Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2022/00140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 4 дүгээр баг, 4-02 тоотод оршин суух, ЕП81120505 регистрийн дугаартай, 1981 онд төрсөн, эмэгтэй, Базархул ургийн овогт, Авзалын Арнагүл,

      Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, 9066462 регистрийн дугаартай, ХИС,

    Нэхэмжлэлийн шаардлага: “ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай” иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нургайып,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Серикжан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бадамцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Оюунчимэг, Б.Мөнхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч А.А нь ХИС-д холбогдуулан ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч А.А “Миний бие 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд /Хуучнаар Баян-Өлгий аймаг дахь багшийн коллеж/-д түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажиллах хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийн хуваарилж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хиналган чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн. 2017-2018 оны хичээлийн жилд манай сургуульд нийгмийн ухааны тэнхим 4 багшийн орон тоогоор хичээлийн хуваарь батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017-2018 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нийгмийн багшийн орон тоонд ажиллаж байсан. Гэтэл ахлах багш намайг ажлаас чөлөөлсөн мөртлөө надаас сүүлд орсон багш нарыг авч үлдэж миний заадаг цагийг уг багш нарт хуваарилж өгсөн. Ямар шалтгаанаар хэд хэдэн багш нарын дотроос намайг сонгож хөдөлмөрийн гэрээг маань цуцалж байгааг захирал Ж.Хиналганаас удаа дараа асуусан боловч тоймтой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн уг тушаалд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргааны зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн ба уг хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ болоогүй” гэв.
  2.      Хариуцагч ХИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Их сургуулийн багшийн үндсэн үүрэг нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, ХИС-ийн багшийн ажлын журам, багштай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сургалт, эрдэм шинжилгээний ажил байхаар журамлагдан зохицуулагдсан. ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг ХИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. ХИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар А.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн “Мэдэгдэл”-ийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Ад танилцуулж гардуулсан. ХИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн тухайлсан харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарыг гаргасан.
  3.       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.А нь 14 дэх жилдээ ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтныг ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчиж 25 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг. ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан А.Аийг ажлаас чөлөөлөхдөө түүхийн багшийн ажлаас чөлөөлсөн болон чөлөөлөөгүй шийдвэр гаргахгүйгээр зөвхөн нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 14 жил түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд түүх нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлөх ёстой байсан. Зөвхөн нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн байтлаа үргэлжлүүлэн түүхийн ухааны багшаар ажиллуулахгүйгээр хүний эрх зөрчиж байгаа нь хуульд нийцээгүй. А.А өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ахлах багшаар ажиллаж байсан. А.Аийн дараа орсон 3 залуу багшийг тус сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар авч үлдсэн байтлаа 14 жил ажилласан ахлах багшаа ажлын байрны цомхтголд оруулж байгаа нь учир дутагдалтай байна. А.Аийг ажлаас чөлөөлөхдөө хууль бусаар орон тооны цомхтголд оруулсан үндэслэлээр маргасан. Цомхтгол хийхдээ орон тоо цөөрүүлж байгаа нь тодорхой бус, орон тоо хасагдсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн гэдэг тушаал шийдвэр гаргасан байтал 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, маргаан бүхий тушаалыг гардуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар мэдэгдлийг 30 хоногийн өмнө гардуулна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна. Хариуцагч талын зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А.Ад мэдэгдэл гардуулж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаалыг гаргаж өгсөн нь хуульд заасан 30 хоногийн хугацаанд мэдэгдэл гардуулах хуулийн шаардлагыг хангасан бөгөөд мөн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгосон гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна. 2018 оны 9 дүгээр сард А.А ажилдаа очиж ажиллаж байсан боловч бүртгэл хийсэн хийгээгүй мөн багшийн ажлыг цаг хүрэлцэхгүй байсан гэдэг асуудал яригдаж байсан. А.Аийг ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байхад хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг 30 хоног ажил тасалсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Түүх, нийгмийн ухааны багшийн орон тоо хасагдаагүй байхад цомхтгол гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. ХИС-ийн зөвлөлийн хуралдаанд А.Аийн хэлсэн үг хурлын тэмдэглэлд тусгагдсан гэдэг зүйлийг хариуцагч талаас тайлбарласан боловч яг бодит байдалд А.А зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан зүйлийг хэлээгүй байгаа. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч талаас тайлбарлахдаа А.Аийн зүгээс хангалттай хэмжээний тэтгэмж олгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх санал гаргасан гэж тайлбартаа дурдсан. А.А тэр талаар санал гаргасан байж болох боловч маргаан бүхий тушаал гаргахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож чөлөөлөөгүй байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс А.Аийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн мэтээр тайлбар гаргаж байна. Хэрэв А.А өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол яагаад маргаан бүхий тушаал ажлын байрны цомхтгол гэж гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа хүн би ажлаас чөлөөлөгдөхгүй, мэдэгдэх хуудас аваагүй гэх мэт үйлдэл гаргахгүй байх байсан. ХИС-ийн түүх нийгмийн ухааны хөтөлбөрөөр суралцах 2021-2022-оны хичээлийн жилд 6 оюутан суралцаж байгаа талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргасан байсан. 6 биш 1 оюутан байсан ч гэсэн түүх, нийгмийн ухааны багш нар ээлж ээлжээр орж хичээлээ заагаад явах ёстой байсан. Тус сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн орон тоо байгаа учир нэхэмжлэгчийг өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. А.А нь одоо тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ковидын цаг үед ачаалалтай ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нь ХИСд 14 жил ажилласан бөгөөд цаашид уг ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдон ажиллахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
  4.   Хариуцагч ХИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018-2019 оны хичээлийн жилд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд багш нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрөөр 1 дүгээр курст 7 оюутан элссэн. 3 дугаар курст 7 оюутантай байсан бөгөөд нийт 9 хичээлд 14 оюутан суралцаж байсан. Уг чиглэлээр мэргэжлийн хичээл заах 4 багш ажиллаж байсан. Элсэлт оюутны тооноос хамаарч 1 багшид оногдох кредит цаг хүрэхгүй учир багшийг цомхтголд оруулж, ажилтны тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Дээрх шалтгааны үед А.А өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан болох нь ажилчдын хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдох болно. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа А.Ад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл байгаа. Уг мэдэгдлийг А.А 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь хурлын тэмдэглэлээр нотлогдох болно. ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаар тушаалаар А.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч талын зүгээс маргаан бүхий тушаал гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 25 хоног гэж тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Архивын ерөнхий газрын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4 дүгээр зүйлийн 1.7.-д “тушаалын захирамжлах хэсэгт анхаарах хэмжээ, хариуцах эзэн гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд орно” гэж заасан байгаа. ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаар тушаалын захирамжлах хэсэгт “А.Аийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн” байдаг. Тэгэхээр А.А 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж маргааш өдрөөс нь эхэлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тодорхой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэхээр” заасан байдаг. А.Ад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр ажил албан тушаалыг дуусгавар болгож байгаа нь хуульд зааснаар ажил олгогч ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалтыг биелүүлсэн гэж үзэж байна. Маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар жил бүр бүтэц орон тоо баталсан захирлын тушаал баталдаг. Тухайн үед баталсан тушаалд түүх нийгмийн ухааны багш гэж оруулж өгсөн нь зүгээр нэг нэршил учир ач холбогдолгүй гэж үзэж байна. 14 жил ажилласан багшаа чөлөөлж, залуу багш нараа авсан мэтээр нэхэмжлэгч тал тайлбар гаргаж байна. Сургуулийн буюу тэнхимийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар А.А өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн байдаг. Дээрх байдлуудыг харгалзан үзээд А.Аийг ажлаас чөлөөлөгдсөн. ХИС-ийн хувьд төрийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн боловч төсвөөс цалинждаггүй учир төсөвт байгууллага биш. ХИС өөрөө өөрсдөө төсвөө бүрдүүлдэг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тухайн жилийн элсэлтээс шалтгаалан дараа жил хэдэн багш ажиллах эсэхийг тодорхой болдог. 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн багш нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрөөр 7 оюутан элсэн орж, суралцаж байсан 7 оюутантай нийлээд 14 оюутан суралцахаар болсон. 14 оюутанд 4 багш хичээл заахаар мэдээж хэрэг багшийн ажлын журамд зааснаар нэг багшийн кредит цаг гүйцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Элсэлтийн оюутан цөөрсөн учир нэг багшийн орон тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Төсвөө бүрдүүлж чадахгүй байсан ХИС-ийн хувьд нэг багшид хий цалин өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Ад маргаан бүхий тушаалыг гардуулж өгөөгүй. Маргаан бүхий тушаалд А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгоно гэж заасан байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудсыг А.Ад гардуулан өгсөн. А.А мэдэгдэх хуудсыг хүлээн авч гарын үсэг зураагүй боловч 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ХИС-ийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар А.А мэдэгдлийг хүлээн авч танилцсан болох нь тогтоогдож байгаа. ХИС-ийн зүгээс хуульд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг гардуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   
  5.         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д дараах үндэслэлээр ажил олгогчийг зүгээс ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тайлбарласан байгаа. Хариуцагч талаас А.Аийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн хууль зүйн үндэслэлд хамааруулан ажлаас чөлөөлсөн байдаг. Ингэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан үүргээ биелүүлсэн эсэх нэхэмжлэгч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар түүний орон тоо хасагдсан юм уу, цөөрсөн гэж үзэж байгаа бол уг байгууллагад өөр ямар сул орон тоо байгаа эсэхийг судалж, сул өөр ажлын орон тоонд ажиллах нөхцөлийг хангаж ажиллах ёстой байсан. А.Аийн ажлын байр байхгүй болж, бүтэц орон тоо цөөрсөн гэж байгаа боловч 2 орон тоо байсан бөгөөд ажиллуулах бүрэн боломжтой байсан боловч уг арга хэмжээг хариуцагч тал авч хэрэгжүүлээгүй байна. Маргаан бүхий тушаал нь эрх зүйн баримт бичиг учир хуульд нийцсэн байхыг шаарддаг. Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Гэтэл хариуцагч талын зүгээс сонсох ажиллагаа явуулж, мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан үүргийг биелүүлсэн гэдэг нь харагддаггүй бөгөөд холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Цалин хөлсний зөрүүтэй холбоотой маргааны хууль зүйн үндэслэлийг тодруулах шаардлагатай байна. А.А ажлаасаа халагдахаас өмнө сар бүр 909,509 төгрөгийн цалин хөлс авч байсан байдаг. 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн цалин хөлсний зөрүүг тооцож үзсэн. А.А одоо өөр газар түр ажиллаж байгаа бөгөөд авч байгаа цалин хөлсийг хасаж тооцсон. 2019 оны 12 дугаар сард түр ажиллаж байгаа ажлын байранд 561,434 төгрөгийн цалин авч байгаа. Дундаж цалин бодох журмын дагуу ХИСд ажиллаж байх үеийн цалингийн зөрүүг тооцож үзтэл 2019 оны 12 дугаар сард 341,075 төгрөг болж байсан. 2020 оны 1 дүгээр сард 65,714 төгрөг, 2010 оны 2 дугаар сард 113,714 төгрөг гэх мэт явсаар 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1,800,935 төгрөг болж байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцож үзвэл дундаж цалин тодорхойлох журмын дагуу тооцож үзвэл 12,733,126 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор болон цалингийн зөрүүг нэмж үзвэл нийт нэхэмжилж байгаа үнийн дүн өнөөдрийн байдлаар 14,534,061 төгрөг болж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар олгох ёстой. 2018 онд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол тухайн үндэслэлийг нотлох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч тал хуульд заасан үүргээ нотолж чадахгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3.-д “хуулийн этгээдийн нэр хаяг, регистрийн дугаар, төрөл хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо хувьцаа эзэмшигчдийн нэр гэх мэт мэдээллүүд нь нээлттэй мэдээлэл байхаар хуульчилсан” байдаг. 9066462 регистрийн дугаартай ХИС-ийн мэдээллийг улсын бүртгэлийн веб сайтаас үзвэл хувьцаа эзэмшигч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар гэж бүртгэгдсэн байна. Тухайн үед Нямдорж гэх захирал ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагааны код 8530, үйл ажиллагааны чиглэл нь сургууль бүртгэгдсэн байгаа. Үүнээс үзвэл ХИС нь төсөвт байгууллага мөн юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд хамаарна” гэж заасан байгаа. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж заасан байгаа. 2018 онд ХИС-ийн захирлаар ажиллаж байсан Нямдорж нь төсвийн шууд захирагч мөн гэдэг нь харагдаж байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д “төсвийн шууд захирагч нь хуульд заасан дараах үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3.-д “батлагдсан цалингийн сан болон орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтооно гэж заасан байгаа. Хариуцагч талын зүгээс 2018 оны 9 дүгээр сард А.Ад мэдэгдэх хуудас гардуулж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/190 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан. Гэтэл хавтаст хэргийн 24 дүгээр хуудаст ХИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаал авагдсан байгаа. Уг тушаалын агуулга нь “багш ажилчдын орон тоо, албан тушаалтны зэрэглэл, цалингийн сан сүлжээг шинэчлэн тогтоох тухай” гэж дурдсан байгаа. Тэгвэл 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүтэц, орон тоо шинэчлэгдсэн байна. 2018 оны 9, 10 дугаар саруудад бүтэц орон тоо шинэчлэгдээгүй байхад орон тоо хасагдсан, цомхтгосон, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх асуудал яригдаж байгаа юм бэ. ХИС-ийн түүх нийгмийн ухааны багшийн 4 орон тоо 2018 оны 9, 10 дугаар саруудад цөөрч, цомхтголд ороогүй болох нь нотлогдон тогтоогдож байна. А.Аийг ажлаас чөлөөлсний 1 сарын дараа ХИС-ийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан байдаг. 2018 оны 9, 10 дугаар сард орон тооны цомхтгол болсон эсэхийг хууль дүрэм журмын дагуу тайлбарлан нотлохыг шаардаад 2, 3 жил болж байна. Боловсролын тухай хуульд зааснаар ХИС-ийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан мөн Их дээд боловсролын тухай хуульд зааснаар дараах эрх үүрэгтэй. ХИС зөвлөл ажиллуулдаг бөгөөд зөвлөлөөс ийм шийдвэр гардаг гэх мэт хэрэгт хамааралгүй тайлбарыг хариуцагч тал гаргасан. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн үед ХИС-ийн захирлаар Нямдорж ажиллаж байсан эсэх ХИС-ийн захиралд хуульд заасан эрх хэмжээ байдаг эсэх асуудалд огт маргаагүй. Иймд хариуцагч талын зүгээс маргаан үйл баримтыг зөв ойлгож, дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Хариуцагч талын зүгээс орон тоо хасагдсан, цөөрсөн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн мэтээр өөр өөр тайлбар гаргаж байна. Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1.-д орон тоо хасагдсан гэдгийг тайлбарласан байгаа. Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.1.-д “орон тоо хасагдсан гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болохыг хэлнэ. Ажлын тоо цөөрүүлсэн гэдгийг ажил албан тушаалын нэг адил орон тооноос тодорхой тооноос багасгахыг ойлгоно” гэж заасан байгаа. Орон тоо цөөрсөн гэдгийг 4 орон тооноос 1, 2-оор багасгахыг хэлж байгаа. Орон тоо хасагдсан гэдэг нь ХИСд түүх нийгмийн ухааны багшийн орон тоо байхгүй болохыг хэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад ХИСд түүх нийгмийн ухааны багшийн орон тоо хасагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Орон тоо цөөрсөн гэж үзвэл 14 жил ажилласан А.А багшийг яагаад уг ажил албан тушаалаас цөөрүүлсэн үндэслэлээ хариуцагч тал тайлбарлах ёстой байсан. Журамд зааснаар “ажлын байрны цомхтгол нь 4 орон тооноос 3 болж багасахыг хэлж байна. Ховд их сургуулиас сонгон шалгаруулалт явуулж, багш нарын ажилласан жил, ур чадвар, туршлагыг хамгийн илүү сайхан хангаж байгаа 3 хүнийг авч үлдээд, нэг хүнийг нь чөлөөлөх болов уу гэж үзэж байна. Энэ тохиолдолд А.Аийг чөлөөлж байгаа нь тодорхой бус байна. Хариуцагч талын зүгээс цалин хөлстэй холбоотой тайлбар гаргаагүй учир нэхэмжлэгчийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд цалин хөлс гаргуулах боломжтой гэж үзэж байна. Хөдөлмөр нийгэм хамгаалалтын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журам гарсан. Нэхэмжлэгч талын зүгээс цалин хөлсний журмыг шинэ журмаар тооцоолж гаргасан. Авлигатай тэмцэх газрын сайтаас үзвэл ХИС-ийн захирлаар ажиллаж байсан Нямдорж нь хөрөнгө орлогын мэдүүлгийг 2017, 2018 онд гаргаж байсан учир төсөвт байгууллагын нийтийн албан тушаалтан мөн байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.   
  6.     Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1999 оны Хөдөлмөрийн тухай хууль нь нийгэмд байгаа маш олон чиглэлийн мэргэжил, мэргэшил, төрийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын харилцааг зохицуулж ирсэн хууль юм. ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй байхаа. Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт нь Хөдөлмөрийн тухай 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримталсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс орон тоо цөөрүүлсэн эсвэл хасагдсан эсэх нь тодорхой бус байна гэж тайлбарласан. ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт “тус сургуулийн элсэлт багасаж, багш нийгмийн ухааны багш хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсонтой холбоотойгоор гэж тушаалын хууль зүйн үндэслэлтэй холбож багшийн гүйцэтгэх норм хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр маргаан бүхий тушаал гаргасан гэж тайлбарласан. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2., Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4., 12.1.6.-д “Дээд сургуулийн захирлын өөрийнхөн эрх хэмжээний асуудал байгаа” Сургуулийн удирдах зөвлөлийн зүгээс тус сургуулийн бүтэц орон тоог баталж өгөхөөр заасан байгаа. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5., 12.1.6.-д “Их сургуулийн захирал нь ажилчдын бүтэц орон тоо цалингийн санг тогтоох” эрх үүрэгтэй гэж заасан байдаг. Маргаан бүхий тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хууль зүйн үндэслэлтэй байгаа. Уг зүйл заалтаар ажилтныг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан хийгдвэл зохих ажиллагаа байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс мэдэгдэх хуудас гардуулсан эсэх нь тодорхойгүй гэдэг тайлбар гаргасан. Тухайн үед ХИС-ийн хуулийн зөвлөх жирэмсний амралттай байсан учир би хуулийн зөвлөхийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Би өөрийн биеэр 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХИС-ийн захиргааны зөвлөлийн хуралд оролцож, мэдэгдэх хуудсыг А.Ад гардуулж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд мэдэгдэх хуудас гардуулсан баримтад А.А гарын үсэг зураагүй боловч 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд “А.Ад мэдэгдэх хуудас гардуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан” талаар тусгагдсан байгаа. 4 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч анхны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Аийн өгсөн тайлбар, дараа дараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд хоорондоо зөрүүтэй байгаа. Хамгийн анхны шүүх хуралдааны тэмдэглэлд А.Аийн зүгээс “надад мэдэгдлийг Н.Оюунчимэг хүлээлгэн өгсөн бөгөөд би мэдэгдэл хүлээн авахаас татгалзаж, гарын үсэг зураагүй” гэж тайлбарласан байгаа. Зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг барихаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “байгууллага хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод дүрэм журмыг баталж мөрдүүлэх эрхтэй” гэж заасан байгаа. Энэ нь Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд мөн зохицуулагдсан байгаа. ХИС нь сургалт эрдэм шинжилгээний байгууллага болохоос биш үйлдвэрлэлийн байгууллага биш. ХИС нь сургалт эрдэм шинжилгээний байгууллага учир Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, үүнд нийцүүлэн гарсан Монгол улсын Засгийн газрын Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан хэм хэмжээ тогтоосон актуудын хүрээнд байгууллага дотооддоо гаргасан дүрэм журмыг баталж, мөрдүүлдэг. ХИС-ийн дүрмийн 3.14 дүгээр зүйлийн 2, 3.15 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлийн 8-д заасныг маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. А.Аийн ажлыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан үүргийг биелүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “сахилгын шийтгэл авч байгаагүй түүх нийгмийн ухааны багшаар 14 жил ажилласан багшийг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн нийгмийн ухааны багшаар ажлаас чөлөөлж, түүхийн ухааны багшийн ажлаас чөлөөлөгдөөгүй” гэдэг тайлбар гаргасан. Нэхэмжлэгч тал маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл буюу орон тоо цөөрүүлэх үндэслэлээр маргасангүй. Нийгмийн ухааны болон түүхийн ухааны багшийн талаар Б.Мөнхзаяа өмгөөлөгч тодорхой тайлбарласан байгаа учир нэмж тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Сахилгын шийтгэл авсан эсэх талаар маргаан гаргаагүй учир энэ талаар тайлбар өгөх илүүц гэж үзэж байна.

        Олон жил ажилласан ажиллаагүй дээр ямар үндэслэлтэй байгаа талаар Б.Мөнхзаяа өмгөөлөгч тайлбарласан. Хэрэгт Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үед ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүнээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байгаа. Уг гэрчийн мэдүүлэгт яагаад түүх нийгмийн ухааны 4 багшаас А.А багшийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. 4 багшийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах саналтай байгааг сургуулийн зүгээс тайлбарлахад А.А багшийн зүгээс би өөр ажилд орох гэж байгаа тул сонгон шалгаруулалт явуулаад хэрэггүй гэдэг зүйлийг ярьсан байдаг. Орон тоо цөөрүүлэх болсон шалтгаан нь ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд нийт 201 оюутан суралцаж байсан. Хөтөлбөрийн хувьд багш бага ангийн боловсрол, багш сургуулийн өмнөх боловсрол, багш математикийн боловсрол, багш байгаль орчны боловсрол, багш нийгмийн ухааны боловсрол, багш казах хэл уран зохиолын боловсрол гэсэн хөтөлбөрүүд байсан. Орон тоо цөөрүүлэх болсон шалтгааны хувьд багш нийгмийн ухааны багш хөтөлбөр нь 1-4 курстэй байх ёстой байсан. Тухайн үед багш нийгмийн ухааны багш хөтөлбөрийн 1 дүгээр курст 7 оюутантай, 2 дугаар курс байхгүй, 3 дугаар курс 7 оюутантай, 4 дүгээр курс байхгүй байсан. Б.Мөнхзаяа өмгөөлөгчийн тайлбарлаж байсан кредит цагийг багц цаг гэж ойлгодог бөгөөд Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д “багшийн ажлын нормын гүйцэтгэл кредит буюу багц цагаар тооцогдоно” гэж зохицуулсан байдаг. Түүх нийгмийн ухааны 1 багш 17 кредит буюу багц цагийн хичээл заах ёстой байдаг. Орон тоо цөөрүүлэх болсон шалтгаан нь сургалт эрдэм шинжилгээний байгууллага болох ХИС-ийн зорилго нь сургалт явуулах, оюутнуудад бакалаврын боловсрол олгох зорилго, зорилттой сургалт эрдэм шинжилгээний байгууллага юм. 14 оюутанд мэргэжлийн 4 багш байна гэдэг нь нэг багшийн норм хүрэхгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-д багшийн зэрэглэлүүд хуульчлагдсан байгаа. А.Аийн хувьд эрх зүйч мэргэжилтэй бөгөөд энэ үндэслэлээр орон тоог цөөрүүлээгүй. А.А нь түүх, нийгмийн ухааны мэргэшсэн багш биш юм. Гэхдээ энэ асуудал маргааны үйл баримттай холбоотой биш гэж үзэж байна” гэв.

     1.7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж А.Аийн ажлаас нь чөлөөлсөн ХИС-ийн захирлын тушаал хэрэгт авагдсан. Уг тушаалыг нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг зөрчсөн гэж хууль зүйн дүгнэлт хийж байх шиг байна. Тухайн үед ХИС-ийн зүгээс А.Ад хуулийн хууль зүйн дагуу хугацаанд нь буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байдаг. ХИС-ийн төлөөллийн зүгээс А.Ад мэдэгдэх хуудсыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлж, ХИС-ийн захиргааны зөвлөлийн хурал дээр А.Ад мэдэгдэх хуудасны талаар танилцуулсан байдаг. ХИС-ийн захиргааны зөвлөлийн хуралд А.А оролцож байсан бөгөөд мэдэгдэл хүлээн авсан талаар мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар 1 сарын өмнө ажлаас халах мэдэгдлийг гардуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

        А.Аийг ажлаас чөлөөлөхдөө нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлж, түүхийн ухааны багшийн ажлаас чөлөөлөөгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. ХИС-ийн хувьд нийгмийн ухаан болон түүхийн ухаан гэсэн 2 салбараар элсэлт авдаггүй. Түүх нийгмийн ухаан гэсэн нэг л салбараар оюутны элсэлт авч сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүх нийгмийн ухааны ангид 14 оюутан сургалцаж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Түүх нийгмийн ухаан багш гэсэн нэг л нэршлээр ажлын орон тоо байгаа болохоос биш нийгмийн ухааны багшийн албан тушаалаас чөлөөлж, түүхийн ухааны багшийн албан тушаалаас чөлөөлөөгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэж байна. ХИС-ийн хувьд түүх нийгмийн ухааны нэг л хөтөлбөрөөр сургалт явуулдаг болохоос биш түүхийн ухааны хөтөлбөр болон нийгмийн ухааны хөтөлбөр гэсэн 2 өөр хөтөлбөрөөр хичээл сургалтын үйл ажиллагаа явуулдаггүй. Түүх нийгмийн ухаан гэсэн нэг л нэршлээр явдаг учир түүхийн болон нийгмийн ухааны гэсэн 2 өөр хөтөлбөр байхгүй.

        ХИС-ийн профессор, багшийн ажлын журам гэж мөрдөгддөг бөгөөд А.А 2018 онд ХИСд ажиллаж байхдаа багшийн зэрэглэлээр ажиллаж байсан. Багшийн зэрэглэлд ажиллаж байгаа багш нь нэг жилийн хугацаанд 17 кредит цагийн гүйцэтгэл хийх ёстой байдаг. Гэтэл 2018 онд түүх нийгмийн ухааны тэнхим 14 оюутантай, 4 үндсэн багшийн орон тоотой байсан. 4 багш 14 оюутанд 17 кредит цагийн гүйцэтгэл хийх ёстой байсан. ХИС-ийн профессор багшийн ажлын журмын дагуу 4 багш 14 оюутанд 17 цагийн кредит буюу 68 цагийн кредит хийх ёстой байсан. Гэтэл 14 оюутанд 68 цагийн кредит байтугай түүний 30 хувийн кредит цагт хүрч байгаа. ХИС буюу боловсролын байгууллага нь тусдаа дүрэм журмаар зохицуулагддаг, тусдаа эрх зүйн зохицуулалттай байгууллага учир нэг багш жилд 17 кредит цагийн гүйцэтгэл хийж байж орон тоо бүтэн байх ёстой байдаг. Гэтэл 14 оюутантай тэнхимийн хувьд 30 кредит цагийн гүйцэтгэлтэй байгаа учир цаана нь илүү 2 багшийн кредит цаг илүү гарч байгаа юм. ХИС багшийн гүйцэтгэл нормативыг харж байгаад тушаал, шийдвэр гаргасан. Мөн түүх нийгмийн ухааны нэг л хөтөлбөрөөр сургалт явуулж байсан болохоос биш түүх нийгмийн ухааны хөтөлбөр гэсэн тусдаа 2 өөр хөтөлбөр байхгүй. Кредит цагийн хувьд 4 багшийн кредит цагийн норм хүрэхгүй 2 багшийн кредит цагийн норм хүрч байгаа. Ховд их сургуулиас маргаан бүхий тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар 30 хоногийн өмнө А.Ад мэдэгдэх хуудас өгсөн. ХИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд А.Аийг мэдэгдэх хуудас хүлээн авсан талаараа хэлсэн үг нь тусгагдсан байгаа. Мэдэгдэх хуудсыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А.Ад хүргүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн.

       ХИС нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилчдын тушаалыг гаргаж явахаас гадна Боловсролын тухай хуулиар давхар зохицуулагддаг. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааг ерөнхийлөн зохицуулдгаас гадна Боловсролын тухай хууль болон Их дээд сургуулийн боловсролын тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаар давхар зохицуулагддаг. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийг томилсон захирал эрхлэгч нар удирдана гэсэн хуулийн заалт байгаа. Их дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-д “тухайн боловсролын салбарыг удирдаж байгаа захирал нь багш ажилчдын цалин хөлсний хэмжээг тогтоох, үүнтэй холбоотой багшийн орон тоог батлах эрх нь захиралд олгогдсон” байдаг. ХИС-ийн захирал удирдлагын зүгээс маргаан бүхий тушаал гаргахдаа Боловсролын тухай хууль болон Их дээд сургуулийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тушаал шийдвэрийг гаргасан.

      А.А-ийн хувьд ажлаас чөлөөлөгдөх асуудлыг аль эртнээс мэдсэн. Яагаад гэвэл элсэлттэй холбоотой асуудал нь 2018 онд гэнэт бий болсон асуудал биш юм. ХИС-ийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн оюутнууд 2018 онд түүх, нийгмийн ухааны оюутнууд 14 болж цөөрсөн зүйл биш юм. Аль эртнээс жил ирэх тусам оюутнуудын элсэлт цөөрсөн үзүүлэлттэй байсан. 2018 онд ХИС-ийн захирал тухайн жилийнхээ бүтэц орон тоог батлахдаа Баян-Өлгийн салбар сургуульд түүх нийгмийн ухааны багш нарын кредит дутах юм байна гэж үзээд санхүүгийн албаны захирал эдийн засгийн тооцоолборыг гаргасан байгаа. Эдийн засгийн тооцооллоор багшийн илүүдэлтэй байна гэдгийг төв сургуулийн удирдлагын албанд мэдэгдэж байсан талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Төв сургуулийн зүгээс ХИС багш нар илүүдэлтэй байх бөгөөд оюутны элсэлт цөөрсөнтэй холбоотой сургууль дотооддоо арга хэмжээ ав гэсэн чиглэлийг ирүүлсэн байдаг. Үүний дагуу үүсэж буй асуудлаар түүх, нийгмийн ухааны багш нарын тэнхимийн хурал хэд хэдэн удаа болсон бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ХИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Уг хуралдаанаар 6 багшийн орон тоог цомхтголд оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь зөвхөн А.Атэй холбоотой асуудал биш юм. Баян-Өлгий аймгийн салбар сургуультай холбоотой асуудал юм. 14 жил ажилласан А.Аийг ажлаас чөлөөлж бусад багш нарыг авч үлдсэн асуудал биш юм. Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн бусад тэнхимийн оюутны элсэлт цөөрсөнтэй холбоотой 6 багшийн орон тоо цомхтгох асуудал гарч ирсэн. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр түүх, нийгмийн ухааны багш нарын тэнхим хуралдсан бөгөөд хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Уг хуралд А.Аийн зүгээс “Би олон жил ажилласан багштай маргалдахгүй учир тэтгэмжээ хангалттай сайн өгвөл ажлаас гарахад бэлэн байна” гэж хэлсэн болох нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тус хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн гэх хэсэгт “тэтгэмжийн мөнгө хангалттай сайн өгвөл А.А багш ажлаас гарахад бэлэн” гэж тусгагдсан байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн түүх, нийгмийн ухааны багш нарын тэнхимийн хуралд А.А багшийн зүгээс “ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас ирсэн бөгөөд уг мэдэгдэх хуудастай уншиж танилцсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн түүх нийгмийн ухааны багш нарын тэнхимийн хуралд А.А багшийн зүгээс “Намайг ажлаас чөлөөлөх нь тодорхой болж байна” гэсэн агуулгатай тайлбар хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.

       Нэхэмжлэгч талаас мэдэгдэх хуудсыг хуулийн хугацаанд хүргүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг зөрчсөн гэдэг тайлбарыг гаргасан. ХИС-ийн хичээл сургалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд сургуулийн багш ажилчдын ирц бүртгэсэн цагийн бүртгэл хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед А.А багш 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй байдаг. Энэ нь А.Аийг мэдэгдэх хуудас авсны улмаас ажилдаа ирээгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөж байгаа илрэл юм. Мөн А.А мэдэгдэх хуудас авсан талаараа хурлын явцад хэлж байсан болох нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүдээр хуулийн хугацаандаа мэдэгдэх хуудсыг авсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа. А.Аийн ажлыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн боловч А.А нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үүрэгт ажилдаа ирээгүй байдаг. А.А өөрөө ажлаас чөлөөлөгдөж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. А.Ад мэдэгдэх хуудсыг албан ёсоор хүргүүлээгүй байсан учир 2018 оны 9 дүгээр сарын 01-ний 2018 оны 9 дүгээр сарын өдрөөс 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсийг А.Аийн дансанд шилжүүлсэн. А.Аийн ажлыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх, тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхэд гаргасан А.Аийн мэдүүлгээс харвал хэд хэдэн удаагийн зөрүүтэй мэдүүлэг ажиглагддаг. Түүх, нийгмийн ухааны багш нарын тэнхимийн хуралдаан дээр А.Аийн зүгээс өөр ажилд орох боломжтой талаар хэлснийг гэрчүүд мэдүүлсэн байгаа. ХИС хөдөлмөрийн тухай хууль болон Их дээд сургуулийн боловсролын тухай хууль, Боловсролын тухай хуульд заасан дүрэм, журмын дагуу хуулийн хугацаанд А.Ад мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш нарын цагийн кредит хүрэхгүй байсан учир маргаан бүхий тушаал шийдвэр гаргасан. 2018 онд түүх нийгмийн ухааны тэнхим 14 оюутантай байсан бол одоо 2022 онд элсэлтгүй болчихсон байгаа. Хэн нэгэн этгээдийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон асуудал биш юм. ХИС нь оюутнуудынхаа төлбөрөөр төсөв санхүүгээ тооцож явдаг. ХИС нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчит сургууль боловч төсвөөс санхүүжилт авдаггүй, өөрөө өөрөөсөө санхүүждэг байгууллага юм. ХИС оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр санхүүждэг байгаа. Оюутан цөөрсөн тохиолдолд багш нарын ажлын байрны асуудал яригддаг. Зөвхөн А.Аийг ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй. 2018-2019 оны хичээлийн жилд 6 багшийн орон тооны асуудал яригдсан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 тушаалаар цалингийн санд сүлжээ шинжлэн тогтоох журам батлагдсан. Нэхэмжлэгч талын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаал гаргасан байтлаа 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар цалингийн сангийн сүлжээг баталсан байна гэж тайлбарласан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаал гарсан боловч удирдах зөвлөлөөр цалингийн сан сүлжээг шинжлэн баталдаг. ХИС-ийн удирдах зөвлөл нь Ховд аймагт байдаггүй. ХИС-ийн удирдах зөвлөлийн нэгдсэн журмаар цаанаас нь удирддаг бөгөөд төгсөгч, багш нар төв орон нутгийн удирдах албан тушаалтнуудын төлөөлөл гэх мэт маш олон төлөөллөөс бүрддэг. Удирдах зөвлөлийн гишүүд цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж цалингийн санг баталсан болохоос биш маргаан бүхий тушаал гаргахаас өмнө уг А/200 дугаар тушаал гаргасан мэтээр тайлбар гаргаж болохгүй. 2018-2019 оны хичээлийн жил эхлэхээс өмнө түүх нийгмийн ухааны хөтөлбөрөөр хэдэн оюутан элссэн хэдэн багш ажиллах боломж нөхцөлийг судалж үзээд багш нарын орон тооны асуудлыг шийдвэрлэдэг. А.Аийн орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлийг хууль зүйн үндэслэлээр тайлбарлахыг зорьж байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХИС-ийн захирлын Б/190 дугаартай тушаал, 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 30 дугаартай тушаал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 56/522 дугаартай сертификат, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн бакалаврын дипломын хуулбар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын магистрын дипломын хуулбар, 29392 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С.Нургайыпт олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг,

      Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ХИС-ийн 1/275 дугаартай мэдэгдэл, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/200 дугаартай тушаал, 1, 2, 3, 4 дүгээр хавсралт, А.Ад дүрэм, журам танилцуулсан тухай баримт, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тэнхимийн багш нарын хурлын тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгэм судлалын багш нарын хурлын тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын хурлын тэмдэглэл, А.Аийн Орхон их сургуулийг Эрх зүйч мэргэжлийн бакалаврын дипломын хуулбар, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд сургалцаж буй оюутнуудын судалгаа, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура Түүх, нийгмийн ухааны багш А.Атэй 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2016-2020 оны хичээлийн жилд Багш, нийгмийн ухааны боловсрол мэргэжлийн ангид элсэгч ба оюутнуудын судалгаа, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын үнэлгээний хуудас, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш А.Аийн тухай” 06 дугаар албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх ирцийн бүртгэл, А.Аийн 2018 оны 1-9 дүгээр сарын цалингийн лавлагаа, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2022 оны байдлаар Багш, нийгмийн ухааны боловсрол мэргэжлийн ангид суралцаж буй оюутнуудын судалгаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

       Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ховд их сургуулиас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХИС-ийн захирлын Б/190 дугаартай тушаал, 2 сарын тэтгэмж 1,819,018 төгрөг олгосон тухай төлбөрийн хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХИС-ийн захирлын “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/131 дугаартай тушаал, 1, 2, 4 дүгээр хавсралт, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018-2019 оны багш нарын гүйцэтгэх цагийн нөөц, орон гаргасан судалгаа 8 хуудас, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаар тушаалаар баталсан “Багшийн ажиллах журам”, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ХИС-ийн Удирдах зөвлөлийн “ХИС-ийн 2018 оны төсвийн төслийг батлах тухай” 14 дүгээр тогтоол, 1 дүгээр хавсралт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХИС-ийн Удирдах зөвлөлийн “ХИС-ийн 2019 оны төсвийн төслийг батлах тухай” 14 дүгээр тогтоол, 1 дүгээр хавсралт, гэрч Ж.Хиналганы гэрчийн мэдүүлэг, ХИС-ийн захиргаанд ирсэн бичгийн бичгийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Баян-Өлгий аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн А.Аийн 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

         2. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ мөрдөж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсон. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж байх үед шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдсөн үед маргааныг хянан шийдвэрлэж байна. 

      Хариуцагч А.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ажил олгогч гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсан учир маргаан бүхий үйл баримтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээгээр тайлбарлаж, харин хэргийг шийдвэрлэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ баримтлалаа.

     3. Нэхэмжлэгч нь ХИС-д холбогдуулан ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,733,126 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны 1,800,935 төгрөгийн цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

     Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...орон тоо хасагдаагүй буюу цөөрүүлэх тухай шийдвэр гаргаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй, ...түүх, нийгмийн ухааны 4 багшаас хамгийн олон жил ажилласан, энэхүү хугацаандаа сахилгын шийтгэл гаргаж байгаагүй А.А-ийг чөлөөлсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, ...нэхэмжлэгч нь ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн ажлыг эрхэлж байсныг Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд нэхэмжлэгчийг нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу гэж тайлбарлаж байна.

       Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийг ...ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэх оюутны тоо буурснаар нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлсэн, ...А.А нь сонгон шалгаруулалтад орохоос татгалзаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх тухайгаа илэрхийлсэн, ...нэхэмжлэгч А.Ад захирлын тушаал гарахаас 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, ...хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

     4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасныг зөрчөөгүй тул хуульд нийцсэн байна.

      Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг ХИС-ийн салбар болгон өөрчилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

       Нэхэмжлэгч А.А нь 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж, үргэлжлүүлэн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай “Багш ажилд авах тухай” тушаалын хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ХИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5-6, 139-143 дугаар хуудас)

       ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Боловсрол судлал арга зүйн тэнхим, Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим, Математик байгалийн ухааны тэнхим гэсэн 3 тэнхимтэй байсныг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/200 дугаартай тушаал гаргаж 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах бүтэц, орон тоог өөрчилж, Боловсрол судлал арга зүйн тэнхим, Байгаль нийгмийн ухааны тэнхим гэсэн хоёр тэнхимтэй зохион байгуулагдан ажиллаж байгаа болон мөн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн нэршилтэйгээр ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)

      Хариуцагч байгууллага нь ХИС-ийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/275 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Түүх, нийгэм судлалын багш хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцээгүй тул Түүх, нийгмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А.Ад танилцуулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсыг танилцуулсан хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

      2018-2019 оны хичээлийн жилд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд Х.Дареже, А.Жайнагүл, У.Батцэцэг, А.А гэсэн дөрвөн багшаас А.Аийг ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

       ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаал гаргаж А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1., 43.2., ХИС-ийн дүрэм-ийн 3.14.2., 3.15., ХИС-ийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.8. дахь заалтыг үндэслэжээ.

     Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар зохигчдын маргаагүй тайлбарт дурдагдсан үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзнэ.

       ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

        Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд тухайн байгууллагын бүтцээс уг ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр тодорхой тоогоор цөөрсөн байх ёстой бөгөөд хэрэгт хариуцагч байгууллагад түүх, нийгмийн ухааны багшийн 1 орон тоог цөөрүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжтой баримт авагдаагүй байна.

        Учир нь ХИС-ийн бүтцэд хамаарах нэгж болох Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд суралцах оюутны тоо буурч, түүх, нийгэм судлалын багшийн хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж, улмаар нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлэх үндэслэл болсон нь хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын 2018-2019 оны хичээлийн жилд гүйцэтгэх цагийн тооцоо, орон тооны судалгаа, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2016-2020 оны хичээлийн жилд Багш, нийгмийн ухааны боловсрол мэргэжлийн ангид элсэгч ба оюутнуудын судалгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 59-66 дугаар хуудас)

           Ийнхүү Багш, нийгмийн ухааны боловсрол мэргэжлийн ангид элсэгч ба оюутнуудын тоо буурсан нь түүнд заах сургалтын цагийн ачааллаас шалтгаалан багшийн орон тоо, ажлын байр бий болдог үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/200 дугаартай тушаал гарч 2018-2019 оны хичээлийн жилд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Боловсрол судлал арга зүйн тэнхим, Байгаль нийгмийн ухааны тэнхим гэсэн хоёр тэнхимтэй зохион байгуулж, түүх, нийгмийн ухааны багшийн 4 орон тоог нийгмийн ухааны багш 3 байхаар шийдвэрлэсэн байна.

          Ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж, дуусгавар болгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1., 37 дугаар зүйлийн 37.1.8., 38 дугаар зүйлийн 38.1.2.-т тус тус заасан ба ингэхдээ 1 сарын өмнө энэ тухай ажилтанд мэдэгдэх үүргийг ажил олгогч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар хүлээдэг.

        Гэтэл, 2018-2019 оны ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд суралцах оюутны тоо буурч, түүх, нийгэм судлалын багшийн хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж, үүний улмаас нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлэх үндэслэл үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч орон тоог цөөрүүлэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байхад хариуцагч элсэлт багасч “Багш, нийгмийн ухааны боловсрол” хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар А.Аийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

         Тухайлбал, нэхэмжлэгч А.А-ийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “орон тоо цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/200 дугаартай тушаал гараагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал гаргасан нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тухайн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байсныг буюу ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.

         Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц дэх адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тохиолдолд ийнхүү орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан шаардлагад нийцнэ.

       Түүнчлэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/200 дугаартай тушаал гарахаас өмнө ХИС-ийн захирал орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Ад танилцуулж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн явдал нь албан ёсны шийдвэр гараагүй байхад мэдэгдэл өгснөөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.5. заасантай нийцээгүй байна.

         Хэдийгээр, хариуцагч талын зүгээс “...түүх, нийгмийн ухааны 4 багш нараас А.А нь сонгон шалгаруулалтад орохоос татгалзаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн” гэж маргаж байгаа, түүнчлэн суралцах оюутны тоо буурч, багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн боловч орон тоог цөөрүүлэх тухай албан ёсны шийдвэр гараагүй байхад буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тухайн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.

         Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж, 158.2.2.-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус зохицуулсан.

          Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болон цалингийн зөрүү гаргуулах шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 12,733,126 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны 1,800,935 төгрөгийн цалингийн зөрүү гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

          Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах эрхтэй.

         Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1.-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно” гэж заажээ.

       Шүүхээс 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн дээрх аргачлалаар дундаж цалин хөлсийг тооцоход А.А-ийн нэг сарын дундаж цалин 909,509 төгрөг байна.

      2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг тооцоход нийт 14 сар байх ба энэ хугацаа дахь олговрыг тооцвол (909,509*14сар)=12,733,126 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч А.Ад хариуцагч Ховд их сургуулиас 2 сарын тэтгэмжид олгосон 1,819,018 төгрөгийг хасаж (12,733,126-1,819,018)=10,914,108 төгрөг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгох нь зүйтэй байна.

        Түүнчлэн, нэхэмжлэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд энэхүү хугацаанд бага цалин авсан тул 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулна” гэж тайлбарласан.

      Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1.-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр буюу “2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч А.А-ийн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд ажиллаж байсан сарын дундаж цалин 909,509 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг гаргуулан гэж маргаж буй 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар цалингийн зөрүүг тооцоход 1,830,862 төгрөг[1] болж байна.

         Иймд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,914,108 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны бага цалин авч байсан цалингийн зөрүү 1,830,862 төгрөг нийт 12,744,970 төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.1.-д зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

        5. Ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарагдах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь заалтыг баримтлан ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Аийг ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт зааснаар Ховд их сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,914,108 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1,830,862 төгрөг нийт 12,744,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.

       3. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасны дагуу хариуцагч ХИС нь төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХИСд даалгасугай.

      4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3.-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2.-ò çààñíààð çîõèã÷, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч íü øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàæ àâñàí ºäðººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ãîìäîë ãàðãàõ ýðõòýй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БАТДОРЖ