Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 267

 

 

М сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02387 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

81.73 м.кв орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 3 397 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөг, тоолуур баталгажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг, нийт 19 966 046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрт илүү төлсөн 225 618 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч төлөөлөгч Н.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б 11 500 000 төгрөгийг “Евро зиг” ХХК-иас европын өндөр чанартай баталгаатай паспорттай усны насос авчирч өгнө гэж хэлээд авсан. Гэтэл 100 айлаас ажилладаггүй, паспортгүй, гарал үүслийн бичиггүй насос тавьсан. Акт үйлддэг өдөр ус алдсан, доголдолтой байсан. Тухайн үед М.Б улсын комисст өгсөний дараа шинээр хийж өгнө гэж хэлсэн тул бид тохиролцож улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комисс хүлээн авахдаа паспортыг үзээгүй. Акт тогтоосон өдрөөс хойш эхлээд М.Б-аас усны насосныхаа паспорт бичиг баримтыг өгөөч, 11 500 000 төгрөгийн тайлангаа тавиач гэж шаардаад 3 жил болж байна. Энэ насосыг тухайн өдөр шалгахад дуугарч байсан болохоос заалтыг бид хараагүй. 6 вольтын даралттай гэж байсан. Дээд давхрын айлууд олноор ороод ирэхээр насос ажиллахаа больсон. Автоматаар ажиллана гэсэн чинь автомат эвдэрхий байсан. Эвдэрхий насос тавьсан гэдгийг мэргэжлийн хяналтын 2 байгууллага тогтоосон. н.Б 1 жил насос сольж өгнө гэж намайг хуурч явсан. Насосыг эвдэрхий байна уу, үгүй байна уу гэдгийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газраас 2 удаа шалгасан. Энэ байгууллагууд насосыг учир дутагдалтай байна, хэрэгцээ шаардлага хангахгүй байна гэдгийг бүрэн тодорхойлж өгсөн. Улсын мэргэжлийн хяналтын барилгын техникийн ахлах байцаагч н.Санжмятав 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07121 тоот дүгнэлтдээ насостой холбогдуулж 3 дүгнэлт бичсэн. Гарал үүслийн бичиг байхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанарын баталгаа байхгүй, гэрчилгээ байхгүй насосыг тавьсан нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийг зөрчсөн. Хүйтэн усны насос дуу чимээ ихтэй, зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй насос байна гэж 2 удаа дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2 удаа шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн учир хоорондоо маргалдах зүйл байхгүй тул 11 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үнэлгээний байгууллага үнэлээд үүнд 11 500 000 төгрөгийн зүйл ороогүй байна. 2 300 000 төгрөгийн бараа материал авсан байна гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсад ашиглагдах эсэх нь тодорхойгүй, гэрчилгээгүй, үйлдвэрийн чанарын баталгаагүй. Би ийм зүйлийг хүлээж аваагүй. Мөн насост үйлдвэрийн лац байхгүй. Үйлдвэрийн лац байхгүй нь насос эвдрээд эвдэрснийг засах гэж байсан гэдэг нь харагдаж байна. Даралт хэмжигч аль улсынх нь тодорхойгүй. М.Б өөрөө насосын ажиллаж байгаа гэж тайлбарладаг. Хэвтээ насосыг 9 давхар орон сууцанд тавьж болохгүй гэсэн заавартай. Бид өөрсдөө яваад авсан бол чанарын баталгаагүй зүйл авахгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр М.Б 2 гэрээ байгуулсан. Нэг нь 81 м.кв, нэг нь 81,81 м.кв гэсэн 3 өрөө гэсэн гэрээ байгуулсан байгаа. Дараа нь хэмжээд 81,73 м.кв гэдгийг зөвшөөрөөд М.Б гарын үсэг зурсан байгаа. Яагаад давхар гэрээ байгуулсан юм бэ гэхээр М.Б зээлийн гэрээнд орох гэж өөрөө надаас гуйсан. Та 81 м.кв гэрээг 81,81 м.кв болгоод өгчих үл хөдлөх эд хөрөнгийн газарт 81,81 болгоод бичээд өгөөч гэж гуйгаад байхаар нь 2 гэрээ байгуулсан. Нэг нь үндсэн гэрээ нэг нь хуурамч гэрээ байгаа. Хуурамч гэрээ нь М.Б-ыг 8 хувийн зээлд оруулах гэж байгуулсан. М.Б усны тоолуурыг баталгаажуулна гэж хэлээд надаас 2 560 000 төгрөгийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсан зорилгоо 14 хоногийн өмнө өөрчилсөн. Би усны тоолуурыг баталгаажуулах гэж аваагүй, усны тоолуурыг тавих ажлын хөлс гэж авсан. Гэрээг харахад усны тоолуурыг тавих зардлыг тусад нь тооцно гэсэн заалт байхгүй. Манай гэрээнд байрны дотор, гадна усны ажил дээр 35 800 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэж хэлсэн. Энэ зүйлд үүнтэй холбогдсон бүх ажил орно гэж заасан. Гэрээнд заасан ажлыг бүгд хүлээн зөвшөөрөхгүй. 14 хоногийн өмнө усны насос тавих ажлын хөлс байсан гэсэн нотлох зүйл байхгүй, энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан зүйл байхгүй. Зүгээр цаг хожих гэсэн, ийм байдлаар хэлбэл шүүгч үнэмшээд 2 560 000 төгрөгийг надад үлдээх байх гэсэн шунахай сэдэлтээр хүнлэг биш ёс суртахуунгүй аашилсан зан авир гаргаж байна. Усны тоолуурыг баталгаажуулна гэж авсан гэдгийг “А” ХХК-ийн инженер нотолж байгаа. н.Болд эхлээд усны тоолуурыг баталгаажуулж өгнө. Мөнгө авъя гэж хэлээд мөнгөө авсан. 11 500 000 төгрөгийг М.Б-ын данс руу тоолуурын мөнгийг шилжүүлсэн. Гэрээнд усны тоолуурыг тусад нь тооцно гэсэн зүйл байхгүй. Харин М.Б зээлж авсан зээлийн төлбөр 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. Багш ажилчдын байрнаас 81.73 м.кв орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 3 397 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг буюу нийт 19 966 046 төгрөгийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М сургуулийн 72 айлын орон сууцны барилгын зургийг хийсэн компани насос тавих зургийг батлаад Монгол дээд сургууль зөвшөөрч гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг судлахад насосын марк бичээстэй байгаа. Дараа нь насосаа тавиад, насосыг бүрэн ажиллуулаад хүлээж авсан. Техникийн комисс ирж ажиллуулаад дараа нь улсын комисс шалгаад тухайн байрыг ашиглалтад оруулсан. Энэ хугацаанд эвдрэл гарсан талаар ямар нэгэн зүйл байхгүй байсан. 2 насос тавих ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй. Ямар ч эвдэрхий чанарын шаардлага хангаагүй насос тавигдаагүй. Талууд өөрсдөө зургаа гаргаад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч насосыг ажиллуулаад хүлээж авсан. Одоо болохоор 9 давхарт ус хүрэхгүй байна гэж хэлээд мөнгө нэхээд байдаг. Анхнаасаа 9 давхарт ус хүрч байсан. Нэхэмжлэгч 6 вольтын даралттай гэж хэлж байна. 6 вольтын даралттай бол 12 давхарт ч ус хүрэх ёстой. Нэхэмжлэлийн эхний шаардлага үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг баталгаажуулдаг цорын ганц байгууллага бол төр байдаг. Төрөөс өгсөн Улсын бүртгэлийн гэрчилгээнд М.Б болон түүний гэр бүл 80 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч гээд баталгаажуулсан. Энэ нь Монгол дээд сургууль М.Б-т өгсөн м.кв талбай. Метр квадратыг өөрсдөө гаргаж өгсөн. Ямар тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх юм бэ гэхээр эхлээд Улсын бүртгэлийн гэрчилгээнд байгаа байрыг хэмжүүлээд нэмэлт оруулж өг, түүнээс биш улсын бүртгэлийн гэрчилгээнд 80 м.кв гэж байхад 80 м.кв илүү мөнгө өгнө гэж байхгүй. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй үйлдэл. Өөрсдөө метр квадратын зөрүү бичигдсэн нь үнэн бол өөрсдөө нотлох хэрэгтэй. Өмнөх шүүх хуралдаан дээр байрыг хэмжүүлье гэсэн өнөөдрийг хүртэл хэмжүүлээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 80 м.кв гэж хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч 80 м.кв байранд амьдарч байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр М.Б 1 тоолуурыг 10 000 төгрөгөөр баталгаажуулна гэж 252 тоолуураар бодож 2 500 000 төгрөг тооцож авч явсан бол өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй. 2 500 000 төгрөгийг авсан. Дансаар шилжүүлсэн зүйл байхгүй. Тоолуурыг угсрах ажлын хөлс байсан. Талууд энэ асуудлыг амаар тохиролцсон. Үүнийг юугаар баталгаажуулах бэ гэхээр “А" ХХК нь усны тоолуур баталгаажуулдаггүй. Усны тоолуурыг баталгаажуулдаг тусгай мэргэжилтэн ирээд тухай бүр шалгаад даралтыг хэмжиж байгааг шалгаад, марк дугаарыг нь үзээд баталгаажуулдаг. Нэхэмжлэгч тал усны тоолуураа Монгол Улсаас авна, угсрах компани бэлэн байна гэж хэлсэн. Дараа нь Бүгд найрамдах Хятад ард улсад хямдхан байдаг юм байна би авчихъя чи угсар гэж хэлээд талууд хоорондоо тохиролцож, хариуцагч усны тоолуурыг угсарч өгсөн. Тухайн үед улсын комисс хүлээж авахдаа усны тоолуурыг хэвийн ажиллаж байна гэдгийг нь шалгаж дүгнээд ирж авсан. 2 500 000 төгрөгийг гаргуулж авах боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаж буй байрны 1 м.кв талбайн үнийг 2 300 000 төгрөгөөр тохиролцсон талаар маргахгүй. Энэхүү 3 өрөө орон сууцны үнэд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 37 000 000 төгрөг бэлнээр төлөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаар үлдсэн 30 000 000 төгрөгийг төлье гэж хэлсэн байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ирэхдээ орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 81.73 м.кв биш харин гэрчилгээнд 80 м.кв-аар бичигдсэн байсан. Бартераар авсан гэх орон сууцны талбайн хэмжээн дээр маргаан гарсан тул 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Монгол дээд сургуульд албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. Ингээд 9 сард Н.Д-тэй тааралдахад байрны чинь м.кв-ыг 81.73 м.кв болгож чадахгүй, гэхдээ үлдэгдэл төлбөрөө өгөөрэй гэж хэлсэн. Үүний дараа 26 176 800 төгрөг дансаар шилжүүлсэн. Тооцоо хийж үзэхэд гадна дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу буюу бартераар 120 508 818 төгрөг, бэлнээр 37 000 000 төгрөг, дансаар 26 716 800 төгрөг, нийт 184 225 618 төгрөгийн төлбөр хийсэн. Харин 80 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 300 000 төгрөгөөр бодоход 184 000 000 төгрөг болж байна. 225 618 төгрөгийг илүү төлсөн. Түүнийгээ буцаан шаардах эрхтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 11 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М сургуульд олгож, нэхэмжлэгч 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, бусад шаардлага болох орон сууцны үлдэгдэл төлбөр 4 586 690 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2 520 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М сургуулиас 225 618 төгрөгийг гаргуулах хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 764 700 төгрөг төлснөөс тусгаарласан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 780 төгрөгийг болон “А” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 198 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тоолуур баталгаажуулна гэж авсан 2 520 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. М.Б, инженер н.Болд хоёр манай барилгын дотор сантехникийн зургийг авч судлаад тендерийн үнийн санал бичгээр өгсөн юм. Уг үнийн санал өгөхдөө "усны тоолуур" суулгах зардлыг тусад тооцно гэсэн яриа, тохироо бичгээр болон амаар хийгдээгүй. М.Б-тай хийсэн гэрээний 3.2 буюу "хийгдэх ажил" гэсэн хэсэгт "Ажлын хөлс 92 988 818 төгрөг байна. Энэ үнэнд тухайн ажлыг иж бүрэн гүйцэтгэхтэй холбоотой бүх зардал орсон болно /машин, механизмын зардал багтаагүй болно/ гэж заасан. Мөн "байрны дотор бохир халуун хүйтэн усан хангамжийн ажил гэж заасан гэрээнд заасан "Иж бүрэн ажил"-д тоолуур угсрах зардал орсон. "Халуун, хүйтэн усан хангамжийн ажил", "иж бүрэн" гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан учир задалж бичих шаардлагагүй байсан. Тоолуур "баталгаажуулах" зардал нэхсэн гэдгийг инженер н.Болд нь нотолсон тайлбарыг бичиж шүүхэд гаргаж өгснийг шүүгч анхаарсангүй. Энэ мөнгийг нябо н.Тунгалаг, н.Дөлбадрах нар, ХААН банкинд хүлээж байсан н.Болдод аваачиж өгсөн бөгөөд н.Болд даргынхаа дансыг өгч н.Тунгалагийн нэрээр шилжүүлсэн. Хэрэв энэ мөнгө "тоолуур суурилуулах" гэсэн бол бид шилжүүлэхгүй байх байсан. Иймд "тоолуур баталгаажуулах" зориулалттай байсан гэдгийг инженер н.Болд, н.Тунгалаг, н.Дөлбадрах нар нотлоно. н.Болдыг гэрчээр оруулах хүсэлтийг шүүх хангаагүй. Тоолуур баталгаажуулна гэж мөнгө авсныг тоолуурыг хуурамчаар баталгаажуулж улсын комисст хүлээлгэн өгсөн М.Б-ын үйлдэл нотолж байна. Тоолуурыг бид баталгаажуулаагүй, бид улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Тоолуур баталгаажаагүй бол улсын комисс хүлээж авахгүй учраас М.Б баталгаажуулах үүрэгтэй байсан. Энэ нь дээрх мөнгө "баталгаажуулах зориулалттай байсан гэдгийг давхар нотолж байна. М.Б-аас тоолуурыг суурилуулах зардал гэж мөнгө нэхэмжилсэн хүсэлт, баримт байхгүй байхад нотлох баримтгүйгээр амаараа худлаа ярихад шүүгч үнэмшиж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 2 гэрээ байдаг. Энэхүү гэрээний 81.81 м.кв талбай бүхий гэрээг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд хоёрдахь гэрээ болох 80 м.кв талбайгаар байгуулагдсан гэрээ нь нөхөж хийгдсэн. Энэхүү 80 м.кв гэрээг “А” ХХК-ны захирал М.Б-ын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн "тэмдэглэл" гэх албан бичгээр өөрийн эхнэр Э.Цолмонд шилжүүлэхийг хүссэн тул тус өдөр нөхөж байгуулсан. Мөн “А” ХХК-ны захирал М.Б-ын албан бичгээр орон сууцны талбайн хэмжээг 81.73 м.кв гэдгийг баталгаажуулсан. 2 дахь гэрээг 80 м.кв-аар байгуулсан нь шалтгаан нь ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу тухайн үед ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай нь хэмжээ 80 м.кв байсан бөгөөд ипотекийн зээлд хамрагдуулахын тулд М.Б-ын хүсэлтийг үндэслэн дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар уг орон сууцны урьдчилгаа төлбөрийг тус сургуулийн багш ажилчдын байрны сантехникийн угсралтын ажлын гүйцэтгэлээр төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон. Иймээс М сургууль гэрээний дагуу “А” ХХК-иас гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хязгаарласан. Шүүх мөн үндэслэх хэсэгтэй нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж дүгнэсэн байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 90 982 903 төгрөг болгосон ба тэгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан тул шүүх хэргийг бүх талаас нь бодитойгоор дүгнээгүй төдийгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаж буй цэвэр усны өргөлтийн насосыг хариуцагч "А" ХХК-ийн зүгээс дураараа сонгосон, эсхүл нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй худалдаж авсан зүйл байхгүй. М сургуулийн захиалгаар, зураг төслийн "Аксиом констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн зураг төслийн К-20/30 маркийн насосыг угсарч суурилуулсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг насосыг 24 цагийн хугацаанд ажиллуулж шалгаад актаар хүлээлгэж өгсөн. "А" ХХК цэвэр усны өргөлтийн насосыг үйлдвэрлээгүй бөгөөд зохигчдын дунд байгуулсан М сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажилд орсон материалд баталгаа олгохгүй байхаар заасан болно. Бодит байдал ийм байхад "А" ХХК-иас 11 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх мөн тогтоох хэсэгт "А" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар дурдсан байна. Бодит байдал дээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар ямар ч сөрөг нэхэмжлэл яригдаагүй, хэлэлцэгдээгүй, шийдвэрлэгдээгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М сургууль хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 81.73 м.кв орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 3 397 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөг, тоолуур баталгажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг, нийт 19 966 046 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрт илүү төлсөн 225 618 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй”, 73.2 дахь хэсэгт “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

 

            Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцээгүй болох нь хэргийн 112-120 дугаар талд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М сургуулийн төлсөн 149 770 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ийн төлсөн 198 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ