Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00312

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00312

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй

Хариуцагч:Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- ньБ-тэй 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба 5 жилийн хугацаатай, сарын 0.67 хувийн хүү төлөх нөхцөлтэй, алдангийг 0.25 хувиар тохиролцож гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор 1,800,000 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 1,160,000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл төлбөр 7,840,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний алданги 5,031,428 төгрөг болсон хэдий ч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн тул алданги 3,920,000 төгрөгболсон. Иймд үндсэн зээл, алданги нийт 11,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг бэлнээр аваагүй. Тухайн үед хариуцагч нь орон сууц худалдах зар өгсөн байсан. Зарын дагуу нэхэмжлэгч холбогдсон ба тухайн байр нь 116,029,041 төгрөгөөс үлдэгдэл 64,029,041 төгрөгийн ипотекийн зээлтэй байсан. Урьдчилгаанд 52,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, худалдан авахаар 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А-тай манай нөхөр В- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч 3,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр болсон ба дахин 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд нийт 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийг өгөөгүй

Гэтэл нэхэмжлэгчийн бидэнд шилжүүлж өгсөн байр нь цахилгаан дулаан, сууц өмчлөгчийн холбоо зэрэг газруудад 2 сая орчим төгрөг төлбөртэй байсан ба мөн манай байранд засвар хийх боллоо гэснээс болж маргаан гарч, нэмж өгнө гэж тохиролцсон 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал бидэнд шилжүүлж өгөөгүй. Анх орон сууцыг 52,000,000 төгрөгөөр тохирсон боловч 55,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Энэ 3,000,000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд 2,000,000 орчим төгрөгийг СӨХ-ны төлбөрт өгсөн, мөн нэг сая гаруй төгрөгийг банкаар шилжүүлсэн.

Зээлийн гэрээний гол нөхцөл нь бэлнээр мөнгийг өгсөн байхыг шаарддаг. Зээлийн гэрээ 9,000,000 төгрөгөөр хийгдсэн боловч 6,000,000 төгрөгийг бодитоор хүлээлгэж өгөөгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчБ-ээс 1,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчБ-ээс 44,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр "зээлийн гэрээ" бичгээр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу хариуцагчБ- нь жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор 1,800,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргийг хүлээж зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээнд зурагдсан гарын үсэгт маргадаггүй. Зээлийн гэрээний 2.6-д бэлнээр олгосон гэж тусгасан ба гэрээг нотариатч хуульд зааснаар гэрчилсэн. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг үнэлээгүй.

Хариуцагч Б- зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авч, зээлийн төлбөрийг буцаан төлж байгаа үйлдэл нь хариуцагчийн тайлбар болон үйл баримтаар тогтоогдсон байтал харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2.Б- нь ипотекийн төлбөрт сар бүр 640.000 төгрөг төлөх ёстойгоос бид шилжүүлэхдээ 585.000 төгрөгийг төлөх байдлаар буюу зээлийн хүүгээ суутгаж шилжүүлдэг байсан, үүнийг зээлдэгчБ- нь зээлийн гэрээгээр хүлээсэн 0,67 хувийн хүүгээр тооцож хүлээн зөвшөөрдөг байснаар нотлогдоно. Тухайлбал, хариуцагчБ- өөрийн Хаан банкны 5751095913 дугаартай данснаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 42,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 20-нд 42,000, 2021 оны 8 дугаар сарын 20-нд 45,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 84,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-нд 200,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-нд 200,000 төгрөгийг нэхэмжлэгч А-ын Хаан банкны 5420301276 дугаартай данс руу төлсөн байдаг.

4.3. Гэрч В-, хариуцагч Б- нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд шүүх гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хавсаргагдсан бусад үйл баримтаар нотлогдоогүй байхад үнэлсэн. Гэрч В-гийн мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй, худал болох нь дансны хуулгуудаар тогтоогдоно. Шүүхийн дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийн дүн нь бидний анх тохиролцсоноос 9,000,000 төгрөгөөр зөрсөн нь В- нарын байрны ипотекийн төлбөрийн үлдэгдлээс шалтгаалж үүссэн болно.

4.4. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг мөн тэдний хооронд байгуулагдсан бусад гэрээнүүдийн харилцаатай нийлүүлж дүгнэсний улмаас зээлийн төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж тогтоосон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 281 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг зөв тодорхойлсон. Нэхэмжлэгч тал 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж маргадаг.

Зохигч нь харилцан 2 худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба энэ хоёр гэрээний зээлийн үлдэгдэл нь 3,000,000 төгрөг юм. Нэхэмжлэгч тал анхнаасаа өгөөгүй мөнгийг өгсөн мэт худал ярьсан. 3,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нь өгчихсөн. 2,000,000 төгрөг нь СӨХ-ны төлбөрт төлсөн. Байр сольсныхоо дараа нэхэмжлэгч тал танай байранд засвар хийх хэрэгтэй юм байна. Засварын мөнгийг та нараас гаргуулна гэж хэлж байсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч А- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилив хутагт Жамсранжавын гудамж, 37а-** тоот хаягт байрлах 34.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч В- нь 25,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүрэг хүлээсэн,

мөн 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Энгельс гудамж *-** тоот хаягт байрлах 62.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч А- нь 116,029,041 төгрөгөөр худалдан авахдаа гэрээ байгуулах өдөр 52,000,000 төгрөгт В-д худалдаж буй 2 өрөө орон сууцыг тооцож өгсөн, үлдэгдэл 64,029,041 төгрөгийг 2032 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 04-ний өдөр 640,000 төгрөгийгБ-ийн дансанд төлөх үүрэг хүлээсэн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна /хх 103, 106/.

 

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7,840,000 төгрөг, алдангид 3,920,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Уг гэрээгээр А- нь 9,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөрБ-т зээлдүүлэх,Б- нь үндсэн зээлээс 1,800,000 төгрөгийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, хүүг зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон сар бүрийн 04-ний дотор төлөх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25%-ийн алданги төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон болох нь хэргийн 4 дэх талд авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан тул дээрх хоёр 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А--В-,Б--А- нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн төлбөрийн үлдэгдэл, банкны зээлд төлсөн төлбөр, доголдол арилгахад гаргасан зардал зэрэг зохигчийн маргаж буй үндэслэлүүд энэхүү маргаанд хамаарахгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх шийдвэрлээгүй.

 

4.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан байдаг.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу 9,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 9,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь нотлогдоогүй, гэрээнд гарын үсэг зурсан нь хариуцагчийг бодитойгоор 9,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 9,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагчийн зөвшөөрсөн 3,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,160,000 төгрөг төлснийг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөгөөс уг 1,160,000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 1,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн төлбөр, алданги нийт 9,920,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ