргуулах

  1.  "Өртөө өвөлжөө" гэдэг газрын координат бүхий кадастрын албан ёсны зургийг гаргуулах
  2.  Уг кадастрын зургийг дотор нь өвөлжөө-хаваржаа болон зуслан-намаржааны бэлчээр нутаг гэж 2 зааглаж гаргуулах

4.  "Өртөө өвөлжөө"-ний нутгийн сансраас авсан фото зургийг гаргуулах

Эдгээр 4 хүсэлтээс хамгийн гол нотлох баримт болох эхний 3 нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж аваагүй… Хамгийн ноцтой асуудал бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд өгсөн 5 үүргийг хэрэгжүүлэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал,

  1. Маргаан бүхий газрын байршлыг бүрэн тодорхойлоогүй байна гэж заасан. Гэтэл маргаан бүхий газрын байршил, талбайн хэмжээ, координатыг одоо хир нь тогтоогоогүй. Иймээс "Өртөө өвөлжөө" гэдэг газрын хил хязгаар, талбайн хэмжээ, түүний координат мэдэгдэхгүй хэвээр байгаа болно.
  2. Хариуцагчийн албан хаагчдад олгосон газар нь хаана байршилтай болох нь тодорхойгүй байна гэсэн. Гэтэл 271 албан хаагчдад олгосон газар хаана байршилтай болох нь одоо ч гэсэн мэдэгдэхгүй хэвээр байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан хэлж байгаагаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 271 хүнд газар олгохдоо ганцхан "Өртөө өвөлжөө" гэдэг газарт биш 3 газарт газар олгосон гэдэг. Гэвч ямар нэртэй 3 газарт хэнийх гэдэг, хэдэн айлд, хэдий хэмжээний газар олгосон нь мэдэгдэхгүй байгаа.
  3. Хариуцагчийн албан хаагчдад олгосон газар нь нэхэмжлэгч нарын малын бэлчээртэй давхцаж байсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн. Бодит байдал гэвэл хариуцагчийн албан хаагчдад олгосон газар нь нэхэмжлэгч нарын зуслан, намаржааны бэлчээртэй бүхэлдээ давхцаж байгаа. Гэтэл шүүх уг асуудлыг огт авч үзээгүй орхигдуулсан.
  4. Айл бүр хэдэн малтай, мал бэлчээхэд ямар хэмжээний бэлчээр хангалттай болох, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа, олгогдсон газраас өөр газар мал бэлчээх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй гэсэн. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Өртөө өвөлжөө"-нд хийсэн бэлчээрийн даацын судалгаагаар хонин толгойд шилжүүлснээр 2500 толгой малд 11750 га газар шаардлагатай учир одоогийн бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн болохыг тогтоосон. Эндээс үзэхэд 200-аад айлд байшин барих газар олгох ямар ч боломжгүй юм. Гэтэл шүүгч мал аж ахуйн хүрээлэнгийн энэхүү судалгааны дүгнэлтийг огтхон ч авч үзээгүй.
  5. Айлуудын өвөлжөө, хаваржаа яг аль бүсэд байгаа болон малын бэлчээрийн байршлыг тогтоогоогүй байж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн гэсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг авч үзээгүй.

Дөрөв. Шүүгч нэхэмжлэгч нарын эрх ашиг хохироогүй гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн:

1. Нэхэмжлэгч бид нэгдүгээрт, бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирсон, хоёрдугаарт, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж хохироож байгаа, гуравдугаарт, малынхаа бэлчээрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа газрын ажилтнуудад булаалгаж хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгасан ... бидэнд газар эзэмших эрх олгогдоогүй байсан гэж С.Доржготовын үгээр бодит биш байдлаар дүгнэсэн.

Нэхэмжлэгч бид газар ашиглах албан ёсны гэрчилгээгүй, газар давхцаагүй гээд эдгээр 200 гаруй иргэнд зуслангийн газар олгоод өдий тооны байшингууд баригдвал уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчин иргэд бид яах вэ, малаа дагаж, малаа маллаж амьдардаг хүмүүс бид малаа дагаад энэ газраас хөөгдөхөөс өөр аргагүй болох бөгөөд нэхэмжлэгч бидний болоод бусдын эрхийг гагцхүү цаасан дээр бичигдсэн гэрчилгээгээр хэмжиж болохгүй юм.

...Уламжлалт мал аж ахуй бол нэг газраа байнга байдаггүй, цаг агаар, малаа дагаад нүүдэллэж байж өсгөн үржүүлдэг онцлогтой учраас түүнийг бүхэлд нь гэрчилгээ буюу цаасаар баталгаажуулж, гэрчилгээ авснаар эрх үүснэ гэж үзэх боломжгүйн зэрэгцээ олон жил энэ нутагт амьдарч, үе удмаараа дундаа хамтран ашигласаар ирсэн газраасаа гэрчилгээгүй гэдгээр хөөгдөх дээрээ тулна гэдэг нь ямар ч хуулийн агуулга, зорилтод нийцэхгүй гэж үзэж байна.

Нөгөө талаар иргэд бидэнд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, баталгаажуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийг зөвтгөөд түүнээс болоод хохирч байгаа нэхэмжлэгч биднийг гэрчилгээгүй гэж зохиомлоор буруутгаад малчин бидний эрхийг хөндөгдөөгүй, эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж эрхгүй гэж үзэж байгаа нь туйлын харамсалтай байна...

                2.  ...14 иргэний 3-аас бусад нь газар эзэмших гэрчилгээтэй буюу зарим нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-466 дугаар тушаалд заасны дагуу газар эзэмших гэрчилгээ авах ёстой байтал Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов гэгч албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан гэрчилгээг санаатайгаар олгож өгөхгүй зориуд хохироож байгаа хирнээ биднийг газар ашиглах гэрчилгээгүй гэж удаа дараалан гүтгэн доромжилж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж бидний эрх, ашиг сонирхлыг хохироож байна...

Тав. ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд С.Оюуны 2014 оны А-230, А-429 тоот, Д.Оюунхоролын 2015 оны А-271 тоот тушаалууд эрх зүйн хувьд анхнаасаа хуулийн хүчин төгөлдөр бус юм. Учир нь,

  1. Эдгээр үг, үсгийн зөрөөгүй гурван удаагийн тушаалын 1 дүгээр заалтад дурдсан газрыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олгохдоо газрын оноосон нэрийг бичээгүй учраас ямар нэртэй газар болох нь тодорхойгүй...
  2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний харьяа газрын 271 хүнд зориулан тусгайлан хэвлүүлж олгосон гэрчилгээн дээр эзэмшүүлсэн газрын оноосон нэр байхгүй, эзэмшигчийн хаяг байхгүй...
  1. "Эко зуслан" нэртэй орон сууцны барилга барих газрын байршил тогтоогдоогүй, барилгын зураг төсөл батлагдаж бэлэн болоогүй байхад дээрх хууль бус 3 тушаалынхаа 2 дугаар заалтыг зөрчиж газар эзэмших гэрчилгээг урьдчилаад олгосон. Ингэснээрээ дээрх 3 тушаалынхаа 2 заалтыг хоёуланг нь шууд зөрчсөн байна.
  2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготовд яам, харьяа газрын 271 хүнд газар ашиглуулах гэрчилгээ олгох эрх байхгүй. Учир нь Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам" -ын 3.4-т “... Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрт үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно” гэж заасан. Тийм болохоор С.Доржготовын гарын үсэгтэйгээр 271 хүнд олгосон газар ашиглах гэрчилгээ хүчингүй юм.

Зургаа. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов нь шүүхэд худлаа нотлох баримт гаргаж өгснийг шүүгч нягталж үзээгүй.

...С.Доржготовын зохиомол зургаар нэхэмжлэгчийн зарим айлын кадастрын зурагтай өөрсдийнхөө 11 айлын зургийг зориуд давхцуулан нэмж гаргасан. Үүнийг шүүгч нягталж шалгаагүй байж, солбицлын давхцалгүй гэж бодит байдлыг гуйвуулж хийсвэр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангаагүй, маргаантай баримтыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн.

...Хөдөө аж ахуйн ангилалд хамаарагдсан газраас өөр газарт мал бэлчээж болохгүй гэдэг бол хийсвэр зүйл юм. Аль ч ангиллын газарт мал бэлчээж болно. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газарт уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн. Нэгэнт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн тул малын бэлчээрийг зөвшөөрсөн гэсэн үг. Үүнээс үзвэл шүүгчийн нэхэмжлэгч нарын "малын бэлчээр" гэж үзэж байгаа газар нь хөдөө аж ахуйн газарт хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлт бол мал байгаа газарт малын бэлчээр байх ёстойг ойлгодоггүй хүний муйхар дүгнэлт юм. Хот суурин газарт ч мал бэлчээх бэлчээрийн газар байсаар л байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан "илт хууль бус захиргааны акт" гэж үзэх тохиолдлын алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгч С.*******, М.Капият, Ү.Үширбай нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

Тэгвэл анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж дүгнэлт хийжээ. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий 2014, 2015 онд гарсан захиргааны актуудтай маргаж байхад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн заалтад хамаарахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн хууль зүйн үндэслэл нь 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.3, 9.1.6, 9.1.7-д тус тус заасныг үндэслэн маргаж байгаа бөгөөд эдгээр заалтуудыг Монгол Улсын Дээд шүүхээс хийсэн албан ёсны тайлбар /2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай/-т "...зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн зэрэг" гэж дурдсан байдаг...

Долоо. Шүүх, тухайлбал шүүгч Н. Дуламсүрэн хариуцагчийн талд илэрхий үйлчилж зарим асуудлаар зориуд худлаа дүгнэлт хийсэн.

  1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 292 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2055 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч иргэний өвөлжөө хаваржаа, хашаа барьж амьдарч буй газартай давхцаж байтал солбицлын хувьд давхцалгүй гэж тэднийг илтэд хамгаалсан.
  2. Нэр бүхий 271 албан хаагчдад олгосон нийт 37,5 га газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд орших "Өртөө өвөлжөө" нэртэй газарт байрлаж байгаа гэж худал дүгнэсэн. Гэтэл 271 албан хаагчдад олгосон 37,5 га газар нь гагцхүү "Өртөө өвөлжөө" гэдэг газарт биш, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 3 өөр газарт олгосныг одоо болтол нягталж тогтоогоогүй. Иймээс "Өртөө өвөлжөө"-нд л гэхэд хэнийх гэдэг айлд, хэдэн хүнд, хэдий хэмжээний газар олгосныг тогтоогоогүй байж, 271 хүнд 37,5 га газар олгосон гэж худлаа дүгнэсэн. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас гаргуулахыг нэхэмжлэгчээс удаа дараалан албан ёсоор хүсэлт болгосон боловч яамнаас гаргуулж аваагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь нэхэмжлэгчид биш, хариуцагчид ашигтай байдлыг бий болгосон.
  1. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******ийг иргэнийхээ хувьд, өрхийн тэргүүний хувьд, 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахад Д.Цэрэндэжид (Ө.*******ийн эхнэр)-ээс итгэмжлэл аваагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж Ө.*******ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хасч, хүний эрхэнд хууль бусаар халдсан. Ө.******* нь Д.Цэрэндэжидээс итгэмжлэл авах шаардлагагүй, учир нь Д.Цэрэндэжид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ бол нэхэмжлэгчийг элдэв аргаар буруутгахыг оролдож байгаагийн нэг илрэл юм.
  2. Шүүгч Н.Дуламсүрэн хариуцагчдыг илт хаацайлан шүүх хурал дээр хариуцагчийн материалд үнэлгээ хийсэнгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээрээ тэдний худал хуурмаг, гүтгэлгийн чанартай нотлох баримтад үнэлгээ хийлгүй орхисон.
  3. Шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийж, шийдвэрийг бүтэн сарын дараа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан төдийгүй, шүүх хурал болсон өдрийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн болгож шийдвэрийн огноог өөрчилсөн. Ер нь энэхүү асуудлыг хэлэлцэхээр оролцож шийдвэр гаргасан шүүгчид шийдвэрлэх гэж байгаа асуудлаа бүрэн ойлгоогүй байж шийдвэрээ гаргасан. Энд ганцхан баримт дурдъя. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 271 албан хаагчид олгосон нийт 37,5 га газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг "Өртөө өвөлжөө" гэдэг нэртэй газарт байрладаг гэжээ. Энэ бол худлаа. Энэхүү 37,5 га газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 3 өөр газарт олгогдсон, гэхдээ ямар нэртэй 3 газарт тус бүрт хэн гэдэг хүнд, хэдэн га газар олгогдсон нь одоо ч мэдэгдэхгүй байхад түүнийг тогтоогоогүй байж шийдвэрээ гаргасан.

Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтуудаас харахад маргаан бүхий захиргааны актуудыг гаргах эрх нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хуулиар олгогдоогүй байхын зэрэгцээ захиргааны актуудыг гаргах суурь дэвсгэр буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл нь бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл, байгалийн цогцолборт газарт зөвхөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтаар л газар ашиглуулахыг зөвшөөрсөн байхад өөрсдийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор дээрх хуульд заасан зориулалтыг зөрчиж зуслан хотхон барих гэх мэт зөвшөөрөл өгсөн байгаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн...

Найм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар:

  1. Шүүхээс нэр бүхий 3 иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, харин үлдэх нэр бүхий 11 иргэний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргах ёстой асуудлыг шүүхийн шийдвэрээр бүхэлд нь 1, 2 дугаар заалт болгон шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхээр байна.
  2. Шүүгч Н.Дуламсүрэн газар дээрх үзлэгийг хэлбэр төдий хийсэн, тухайлбал, давж заалдах шатны шүүхээс үүрэг болгосноор газрын байршил, 271 хүнд олгосон газар нь нэхэмжлэгчдийн малын бэлчээртэй давхцаж байгаа эсэх, мөн зарим айл барих барилгынхаа шавыг тарваганы нүхний дэргэд тавьсан эсэхийг явж үзээгүй, үзлэгийн тэмдэглэлийг нэхэмжлэгчийн талаас оролцсон хүнд танилцуулж гарын үсэг зуруулаагүй.
  3. Шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийсэн атлаа 23-ны өдөр хийсэн болгож, 8 хоногоор хойшлуулж өөрчилсөн.
  4. Шүүгч Н.Дуламсүрэн шүүх хурал дээр хариуцагчийн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийсэнгүй гэж албан ёсоор мэдэгдсэн хирнээ хурлын тэмдэглэлд түүнийгээ бичээгүй орхисон байна. Үүнийг бичлэгээс үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нараас “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-230, А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “…Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт олон жил үе удам дамжин амьдарч байна. Д.*******, Д.*******, Д.******* нар нь 2012 онд хуучин гэрчилгээгээ солиулахаар кадастрын зургийн хамт Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өгсөн боловч одоо болтол сольж өгөөгүй. М.*******, М.*******, М.Долдвай, М.долдой нар газар эзэмшихээр өргөдлөө кадастрын зургийн хамт өгсөн боловч хариуцагч хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа яамны албан хаагчдад газар эзэмшүүлсэн нь хууль бус байна…” гэж тодорхойлон маргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүх Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийж, нэхэмжлэгч нар гэрчилгээ солиулах болон газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулаагүй атлаа Ө.*******, Д.*******, Д.*******, Д.*******, Ц.*******, Г.*******, М.*******, М.*******, М.долдой, Б. нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий газрын байршлыг бүрэн тодорхойлоогүй, хариуцагчаас албан хаагчдад олгосон газар нь хаана байршилтай болох, нэхэмжлэгч нарын малын бэлчээртэй давхцаж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн тэдний малын бэлчээр, 00-ын газар нь хариуцагчийн олгосон газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоогоогүй нь үндэслэлгүй..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “мал бэлчээхэд ямар хэмжээний бэлчээр хангалттай болох, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа, олгогдсон газраас өөр газар мал бэлчээх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй, айлуудын өвөлжөө, хаваржаа яг аль бүсэд байгаа болон мал бэлчээрийн байршлыг тогтоогоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад шүүх магадлалд дурдсан дээрх ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газрын байршил тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгч нарын чухам хэнийх нь эзэмшиж байгаа болон эзэмшихийг хүссэн газартай хариуцагчийн 271 албан хаагчдад олгосон газрын хэн гэх иргэдийн нэр дээрх, ямар хэмжээтэй газар, хэрхэн давхцаж байгаа болохыг тодруулах нь

нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн шүүхэд нэр бүхий 14 иргэн нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Ө.*******, Д.*******, Д.*******, Д.*******, Ц.*******, Г.*******, М.*******, М.*******, М.долдой, Б. нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, С.*******, М.Капият, Ү.Үширбай нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин М.Долдвайгийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.            

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН