Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00184

 

Л.Рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00484 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 769 дүгээр магадлалтай,

Л.Рын нэхэмжлэлтэй

С.Ад холбогдох

Газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлс 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Агийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Р, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Э.Энх-Эрдэнэ, хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.Атай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл байгуулж, 6 000 000 төгрөгийг түүнд бэлнээр өгч, баримт бичиг хийж, уг газрыг худалдан авч, хашаа татаж, байшин барьж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. С.А газрын гэрчилгээ гарсны дараа миний өмчлөлд шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Миний бие уг газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С.Агийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эрэн сурвалжилж байсан. Иймд намайг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 дугаар гудамжны 42 тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Рын хүсэлт, гуйлтаар С.А, Э.Мнарын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг би охин Э.Мийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Л.Рд 6 000 000 төгрөгөөр зарсан. Гэтэл уг газрыг зарахгүй гэсэн маргаан гэр бүлийн дунд үүссэн. Нэгэнт миний бие хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй бусдад газраа зарсан хууль бус үйлдэл хийсэн тул энэ газрыг Л.Рын өмчлөлд өгөх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг би төлөхгүй. Л.Р зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагагүй. Хэрвээ өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авч байгаа бол гарсан зардлаа өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Рын хүсэлт гуйлтаар С.А, Э.Мнарт 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэртэй газрыг охин Э.Мийн зөвшөөрлийг авалгүйгээр дур мэдэн зарсан. Гэтэл Э.Муг газрыг зарахгүй гэсэн маргаан гэр бүлийн дунд үүссэн. Нэгэнт миний бие хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй бусдад зарсан хууль бус үйлдэл хийсэн тул Л.Рын өмчлөд өгөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Би 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Ртай газар худалдан авах тухай хэлцэл нь хамтран өмчлөгч Э.Мийн зөвшөөрөл аваагүй, уг хэлцлийг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн хэлцэл болсон. Иймд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Р сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь намайг худалдан авах үед С.Аптантуяагийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмчлөл байсан. Өнөөдрийг хүртэл нэг хүний өмчлөл байгаа болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Түүнчлэн С.Агийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа Э.М, С.А нарын гэр бүлийн харилцааны асуудал нь нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий үйл баримтад хамааралгүй. Газар худалдан авахаар бидний хооронд хийгдсэн хэлцэл нь талууд бодитоор хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож, баталгаажуулсан тул хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, заавал улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Мшүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Л.Р, С.А нарын хооронд 6 000 000 төгрөгөөр газар худалдсан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн баримт хуульд нийцсэн хэлцэл биш. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, эх С.А хамтран өмчлөгчөөр Засаг даргын захирамж гарсаар байтал мэдэгдэлгүй 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан миний газар өмчлөх эрхийг зөрчсөн байна. Энэ талаар гуравдагч этгээдээр оролцож хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Иймд Л.Р, С.А нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00484 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж, 42 тоот хаягт байршилтай, 00000000000000 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын өмчлөгчөөр Л.Рын тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөллийн хөлс 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Газар худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.Агийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.Мийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Раас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 120 550 төгрөгийг, хариуцагч С.Агаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 110 950 төгрөгийг, гуравдагч этгээд Э.Мээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 109 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 769 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 110 дугаар зүйлийн 110.1, 243 дүгээр зүйлийн 243.1 гэснийг 104 дүгээр зүйлийн 104.1 гэж, 2 дах заалтад 56 дугаар зүйлийн 56.1.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 500 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.А хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй. Магадлалын хянах хэсгийн 7 хуудсанд 2014 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 05 сарын 11, 2018 оны 08 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзжээ. Энэ нэхэмжлэл гаргасан хугацааг Л.Р өөрийн эзэмшилдээ илээр шударгаар байлгаж байгаа гэж үзжээ. 2011 онд Энхбаатар, Энхжаргал, Буяндэлгэр нар хоорондоо хэлцэл хийж, охин та 2-т газар байдаг юм байна, энэ газраа худалдаач гэсэн саналыг надад тавьсан. Тухайн үед Энхбаатар алтны уурхайтай Өвөр Монголоос Буяндэлгэрийг авч ажиллуулж байсан. Мөн анхан шатны шүүхэд 2011 онд Энхбаатар, Энхжаргал, Буяндэлгэр нарын 3 гэрч орох байтал ганцхан гэрч оролцуулж эхнээсээ хэргийг будилуулсан. Мөн анхан шатны шүүхэд гэнэт хөндлөнгөөс өмгөөлөгч Энх-Эрдэнэ оролцож шууд нөлөөлсөн. Л.Р 2011 оны 06 сарын 25-ны өдөр газар өмчлөх шийдвэрийг хамтран өмчлөгчтэй байхыг мэдсээр байж хамтран өмчлөгч байхгүй байсан гэж гүтгэдэг. Л.Р нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэл гэсэн 2-р нүүрийг хасаж шүүхэд нотлох баримтаар өгсөн. Л.Р нь Монгол улсын шүүхэд тайлбар өгөхдөө хамтран өмчлөгч байхгүй гэж илт худлаа ярьсан. Энхбаатар, нягтлан бодох Энхцацрал нар нь Өвөр Монголоос өөрийн компанидаа Буяндэлгэрийг ажиллах нэрийн доор ажиллуулж байсан. Буяндэлгэрийн ажлын хөлснөөс 6 000 000 төгрөг өгье, газраа өгөөч гэж гуйсан. Тухайн үедээ албан гэрээ хийх гээд тохиролцоод, хамтран эзэмшигчийн шийдвэртээ гэж хэлсэн иргэний үнэмлэх байхгүй байсан. Дараа нь Буяндэлгэр үнэмлэхгүй Л.Р иргэний үнэмлэхтэй болоод газрын албаны дарга дээр ороход хамтран өмчлөгчтэй, хамтран өмчлөгчөө хасуул гэж буцааж байсан. Би гадаад яваад ирсэн чинь Л.Р шүүхэд өгсөн байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй, хамтран өмчлөгч гадаадад байгаа учраас газраа өгөхгүй гээд эсэргүүцэл бичсэн. Л.Р Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл өгсөн. Миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хариу тайлбар гаргахдаа: Газрын албанд очиход шийдвэрийг хувьчилж нэрээ солиул гэсэн тул бид тохиролцож дараа дахин уулзахаар болсон. Гэрчилгээтэй байгаад нэр солигдоогүй байхад Л.Р миний хувийн эзэмшлийн газарт хаус барьж амьдарч байна. Л.Рын нэхэмжлэлтэй холбогдуулж би Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлгэсний дараа газартай холбоотой асуудлыг шийднэ гэж хэлж байсан ба шүүхэд энэ тайлбар байдаг. Миний хариу тайлбарыг үзсэнээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх дуудахад мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Л.Р нь Хан-Уул дүүрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно нэхэмжлэл өгсөн байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р зүйлд зааснаар бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж байхад нотлох баримтыг зөв үнэлж иргэний хуулийн 40-р зүйлийг хэрэглэж чадсангүй. Магадлалын хянах хэсгийн 7 хуудсанд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны засаг даргын тодорхойлолтоор газрыг эзэмшсэн гэж үздэг. Гэтэл дүүргийн засаг дарга газрын гэрчилгээг үндэслэж тодорхойлолт хийж өгөх ёстой байхад хууль бусаар тодорхойлолт хийлгэж авсныг шүүх удирдлага болгон үнэлж байгаа нь буруу юм. Газар хэний нэр дээр байгааг интернетээр засаг дарга харсан ч болох байсан. Давж заалдах шатны шүүхийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 56.1.8, 56.5 гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56.5 зүйлээр уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх талаархи зохицуулалт байдаг. Энэ зүйлээр бол би 6 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр байна. Мөн миний охин Э.Мби газрын 50 хувийг эзэмших ёстой 6 000 000 төгрөгийг буцааж өг, эсвэл хагас газраа өг гэж хэлдэг. Эзэнгүй эд юмсыг авах юм бол ИргэниЙ хуулийн 104.1 зүйлийг баримтлах ёстой. 2019 оны 02 сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт хавтаст хэргийн 6-р хуудсанд байгаа Л.Рын 007350 дугаартай монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн дугаартай шийдвэр нотариатаар баталгаажуулсан болон эрх бүхий байгууллагын тамга тэмдэг бүхий өмчлүүлэх шийдвэр хавтаст хэрэгт байхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар охин Э.М2007 оны 03 сарын 21-нд хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэлд орсон. Эзэнгүй эд юм битгий хэл дээрхи захирамжаар охин Э.Мхамтран өмчлөх гэр бүлийн гишүүн буюу газрын өмчлөгч болсон байдаг. Мөн магадлалын 7 хуудсанд иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ” гэжээ. Энэ газар өмчлөгчтэй, өмчлөгч өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилго байгаагүй. Эзэнгүй газар биш яг хажууд нь манай гэр одоо ч байдаг. Манай нөхөр Энхжаргал энэ газрыг хамгаалж байдаг. Би Л.Р болон өмгөөлөгчдөд нь өмгөөлөгчөөрөө дамжуулж 6 000 000 төгрөгийг буцааж өгөх эсвэл хагас газраа өгөх талаар удаа дараа санал тавьсан. Гэтэл Л.Р энэ саналыг хүлээж аваагүй тул би өөрийн өмчлөлийн газраа Л.Рд өгөхгүй, нягтлан Энхцацралд Буяндэлгэрийн хөдөлмөрийн хөлс болох 6 000 000 төгрөгийг өгөхөд бэлэн байна. Эсвэл Буяндэлгэр хагас газраа авъя гэвэл хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйл, 172.2.1 зүйлд зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Р нь хариуцагч С.Ад холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлсөд төлсөн 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлагаа ”...хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон боловч хэлцлийг байгуулахдаа хамтран өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй, гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй гэсэн үндэслэл зааснаас үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Агийн охин Э.Мбие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

Анхан шатны шүүх Л.Рыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамжны 42 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, үлдэх нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна. Харин давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлд хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэж, зөвтгөсөн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул магадлалд өөрчлөлт оруулна. “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангуулах”-ыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Л.Р, С.А нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Уг гэрээний дагуу С.А нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамжны 42 тоот, өөрийн өмчлөлийн 700 м.кв газрыг Л.Рын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, Л.Р нь газрын үнэ 6 000 000 төгрөгийг С.Ад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Л. Л.Р нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлсэн бол хариуцагч С.А нь эд хөрөнгөө шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.”, 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” 42 дугаар зүйлийн 42.5-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хөөн хэлэлцэх хугацаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

2011 онд талууд хэлцэл байгуулах үед гэрээний зүйл болох 700 м.кв газрын өмчлөгчөөр С.А, хамтран өмчлөгчөөр Э.Мбүртгэлтэй болох нь газар өмчлүүлэх тухай шийдвэрээр тогтоогдсон /хх-57/, хэлцэл байгуулахдаа хамтран өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй байдал тогтоогдож байх боловч Э.Мнь хамтран өмчлөгчөөс хасагдаж, 2014 оны 08 сарын 06-ны өдөр С.А газрыг дангаар өмчлөх  болсон нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогджээ./хх-8/

Л.Р нь 2011 оны 06 сараас хойш маргаж буй газрыг эзэмшиж ашиглан, уг газар дээр байшин барьсан байхад Э.Мнь энэ талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд хамтран өмчлөгч биш болсон тул түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул залруулах нь зүйтэй байна.

Л.Рын нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн биелэлт буюу өмчлөх эрх шилжүүлэхийг гэрээний нөгөө талаас шаардсан агуулгатай болохоос гадна гэрээний үүргийг хангуулах замаар нэгэнт хэрэгжсэн хэлцлийг хуульд заасан хэлбэрийн шаардлагад нийцүүлэх утга давхар агуулсан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй боловч уг хэлцлийг хуульд нийцүүлэх шаардлагыг гэрээний нэг тал нөгөө талдаа холбогдуулан гаргасан нь хууль зөрчихгүй юм. Зохигч талууд гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх нөхцөл үүсчээ.

Гэрээний зүйл болох газар нь өмчлөлийн зүйл байх тул газар эзэмших эрх шилжүүлэх тухай Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт маргаанд хамаарахгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хууль хэрэглэхдээ Иргэний хуулийн 101.1, 186.1, 243.1,112.-т заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх Л.Р нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эзэнгүй эд юмсыг илээр, шударгаар эзэмшсэн тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах эрхтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг хэлцлийн үндсэн дээр, С.Агаас хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байхад уг газрыг эзэнгүй эд юмс гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан “...өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан...” гэх зохицуулалт нь өмчлөгч эд хөрөнгөө хэний ч мэдэлд шилжүүлэхгүйгээр, өмчлөлөөсөө татгалзаж, эд хөрөнгөө орхисон байх агуулгатай, эд юмсын эрх зүйн ойлголт тул гэрээний үндсэн дээр эд хөрөнгийн эзэмших эрхийг олж авсан Л.Рд хамааралгүй зохицуулалт байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй тул магадлалд өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй буюу шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй байх тул нотлох баримтын бүрдэл, үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гаргасан уг гомдлыг хяналтын шатны шүүх хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 769 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 104 дүгээр зүйлийн 104.1” гэж өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА