Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00943

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00943

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00509 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-д тус тус холбогдох

59,709,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.******* нь ******* ******* ******* ХХК- тай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Хангарьд сити 2 хотхоны 3 дугаар блок 1 дүгээр орц 8 давхарт байрлах, 45.83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, 59,709,000 төгрөгийг төлсөн.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад нэхэмжлэгчийн захиалсан 2 өрөө орон сууц нь өөр этгээдийн өмчлөлд бүртгэгдэж ******* ******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул ******* ******* ******* ХХК-аас 59,709,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 59,709,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 456,495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хэрэг гүйцэтгэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/03535 дугаар шийдвэрээр ******* ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг тодорхойлсон атлаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Дампуурлын тухай хуулийг хэрэглээгүй буюу биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож нийтэд мэдээлдэг ба уг мэдээлэлд нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэлийг хугацаандаа гаргаагүйн үр дагавар зэргийг зааж мэдээлдэг. ******* ******* ******* ХХК-ийн дампуурлын хэрэгт нийт 4 байгууллага болон иргэдээс уг хугацаанд нэхэмжлэлийг ирүүлсэн байдаг ба иргэн Г.******* нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа өнөөгийн байдлаар дуусгавар болоогүй, тус компанийн авлагатай холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно.

4.3. ******* ******* ******* ХХК нь хүлээгдэж буй өр төлбөрийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэргүй, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны дагуу ******* ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ******* ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 07 дугаар сард ******* ******* ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн захирал Н. оролцож нэхэмжлэлийн хувийг гардан авсан. 2021 оны 10 дугаар сард дампуурлын хэрэг үүсэхэд хариуцагч нарыг эрэн сурвалжилж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан ч Г.******* нь дампуурлын хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь Г.*******ын нэхэмжлэлтэй урьд үүссэн иргэний хэрэгт тайлбараа гаргах ёстой байсан. Мөн дампуурч буй компани нь өөр хэрэгт хариуцагчаар татагдсан гэдгээ тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол Г.*******ын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй байсан. Тухайн шийдвэрүүдийн аль аль нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан бөгөөд эхлээд дампуурлын хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Г.*******ын төлбөрийг гаргуулах боломжгүй гэх үндэслэлгүй. Мөн энэ хэрэг хэзээ шийдвэрлэгдсэн явцын талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд шаардлагатай бол шүүх эдгээр баримтуудыг бүрдүүлэхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй.

Мөн opendata.burtgel.gov.mn хаягт ******* ******* ******* ХХК бүртгэлтэй байгаа. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудын авлага дууссаны дараа шүүхийн шийдвэр, магадлалын дагуу төлбөрөө авах хүсэлтэй байна. Иймд шүүх энэ байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 59,709,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хангарьд сити 2 хотхон 3 блок 1 дүгээр орц 8 давхарт байрлах, 45.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Г.******* нь 59,709,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу Г.******* нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн ******* ХХК дахь ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн тоот дансанд 59,709,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчиж орон сууцыг өөр этгээдэд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 59,709,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

5. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь компани шүүхийн шийдвэрээр дампуурсан, хэрэг гүйцэтгэгч татан буулгах ажиллагааг явуулж байгаа тухай тайлбар гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/03535 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрт дампуурлын хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн тухай дурджээ.

5.1. Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буюу дампуурлын хэрэг үүсэхээс өмнө шүүхэд гаргасан, хариуцагчийн гүйцэтгэх захирал Н. нэхэмжлэлийн хувийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

5.2. Гэтэл хариуцагч нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийг Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэгт нэхэмжлэлээ гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

Мөн хэрэг гүйцэтгэгчийн тайлбараар, хариуцагч компанийг татан буулгах ажиллагаа явагдаж байгаа, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчид холбогдох шаардлагуудыг зохих дарааллын дагуу хангах ажиллагааг хэрэгжүүлэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 183/ШШ2023/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЗОЛЗАЯА