Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 55

 

Б.Х-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00166/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цагаанморьт залуу” ХХК-д холбогдох

"3.074.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Х-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х-аас:

Миний бие Б.Х- нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Цагаанморьт залуу” ХХК-д хуулийн зөвлөх, бичиг хэргээр 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан захирлын 01 тоот тушаалаар ажилд томилогдсон. Анх манайд орж бичиг хэрэг, тушаал шийдвэр, гэрээ зэрэг бичиг баримтыг цэгцэлж хамтран ажиллаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Тиймээс би үндсэн ажилд орох өргөдлөө буцаан авч, тус Цагаан морьт залуу ХХК-д ажилд орсон. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын сүүлээр М.Д- нь чамайг цаашид ажиллуулах боломжгүй боллоо, ажлыг чинь манай дүү М.Х- хийхээр болчихлоо, ажлаа өг гэж хэлсэн. Тушаалыг чинь өгтөл ажиллаж бай гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.Д- өөрийн утас 99058544 дугаараас залган чиний тушаалыг өнөөдөр өгнө, чи ажлаа Х-д хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Би хариуд нь болно, гэхдээ хөдөлмөрийн хуульд ажлын алдаа дутагдал гаргаагүй хүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол тушаалаа, мөн хуульд заасан тэтгэмж өг гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл ойлголоо, за би бодъё, хууль харъя гэсэн хариу өгсөн. М.Д-ийн дүү М.Х- нь тус байгууллагад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд томилогдон ажиллаж байгаа.

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байрны түлхүүрээ дүү М.Х- нь нэхсээр байгаад авсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр М.Д- нь чиний чөлөөлөх тушаалыг өгч чадахгүй, чиний өнгөрсөн хугацааны цалин мөнгийг ч өгөхгүй гэсэн. Анх ажилд авахдаа чамаас өөр бичиг баримт, гэрээ, журам боловсруулаад ажиллах хүн алга гэж хэлсээр байгаад ажилд авсан.

2019.01.23-ны өдөр М.Д- нь залгаж, чамд ажлаас халагдсаны тэтгэмж, дутуу цалин, ажилласан хоногийн цалинг чинь 15 хоногоор тооцож өгье. Гэхдээ тэтгэлгийг чинь 680.000 төгрөгөөр тооцон олгох саналтай байна. Харин чи надруу тэтгэмжийн саналаа бууруулаад өргөдлөө өгчих, би буцаагаад хугацаа заагаад тушаалыг чинь явуулъя гэж хэлсэн. 2019.01.24-ний өдөр би хэлснээр нь тэтгэмжийн саналаа 1.020.000 төгрөг, дутуу цалин 150.000 төгрөг, 1 сарын цалингаа 15 хоногоор нь тооцоод цалин олгож өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Би тус байгууллагаас 12 дугаар сарын дутуу цалин 150.000 төгрөг, 2019 оны 01 сарын болон 02 дугаар сарын цалингаа чөлөөлөх халсан тушаал шийдвэрийг гардуулан, тайлбарлан өгсөн өдөр хүртэл тооцон гаргуулах. 2018 оны 12 сарын дутуу цалин 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалин 680.000 төгрөг, 2 дугаар сарын цалинг чөлөөлөх тушаал гардуулан, тайлбарлаж өгөх хүртэл тооцон олгуулах. 2018 оны 9 сараас 2019 оны 2 сарыг дуустал ажлын 22 хоногоор бодоход сарын 110.000 төгрөг, 5 сарын /9, 10, 11, 12 болон 2019 оны 1-2 сар/ нийт 550.000 төгрөг, нийт 2.060.000 төгрөг /2019 оны 01, 02 салын цалин бүтэн тооцсон ба хоолны мөнгө болон 12 сарын дутуу цалинг оруулав/ Би 2018 оны жилийн эцсийн ажлын тэмдэглэл, хэрэглэж байсан эд хөрөнгийн жагсаалт, бичиг баримтыг цаасаар журмын дагуу хүлээлгэн өгсөн. Иймд тус асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч “Цагаанморьт залуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нараас:

“Цагаанморьт залуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г- нь Б.Х-тай нарийн бичгийн даргаар ажиллуулахаар ярьж тохироод гэрээний төслөө бичээд ир гэтэл Б.Х- тус компани хуульчаар ажиллахаар тушаал бичиж ирснийг Т.Г- мэдэхгүйгээр гарын үсэг зурсан байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд М.Д- манайх шиг жижиг компанид хуульч хэрэггүй гээд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг, тамга тэмдэг дараагүй байдаг. Ингээд ч барахгүй өмнө нь Б.Х- Дарханы дулааны сүлжээ ХХК-д нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учир давхар хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэсгүй байсан. Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ир гэдэг шаардлага тавьж байсан боловч энэ шаардлагыг биелүүлээгүй. “Цагаанморьт залуу” ХХК-д нь Б.Х-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир халсан тушаал ч гаргахгүй. Иймд халсан тушаал гаргаагүй гэж маргах үндэсгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Цагаанморьт залуу” ХХК-аас 497.897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, үлдэх 2.576.103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Цагаанморьт залуу” ХХК нь нэхэмжлэгч Б.Х-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Х- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хариуцагч байгууллагатай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж компанийн тамга тэмдэг Улаанбаатар хотод М.Д- дээр хадгалагдаж байдаг учраас тухайн үед тамга тэмдэг дарагдаж захирлын гарын үсэг зурагдаагүй болно. Би Т.Г-т гэрээгээ баталгаажуулж, гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарахыг байнга шаарддаг байсан боловч М.Д- тамга тэмдгээ авч ирээд баталгаажуулна гэж хэлээд явсаар өдий хүрсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд амаар тохирсон үеэс эхэлсэн гэж тооцож болно гэж заасан байхад Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.7-д заасан заалт зөрчиж гарын үсэг зурагдаагүй байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэсэн дүгнэлт хийж хэрэг шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Би хуралд нотлох баримтаар М.Д-, компанийн ажилтан М.Х- нартай ярьсан ажпаас халсан тушаал, цалин мөнгө нэхэмжилсэн яриа, мөн надаас ажпаа бүрэн хүлээлгэж өг, файлаар хадгалагдсан компанийн баримт бичгүүдийг өг гэж шаардаж байсан утасны яриаг CD хэлбэрээр нотлох баримт болгон гаргаж өгснийг бүрэн гүйцэд шинэжпэн, судалж сонсолгүйгээр намайг ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн. Би М.Х-д ажил хүлээлгэн өгөхдөө ажлаа бүрэн хүлээлцээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.2-д заасныг баримталж “Ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан сүүлчийн өдөр гэж үзнэ дүгнэсэн нь цалин хөлсийг дутуу тооцож олгохоор шийдвэрлэх үндэслэл болж намайг хохироож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-д заасныг баримталж нэхэмжилсэн цалин хөлсийг дутуу олгож шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нарийвчлан судалж, хуульд нийцсэн, үнэ зөв бодит шийдвэрийг гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч хуулийн этгээдээс ажилгүй байсан үеийн цалин болон хоолны мөнгө нийт 3.074.000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ажил олгогч гэрээгээр тохиролцсон ажлаас халсан боловч бичгээр шийдвэр гаргаагүй мөн ажил хийлгээгүй гэжээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг судлан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангагдах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийн 28 дугаар талд авагдсан баримтаар Б.Х- нь 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн “Цагаанморьт залуу” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн 39-40 талд байгаа баримтуудаар сарын 680.000 төгрөгөөр цалинжиж  байсан 2018 оны 12 сард 430.000 төгрөгийн цалин авсан болох нь нотлогдож байна.

Ажил олгогчийн шаардлага шахалтаар 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.

Харин ажил олгогч хөдөлмөрийн харилцааг зогсоохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг баримталж эрх зүйн акт гаргаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсны үр дагавар болон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан тул ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд тус хуулийг дагаж мөрдөн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх  үүрэгтэй.

Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаарх гомдлын үндэслэлийг хянахдаа шүүх хөдөлмөрийн гэрээний нэг тал буюу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхүүдийг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт өгөх учиртай.

Ажил олгогч “Цагаанморьт залуу” ХХК нь ажилтан Б.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ баталгаажуулж байгууллагын гэрээ байгуулах эрх бүхий этгээд гарын үсэг зурж тамга дараагүй байх тул уг гэрээ нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Хэдий тийм боловч ажил олгогч нэхэмжлэгчийг хуулийн зөвлөхөөр томилох тушаал гаргаж 680.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд байгууллагын захиргаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүйд ажилтны буруу байхгүй, гэрээ байгуулаагүйд ажилтныг буруутгасан  хариуцагч байгууллагын тайлбар  хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй  хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний нэг хувийг иргэнд өгөх үүрэгтэй гэжээ.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтны хувьд хөдөлмөрлөх эрхээ эдлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээр хангуулахыг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан албан ёсны эрх зүйн акт гаргаагүй байж ажилтныг ажиллуулаагүй байгаа нь хууль зүйн хувьд ажлаас халагдсан ажилтны шаардах эрхийг хэрэгжүүлэх үр дагавартай адилхан байх  тул ажилтан ажлын байранд буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд дутуу олгосон цалин болон ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар нэхэмжилсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 49 болон 69 дүгээр зүйлийн агуулгад нийцэж байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан  ажилтны ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэдэг заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг ажлаас халах шийдвэрт заахаар тогтоосон.

ийнхүү шийдвэрт зааж өгсөн буюу ажил хүлээлгэн өгсөн өдрийг  ажлаас халагдсан өдөр гэж тооцож байгаа нь ажлаас халагдсантай холбоотой үүсэх ээлжийн амралтын тооцоо, тэтгэмжийн асуудал гэх мэт хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой бусад 43 дугаар зүйлийн 43.3-д заасан эрх зүйн үр дагавар бүхий үйл явдалд ач холбогдолтой юм.

Ийм учраас хууль тогтоогч энэ тухай хуулиар тусгайлан зохицуулсан.

Харин тухайн хэргийн зохигчдын дунд үүссэн маргаанд ажилтныг тушаал шийдвэр гаргалгүйгээр ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж түүний ажлыг хүлээлцүүлснийг хуулиар зохицуулсан “халагдсан өдөр” гэж үзэн шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны  ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан шийдвэрлэнэ.

            Иймд ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй.

Харин ажиллаж байх хугацаанд ажилтны гэрээгээр ажил олгогчтой тохиролцсон  гэх хөдөлмөрийн нөхцөлийн хөнгөлөлт болох хоолны мөнгөний тухай нэхэмжлэл хангагдах боломжгүй.

Аливаа гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нь уг гэрээ хүчин төгөлдөр байгаа үед хэрэгжих боломжтой.

“Цагаанморьт залуу” ХХК болон Б.Х-ы хооронд байгуулсан гэрээнд ажил олгогчийг төлөөлсөн тал гарын үсэг зураагүй тул  гэрээ хүчин төгөлдөр болоогүйн учир  уг гэрээгээр олгогдох хөнгөлөлтийг эдлэх эрхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлээс 12 сарын цалингийн дутуу олгогдсон хэсэг 150.000  төгрөг  болон 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх ажлын хоногуудад олгох байсан цалин хөлсийг тооцож / 31627 x 66 өдөр = 2.087.382/ нийт 2.237.382 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалт,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Цагаанморьт залуу” ХХК-аас 497.897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, үлдэх 2.576.103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Цагаанморьт залуу” ХХК-аас 2.237.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, үлдэх 836.618 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж.

3 дахь заалт,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.629 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50.748 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 56.170 төгрөгийг  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ                                       

                                                         ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ