Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01806

 

 

 

 

  

2022 04 20 101/ШШ2022/01806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн   тоот, РД:,  Д-ын Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг  тоот,  Д.Ут холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдөр дотор 1,800,000 төгрөгийг төлөх, сарын 0,67 хувийн хүүтэй, алданги 0,25 хувиар тооцоохоор тохиролцож Д.Утэй зээлийн гэрээ байгуулсан. Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний дотор 1,800,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2018-09-01-ний өдөр 585,000 төгрөг, 2021-09-01-ний өдөр 465,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Д.У нар 2018-08-26-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч 9,000,000 төгрөгийг бодитоор өгөөгүй. Д.У нь 2018 оны эхээр Д.Ад Алтай хотхонд байрлах 63 м.кв 2 өрөө орон сууцыг зарсан. Нэхэмжлэгч А нь мөнгөө өгөхгүй явсаар байгаад, урьд нь өгсөн урьдчилгаа дээрээ нэмээд Кореа таунд байрлах 2 өрөө байрыг өгье гээд арилжааны гэрээ хийгдээд байрыг нь авсан байдаг. А нь өмнө өгсөн мөнгө дээрээ 2 өрөө байраа нэмээд өгөхөд 5,000,000 төгрөгийн зөрүү гарсан, жил хүлээлгэсэн юм чинь 5,000,000 төгрөгийн зөрүү дээрээ 4,000,000 төгрөг өгчих гээд нотариат дээр очиж гэрчлүүлсэн байдаг. Тэгээд нэр шилжүүлэхээр Кореа тауны байр дээр очиход А нь 2 жил гаруй хугацааны СӨХ-ны төлбөр болон бусад ашиглалтын зардлыг төлөөгүй 2,000,000 гаруй төгрөгийн төлбөр байсан. Энэ мөнгөө 5,000,000 төгрөгөөсөө хас гээд хоорондоо маргалдсан. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй. 5 жилийн хугацаатай гэрээ байгуулчихаад шаардах эрх үүсээгүй байхад алданги тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч байрны зөрүү мөнгөний байдлыг үнэн зөвөөр ярихгүй байна, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2018-08-26-ны өдрийн зээлийн гэрээ бичгийн баримтыг гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч 2018-08-26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тодорхойлоогүй. Харин шүүх хуралдаанд 2018-08-26-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч 9,000,000 төгрөгийг бодитоор өгөөгүй. Д.У би 2018 оны эхээр Д.А-д Алтай хотхонд байрлах 63 м.кв 2 өрөө орон сууцыг зарсан боловч мөнгөө өгөхгүй явсаар байгаад, урьд нь өгсөн урьдчилгаа дээрээ нэмээд Кореа таунд байрлах 2 өрөө байрыг өгье гээд арилжааны гэрээ хийгдсэн. А нь өмнө өгсөн мөнгө дээрээ 2 өрөө байраа нэмээд өгөхөд 5,000,000 төгрөгийн зөрүү гарсан, жил хүлээлгэсэн юм чинь 5,000,000 төгрөгийн зөрүү дээрээ 4,000,000 төгрөг өгчих гээд нотариат дээр очиж гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн гэж маргаж байгаа хэдий ч бичгийн нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хариуцагч Д.У нь 2018-08-26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүрэгт 2 удаа нэхэмжлэгчид 1,050,000 төгрөг төлсөн гэх үйл баримтууд дээр маргаагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Уээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203,110 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 202,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 202,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 160 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын албанаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Уээс 11,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 202,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Уээс 202,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 160 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА