Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00166/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , Б.Х-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... айл байр, .... тоотод байрлах, ...  регистрийн дугаартай, /харилцах утас ... , захирал Т.Г /, ЦМЗ ХХК-д холбогдох

 

2 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ЦМЗ ХХК-д хуулийн зөвлөх, бичиг хэргээр 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан захирлын 01 тоот тушаалаар ажилд томилогдсон. Компанийн менежер нэр дор арын албаны ажил гүйцэтгэдэг Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн М.Д нь анх ажлын санал 2018 оны 8 дугаар сарын эхэнд тавьсан. М.Д нь би ЦМЗ нэртэй компани нээнэ, захирлаар нь Г-ыг томилон ажиллуулж байна. Чи манайд орж бичиг хэрэг, тушаал шийдвэр, гэрээ зэрэг бичиг баримтыг цэгцэлж хамтран ажиллаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Тиймээс би үндсэн ажилд орох өргөдлөө буцаан авч, тус ЦМЗ ХХК-д ажилд орсон. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын сүүлээр М.Д нь чамайг цаашид ажиллуулах боломжгүй боллоо, ажлыг чинь манай дүү М.Х хийхээр болчихлоо, ажлаа өг гэж хэлсэн. Тушаалыг чинь өгтөл ажиллаж бай гэсэн юм. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.Д өөрийн утас ....  дугаараас залган чиний тушаалыг өнөөдөр өгнө, чи ажлаа ...-д хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Би хариуд нь болно, гэхдээ хөдөлмөрийн хуульд ажлын алдаа дутагдал гаргаагүй хүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа бол тушаалаа, мөн хуульд заасан тэтгэмж өг гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл

ойлголоо, за би бодъё, хууль харъя гэсэн хариу өгсөн. М.Д-ийн дүү М.Х нь тус байгууллагад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд томилогдон ажиллаж байгаа болно.

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байрны түлхүүрээ дүү М.Х нь нэхсээр байгаад авсан. Би чөлөөлөх тушаалыг чинь авч байж түлхүүрийг чинь өгнө гэтэл орой ахтай яриад өглөө өгчихнө гэж дайрсаар байгаад авчихсан. Үүнээс хойш чөлөөлөгдсөн тушаалаа авъя, ямар үндэслэлээр намайг халж байна вэ, тушаалаа өгөхгүй бол ажлаа хийе, ажлын байрны түлхүүрээ авъя гэж дүү М.Х болон захирал Т.Г-, М.Д нар руу байнга залгаж, зурвас явуулсан боловч маргааш, нөгөөдөр гэж хугацаа авсаар байтал өдөр хоног өнгөрөөж байна. Захирал Т.Г- нь 2 удаа залгахад утсаа аваагүй болно. Ажлын байрандаа яваад очихоор хүнгүй, цоожтой байдаг. Компанийн ажлын түрээсийн байр хуучин хорооллын 38-27 тоот. Байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа дүү М.Х нь сүүлдээ утсаа авахаа больсон. М.Д-тэйгээ учраа ол, надад хамаагүй гэж сүүлд уурлан утсаа таслаад дахин утсаа аваагүй. М....-гийн утасны дугаар 99209575. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр М.Д нь чиний чөлөөлөх тушаалыг өгч чадахгүй, чиний өнгөрсөн хугацааны цалин мөнгийг ч өгөхгүй. Чамтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, тушаал чамд байхгүй байхад чи хаана гомдлоо гаргаж, хэнээс тэтгэмж гаргуулдаг юм. Явдаг газраараа яваад гомдлоо гарга гэж хэлсэн. Энэ тухай болон бусад ажлаа өг гэсэн шахалт дарамт нь миний утсанд бичлэгээр хадгалагдсан болно. Өнгөрсөн хугацаанд би тус компанийн бичиг баримт, тушаал, тооцоо, гэрээ, дүрэм журам боловсруулах зэргийг хийж гүйцэтгэж байсан. Надад ажил тасалсан болон ажлын хариуцлага алдсан ямар ч зүйл байхгүй ба ажлын байрны тодорхойлолтоос гадуур ч ажил хийж гүйцэтгэж байсан болно. Санхүүгийн ажилтны цалин тооцоог гаргах, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ч бусад хангамж, бичиг баримт, ажлын байрны цэвэрлэгээ хүртэл хийн өөрийн нөөц бололцоогоор ажиллаж ирсэн. Анх ажилд авахдаа чамаас өөр бичиг баримт, гэрээ, журам боловсруулаад ажиллах хүн алга гэж хэлсээр байгаад ажилд авсан. Хэрвээ хэдхэн сар ажиллуулаад өөрийн дүүгээ аваад ажиллуулах байсан юм бол анхнаасаа ажилд орооч гэж байнга хүсэлт тавьж, жилийн хөдөлмөрийн гэрээтэй ажилд авчхаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас ажлын байрны түлхүүрээ авч, хөөж байгаад гомдолтой байна. Ингэж хүнийг хохироох ямар шаардлага байсан юм бэ.

2019.01.23-ны өдөр М.Д нь залгаж, чамд ажлаас халагдсаны тэтгэмж, дутуу цалин, ажилласан хоногийн цалинг чинь 15 хоногоор тооцож өгье. Гэхдээ тэтгэлгийг чинь 680 000 төгрөгөөр тооцон олгох саналтай байна. Харин чи надруу тэтгэмжийн саналаа бууруулаад өргөдлөө өгчих, би буцаагаад хугацаа заагаад тушаалыг чинь явуулъя гэж хэлсэн. 2019.01.24-ний өдөр би хэлснээр нь тэтгэмжийн саналаа 1 020 000 төгрөг, дутуу цалин 150 000 төгрөг, 1 сарын цалингаа 15 хоногоор нь тооцоод цалин олгож өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Байгууллагын нягтлан бодогч болох М.Х руу залгахад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор цалин, тэтгэмжийг олгоно гэсэн боловч олгож өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул ийнхүү шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна. Би тус байгууллагаас 12 дугаар сарын дутуу цалин 150 000 төгрөг, 2019 оны 01 сарын болон 02 дугаар сарын цалингаа чөлөөлөх халсан тушаал шийдвэрийг гардуулан, тайлбарлан өгсөн өдөр хүртэл тооцон гаргуулах. 2018 оны 12 сарын дутуу цалин 150 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалин 680 000 төгрөг, 2 дугаар сарын цалинг чөлөөлөх тушаал гардуулан, тайлбарлаж өгөх хүртэл тооцон олгуулах. 2018 оны 9 сараас 2019 оны 2 сарыг дуустал ажлын 22 хоногоор бодоход сарын 110 000 төгрөг, 5 сарын /9, 10, 11, 12 болон 2019 оны 1-2 сар/ нийт 550 000 төгрөг, нийт 2 060 000 төгрөг /2019 оны 01, 02 салын цалин бүтэн тооцсон ба хоолны мөнгө болон 12 сарын дутуу цалинг оруулав/ Би 2018 оны жилийн эцсийн ажлын тэмдэглэл, хэрэглэж байсан эд хөрөнгийн жагсаалт, бичиг баримтыг цаасаар журмын дагуу хүлээлгэн өгсөн. Учир нь ажлаа өгчихвөл л цалин, тэтгэмжээ олгоё гэж байсан. Гэтэл өнөөдөр надад ажилласан цалинг минь ч олгохгүй, ажлаас чөлөөлсөн тушаалаа ч өгөхгүй, ажлын байрны түлхүүрээ аван, хөөн гаргаж байна. Анх бичиг цаасны их ачаалалтай байх үед нь шөнийн 2-3 цаг хүртэл суугаад ч ажилладаг байсан. Одоо бичиг баримт нь эмх цэгцэнд ороод ирэхээр миний хэрэг байхгүй болж дүүгээ ажиллуулах гэж байж болно. Гэхдээ хүнийг ажилд авахдаа урьж ажилд томилох тушаал гаргаж авсан, ажлаас чөлөөлөхдөө дүрэм журмын дагуу чөлөөлөх тушаалаа тайлбарлан, ажилласан цалин мөнгө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул шүүх байгууллагад нэхэмжлэл гаргаж байна. Иймд тус асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч ЦМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ЦМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г- нь Б.Х тай нарийн бичгийн даргаар ажиллуулахаар ярьж тохироод гэрээний төслөө бичээд ир гэтэл Б.Х  тус компаний хуульчаар ажиллахаар тушаал бичиж ирснийг Т.Г- мэдэхгүйгээр гарын үсэг зурсан байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд М.Д “манайх шиг жижиг компанид хуульч хэрэггүй” гээд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг, тамга тэмдэг дараагүй байдаг. Ингээд ч барахгүй өмнө нь Б.Х  ДДС ХХК-д нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учир давхар хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэсгүй байсан. Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ир гэдэг шаардлага тавьж байсан боловч энэ шаардлагыг биелүүлээгүй. ЦМЗ ХХК-д нь Б.Х тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир халсан тушаал ч гаргахгүй. Иймд халсан тушаал гаргаагүй гэж маргах үндэсгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч ЦМЗ ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын дутуу цалин 150 000 төгрөг, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хоолны мөнгө 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 2 дугаар сарыг дуустал ажлын 22 хоногоор бодоход сарын 110 000 төгрөг буюу 5 сарын / 9, 10, 11, 12, 1-2/ 550 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийт 2 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан хийсэн өдөр хүртэл нийт 3 074 000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа давхар ажил эрхэлсэн, хуулийн зөвлөх гэсэн орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр М.Д-, М.Х нарыг асуусан бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгч Б.Х ыг тус компанид нарийн бичгийн даргаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан ЦМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар хуулийн зөвлөхөөр, сарын 680 000 төгрөгийн цалинтайгаар авч ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан ажилд авах тухай тушаал, ЦМЗ ХХК-ийн цалингийн тодорхойлолт, Ажил хүлээлцэх хуудас, Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас, Б.Х ы 2018.09.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлын тэмдэглэл, ЦМЗ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч байгууллагатай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэж нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээ / хх-ийн 26-27 хуудас/ ирүүлсэн боловч ажил олгогч тал гарын үсэг зураагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд талуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ЦМЗ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х  нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа давхар ажил эрхэлж байсан нь хууль зөрчсөн гэж маргаж нотлох баримтаар ДДС ХК-ийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай Ажилд авах тухай тушаал, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаартай Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалуудыг ирүүлсэн байх бөгөөд Б.Х  нь ДДС ХК-д захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр амаржиж, жирэмсний амралтаа эдэлж дуусаад хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ЦМЗ ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно, 26.2-т Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул  хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ЦМЗ ХХК нь өнөөдрийг болтол ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаагүй, үүсгэн байгуулагч М.Д нь төрийн байгууллагад ажилладаг боловч компаниа удирддаг, би түүний өмнгө ажлаа тайлагнадаг байсан, ажлаас чөлөөлсөн тушаал, тэтгэмж өгөхөөр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны хоолны мөнгө, цалин

3 074 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.Х ы ажил хүлээлгэн өгсөн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж зааснаар 2018 оны 12 дугаар сарын дутуу цалин 150 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажлын 11 хоногийн цалинг үндсэн цалин 680 000 : 21,5=31627 төгрөг / нэг өдрийн цалин/, 31 627 х 11 = 347 897 төгрөгийг нэмж нийт 497 897 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хоолны мөнгийг хөдөлмөрийн гэрээний 1.5-д зааснаар өдрийн 5 000 төгрөгөөр тооцож олгох ёстой гэж хоолны мөнгө нэхэмжилж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, хариуцагчийн цалингийн тодорхойлолт, Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл зэрэг нотлох баримтаар хоолны мөнгө төлж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч ЦМЗ ХХК-аас 497 897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х д олгож, үлдэх

2 576 103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ЦМЗ ХХК нь нэхэмжлэгч Б.Х ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА