Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01362

 

 

 

 

 

 

        

      2022 оны 05 сарын 04 өдөр

              Дугаар 183/ШШ2022/01362

                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ө овогтой, Г.Ц-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

    

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

/Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ц нь “М” ХХК, “Х” ХХК-д холбогдуулан орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Ц , “М” ХХК 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, “М” ХХК Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити-2 хотхон, 3 дугаар блок, 1 дүгээр орц, 8 давхарт, 2 өрөө, 45.93 м.кв талбайтай орон сууцыг Г.Ц ын өмчлөлд шилжүүлэх, Г.Ц нь орон сууцны төлбөрт 59.709.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд Г.Ц нь орон сууцны үнэ 59.709.000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “М” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг  “М” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар шилжүүлж авсан байна. Иймд уг орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс “М” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 380 дугаар Прокурорын тогтоол гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ц ын орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Ц , “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу 59.709.000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн, гэтэл  “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити-2 хотхон, 3 дугаар блок, 1 дүгээр орц, 8 давхарт, 2 өрөө, 45.93 м.кв талбайтай орон сууцыг Г.Ц ын өмчлөлд шилжүүлж өгөхгүй байна.  Энэ орон сууц нь “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар “М” ХХК-д шилжүүлсэн байна. Иймд уг орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК, “Х” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “М” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 380 дугаар Прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаа гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

4. “М” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-д ажил гүйцэтгэгч “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар, 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт байрлах 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг стандарт, нормын дагуу чанартай барьж 2020 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч Г.Ц нь орон сууцны 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр тооцон 59.709.000 төгрөгийг төлсөн гэж заасан байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. 

 

5. Уг гэрээний дагуу захиалагч Г.Ц нь ажлын хөлс 59.709.000 төгрөгийг “М” ХХК-д төлсөн, ажил гүйцэтгэгч “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар, 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар, 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар “М” ХХК-д шилжүүлсэн байх тул хариуцагчаар “Х” ХХК-ийг татсан” гэжээ.

 

7. Шүүхээс хариуцагч “Х” ХХК-д нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан, хариуцагч “М” ХХК-д нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон ба хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц т Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар, 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК-д, “Х” ХХК-д тус тус даалгах нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 456.495 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХХК-иас 228.247 төгрөгийг гаргуулан, “Х” ХХК-иас 228.247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт байрлах 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Ц ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК, “Х” ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 456.495 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХХК-иас 228.247 төгрөгийг гаргуулан, “Х” ХХК-иас 228.247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД