Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00271

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00271

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байранд байрлах Монгол дээд сургууль /РД:970105/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны 42 тоотод байрлах Арвин алтан бумба ХХК /РД:5533147/-д холбогдох,  

 

орон сууцны үлдэгдэл төлбөр, алданги 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг, зээлдүүлсэн  800 000 төгрөг, нийт 20 766 046 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үнэд илүү төлсөн 7 705 618 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Дашзэвэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гансүх,

шинжээч Брайт пойнт ХХК-ийн шинжээч Т.Баярболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль орон сууцны үлдэгдэл төлбөр, алданги 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг, зээлдүүлсэн  800 000 төгрөг нийтдээ 20 766 046 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өмнө гаргасан нэхэмжлэл хэргийн материалаа сайн санахгүй байна, 2016 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүгдийг нь дэмжиж байна. Би нотлох баримт хэлэлцэх үед нотлох баримтаа шинжлүүлнэ. Усны өргөх насос чанарын шаардлага хангахгүй байгаа тул 11,500,000 төгрөг нэхэмжилж байна. Мэргэжлийн хяналтаас чанарын шаардлага хангахгүй байгааг нотолсон. Мөн усны тоолуур баталгаажуулна гээд 2,500,000 төгрөг шилжүүлж авсан. Энэ мөнгийг шилжүүлж авсан гэдгийг манай компанийн инженер н.Болд нотолно. Н.Болд өөрөө усны тоолуур баталгаажуулна гээд манай ня-богоос 2,500,000 төгрөг авч гараад банк ороход нь манай нябо таарахад н.Болд та н.Билгүүнжаргал руу энэ мөнгийг усны тоолуурын мөнгө гээд шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь манай нябо шилжүүлж өгсөн. н.Билгүүнжаргал усны тоолуурыг баталгаажуулж өгөөгүй. Харин зээлдүүлсэн 800,000 төгрөгийн тухайд баримт нь гарч ирсэн учраас татгалзаж байна. н.Билгүүнжаргал надад хэлэхдээ би байрны зээл авах гээд байна,  байрны талбайн хэмжээ 81,81 м/кв байгааг 80 м/кв болгоод өгөөч, байрны зээл 80 м/кв-аас дээш байвал зээл гарах боломжгүй юм байна гэж гуйхаар нь зөвшөөрч  байрны м/кв-ыг 80 м/кв гэж зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Гэтэл мөнгөө төлөх болтол 80 м/кв-аар гэрчилгээ гарсан учраас 80 м/кв-аар мөнгөө төлнө гэхээр нь би тэгвэл асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Шүүхэд хандаад анхны хэмжилт хийх захирамжийг шүүгч 2018 онд гаргасан, гэтэл томилогдсон шинжээчийг н.Билгүүнжаргал гэртээ оруулаагүй бүтэн жил болсон. Гэтэл хэмжилт хийсэн компани 80,6 м/кв гарч байна гэж хэлсэн. Гэхдээ Тэдү ХХК нь шинээр өрсөн ханыг тооцоогүй хэмжилтийг хийсэн. Тэгээд хананы маргаан гараад дахин шинэ шинжээч томилуулсан. Дараагийн шинжээч Эрдэм түм ХХК бас шинээр барьсан өрөөний доорх талбайн хэмжээг гаргаагүй. Тэгээд манайхаас хэл ам хийхэд 2020.08.15-ны өдөр шүүхэд албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигтээ шинээр хийсэн хананы эзлэх талбай 1,09 м.кв байна гэсэн бөгөөд 80.84 м/кв дээр нэмэхээр 82,2 м/кв байна гэсэн бичиг ирсэн. Хананы талбайн хэмжээг тодруулах гэтэл дахиж мөнгө төл гэж нэхсэн. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Ц.Гансүх хэмжилт хийсэн компаниас татгалзсан. Хамгийн сүүлийн компани өрөөний талбайг хэмжихдээ бага зэрэг хасалт хийсэн. Би талбайн хэмжилтийн зөрүү гэж 5,906,000 төгрөгийг нэхэмжилж авна. Одоо нийт 20,766,046 төгрөгөөс 800,000 төгрөгийг татгалзаж байна, иймд нийтдээ 19 966 046 төгрөгийг  хариуцагчаас нэхнэ. Брайт пойнт ХХК шүүгчийн асуултад бүрэн хариулаагүй, шинэ, хуучин хананы хэмжилтийн асуудлыг огт хийгээгүй. Зурган дээрээс нь харахаар хана нь гарч ирсэн. Дунд талын коридорыг хэмжихдээ тоог нь анхнаасаа тавиагүй. Хамгийн сүүлд гурвалжинг тавиагүй гэтэл энэ хүн зургаа өөрчилж дахиж бичсэн. Бид энэ хэмжээнүүдийг аваагүй, манай гол маргаан бол коридорын хэмжээг аваагүй учраас дахиж тэр хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна. Нэг хөндлөн хэмжилтийг зайлшгүй авах шаардлагатай байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 8 хувийн зээлд хамрагдах гэж байна, 8 хувийн зээлийг 80 м/кв талбайгаас доош м/кв талбайтай орон сууцанд гаргадаг юм байна. Мөнгөө төлөхдөө илүү мөнгийг нь төлье, гэхдээ улсын бүртгэлийн хэмжээг 80 м/кв гэж гаргаж өгөөч гэж гуйсан гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудаар энэ байрыг ажлын хөлсөнд бартераар аваад 20,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэл үлдсэн ба үнийг нь бэлэн мөнгөөр Монгол дээд сургуульд шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ямар нэгэн байдлаар 8 хувийн зээлд хамрагдаж төлбөр төлнө гэсэн байдал тогтоогдоогүй. Энэ хүн өөрөө улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн маргаж буй орон сууцыг 80 м/кв байна гэж албан бичиг хийж өгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарч ирсэн. Хэрэв энэ хүн улсын бүртгэлийн гэрчилгээгээ 81,60 гаргаад ирвэл манайхаас маргах асуудал байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан. Бодит байдал дээр тухайн байрны талбайн хэмжээ нь 80,4 м/кв байгаа нь тогтоогдсон. Хүлээлгэж өгсөн байр нь 80 м/кв гэж гараад ирэхээр нэхэмжлэгч н.Билгүүнжаргалыг авсан байрандаа шинээр хана өрсөн байна гэж гүтгэсэн. Шинээр хана өрсөн гэдгээ  нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч батлагдсан зургаар байраа бариагүй байна гэдгийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч тогтоогоод хавтаст хэрэгт дүгнэлт нь авагдсан.  Тиймээс бид мөнгө нэмж төлөх үндэслэл байхгүй. Бидэнд барилгыг энэ чигт нь хүлээлгэж өгсөн, ямар ч өөрчлөлт гаргаагүй. Манайхыг байраа засварлаагүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэднэ, яагаад гэвэл нэхэмжлэгчийн гэрт байрны бүх хяналтын камер байдаг. Хэрэв засвар хийсэн бол хүний хөдөлгөөн ихсэнэ, орцоор ямар нэгэн байдлаар барилгын материал авч гарч байгаа нь тогтоогдоно. Гэтэл энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Талбайн зөрүү гэж нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани усны тоолуур баталгаажуулдаг компани биш, сантехникийн угсралт хийдэг компани. Н.Болд гэдэг хүн өөрөө усны тоолуур баталгаажуулъя гэж хэлээд С.Дашзэвэгээс мөнгө авсан байх боломжтой. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ н.Болд гэдэг хүн гарын үсгээ зураад тухайн мөнгийг авсан гэсэн, мөн мөнгө авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Усны тоолуурыг тусгай зөвшөөрөлтэй компани баталгаажуулдаг Арвин алтан бумба ХХК нь усны тоолуур баталгаажуулах эрх байхгүй. Энэ мөнгөний асуудалд бид хамааралгүй. Усны насосны хувьд тухайн үед усны өргөх насос авч тавих нь зөв юм байна гээд  барилгын зургийг хийсэн компани усны насос тавих зураг төслийг нь гаргаад С.Дашзэвэг өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зураад усны тоолуурыг нь Арвин алтан бумба ХХК авч тавиад шахаж шалгаад, хүлээж авсан баримтад гарын үсэг зурсан. Эдгээр баримт нь хавтаст хэрэгт байгаа. Анх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа усны насос тавих шаардлагагүй байсан, манай байрны ус өөрөө гаралтаараа хамгийн дээд давхартаа очдог гэж ярьсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийг эвдэрхий насос тавиад манай байрны хамгийн дээд давхарт ус очихоо больсон гэдэг. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Дээд давхартаа ус очихгүй байгаа тул аргагүйн эрхэнд өөр насос авч тавьсан гэж байгаа боловч өөр насос авч тавьсан талаар нотолсон баримт байхгүй. Насос хэвийн ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Анхнаасаа эвдэрхий байсан бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа насос хэрэглэхгүй байсан ч ус хамгийн дээд давхартаа очдог гэсэн нэхэмжлэл гаргахгүй байсан. Нэхэмжлэгч нь мөнгө нэхэх боломжгүй байдал үүсэхээр дахиж нэхэмжлэл гаргадаг. Манайх 11,500,000 төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                           

Нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн нэхэмжлэлээс тоолуур баталгаажуулахаар авсан 2 520 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг нийтдээ 14,020,000 төгрөгийг хангаж, үлдэх 5,906,073 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: багш ажилчдын байрнаас 81.73 м.кв орон сууцыг зээлээр худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 3 937 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулахаар  авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг буюу нийт 19 966 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, зээлдүүлсэн 800,000 төгрөгөөс татгалзсан гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн тайлбар,  шүүхээс гарсан эрхийн актуудад  нэхэмжлэлийн зарим үнийн дүн зөрүүтэй, буруу бичигдсэн техникийн алдаа гарсан  байх тул “байрны үнийн үлдэгдэл 3 937 382 төгрөг, алданги 1 968 691 төгрөг нийтдээ 5 906 073 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2 520 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг буюу нийт 19 926 073 төгрөг” гэж тус тус залруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...хүлээлгэж өгсөн байр нь 80 м/кв талбайтай гэсэн гэрчилгээ гарсан төлбөрийн тооцоо дууссан, мөн Арвин алтан бумба ХХК нь усны тоолуур баталгаажуулах эрх байхгүй, энэ мөнгөний асуудалд бид хамааралгүй, усны өргөх насос хэвийн ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан” гэжээ.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

  Тус шүүхийн 2017.11.02-ны өдрийн 02387 дугаар шийдвэрээр Арвин алтан бумба ХХК-д холбогдох орон сууцны үлдэгдэл төлбөр, алданги 5 906 046 төгрөг, усны тоолуур баталгаажуулахаар авсан 2.560.000 төгрөг, усны өргөх насосны төлбөрт 11.500.000 төгрөг, зээлдүүлсэн 800.000 төгрөг, нийт 20 766 046 гаргуулах тухай Монгол дээд сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 7.480.000 төгрөг гаргуулах тухай Арвин алтан бумба ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хянан шийдвэрлэсэн байх боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.22-ны өдрийн 267 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Талуудын хооронд Монгол дээд сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх 2014.04.09-ний өдрийн гэрээ /ажлын хөлс 92,988,818 төгрөг/, мөн орон сууцны гадна сантехникийн ажил гүйцэтгэх 2014.07.20-ний өдрийн болон 2014.07.27-ны өдрийн гэрээ /ажлын хөлс 27,520,000 төгрөг/-нүүдийг тус тус байгуулсан байх бөгөөд зохигч тухайн гэрээнүүдийг засварлан дахин хийж байсан, гэрээний хугацааг сунгаж эдгээр гэрээнүүдийг хийж байсан гэж тайлбарлажээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн захиалан бариулсан 72 айлын орон сууцны гадна дотор сантехникийн иж бүрэн угсралтын ажлыг хариуцан ажиллах үүргийг хариуцагч Арвин алтан бумба ХХК хүлээж, харин хэлэлцэн тохирсон ажлын хөлс төлөх үүргийг нэхэмжлэгч Монгол дээд сургууль хүлээсэн байх тул  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж тус тус заажээ.

 

         Талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд бартераар орон сууц шилжүүлэхээр тохирч, 2015.06.05-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 22 дугаартай гэрээг Монгол дээд сургууль, М.Билгүүнжаргал /Арвин алтан бумба ХХК-ийн захирал/ нарын хооронд байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, МДС-ийн 72 айлын орон сууцны 6 давхар 43 тоот, 3 өрөө сууцыг м/кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцож, ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

Харин тухайн байрны талбайн хэмжээ өөр өөрөөр тусгагдсан, тухайлбал орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 22 дугаартай 2015.06.05-ны өдрийн гэрээ 2 удаа байгуулагдсан, 1 дэх гэрээнд талбайн хэмжээг доторхи хана хоорондын талбай 81.81 м/кв, нийт дүн 188,163,000 төгрөг гэж, 2 дахь гэрээнд 80 м/кв, нийт дүн 184,000,000 төгрөг гэж, хариуцагчийн тайлбарт хэмжиж үзэхэд 81,73 м/кв байсан гэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд 80 м/кв гэж зөрүүтэй тусгагдсанаас талуудын хооронд орон сууцны үнийн үлдэх зөрүү төлбөрийг төлөх эсэх талаар маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч тал 81,73 м/кв талбайтай сууцыг худалдсан гэж үлдсэн төлбөр 3 937 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч 80 м/кв талбайтай сууц худалдан авсан гэх бөгөөд 2015.07.23-ны өдөр 37,000,000 төгрөгийг Н.Дашзэвэгт бэлнээр өгсөн, 2015.09.10-ны өдөр 26,716,800 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Орон сууцны талбайн хэмжээний талаар талууд маргасан тул тус шүүхийн 2021.07.08-ны өдрийн 07934 дугаар шүүгчийн захирамжаар Брайт пойнт ХХК-ийг томилсон бөгөөд тус компаниас 2021.11.04-ний өдрийн тайлбар, дүгнэлтийг ирүүлсэн, мөн хэмжилт хийсэн шинжээч шүүх хуралдаанд оролцож өөрийн дүгнэлтийг тайлбарласан байдлаас үзэхэд тухайн ажлын хөлсөнд шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээ 80.41 м/кв гарсаныг мэргэжлийн баг баталгаажуулсан байна.

 

Иймд “...81,73 м/кв талбайтай сууцыг худалдсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, тэрээр орон сууцны үлдсэн төлбөр 3 937 382 төгрөг, алданги 1 968 691 төгрөг, нийт 5 906 073 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,906,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс зээлдүүлсэн гэх 800,000 төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,  Арвин алтан бумба ХХК-д холбогдох 800,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Талууд орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 120 508 818 төгрөг /92,988,818+27,520,000/-ийг бартераар төлөхөөр тохирч, шилжүүлсэн  орон сууцны үнэ /80 м/кв*2,300,000/ 184,000,000 төгрөг болсон, зөрүү 63,491,182 төгрөгийг төлөхөөс Арвин алтан бумба ХХК нь 63,716,800 төгрөг /37,000,000+26,716,800/-ийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагч 225,618 төгрөгийг илүү төлсөн гэж анх сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 7,480,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, үндэслэл нь ажлын хөлсийг 127,988,818 төгрөг гэж, орон сууцны үнэ 184,000,000 төгрөгөөс хасч үлдэх 56,011,182 төгрөг төлөхөөс 63,716,800 төгрөгийг төлснөөр илүү 7,705,618 төгрөг төлсөн гэх боловч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн татгалзлыг баталж, Монгол дээд сургуульд холбогдох Арвин алтан бумба ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцны гадна дотно цэвэр бохир усны шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд тус байрны хүйтэн усны насосны ашиглалтын төлөв байдалд доголдол илэрсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 02-07/3841 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн 07/2615 дугаартай албан бичгээр нотлогдож байх бөгөөд улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 07/101/28 дугаартай дүгнэлтээр хүйтэн усны шугам дээр нөөц насосгүйгээр угсрагдсан К-20/30 маркийн насос нь зориулалтын бус дуу чимээ ихтэй ашиглалтын шаардлага хангахгүй насос байна. Хэрэгцээний ус шугам сүлжээнд насос угсрах эсэх асуудлыг, зураг зохиогчоор стандарт норм дүрмийн дагуу тооцоо судалгааг хийлгүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэснийг үндэслэл болгож усны өргөх насосны төлбөр 11,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагч уг насосыг угсрах үүргийн дагуу гүйцэтгэсэн, зургийн дагуу насосыг суурилуулсан, эвдрэлийг хариуцахгүй гэж маргаж байх боловч уг насос худалдаж авах төлбөр ажлын хөлсний хамт нийт 11 500 000 төгрөг хүлээн авсан нь зарлагын баримт болон 2015.11.27-ны өдрийн 69 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдож байна.

 

Иймд захиалагч Монгол дээд сургуулийн захиалж хөлсийг нь төлсөн материалыг өөрсдөө сонгон авч ажил гүйцэтгэгч Арвин алтан бумба ХХК ажлыг гүйцэтгэсний дараа хэдийгээр 2014.11.30-ны өдрийн дотор халуун хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсран сорилгоор шалгасан актаар хүлээн авсан ч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар Монгол дээд сургууль зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэж байсан гэх боловч солиулах талаар гомдол гаргаж байснаа тайлбарласан мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар барилгын сантехникийн ажлыг ашиглалтад зүгшрүүлэх үүрэгтэй тул уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.

  

Хариуцагч Арвин алтан бумба ХХК нь 1 тоолуурыг 10 000 төгрөгөөр баталгаажуулна гэж 252 ширхэг тоолуурыг баталгаажуулах хөлс 2 520 000 төгрөг  авсан гэж нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн нэхэмжлэлд тусгасан бөгөөд тус компанийн инженер гэх н.Болд 2014.07.21-ний өдөр 2 520 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримт, мөн өдрийн М.Билгүүнжаргалын дансанд шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгээс үзэхэд “...н.Болд өөрөө 2,520,000 төгрөг авч гараад банк ороход нь манай ня-бо таараад  н.Билгүүнжаргал руу энэ мөнгийг усны тоолуурын мөнгө гээд шилжүүлээд өгөөч гэж шилжүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Арвин алтан бумба ХХК-иас 14,020,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол дээд сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,906,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Арвин алтан бумба ХХК-д холбогдох 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Монгол дээд сургууль  татгалзсан, мөн Монгол дээд сургуульд холбогдох орон сууцны үнэд илүү төлсөн 7 705 618 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс Арвин алтан бумба ХХК татгалзсан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийт төлсөн 764 700 төгрөгнөөс тусгаарласан шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 261 780 төгрөгийг болон Арвин алтан бумба ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 142 050 /7 420+134 630/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Арвин алтан бумба ХХК-иас 228 049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 11 874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 71 025 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ