Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00358

 

Б.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар магадлалтай,

Б.Хы нэхэмжлэлтэй

“Ц М З”ХХК-д холбогдох

3.074.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Гын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Ц М З”ХХК-д хуулийн зөвлөх, бичиг хэргээр 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан захирлын 01 тоот тушаалаар ажилд томилогдсон. Анх манайд орж бичиг хэрэг, тушаал шийдвэр, гэрээ зэрэг бичиг баримтыг цэгцэлж хамтран ажиллаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Тиймээс би үндсэн ажилд орох өргөдлөө буцаан авч, тус “Ц М З”ХХК-д ажилд орсон. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын сүүлээр М.Дарханпүрэв нь чамайг цаашид ажиллуулах боломжгүй боллоо, ажлыг чинь манай дүү М.Хулан хийхээр болчихлоо, ажлаа өг гэж хэлсэн. Тушаалыг чинь өгтөл ажиллаж бай гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.Дарханпүрэв өөрийн утас 99058544 дугаараас залган чиний тушаалыг өнөөдөр өгнө, чи ажлаа Хуланд хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Би хариуд нь болно, гэхдээ хөдөлмөрийн хуульд ажлын алдаа дутагдал гаргаагүй хүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол тушаалаа, мөн хуульд заасан тэтгэмж өг гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл ойлголоо, за би бодъё, хууль харъя гэсэн хариу өгсөн. М.Дарханпүрэвийн дүү М.Хулан нь тус байгууллагад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд томилогдон ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байрны түлхүүрээ дүү М.Хулан нь нэхсээр байгаад авсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр М.Дарханпүрэв нь чиний чөлөөлөх тушаалыг өгч чадахгүй, чиний өнгөрсөн хугацааны цалин мөнгийг ч өгөхгүй гэсэн. Анх ажилд авахдаа чамаас өөр бичиг баримт, гэрээ, журам боловсруулаад ажиллах хүн алга гэж хэлсээр байгаад ажилд авсан. 2019.01.23-ны өдөр М.Дарханпүрэв нь залгаж, чамд ажлаас халагдсаны тэтгэмж, дутуу цалин, ажилласан хоногийн цалинг чинь 15 хоногоор тооцож өгье. Гэхдээ тэтгэлгийг чинь 680.000 төгрөгөөр тооцон олгох саналтай байна. Харин чи надруу тэтгэмжийн саналаа бууруулаад өргөдлөө өгчих, би буцаагаад хугацаа заагаад тушаалыг чинь явуулъя гэж хэлсэн. 2019.01.24-ний өдөр би хэлснээр нь тэтгэмжийн саналаа 1.020.000 төгрөг, дутуу цалин 150.000 төгрөг, 1 сарын цалингаа 15 хоногоор нь тооцоод цалин олгож өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Би тус байгууллагаас 12 дугаар сарын дутуу цалин 150.000 төгрөг, 2019 оны 01 сарын болон 02 дугаар сарын цалингаа чөлөөлөх халсан тушаал шийдвэрийг гардуулан, тайлбарлан өгсөн өдөр хүртэл тооцон гаргуулах. 2018 оны 12 сарын дутуу цалин 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалин 680.000 төгрөг, 2 дугаар сарын цалинг чөлөөлөх тушаал гардуулан, тайлбарлаж өгөх хүртэл тооцон олгуулах. 2018 оны 9 сараас 2019 оны 2 сарыг дуустал ажлын 22 хоногоор бодоход сарын 110.000 төгрөг, 5 сарын /9, 10, 11, 12 болон 2019 оны 1-2 сар/ нийт 550.000 төгрөг, нийт 2.060.000 төгрөг /2019 оны 01, 02 салын цалин бүтэн тооцсон ба хоолны мөнгө болон 12 сарын дутуу цалинг оруулав/ Би 2018 оны жилийн эцсийн ажлын тэмдэглэл, хэрэглэж байсан эд хөрөнгийн жагсаалт, бичиг баримтыг цаасаар журмын дагуу хүлээлгэн өгсөн. Иймд тус асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч “Ц М З”ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц М З”ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г нь Б.Хтай нарийн бичгийн даргаар ажиллуулахаар ярьж тохироод гэрээний төслөө бичээд ир гэтэл Б.Х тус компани хуульчаар ажиллахаар тушаал бичиж ирснийг Т.Г мэдэхгүйгээр гарын үсэг зурсан байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд М.Дарханпүрэв манайх шиг жижиг компанид хуульч хэрэггүй гээд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг, тамга тэмдэг дараагүй байдаг. Ингээд ч барахгүй өмнө нь Б.Х Дарханы дулааны сүлжээ ХХК-д нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учир давхар хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэсгүй байсан. Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ир гэдэг шаардлага тавьж байсан боловч энэ шаардлагыг биелүүлээгүй. “Ц М З”ХХК-д нь Б.Хтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир халсан тушаал ч гаргахгүй. Иймд халсан тушаал гаргаагүй гэж маргах үндэсгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Ц М З”ХХК-аас 497.897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож, үлдэх 2.576.103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ц М З”ХХК нь нэхэмжлэгч Б.Хы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт,

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Ц М З”ХХК-аас 497.897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож, үлдэх 2.576.103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Ц М З”ХХК-аас 2.237.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож, үлдэх 836.618 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалт,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.629 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50.748 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 56.170 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Г хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1.Нэхэмжлэгч Б.Х Дархан-Уул аймгийн “Д Д С”ТӨХК-д захирлын туслахаар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд асрах чөлөөний хугацаатай байсан тул ажиллаж байгаа байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд манай компани хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага тавьсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно” гэж заасан. Манай компани нь “Д Д С”ТӨХК-ийн орон нутгийн байгууллага, аж аухйн нэгжүүдийг дулаанаар хангах чиг үүргийг шилжүүлэн авч хэрэгжүүлдэг буюу Дархан сум, Орхон сум, Шарын голын сумдын усан халаалтын уурын зуухыг ажиллуулдаг учраас өмчийн өөр хэлбэрийн боловч ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, мөн тус байгууллагын хяналтанд байдаг буюу тусгай зөвшөөрөл авдаг хуулийн этгээд юм. 2. Иймд манай компанид өдөр тутмын үйл ажиллагааг хянах эрх мэдэл хэрэгжүүлэх этгээд нь “Д Д С”ТӨХК-тай зэрэгцсэн гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Давж заалдах шатны “Б.Хыг “Ц М З”ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилласан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дархан-Уул аймгийн гурван жижиг суманд гуравхан уурын зуухыг 12 галчтай ажиллуулдаг компанид “хуульч” ажиллуулах хэрэгцээ, шаардлага байхгүй бөгөөд гэрээр тушаалын төслийг боловсруулахдаа компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөөгүй, тус компанид байхгүй ажлын байран дээр ажиллахаар тушаалыг боловсруулан бэлтгэж компанийн захирлаар гарын үсэг зуруулсан, хөдөлмөрийн гэрээнд дэх “хуулийн зөвлөх” гэснийг засч төслийг танилцуулахыг даалгасан боловч тэрээр засч ирээгүй, ийнхүү зөв зохистой ажиллаж боломжгүй хүн болох нь харагдсан тул түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах бас нэг үндэслэл болсон юм. Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байхдаа худал баримт бичиг боловсруулж, захирлын ажилд туслах үүргээ гүйцэтгээгүй, гарын үсгийг зуруулсан байгаа бөгөөд “Д Д С”ТӨХК-д захирлын туслахын албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан тул гэрээ байгуулахаас татгалзаж, гэрээ байгуулахгүй тухайгаа 2018 оны 11 дүгээр сард мэдэгдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хөдөлмөрийн гэрээгээр тохирох гол нөхцөлийг тогтоосны дотор мөн зүйлийн 21.1.1-т “ажлын байрны буюу албан тушаалын нэр”, мөн зүйлийн 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”-ийг тохирохоор, мөн зүйлийн 21.3.Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” байхаар тус тус тогтоосон байдаг. Иймд талууд гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй байхад Б.Хыг хуулийн зөвлөхөөр ажилладаг гэсэн үндэслэлгүй бөгөөд энэ нь маргааны зүйл байхад үүнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. 3. Хариуцагч гэрээний нөхцөлийг тохироогүй, давхар ажил эрхлэхийг зөвшөөрөөгүй байдалд дүгнэлт өгөөгүй атлаа “Ц М З”ХХК-ийг Б.Хтай гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулсанд тооцож дүгнэсэн нь илтэд хууль бус байна. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Б.Хыг “Ц М З”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу гэрээг цуцалсан шийдвэрээ гаргаагүй, уг шийдвэрээр ажил хүлээлцэх хугацааг тогтоож өгөх үүрэгтэй үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл цалин хөлсийг гаргуулахаар дүгнэсэн нь хоорондоо логикгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу гэрээний гол нөхцөлийг тохироогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй бөгөөд гэрээ байгуулаагүй бол хөдөлмөрийн гэрээний үүрэг үүсэхгүй байхад ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно гэж хариуцагчаас маргасан болно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь давхар ажил эрхлэхгүй байх, тохиролцсон албан тушаалын нэрээр ажиллах байсан боловч эиэ нөхцөлийг биелүүлээгүй тул гэрээг байгуулаагүй учраас ажлаас халагдсан гэдэг ойлголт байхгүй болно. Иймд Б.Х нь “Д Д С”ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээтэй, хүүхэд асрах чөлөөний хугацаандаа тус байгууллагаас нийгмийн даатгал төлүүлдэг, атлаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэж маргаж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ын 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувь (7.5)-иар тооцож сар бүр Нийгмийн даатгалын санд төлж байхаар хуульчлан зохицуулсан байдаг. Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.Х нь хүүхэд асрах чөлөөний хугацаанд буюу хүүхдээ асрах зориулалтаар ажил үүргээ гүйцэтгээгүй, хүүхэд асарсныхаа төлөө ажилладаг байгууллагаараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлчихээд, өөр ажлаас хууль бусаар халагдсан гэж маргаж байгаа нь ёс зүй талаасаа ч зохисгүй, шударга бус байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд ч эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Х хариуцагч “Ц М З”ХХК-д холбогдуулан 2019 оны 02 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, цалингийн дутуу 150 000 төгрөг, 2019.1.15-2019.04.04 хүртэл хугацааны цалин 2 524 000 төгрөг, хоолны мөнгө 550 000 төгрөг нийт 3.074.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. /хх-1, 102/ Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо ажил олгогч ажлаас халсан боловч бичгээр шийдвэр гаргаагүй, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажил хийлгээгүй гэж хариуцагчийн хууль бус үйлдлийг заасан байна.

Б.Х нь 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн “Ц М З”ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилласан, сарын цалин 680.000 төгрөг, гэрээний хугацаа 1 жил боловч 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

Ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалинг олгох эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 497 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 2 237 382 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу маргаантай эрх зүйн асуудлаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг оновчтой дүгнээгүй алдааг залруулж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

“Ц М З”ХХК, Б.Хыг 2018 оны 09 сарын 01-ний өдөр хуулийн зөвлөх, бичиг хэргийг ажилд томилсон тушаал гаргасан ба ажил үүргийг гүйцэтгүүлэхдээ   хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн энэ нь тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэхгүй юм.

Ажилтныг ажлын байраар хангахгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар гэрээ дуусгавар болдог байна. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрх зүйн акт гаргаагүй боловч 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцүүлсэн, энэ өдрөөс нэхэмжлэгч ажиллаагүй байна.

Б.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “цалин, хоолны мөнгө гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд заагаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа өнгөрсөн, энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Х нь цалин хөлс гаргуулах шаардлагаа шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тодорхойлсон нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэр гаргах ба шийдвэр гарснаар талуудын хооронд үүссэн маргаан дуусгавар болох үр дагавартай болно.

Ажил олгогч нь ажилтныг ажиллах нөхцлөөр хангах, цалин хөлс олгох үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг зөрчсөн тул 2018 оны 12 сарын цалингийн дутуу 150 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх олговор /31627 x 66 өдөр = 2 087 382/ нийт 2 237 382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 49, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА