Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00769

 

Л.Р-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00484 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Р-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А-д холбогдох

Газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлс 600 000 төгрөг гаргуулах тухай,

Газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Э.М-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Р, түүний өмгөөлөгч Г.А, Э.Э, хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Б.О, Д.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.А-тай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл байгуулж, 6 000 000 төгрөгийг түүнд бэлнээр өгч, баримт бичиг хийж, уг газрыг худалдан авч, хашаа татаж, байшин барьж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. С.А газрын гэрчилгээ гарсны дараа миний өмчлөлд шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Миний бие уг газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С.А-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эрэн сурвалжилж байсан. Иймд намайг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 дугаар гудамжны 42 тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Р-ын хүсэлт, гуйлтаар С.А, Э.М нарын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг би охин Э.М-ийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Л.Р-д 6 000 000 төгрөгөөр зарсан. Гэтэл уг газрыг зарахгүй гэсэн маргаан гэр бүлийн дунд үүссэн. Нэгэнт миний бие хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй бусдад газраа зарсан хууль бус үйлдэл хийсэн тул энэ газрыг Л.Р-ын өмчлөлд өгөх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг би төлөхгүй. Л.Р зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагагүй. Хэрвээ өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авч байгаа бол гарсан зардлаа өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Р-ын хүсэлт гуйлтаар С.А-, Э.М- нарт 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэт 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэртэй газрыг охин Э.М-ийн зөвшөөрлийг авалгүйгээр дур мэдэн зарсан. Гэтэл Э.М уг газрыг зарахгүй гэсэн маргаан гэр бүлийн дунд үүссэн. Нэгэнт миний бие хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй бусдад зарсан хууль бус үйлдэл хийсэн тул Л.Р-ын өмчлөд өгөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Би 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Р-тай газар худалдан авах тухай хэлцэл нь хамтран өмчлөгч Э.М-ийн зөвшөөрөл аваагүй, уг хэлцлийг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн хэлцэл болсон. Иймд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Л.Р сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь намайг худалдан авах үед С.А-гийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмчлөл байсан. Өнөөдрийг хүртэл нэг хүний өмчлөл байгаа болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Түүнчлэн С.А-гийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа Э.М, С.А нарын гэр бүлийн харилцааны асуудал нь нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий үйл баримтад хамааралгүй. Газар худалдан авахаар бидний хооронд хийгдсэн хэлцэл нь талууд бодитоор хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож,  баталгааажуулсан тул хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, заавал улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.М шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Л.Р, С.А нарын хооронд 6 000 000 төгрөгөөр газар худалдсан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн баримт хуульд нийцсэн хэлцэл биш. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, эх С.А хамтран өмчлөгчөөр Засаг даргын захирамж гарсаар байтал мэдэгдэлгүй 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан миний газар өмчлөх эрхийг зөрчсөн байна. Энэ талаар гуравдагч этгээдээр оролцож хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Иймд Л.Р-, С.А- нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.   

Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж, 42 тоот хаягт байршилтай, 18646318725197 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын өмчлөгчөөр Л.Р-ын тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөллийн хөлс 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдан авах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.А-гийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.М-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Р-аас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 120 550 төгрөгийг, хариуцагч С.А-гаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 110 950 төгрөгийг, гуравдагч этгээд Э.М-ээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 109 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч С.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт хэргийн 6 дугаар талд авагдсан Л.Р-ын 007350 дугаартай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр хэрэгт байхгүй. Газрын өмчлөлийн асуудал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17, 20 дугаар зүйлд иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх, өргөдөл гаргах түүнийг хянах талаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт иргэний газар өмчлөхтэй холбогдсон хөдөлгөөны бүртгэлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх талаар тус тус заасан байна. Газар өмчлөх эрхийг баталгаажуулах бүртгэх талаар 22, 25 зүйлд тусгайлсан заасныг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0051226 дугаартай шийдвэрийг үндэслэл болгосон. Гэтэл Э.М-ийн зөвшөөрлийг авалгүй уг газрыг Л.Р-д худалдсан гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж буруу дүгнэсэн. Дээрх шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар охин Э.М 2007 оны 3 дугаар сарын 21-нд хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэлд орсон. 2011 онд Л.Р-ын гуйлтаар бичиг хийхэд Э.М- гадаадад сурч байсан, хамтран өмчлөгч болоод 2007-2014 хүртэл 7 жил байсан. Шийдвэрт хамтран өмчлөгч байгаа тохиолдолд гэрчилгээ гарахгүй байхад дур мэдэн хууль зөрчиж өөрөө байшин барьсан нь буруу. Мөн хамтран өмчлөгч Э.М энэ мөнгө, газраа худалдахыг зөвшөөрөхгүй байгаа, Э.М-т хувь үлдээхийн тулд газрын 50 хувийг ав, эсвэл хууль зөрчиж хийгдсэн гэрээ учраас 6 000 000 төгрөгөө ав гэж хэлсэн маргаантай байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаагүй гэсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзсэн нь буруу. 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй, газар өмчлүүлэх шийдвэр байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр авч үзэх байсан. 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хууль бус хэлцэл байгуулагдсан гэж үзвэл 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаа дуусч байна. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Л.Р-д шүүх хуралдаанд ирээгүй учраас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24822 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Л.Р надтай ирж уулзахад хамтран өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй учраас газраа өгөхгүй гэж хэлж байсан. 2016 онд би гадаадад байсан.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлийн албанд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих заалт байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх эрх зүйн зохицуулалт Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталж өмчлөгчөөр тогтоож байгаа нь буруу. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлэх үндэслэлээ тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх заалт юм. Нэхэмжлэгч тал С.А-гийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Э.Энх-Эрдэнэ хэргийн 79 дүгээр талд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэрэг танилцуулсан тухай баримт, мөн өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудсанд гарын үсэг зурж өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Шүүх нэхэмжлэгч Л.Р-аас өмгөөлөгч Э.Энх-Эрдэнээс эрх зүйн туслалцаа авах хүсэлтээ ирүүлээгүй байхад өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу. Өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: Шүүх 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдан авах тухай" хэлцлээр Л.Р нь С.А-гаас Сухбаатар дүүрэг 16 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож С.А уг газрыг биет байдлаар нь Л.Р-д шилжүүлсэн. Л.Р- хэлэлцэн тохирсон үнэ 6 000 000 төгрөгийг С.А-д төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.А- маргаж буй газрыг өмчилж аваагүй байсан. С.А уг газрыг 2014 очы 8 дуraap сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн Г- 2203009178 дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. С.А-д газар өмчлөх эрх 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үүссэн. Тэгэхээр 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг газрыг бусдад худалдах эрхгүй байсан.

2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар С.А-, Э.М- нарт 700 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэртэй газраа С.А бусдад худалдах, захиран зарцуулах эрх үүсээгүй байхдаа Э.М-т мэдэгдэлгүй хууль бус хэлцэл хийж Э.М-ийн эрх, ашгийг хохироосон. Нэхэмжлэгч Л.Р, С.А охин Э.М-ийн хамт уг газрыг өмчилж авах шийдвэртэй байсныг мэдэж байсан хэрнээ Э.М-тэй уулзаагүй, асууж тодруулаагүй эрх ашгийг нь хохироосон.

С.А, Л.Р нарын хооронд хийгдсэн хэлцэл гэрээний үүрэгтэй холбоотой. Тухайн газар С.А-гийн өмчлөлд шилжээгүй, газрын өмчлөх эрх үүсээгүй байсан учраас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Л.Р-, С.А- нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Л Р 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: 2007 оны Нийслэлийн Засаг даргын 105 дугаар захирамжаар С.А, Э.М нарт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий газрыг бусдад шилжүүлэх хэлцэлд оролцох ёстой этгээд Э.М гэж үзэж байна. Э.М-ийн зөвшөөрөлгүй, эх С.А, Л.Р-тай хэлцэл байгуулж, газрыг худалдах эрхгүй. 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл хийсэн гэж үзэх тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийн хугацаа дууссан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д энэ талаар заасан байна. Нэхэмжлэгч Л.Р 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр /хх-9/ шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна. Иймд Л.Р-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.Р нь хариуцагч С.А-д холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч газар худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Л.Р, С.А нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдан авах тухай” хэлцлээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамжны 42 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг 6 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагчид нэхэмжлэгч 6 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Талуудын хоорондын байгуулагдсан энэхүү хэлцлийг нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 2011 онд маргаан бүхий 700 м.кв газар нь өмчлөх эрхэд шилжээгүй, эзэмших эрхтэй байхад талууд дээрх газар дээр өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хийж, Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх  тухай заалтыг зөрчжээ. Иймд дээрхи хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн буюу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Уг маргаан бүхий 700 м.кв газрыг нэхэмжлэгч Л.Р 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өөрийн эзэмшилдээ илээр, шударгаар байлгаж байгаа гэх үйл баримт хэрэгт авагдсан талуудын тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргаж байсан нэхэмжлэл /2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд /х.х-ийн 5, 9-13, 34 дүгээр тал/-аар тогтоогдож байна. Ийм учраас Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг илээр шударгаар, тасралтгүйгээр эзэмшсэн эзэмшил дээр үндэслэн өмчлөх эрхийг олж авахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй.

Харин Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч С.А нь маргаан бүхий газрын эзэмшлээсээ өөрөө татгалзсан байна. Иймд мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар эзэнгүй эд юмсыг илээр, шударгаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.М-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч шүүх хуулийг буруу хэрэглэсэн байх тул залруулах боломжтой. Гуравдагч этгээд Э.М тухайн газрыг өмчлөх эрхтэй байсан, хариуцагч С.А нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл байгуулахдаа гуравдагч этгээд Э.М-ийн зөвшөөрлийг аваагүйн улмаас түүний эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, шаардлага гаргах эрхтэй этгээд биш гэж үзсэн болно.

Талуудын хооронд байгуулагдсан газар худалдах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “110 дугаар зүйлийн 110.1, 243 дүгээр зүйлийн 243.1” гэснийг “104 дүгээр зүйлийн 104.1” гэж, 2 дах заалтад “56 дугаар зүйлийн 56.1.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 500 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Д.БАЙГАЛМАА