Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00868

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00868

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Хариуцагч: Б.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: 280 000 000 төгрөг гаргуулах.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Л.Ж.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.С холбогдуулан орон сууц худалдан авсны төлбөр 280 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Б.Б-т орон сууц худалдан авахаар өөрийн танил Б.М-өөр дамжуулан зуучлуулсан. Үүний дагуу Б.М нь үнэгүй.мн сайтаас Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Мандала хотхоны 3 өрөө орон сууц байна гэж хэлснээр нэхэмжлэгч Б.М-ийн хамтаар хариуцагч Б.Солонготой уулзсан. Тухайн үед Б.С нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц  гэж танилцуулсан. Уг орон сууцыг 280 000 000 төгрөг худалдана гэсэн тул худалдаж авахаар тохиролцсон. Үүний дагуу тухайн орон сууцны төлбөрийн 50 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 150 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, үлдэх 80 000 000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн данс руу шилжүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн.

 

1.2 Гэтэл тухайн орон сууц нь хариуцагч Б.С-гын өмч биш, түүний эцгийн өмч болж таарсан. Улмаар хариуцагчийн аав нь тухайн орон сууцыг төлбөр төлөгч Б.Баасанцогтын нэр лүү биш өөр хүний өмчлөлд шилжүүлсэн. Хэдийгээр Б.Баасанцогт нь орон сууц худалдан авахаар хариуцагч Б.Солонгын данс руу мөнгө шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар байр ч байхгүй, мөнгө ч байхгүй байдалд орсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж нэхэмжлэгчид ойлгуулсан, мөн тухайн орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид биш гуравдагч этгээд шилжүүлсэн. Иймд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие аавынхаа зөвшөөрлөөр 2020 оны 11 сард үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Мандала хотхоны 3 өрөө орон сууцыг худалдахаар зар байршуулсан ба Б.М гэх эмэгтэй надтай холбогдож нөхөр гэх Б.Б-гтын хамт ирж орон сууцыг үзсэн бөгөөд миний бие Б.Баасанцогтой огт харьцаагүй. Улмаар Б.М нь уг орон сууцыг худалдан авахаар болж 50 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 150 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, үлдэх 80 000 000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлж дуусгасан бөгөөд уг мөнгийг би аавынхаа зөвшөөрлийн дагуу өөрийн дансаар шилжүүлж авсан.

 

2.1 2020 оны 01 дүгээр сард манай аав тухай орон сууцыг улсын бүртгэлд Б.М-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүний дараа 2020 оны 7 дугаар сард Б.Б-гт гэдэг хүний эхнэр н.Мөнхсайхан гэх эмэгтэй над руу залгаад “...манай нөхрийг Б.Б-т гэдэг чи манай нөхрийн өмчийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна” гээд ярьсан. Би болохоор Б.М-ийн нөхөр гээд танилцуулсан хүний нэрийг нь ч мэдэхгүй надад хэлээгүй байсан учраас мөнгө шилжүүлсэн н.Амгаланбаатар гэдэг нэртэй гэж ойлгож явж байсан.

 

2.2 Миний бие тухайн орон сууцыг зөвхөн худалдах талаар аавдаа зуучилсан бөгөөд мөнгийг өөртөө аваагүй. Тухайн үед Б.М-ийг орон сууц худалдаж авч байна гэж ойлгосон. Тийм ч учраас манай аав орон сууцыг Б.М шилжүүлж өгсөн. Иймд хариуцагчийг 280 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “С ББСБ” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150 000 000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80 000 000 төгрөгийг бусдад шилжүүлсэн баримтыг, Төрийн банкны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн харилцах дансны харилцагчийн хуулгыг, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын банк хоорондын шилжүүлгийг, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийг, “С ББСБ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, улсын бүртгэлийн Ү-2204096155 дугаарт бүртгэлтэй, Ц.Б-ын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 320/3 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 89.87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр хариуцагч Б.С Facebook цахим хаяг дахь messenger-т үзлэг хийсэн, Ц.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан,  Худалдаа хөгжлийн банкнаас 78802 дугаартай банкинд үлдэх хувийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

2.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн тул төлбөрт шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын үндэслэлээ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хариуцагчид шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгчтэй орон сууц худалдахаар тохиролцоогүй. Орон сууц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд гуравдагч этгээд Б.М орон сууцыг худалдан авсан. Миний бие орон сууцны өмчлөгч аав Ц.Б даа орон сууцны үнэ 280 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.М-д орон сууцыг миний аав Ц.Баал шилжүүлж өгсөн. Миний бие орон сууц худалдсан 280 000 000 төгрөгийг аваагүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

4. Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “С ББСБ” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150 000 000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80 000 000 төгрөгийг бусдад шилжүүлсэн баримт, Төрийн банкны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын банк хоорондын шилжүүлэг, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, “С ББСБ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн Ү-2204096155 дугаарт бүртгэлтэй, Ц.Б-ын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 320/3 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 89.87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хариуцагч Б.Солонгын Facebook цахим хаяг дахь messenger-т хийсэн үзлэг, Ц.Баасанжаргалын гэрчийн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкнаас 788 дугаартай банкинд үлдэх хувь зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч  улсын бүртгэлийн Ү-2204096155 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 320/3 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 89.87 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагчаас 280 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг шилжүүлсэн. Хариуцагч нь дээрх орон сууцыг гуравдагч этгээд Б.М-д худалдахад зуучилсан, төлбөрийг орон сууцны өмнөх өмчлөгч Ц.Б-д шилжүүлсэн, хариуцагч 280 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх болж байна.

 

6. Голомт банк дахь хариуцагчийн эзэмшлийн 1305113505 дугаар дансанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150 000 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80 000 000 төгрөг, нийт 280 000 000 төгрөг шилжсэн, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан, мөн орон сууц гуравдагч этгээд Б.М-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

7. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь Ц.Б-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204096155 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 320/3 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 89.87 м.кв талбайтай, орон сууцыг бусдад худалдахаар санал болгосон нь тогтоогдож байна.

 

8. Улмаар уг орон сууцыг худалдсан төлбөр болох 280 000 000 төгрөг хариуцагчид шилжсэн байх бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нь “С ББСБ” ХХК-ийн гадаад валют худалдаж авах, худалдах баримт, “С ББСБ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт болон Төрийн банкны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын банк хоорондын шилжүүлэг, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Нөгөөтээгүүр, хариуцагч нь уг 280 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлээгүй гэдгийг баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгчээс 280 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд мөн зүйлийн 57.2-т зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд заасан сонирхогч этгээд болох нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэх орон сууц худалдах-худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хандсан гэж үзэхээр байна.

 

10. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд мөн зүйлийн 58.3.1-д зааснаар хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг худалдан авахаар хариуцагчтай, харин хариуцагч нь уг орон сууцыг гуравдагч этгээд Б.Мөнх-Ертөнцөд худалдахаар тус тус  харилцан тохиролцсон талаар хэн аль нь шүүхэд тайлбарласан. Үүнээс үзвэл, тухай орон сууцыг худалдах-худалдан авахтай холбоотой гэрээний нөгөө тал болох этгээдийн талаар талууд хэн аль төөрөгдсөн гэж үзэхээр байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцны өмчлөгч, орон сууцыг худалдагч гэж үзсэн бол, хариуцагч нь гуравдагч этгээд Б.М-ийг худалдан авагч гэж үзэн орон сууцны үнийг хүлээн авсан байна.

 

11. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч 280 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон хариуцагч орон сууцыг бусдад худалдахаар тохиролцсон үйл баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл, орон сууц худалдах-худалдан авах гэрээний оролцогч этгээдүүдийн төөрөгдөл нь шалтгаант холбоо болж байна. Иймд шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотой хэлцэл аль аль талдаа гэрээний оролцогч этгээдийн хувьд төөрөгдөлд орсон гэж үзэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу мөн зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 280 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 557 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.С-оос 280 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 557 950  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН