Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Р-ын нэхэмжлэлтэй,

/                             /

 

Хариуцагч: С.А

/                        /

           

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э.М

 

/                   /

 

Газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Р, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Э.Энх-Эрдэнэ, хариуцагч С.А, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, гэрч Ж.Э, Г.Э, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ршүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.Атай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг 6.000.000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл байгуулж, 6.000.000 төгрөгийг түүнд бэлнээр өгч, баримт бичгээр хийж, уг газрыг худалдан авч, хашаа татаж, байшин барьж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. С.А нь газрын гэрчилгээ гарсны дараагаар миний өмчлөлд шилжүүлнэ гэсэн боловч худлаа шалтаг, шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй болно. Миний бие уг газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч С.Агийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эрэн сурвалжилж байсан. Иймээс Л.Рнамайг Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн ..... тоотод байрлах ... тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөгийг С.Агаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Р-ын хүсэлт, гуйлтаар С.А, Э.М нарын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг би охин Э.Мийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Л.Р-ын 6.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл уг газрыг зарахгүй гэсэн маргаан гэр бүлийн дунд үүссэн. Нэгэнт миний бие хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй бусдад газраа зарсан хууль бус үйлдэл хийсэн тул энэ газрыг Л.Р-ын өмчлөлд өгөх үндэслэлгүй юм. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг миний бие төлөхгүй. Харин 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Уг газрыг С.А, Э.М нарын өмчлөлд 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосныг би охин Э.Мийн зөвшөөрлийг авалгүйгээр дур мэдэн Л.Р-ын зарсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Э.Мийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ренчинбадам, С.А нарын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах тухай 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бичгэн баримт нь хуульд нийцсэн хэлцэл биш байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг зөрчиж, миний эх С.А нь хамтран өмчлөгч миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүй уг газрыг 6.000.000 төгрөг худалдсан нь хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.  

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Р-ын нэхэмжлэлтэй, С.Ад холбогдох, газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.Агийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Э.Мийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

С.А, Л.Рнарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдан авах тухай” хэлцлээр “Л.Рнь С.Агаас Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хорооны ... нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг 6.000.000 төгрөгөөр худалдан авах”-аар тохиролцож, С.А нь уг газрыг биет байдлаар нь Л.Р-ын шилжүүлсэн, Л.Рнь хэлэлцэн тохирсон үнэ 6.000.000 төгрөгийг С.А-д төлсөн талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч С.А нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг биет байдлаар нь худалдан авагч Л.Р-ын шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0051226 дугаар шийдвэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/3432 дугаар албан бичигт “...эрхийн улсын бүртгэлийн Г-2203009178 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн .... тоот гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн С.Агийн өмчлөлд бүртгэлтэй” гэсэн, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар албан бичигт “...эрхийн улсын бүртгэлийн Г-2203009178 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж, 42 тоот гэр бүлийн хэрэгцээний газрын анхны өмчлөгчөөр иргэн С.А бүртгэлтэй” гэсэн, Эд хөрөнгө өмчлөх өрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 000130530 дугаар гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогджээ.

 

Худалдан авагч Л.Рнь гэрээний дагуу худалдагч С.Ад хэлэлцэн тохирсон үнэ болох 6.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Р-ын “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ... тоот газрын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасантай нийцэж байна.

 

Харин нэхэмжлэгчийн “...өмгөөллийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Р нь “...хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлснийг” түүнд учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар тусгаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр “газрын өмчлөгчөөр тогтоолгох” тухай Л.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “өмгөөллийн хөлс 600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.Агийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Э.Мийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

С.А, Л.Рнарын хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдийн “Газар худалдан авах тухай” хэлцэл нь сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох нь, мөн “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ... тоот газрын хамтран өмчлөгч Э.Мийн зөвшөөрлийг авалгүй уг газрыг Л.Р худалдсан” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ... тоот хаягт байршилтай, ... нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын өмчлөгч нь С.А болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/3432 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар албан бичиг, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 000130530 дугаар гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд уг газрын хамтран өмчлөгч нь Э.М болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Л.Рнь шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “газрын өмчлөгчөөр тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, хариуцагч С.Аг эрэн сурвалжлах”-аар шийдвэрлэж байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоот хаягт байршилтай,  нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын өмчлөгчөөр Л.Р-ын тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдан авах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С.Агийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.Мийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Р-аас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 120.550 төгрөгийг, хариуцагч С.Агаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг, гуравдагч этгээд Э.М-ээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 109.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                                    Ж.СЭМЖИД